| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/04115/И |
| Дугаар | 102/ШШ2021/00008 |
| Огноо | 2020-12-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2021/00008
| 2020 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2021/00008 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 00 оршин суух, 1992 онд төрсөн 28 настай, *******
Хариуцагч: 00 оршин суух, 1988 онд төрсөн 32 настай, *******
Гэрлэлт цуцлах, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээнээс *******ийн нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, өмгөөлөгч *******й, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Нарангарав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******тай 2012 онд танилцаж, 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү Ц.Мөнхтэнгэр, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр охин Ц.Сумангоо нар төрсөн. Амьдралын хугацаанд зан харилцааны таагүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж сүүлийн 2 жилээс тусдаа амьдарч тус тусын амьдралтай болсон. Бид орон сууцны зээлтэй бөгөөд өнөөдрийг хүртэл зээлээ миний бие төлж ирсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн орон сууцны өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс *******ийн нэрийг хасуулна, өөрөө ч зөвшөөрч байгаа. Ингэснээр банкинд хийгдсэн ипотекийн зээлийн гэрээнээс *******ийн нэрийг хасуулах юм. Хоёр хүүхдийн мөнгийг өнөөдрийг хүртэл би авч хүүхдийн хэрэгцээнд хэрэглээгүй ирлээ. Данс эзэмшигч нь ******* тул хүүхдийн мөнгөний дансныг ээж С.Нарангарав миний нэр дээр шилжүүлэхийг түүнд даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна, тэтгэлэг төлнө. Орон сууцны өмчлөгчөөр С.Нарангарав, түүний ээж бид 3 бүртгэлтэй. Өмчлөлөөс нэрээ хасуулахыг зөвшөөрнө. Ипотекийн гэрээнээс ч нэрээ хасуулна. Хүүхдийн мөнгө орж ирдэг дансыг С.Нарангаравын нэр дээр шилжүүлж өгнө. Хааяа хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Нарангарав нь хариуцагч *******т холбогдох гэрлэлт цуцалж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээнээс *******ийн нэрийг хасуулах, хүүхдийн мөнгөний дансыг шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч С.Нарангарав, хариуцагч ******* нар 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү Ц.Мөнхтэнгэр, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр охин Ц.Сумангоо нарыг төрүүлсэн болох нь шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид амьдралын болон зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, тусдаа амьдарч гэр бүлийн харьцаагүй болсон, цаашид хамтран амьдрахгүй гэж тайлбарласан зэрэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны явцад гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Зохигч эвлэрч амьдрахгүй гэж тайлбарласан, талууд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уригдсан тал ******* эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах боломжгүй болсон тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.
Иймд гэрлэгч С.Нарангарав, ******* нарын гэрлэлтийг цуцлаж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, эцэг *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө орон сууцны өмчлөлийн гэрчилгээнээс *******ийн нэрийг хасах, хүүхдүүдийн хүүхдийн мөнгөний хадгаламжийн дансыг эх С.Нарангаравын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид тус тус даалгаж шийдвэрлэв.
Хэдийгээр хүүхдүүд эхийн асрамжид үлдэж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг ******* хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Нарангаравт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар *******, ******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Ц.Мөнхтэнгэр, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Сумангоо нарыг эх С.Нарангаравын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Ц.Мөнхтэнгэр, охин Ц.Сумангоо нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.
5. Зохигч дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 56 дугаар байр 31 тоот 49.1 мкв талбайтай 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс *******ийн нэрийг хасаж, хоёр хүүхдийн хүүхдийн мөнгө ордог хадгаламжийн дансыг эх С.Нарангаравын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч *******т даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Нарангаравт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний өмгөлөөгч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА