Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 104/шш2021/00017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....................................... тоотод оршин суух, Сахалт овогт Б.Г /РД: /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............................................................ тоотод оршин суух, Шавь боржгон овогт Г.А /РД: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Г,

хариуцагч Г.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би 1995 онд Г.Атай танилцаж, хамтран амьдарч, 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1997 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Г.Т, 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Г.С нар төрсөн. Бид гэр бүлийн таарамжгүй харилцаа, бие биедээ итгэх итгэлгүй болсон мөн бид хоёр хэн аль нь гэр бүлээс гадуурх харилцаанд орсны улмаас бид 2017 оноос хойш тусдаа амьдарсан. Одоо би хамтран амьдрагчтай болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Сг миний асрамжид үлдээж, хариуцагчаас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1995 онд танилцан хамт амьдраад 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1997 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Г.Т, 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Г.С нар төрсөн. Бид 22 жил хамт амьдарсан. 2017 оноос хойш гэр бүлийн маргаан болон бусад таарамжгүй харилцаанаас болж тус тусдаа амьдрах болсон. Би 2020 оны 06 дугаар сараас эхлэн өөр хүнтэй хамтарч амьдрах болсон. Мөн Б.Г ч өөр хүнтэй хамт амьдраад 1 жил 6 сарын хугацаа өнгөрч байна. Бид цаашдаа эвлэрч хамт амьдрах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Г.Ад холбогдуулан  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  уг  нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

 

Б.Г, Г.А нар нь 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1997 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Г.Т, 2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Г.С нар төрсөн,  хүүхэд Г.С нь одоо эцгийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах шалтгаан нь гэрлэгчид зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, улмаар 3 жил тусдаа амьдарснаас болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа,  тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, хэн аль нь хамтран амьдрагчтай зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно. 

Б.Г, Г.А нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжид үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, хүүхдийн асрамжийн талаарх гэрлэгчдийн тохиролцоо нь хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхдийн тайлбартай нийцсэн зэргийг үндэслэн хүү Г.Сг эцгийн асрамжид үлдээж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр эцгийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү Г.Сг сар бүр эх Г.Агаар нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 198 430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 198 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сахалт овогт Б.Г, Шавь боржгон овогт Г.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Г.Сг эцэг Б.Гын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Г.Сг суралцаж байгаа бол 18 нас хүртэл   /насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Г.Агаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Б.Гт даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 198 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ