| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0104/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/107 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/107
2024 03 12 2024/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,
Улсын яллагч Н.Д
Хохирогч Б.Э,
Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Оөд холбогдох эрүүгийн 2425000****** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайн ар талын автомашины зогсоолд хохирогч Б.Этэй миний ачааг ачсан байна буулга гэж маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэнд хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Б.Эийн зүүн шанаанд нь гараараа цохьсон. Мөн намайг буруутгаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би групп авдаг, хажуугаар нь хувиараа ажил хийдэг. Хохирлыг төлж барагдуулна, би хөлөөрөө өшиглөөгүй, гараагаа цохьсон. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ тодорхой өгсөн. Намайг юм өргөх гээд тонгож байтал Отгоо хөлөөрөө тас гээд нүүр рүү өшиглөөд авсан. Намайг ачаа ачлаа гээд дайраад байхаар нь би түлхтэл ачаан дээгүүд даваад унасан. Одоо хамар битүүрээд шөнө сайн унтаж чадахгүй байгаа. Эмч хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Хагалгаанд 2,000,000 орчим төгрөг орохоос би 1,000,000 төгрөгийг нь нэхэмжлье гэж бодсон. Удаан ингээд яваад байвал чихний сонсголд нөлөөлнө гэсэн, сүүлийн үед чих бүр хатуураад юм сайн сонсохгүй байгаа” гэв.
Улсын яллагч Н.Д: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “Гэм буруугийн талаар маргахгүй. Гэвч хуульд заасан нотолбол зохих байдал энэ хэрэгт дутуу тогтоогдсон байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч болон гэрчүүд гараараа цохисон гэж мэдүүлсэн байхад улсын яллагч хөлөөрөө өшиглөсөн гэж яллах дүгнэлтэнд бичсэн байна. Үүнийг шалгаж тогтоох ёстой. Хохирлын хувьд хохирогч нь баримтаар нэхэмжилбэл төлөхөө илэрхийлж байгаа. Иймд хохирогчийг иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс:
- Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ачааны машины жолоочийн өгсөн ачааг нь машин дээрээ ачсан чинь тэрэгчин Отгоо гэх залуу ирээд миний ачсан ачааг миний авах гэж байгаа ачаа гэхээр нь би буцаад буулгаад өгсөн. Энэ үед миний машины дугуй доор хайрцагтай 1 ширхэг ачаа орхисон байхаар нь түүнийг авах гэж тонгойтол тэрэгчин Отгоо хажуугаас миний нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний хамарнаас цус гарсан. Ингээд Отгоогийн хамт явж зураг авахуулсан. Отгоо миний хохирлыг барагдуулна гэсэн болохоор нь гомдол гаргахгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
“...Миний бие Г.Оөөс 1,000,000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид заавал хамарны хагалгаанд орох шаардлагатай байна. Эмч нараас асуухад хагалгааны зардал нийтдээ 2,000,000 гаруй төгрөг болно гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
- Гэрч Ц.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Б.Эийн нүүр нь хавдаж, хөхөрсөн, нүд нь улайсан байсан. Би юу болсон талаар асуухад халтирч унасан гэж худлаа хэлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд хамар нь гэмтсэн байна гэж хэлж байсан. Энэ үед нөхөр Б.Э нь надад ачаа ачиж байгаад хүнтэй маргалдаж, хүний ачаа ачлаа гэж хэлээд намайг цохисон. Тэрэг түрдэг Отгоо гэж хүн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
- Гэрч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Ганбаатарын ачааг амьжиргаа цагаан машины жолоочид өгөөд ачуулж байсан чинь Г.О нь тэргээ түрж ирээд Г-ын ачааг өөрийн тэргээрээ зөөнө гэж хэлсэн. Энэ үед Г ах амьжиргаа цагаанд ачуулчих гэж хэлсэн чинь Г.О нь би зөөнө гэж уурлаад амьжиргаа цагааны машины жолоочтой маргалдаж эхэлсэн. Амьжиргаа цагааны машины жолооч нь ачсан ачаагаа буулгах гэж цаашаа хараад зогсож байтал Г.О нь хажуунаас нь очиж нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Энэ үед би очиж дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай “...1 Б.Эийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142 дугаартай “...Г.Оийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай “...Г.Оийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/, хохирол төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй гэрч хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Г.О нь хохирогч Б.Эийн нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Г.О нь хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Эийн “...Ачааны машины жолоочийн өгсөн ачааг нь машин дээрээ ачсан чинь тэрэгчин Отгоо гэх залуу ирээд миний ачсан ачааг миний авах гэж байгаа ачаа гэхээр нь би буцаад буулгаад өгсөн. Энэ үед миний машины дугуй доор хайрцагтай 1 ширхэг ачаа орхисон байхаар нь түүнийг авах гэж тонгойтол тэрэгчин Отгоо хажуугаас миний нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний хамарнаас цус гарсан. Ингээд О-ийн хамт явж зураг авахуулсан. Отгоо миний хохирлыг барагдуулна гэсэн болохоор нь гомдол гаргахгүй байсан юм... Миний бие Г.Оөөс 1,000,000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид заавал хамарны хагалгаанд орох шаардлагатай байна. Эмч нараас асуухад хагалгааны зардал нийтдээ 2,000,000 гаруй төгрөг болсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Г-ны “...Б.Эийн нүүр нь хавдаж, хөхөрсөн, нүд нь улайсан байсан. Би юу болсон талаар асуухад халтирч унасан гэж худлаа хэлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд хамар нь гэмтсэн байна гэж хэлж байсан. Энэ үед нөхөр Б.Э нь надад ачаа ачиж байгаад хүнтэй маргалдаж, хүний ачаа ачлаа гэж хэлээд намайг цохисон. Тэрэг түрдэг О гэж хүн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Д-ийн “...Г-ын ачааг амьжиргаа цагаан машины жолоочид өгөөд ачуулж байсан чинь Г.О нь тэргээ түрж ирээд Ганбаатарын ачааг өөрийн тэргээрээ зөөнө гэж хэлсэн. Энэ үед Ганбаатар ах амьжиргаа цагаанд ачуулчих гэж хэлсэн чинь Г.О нь би зөөнө гэж уурлаад амьжиргаа цагааны машины жолоочтой маргалдаж эхэлсэн. Амьжиргаа цагааны машины жолооч нь ачсан ачаагаа буулгах гэж цаашаа хараад зогсож байтал Г.О нь хажуунаас нь очиж нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Энэ үед би очиж дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Г.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Хохирогч Б.Эийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Г.Оийн хохирогчийн нүүр хэсэгт өшиглөсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой,
шүүгдэгч Г.О нь хохирогч Б.Эийн нүүр рүү өшиглөх үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй боловч шүүгдэгч Г.О хохирогчийг хөлөөрөө өшиглөөгүй, гараараа зүүн шанаанд нь цохисон гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэгт нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж тус тус мэтгэлцдэг ба шүүгдэгч хэргээ хүлээж үнэн зөв мэдүүлэх үүрэггүй, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн шанаанд бус хамарт гэмтэл учирсан, хохирогчийн намайг тонгойж байхад тас гээд өшиглөсөн гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар хохирогчийн биед учирсан хохирлыг хөлөөрөө өшиглөж үүсгэсэн байх боломжтой, шүүгдэгчийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн түрэмгий, биеэ хянах, барих чадваргүй зан байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Г.Оийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Э нь “Г.О нь надад хохиролд 150,000 төгрөг өгсөн. Цаашид хамрын гэмтлийг эмчлүүлэхэд 1,000,000 төгрөх хэрэгтэй” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд уг эмчилгээтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний хохирол гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.Оийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсныг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэх төлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “шүүгдэгч Г.Оөд ял шийтгэл оногдуулахдаа түүний анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, бодитоор учирсан хохирол төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг, түүний хувийн байдал зэргийг харгалан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Г.О нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Оийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.О нь дээрх хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Оөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Оөд оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.О нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Оийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Оөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР