Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/797

 

Б.О, Т.М, Э.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

хохирогч Г.Бын өмгөөлөгч П.Ганпүрэв,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хын өмгөөлөгч Л.Бурмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З, түүний өмгөөлөгч Т.Одгал,

шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Згийн өмгөөлөгч Т.Одгал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З, Б.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О, Т.М, Э.Б нарт холбогдох 1809051581175 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Х овгийн Бийн О, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засвар, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Ургац-Өгөөж” хотхоны 145-11 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            2. Х овгийн Тын М, 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 9-3686 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            3. Б овгийн Эын Б, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Содон-Өргөө” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Элизабет хотхоны 214-179 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ривер саундс” баарны үүдэнд Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож П.Хын толгой тус газар нь цохиж санаатай алсан,

            мөн Э.Бтэй бүлэглэн П.Хын биед “баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн Э.Б, Т.М нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ривер саундс” баарны үүдэнд Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож Г.Бын эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстын зүүн хэсэгт шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Э.Б нь Т.М, Б.О нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ривер саундс” баарны үүдэнд Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож Г.Бын эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстын зүүн хэсэгт шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн Б.Отай бүлэглэн П.Хын биед “баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Т.М нь Э.Б, Б.О нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ривер саундс” баарны үүдэнд Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож Г.Бын эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстын зүүн хэсэгт шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Э.Б, Т.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Бийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Х овгийн Бийн О, Б овгийн Эын Б, Х овгийн Тын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.О, Э.Б, T.М нарын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О, Э.Б, Т.М нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 212 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огаас нийт 26.327.428 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Хд 13.509.440 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зд 12.817.988 төгрөг тус тус олгуулж, Б.Хын нэхэмжлэлээс 21.035.000 төгрөг, П.Згийн нэхэмжлэлээс 7.260.837 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс үлдэх хэсгийг нь хэлэлцэхгүй орхиж, цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.О, Э.Б, T.М нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хд нийт 8.300.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нараас хохирогч Г.Бт төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Э.Б, T.М нар нь энэ хэргийн улмаас тус бүр 68 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б, Т.М нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, хувийн баталгаа гаргах арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Т.М нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би энэ хүмүүст маш их гомдолтой байна. Талийгаач маань сайн аав, миний сайн хань ижил, сайхан ажил, мэргэжилтэй ямар ч үед түшиж тулах сайхан хамт олонтой сайн хүн байсан. Би энэ хүмүүс бүлэглэж миний ханийн амь насыг хөнөөсөн гэж үзэж байна. Яагаад ганц Б.Од хүнийг алсан гэмт хэрэгт буруутай гэж байгааг ойлгохгүй байна. Миний ханийг хэн нь үхлийн цохилт хийж амь насыг нь хөнөөснийг яаж ялгаж, салгаж зүйлчлээд байгаа нь эргэлзээтэй байна. Миний хань бусдын гарт амь үрэгдэхээс өмнө бид 1 ой хүрээгүй 6 сартай хөөрхөн хүүтэй, 12 настай охинтойгоо элэг бүтэн 12 жил хамт сайхан амьдарч ирсэн. Анхан шатны шүүхэд миний бие 2 хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нийт 19.106.100 төгрөг, оршуулгын зардал 19.035.000 төгрөг, том охиныхоо 2018-2020 оны хичээлийн жилийн сургалтын зардал 11.300.000 төгрөг цаашид суралцах 8-12 анги хүртэл таван жилийн сургалтын төлбөр 39.550.000 төгрөг, амь хохирогчийн нэр дээр орон сууцны зээлийн 64.916.242 төгрөг, өмгөөлөгчийн зардал нийт 144.000.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх Б.Огаас 26.327.428 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрөөг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч 2020 оны 4 дүгээр cap хүртэл олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна . Миний хүүхдүүдийн аав 2020 оны 5 дугаар сараас босоод ирэхгүй биз дээ. Мөн аав нь амьд сэрүүн байсан бол үр хүүхдүүдээ байр, орон сууцаар хангаад явах байсан ба орон сууцны зээлийг дан ганцаар өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан 25 жилийн хугацаатай авсан байсан. Одоо уг байрны зээлийг төлж барагдуулж чадахгүй, 2 хүүхэдтэйгээ гудамжинд гаргах дээрээ тулаад байна. Оршуулгын зардлыг хохирогч П.Зд олгож байгаа нь бас л шударга бус байна. Хоёр нялх хүүхэдтэй надад хувь тэнцүүлэн олгож болдоггүй юм уу. Нялх хүүхдээ тэврээд үлдсэн би оршуулгын зардлыг цуглуулаад бичиж тэмдэглээд суух сэхээ байгаагүй ээ. Өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгсэхгүй болгосон байна. Хэрэв эдгээр хүмүүс миний ханийн амь насыг хохироож, бидэнд уй гашуу учруулаагүй бол надад эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч авах шаардлага байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж үзээд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн 1809051581175 дугаартай хэрэгт шүүгдэгч Бямбаагийн Од 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд гэм буруугаа бүрэн хүлээж, хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн, өөрийн зүгээс 1.500.000 төгрөгийг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцох, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой гэж үзэж, түүний өмгөөлөгчийн зүгээс хүсэлтийн шинж чанартайгаар уг гомдлыг гаргаж байна. Б.О нь гэм буруугаа, үйлдлийн хувьд бүрэн хүлээн зөвшөөрч шүүхэд мэдүүлсэн нь хурлын тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны үеэр өгсөн удаа дараагийн мэдүүлгээр нотлогдсон. Шүүхийн шийдвэрийг бүрэн хүндэтгэж байгаа болохоо энэхүү гомдол хүсэлтээр бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж, хохирогч нараас уучлал гуйж байгаагаа илэрхийлсэн болно. Б.Огийн үйлдэл нь хүнийг шууд санаатай алах үйлдэл хийсэн гэж зүйлчлэхэд эргэлзээтэй ба энэ нь талийгаачийг зөвхөн 1 удаа зүүн шанааны тус газарт цохисон, өөр гэмтэл учруулах үйлдэл хийгээгүй болохыг харуулж байгаа дүрс бичлэгээр маш тодорхой нотлогдож байна. Харин уг 1 удаа цохисны улмаас гэмтэл учирч болохыг мэдэх боломжтой боловч талийгаачийг үхэлд хүргэх үйлдлийг зориуд санаатай үйлдсэн, үхэлд хүргэсэн хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн гэж шууд дүгнэх боломжгүй, эргэлзээтэй гэж өмгөөлөгчөөс үзэж байна. Энэ тохиолдолд хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийг журамлан гэм буруугийн холимог хэлбэр буюу санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хор уршигт хүргэсэн шинжид шууд тохирч байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрт 7.500.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, цаашид хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн, мөн Шүүхийн эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2609 дугаартай дүгнэлтийн “... Дээрх гэмтэл нь ... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Талийгаач нь гэмтсэнээс хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 хоног 6 цаг эмчлэгдсэн. ...”, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаартай дүгнэлтийн “... Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд гэмтлийн улмаас нас барсан тохиолдолд амь насыг нь аврах боломжтой, боломжгүй гэдгийг тогтоож болох ба тухайн хүний биед учирсан гэмтлийн онцлог, мөн тухайн хүний бие физиологийн онцлог, эмчилгээ хүлээн авах байдал, эдгэрэлтийн байдал зэргээс хамаарч өөр өөр байх боломжтой. ...” гэж дүгнэсэн, мөн шүүх хуралдааны явцад шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нь талийгаач П.Х нь хүнд гэмтлийн улмаас нас барсан болохыг маш тодорхой мэдүүлсэн нь Б.Огийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлахад ямар нэгэн хуульд харшлах зүйлгүй болохыг харуулж байна. Дээрх байдлуудыг сайтар хянаж Б.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5-д зааснаар анх удаагаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлж барагдуулсан, цаашид төлж барагдуулахаа бүрэн илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн хэргийн зүйлчлэлийн хувьд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн магадлан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие талийгаач хүүгийн хамт амьдардаг байсан. Миний хүү талийгаач П.Х нь 1981 онд төрсөн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зуурдаар амь хохирч, хэзээ ч нөхөгдөшгүй хүнд гарз хохирол учирч, амьдрал туйлын хүнд байна.

...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хэргийн 1809051581175 дугаартай яллагдагч Б.О, Т.М, Э.Билгүтэй нарын хэрэг 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокуророос шилжсэн билээ. Уг хэрэг 12 удаа хойшлогдож, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоол гарсан билээ. ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13799 дугаартай шинжээчийн дүгнэлт “...П.Хын биед гавлын орой ясны зулайн нуман заадаснаас дух яс руу үргэлжилсэн, баруун дух яс, цох ясны гадны болон дотор ялтас, баруун нүдний ухархайн дээд хана болон хажуу хана дайрсан нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд хажуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн таславч, тенториумд цус харвалт, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салсын баруун хэсэгт гэмтэл тогтоогдсон. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /шинжээч эмч Нандинцэцэг/ /1хx 89/, мөн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2609 дугаартай, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 667 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13807 дугаартай, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаартай шинжээч эмч нарын дүгнэлт зэрэг нь П.Хын цогцост нас барсан шалтгаан болон тогтоолд тавигдсан бусад шалтгааныг тогтоох зорилгоор ирүүлсэн материалаар шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн. Шинжээч эмч нар нь “амь хохирогч П.Хын биед нэмж шинжилгээ хийсэн, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2609 дугаартай дүгнэлт болон 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 667 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтүүд хэр үндэслэлтэй гэж үзэж байна вэ” гэсэн асуултад шүүх эмнэлгийн 2609 дугаартай дүгнэлтийн “...Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна. ...” гэж тогтоогдсон байх ба нэмэлт шинжилгээний 667 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна, дээрх гэмтлийн үед амь нас аврах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсаар байтал шүүгдэгч Б.О, М, Билгүтэй нарын хэргийг хөнгөрүүлж байгаад гомдолтой байна. Миний хүү хамт явсан ажилчин Г.Быг өмөөрч хамгаалж яваад шүүгдэгч Б.Он гарт алтан амиа алдсан. Шүүгдэгч Б.О нь миний хүүг онц ноцтой, санаатайгаар хэрцгийгээр алсан нь нотлогдсоор байтал өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэргийг хөнгөрүүлэх гэж үрээ алдсан эх хүнийг буруутган, хүүгийн минь амь насыг үл тоон, төрсөн эхийг ад үзэж байсан.

Иймд шүүгдэгч Б.О гэм буруутайн хувьд хохирол барагдуулаагүй, үрээ алдсан эх хүн би энэ хорвоод цор ганцаараа хоцорч явахад нэг ч удаа уулзаагүй, цагдан хоригдохгүй гадуур эрх чөлөөтэй олон cap явсан. Энэ хүн урьд нь 2009 онд Баянгол дүүргийн шүүхэд эрүүгийн хэргийн ял шийтгэлтэй байсан. ...Гэтэл шүүгдэгч Б.О нь хавтас хэрэгт бүрдүүлсэн хохирол, үр хүүхдээ алдсан эхийн бие сэтгэлийн хохирлыг барагдуулаагүй, хүний амь насыг санаатайгаар хохироож, хүнд, ноцтой гэмт хэрэг үйлдчихээд байхад шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдэж байгаад туйлын гомдолтой байна. Шүүхийн шийдвэрээр шүүгдэгчид оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгт авагдсан хохирогч миний хохирлыг барагдуулахад ач холбогдолтой нотлох баримтуудыг авч хэлэлцэхгүй байна. Тухайлбал, 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өрийн 1/1/447 дугаартай төрийн түрээсийн орон сууцанд түрээслүүлэх БУ2/ХБИ39 тоот гэрээг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Хамтран түрээслэгч П.Х /РД:ЙЮ8Ю61818/ материал өгсөн байгаа болно. Төрийн өмчит орон сууцны корпорацитай төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээг түрээслэгч талыг төлөөлж П.З дангаараа байгуулсан байх тул гэж бичсэнийг хэргийн материал дахь нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж шийдээгүй байна гэж үзэж байна. Мөн cap бүрийн түрээсийн болон утасны төлбөрийг тогтоолдоо буруу оруулж бичсэн, хаанаас гаргаад ирснийг ойлгохгүй байна. Оршуулгын зардалд 49 хоногийн зул өргөсний 250.000 төгрөгийн баримт, бусад нотариатаар гэрчлүүлсэн НӨАТ-ын баримтуудыг хассан байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Өтлөх насанд минь тэжээж, асарч, хайрлаж явсан хүүгээ алуурчинд алдаж, хүүгийн минь амь нас бие сэтгэл, оюун ухаанаараа юугаар ч нөхөшгүй хохирол үзэж, орон байрны түрээсийн мөнгөө төлж чадахгүй, эм тариагаа авч чадахгүйд хүрч, үхсэн хойно аваачаад хаячих үргүй болоод байхад хуулийг ингэж хэрэгжүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүгч өргөдөл уншаад анхаарч үзэхээр ач холбогдолтой зүйлийг өргөдөлд тусгайлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Э.Билгүтэй, Т.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож “шүүгдэгч Б.О, Билгүтэй, Т.М нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж тогтоол гарсан нь хүний амь насыг бүлэглэн зодож, санаатай хохироосон шүүгдэгч нар нь олон cap цагдан хорих байгууллагад хоригдоогүй, эрх дураараа явж, төрийн хуулийг зөрчин, зүйлчлэлийг өөрчлөхгүй байна гэж үзэж байна. Хууль шүүхийн шалгалт хаана байна?, төрийн ажилчин, хуульч, өмгөөлөгч, прокурор нарын ажлын хариуцлага хаана байна?, үүнийг хэн хэрэгжүүлэх юм бэ?, энэ ажлыг хариуцсан хууль шүүх, прокурорын газар бусад газар хяналт тавина гэж байдаггүй юм уу. Хэн нь ингэж дураараа дургиж, Үндсэн хуулийг зөрчиж, хэргийн материалыг үнэн зөв шүүхгүй байгаад туйлын гомдолтой байна. Хууль, шүүх, прокурорт хуулиа дээдэлж, хүний төлөө, үнэний төлөө тэмцэж байгаа нь хаана байна. Мөн хохирогч Б миний хүүг дагуулан 4 дүгээр дэлгүүрийн тэнд очиж, бааранд суусан байдаг. Г.Бадамжав “2018 оны 11 дүгээр сард Солонгос явна, төрсөн өдөр гэж ярихаар нь орой 22 цагийн үед 4 дүгээр дэлгүүрийн хажууд уулзсан. Мын хамт очсон Билгүүн, Билгүтэй хоёр ирээд, бид 2 шил архи уусан. Тэгээд М гэрээсээ мөнгө авч ирээд “River sound” pyy бүжиглэх гэж очсон” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Миний хүүгийн ажлын газрын ажилтан Наранбаатар, Б нар ажил төрөлд нь амар амгалан байлгадаггүй, хууль бус үйл ажиллагаа явуулах гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Бямбасүрэн нар нь ялгаварлан гадуурхаж байсан гэсэн мэдээлэл би авч байсан. ...Шинэ жилийн баяраар Наранбаатар, Б, дарга Бямбасүрэнтэйгээ нийлж зодсон байсан. Миний хүү ажилдаа тэргүүлэгч, хүний итгэл найдварыг хүлээсэн хүү билээ. Гүрэн дээд сургуулийг тендерт шалгаруулахад нарийн бичгийн даргаар хүү маань ажиллаж байсан гэдэг. Гэтэл миний хүүг хууль бус үйлдэл хийлгэх гэж шахан гадуурхаж, цагдаа сэргийлэхэд өгч байсан. Үүнийг миний хүү ээждээ ярьдаг байсан. Иймд, ажлын газрын залуу Б, Наранбаатар хоёр 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4 дүгээр дэлгүүрийн тэнд байдаг бааранд дагуулан очиж, тэндээс Наранбаатар үлдэж, Г.Б нь өөрийн машинаар миний хүүг “Riversound” pyy авч явсан байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4 дүгээр дэлгүүрийн үүднээс хүүгийнхээ машиныг очиж авсан. Машины түлхүүрийг Баас авсан билээ. Ингээд бодохоор, Б нь ямар үүрэг зорилготой ганц хүүг минь дагуулж, О, Билгүтэй, М нар нь 4 дүгээр дэлгүүрийн тэнд очиж уулзсан байгаа нь хүүг минь эдгээр залуустай бүлэглэн зодож алуулсан гэж бодож байна. Иймд Г.Быг хүүгийн минь амь настай холбоотойгоор шалгаж өгөхийг хүсэж байна. Тогтоолыг нягтлан хянаж, шүүгдэгч О, Билгүтэй, М, хохирогч гэх Б нарт хуулийн хариуцлага хүлээлгэж, эрүүгийн хэргийн 1809051581175 дугаартай хэргийн материалд Б.Х эх хүнээс гарахааргүй, ор үндэслэлгүй, санаанд оромгүй үг хэлээр доромжилж байгаад гомдолтой байдаг. Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нь миний хүүгийн Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ямар ч эмчилгээ, хагалгаа хийх боломжгүй, 4 хоног зүрх цохилсныг үгүйсгэж, олон удаагийн шинжээч эмч нарын тодорхой дүгнэлтийг үгүйсгэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөлөх гэж яваа нь хууль бус үйл ажиллагаа хийж явна гэж хардаж байна. Мөн төрсөн эх намайг “энэ хүн хохирогч биш, урьд өмнө хоригдож байгаагүй мөртлөө энэ хүнээс болж манай хүн хоригдож байна” гэж шүүх хурал дээр хэлж байсан. Мөн надаас шүүх хурал болохын өмнө “Ta манай хүнийг гаргахад тусал, хохирлоо төлөх гээд машинаа ломбардад тавих гэсэн чинь өөрөө байх шаардлагатай, ажил хийж, амьдралаа дээшлүүлмээр байна” гэж хэлж байсан. Алдхан биенээс минь тасарч төрсөн амин хайртай үрээ алдсан эх хүнийг ялгаварлан гадуурхаж, нэг жил хамтран амьдарч явсан Хыг шүүх хохирогч гэж тогтоосон болохоос, хууль ёсны эхнэр гэж тогтоогоогүй билээ. Иймд шүүгч нар та бүхэн хэргийн материалыг нарийвчлан шүүж, гомдлыг барагдуулж өгнө гэдэгт итгэж байна. Хэргийг дахиж хянан хэлэлцэх, үнэн зөвөөр шийдвэрлэж, шүүгдэгч Б.Од төрийн хуулийн дээд хэмжээгээр ял шийтгэл оноож, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хуулийн дагуу зөв шийдвэр гаргахыг хүсэж байна. Шударга ёс тогтсон эсэхийг хууль бодитой үйлчилж хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгээр хэмждэг. Үнэн гэж байдаг бол нэг талдаа шийдэх байх, үнэн юм худал болдог бол буруу талдаа шийдэх байх гэж бодож байна. Хуулийг болон хүний эрхийг ялгаварлаж, ганц үлдсэн хүүгээ алдсан эх хүн намайг тамлан зовоож хохироож байгаа ба нотлох баримтуудыг үндэслэн хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Згийн өмгөөлөгч Т.Одгал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Харын-Од овгийн Бямбаагийн Он Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагч 12 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүх хохирлын мөнгө төлөгдөөгүй байхад 8 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь ялыг хэт хөнгөрүүлсэн гэж үзэж байна. Учир нь, амь хохирогч нь П.Згийн ганц үлдсэн хүү байсан бөгөөд П.Згийн байрны төлбөр ус, тог, цахилгаан гэх мэт бүхий л урсгал зардлыг амь хохирогч төлдөг байсан гэдгийг хэрэг явдал гарснаас хойш байнга яригдсаар ирсэн байхад нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй өнөөдрийг хүрлээ. П.З нь группд байж байгаад тэтгэвэрт гарсан бөгөөд одоо хөдөлмөрийн чадваргүй, байнга эмнэлэг сувиллаар явж байна. Боржигон овгийн Энхболдын Б, Харчин овгийн Төмөрбаатарын Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутай гэж зөв зүйлчилсэн хэрнээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Б.О, Э.Б, Т.М нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Б.О, Э.Б, Т.М нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн тогтоолд өөрчлөлт оруулан торгуулийн ялаар сольж, Харын-Од овгийн Бямбаагийн Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 13 жилийн хорих ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хын өмгөөлөгч Л.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хын биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа тул эмнэлэгт хэвтсэн. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хын гаргасан давж заалдах гомдол дээр нэмж хэлэх тайлбаргүй, гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Г.Бын өмгөөлөгч П.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Ч.Содончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол гаргаагүй, хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Б “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан баримтаар Б.О, Т.М, Э.Б нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон гэж үзэж байна. Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү гэж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хангалттай яригдсан. Шинжээч нар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Талийгаач тухайн гэмтлийг аваад 4 хоног эмчлүүлсэн боловч гэмтлийн улмаас нас барсан. Эмчилгээ зохих ёсоор хийгдсэн талаарх дүгнэлтүүд гарсан. Иймд хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн үед үйлчилж байсан хуулийг баримтлаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Б.Ог хохирогч Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож, хохирогч П.Хын толгой тус газар нь цохиж санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн Э.Бтэй бүлэглэн П.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Э.Б, Т.М нартай бүлэглэн хохирогч Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож, хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүнд гэмтэл учруулан, бүлэглэн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

Э.Бг Т.М, Б.О нартай бүлэглэн хохирогч Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож, хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Б.Отай бүлэглэн хохирогч П.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүнд гэмтэл учруулан, бүлэглэн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Т.Мыг Э.Б, Б.О нартай бүлэглэн хохирогч Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож, хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Огийн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүй, ямар үндэслэл шалтгаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр 8 жил хорих ял шийтгэсэн хууль зүйн үндэслэлээ заагаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч тус бүрээр дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр” гэж, 3 дахь хэсгийн 3.1-д “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж тус тус заасныг хангаагүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангах хэдий ч тухайн сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэгт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэнээр шударга ёсны зарчмыг хангасан шийдвэр болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийж оногдуулсан ял нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан” гэж ерөнхий байдлаар дүгнэж шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн хөнгөн ялыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б.О, Т.М, Э.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн Б.О, Э.Б, Т.М нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ривер саундс” баарны үүдэнд Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр /2хх 121-122, 130-131, 134-135/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр /3хх 74-75, 80-81, 90-91/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор” зохицуулсан бөгөөд дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Төрийн мэдээлэлд хэвлэгдэн 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн атал анхан шатны шүүх Б.О, Т.М, Э.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан зохицуулалт нь хуулийн өөрчлөлтийн аль цаг хугацаанд үйлчилж байгаагаас хамааран яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох ойлголтыг 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Яллагдагчаар татах хүртэлх хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хэвээр үлдээж, түүнтэй зөрчилдөж байсан шүүхээр шийдвэрлэх хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хуулиас хассан тул яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох ойлголт нь буцаан хэрэглэгдэж байгаа гэж үзэхгүй.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн шалгах болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж, 4 дүгээр зүйлд “Энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь процессын шинжтэй хэм хэмжээг агуулсан бөгөөд материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх эсэх нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг байна.

Тодруулбал, материаллаг болон процессын хэм хэмжээ өөр өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг агуулж байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг харилцан уялдаатай байдлаар тайлбарлаж, хэрэглэх боломжтой байдаг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн салашгүй бүрэлдэхүүн хэсэг болж байгаа дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар заалтыг хэрхэн хэрэглэсэн үндэслэлийг тайлбарлаж, хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн “хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Згийн “шүүгдэгч Б.О, М, Билгүтэй нарын хэргийг хөнгөрүүлж байгаад гомдолтой байна, нотлох баримтуудыг үндэслэн хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Згийн өмгөөлөгч Т.Одгалын “Харын-Од овгийн Бямбаагийн Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 13 жилийн хорих ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хын “хохиролд нэхэмжилсэн дүнгээс хасч шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О, Т.М, Э.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.М, Э.Б нарт хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх хэмжээ арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ