Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00346

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00346

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 00 *******

Хариуцагч: 00 *******

Гэрээний үүрэгт 17.078.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн захирал *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь *******-тай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Тос тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 14.358.400 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийг төлснөөр 11.358.400 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Худалдан авагч ******* нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж, төлбөрөө төлөхгүй элдэв шалтаг тоочиж, гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Гэрээнд алданги тооцохоор хийгдсэн тул алдангиас чөлөөлөх үндэслэл байхгүй. Иймд хариуцагч *******-наас 17.078.100 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрээ байгуулагдсанг хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийн байдлаар 11.358.400 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд алдангийг төлөх боломжгүй. Учир нь санхүүгийн хүндрэлд орж 2019 онд компани алдагдалтай ажиллаж 2020 онд замын ажил хийсэн боловч цар тахлын үе таарч ажил хийж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Алдангийг төлөх боломжгүй тул үндсэн төлбөр 11.358.400 төгрөгийг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдох гэрээний үүрэгт 17.078.100 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-тай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай Тос тосолгооны материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 2.1, 2.2-т зааснаар худалдагч захиалсан тоо хэмжээгээр тос тосолгооны материалыг нийлүүлэх, худалдан авагч авсан бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний 3.2, 4.1-т зааснаар сар бүрийн 20-ны дотор төлж барагдуулах, 4.2-т зааснаар худалдан авагч тал төлбөрөө хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлөхөөр тохиролцож гэрээг байгуулжээ.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан шаардалгыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Худалдан авагчаас гэрээнд зааснаар тос тосолгооны материалыг авч гэрээний хугацаанд 3.000.000 төгрөг төлж, үлдэх 11.358.400 төгрөгийг төлөөгүй талаар тайлбарлан, зохигч энэ үйл баримтад маргаагүй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь алдангийг төлөхгүй гэж тайлбарладаг боловч талууд гэрээгээр худалдан авагч тал төлбөрөө хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлөхөөр тохирсон тул түүний тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч *******-наас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 11.358.400 төгрөг алданги 5.679.200 төгрөг нийт 17.037.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож, үлдэх 40.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******-наас 17.037.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож, үлдэх 40.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.345 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-наас 243.138 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА