Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/80

 

 

2024    02           23                                          2024/ШЦТ/80

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Т.Т,

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Сд холбогдох эрүүгийн 24250000***** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.С

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багт үйл ажиллагаа явуулдаг “.....”нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талд хохирогч Г.У-ийг архи зээлээр авъя гэхэд нь зээлээр архи өгөхгүй, гар гэж хэлсний улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.С нь хохирогч Г.Утэй архи зээлээр өгөхгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Булаг багт үйл ажиллагаа явуулдаг “.....”нэртэй хүнсний дэлгүүрт очсон. Дэлгүүрт ороод Пүрэвбаатар ах 1  шил архийг зээлээр авах гэтэл дэлгүүрийн худалдагч залуу зээлээр өгөхгүй гэсэн. Энэ үед би гар утсаа тавихаар болсон. Ингээд 2 шил архи авъя гэсэн чинь дэлгүүрийн худалдагч залуу бид хоёрыг давраад байгаарай мангар бацаан минь гэхээр нь утсаа тавихаа болиод гарах гэж байтал дэлгүүрийн худалдагч залуу одоо та хоёр яв гэж хэлэхээр нь би уг залууд хандаж андуураад байгаарай гэж хэлсэн чинь дэлгүүрийн худалдагч залуу босож ирээд гараараа миний толгой хэсэг рүү алгадаж цохисон. Энэ үед би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүйгээр гараад явсан. Би гарч яваад толгой өвдөөд байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,

...Намайг зодсон гэх залуу толгойны зураг авахуулах мөнгө, шинжилгээний мөнгө, шүүх эмнэлэгт үзүүлэх мөнгө зэргийг төлсөн. Миний бие Эрхэст оргил эмнэлэгт хамарны хагалгаанд орохоор бүртгүүлсэн байгаа. Эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг гарна. Уг мөнгийг нэхэмжилнэ. Хагалгаанд орсны дараа сарын хугацаанд боолттой явах юм байна. Тухайн үед хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна. Миний сэтэцэд учирсан ямар нэгэн хохирол байхгүй. Харин би сургуульдаа явж чадалгүй чөлөө авсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

- Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би дэлгүүрийнхээ касс дээр сууж байсан чинь гаднаас танихгүй хоёр залуу орж ирээд архи зээлээр авъя гэхээр нь архи зээлээр өгөхгүй гэж хэлсэн чинь архи зээлээр өгчих гээд зогсоод байсан. Энэ үед нөхөр арын өрөөнөөс гарч ирээд тухайн хоёр залууд хандаж зээлээр бараа өгөхгүй гараарай гэж хэлээд тэр хоёрыг дэлгүүрээс гаргасан чинь нэг залуу нь нөхөр бид хоёрыг доромжилж, айлган сүрдүүлсэн янзтай үг хэлсэн. Энэ үед нөхөр Г.С уурлаад тухайн залууг гараараа нэг удаа алгадах шиг болсон. Би нөхөр Г.Сг яаж байгаа юм бэ гэж хэлээд татаад  дэлгүүр рүү оруулаад гараад харсан чинь зодуулсан залуу газарт явган сууж байсан ба хамарнаас нь цус гарч байсан. Уг залуу бас над руу хараад намайг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж байгаад явсан. Хэсэг хугацааны дараа түрүүний зодуулсан залуу 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүний хамт ирээд хэрүүл, маргаан хийж байгаад цагдаа дуудсан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай “...1. Г.У-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй..” гэсэн дүгнэлт 

- Г.Сгийн яллагдагчаар мэдүүлсэн ...би уурлаж, уг залуугийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон чинь уг залуу гараараа нүүрээ дараад газар суусан. Энэ үед эхнэр намайг татаад дэлгүүр рүү орсон. Ингээд хэсэг хугацааны дараа Г.У хэсэг хүмүүстэй орж ирээд маргалдаад байхаар нь цагдаагаа дуудаад учраа ольё гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Сгийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

 

Шүүгдэгч Г.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

Хохирогч Г.У нь Миний бие Эрхэст оргил эмнэлэгт хамарны хагалгаанд орохоор бүртгүүлсэн байгаа. Эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг гарна. Уг мөнгийг нэхэмжилнэ. Хагалгаанд орсны дараа сарын хугацаанд боолттой явах юм байна. Тухайн үед хэдэн төгрөгний зардал гарахыг мэдэхгүй байна гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх боловч эмчилгээ хийлгэсэн талаар баримт хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, харин хохирогч Г.Ууган-Эрдэнийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн алганд зулгаралт гэмтэл учирсан байх тул уг байдлыг харгалзан хохирогч Г.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Сг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Сгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Сд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.С нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч Г.У нь энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР