Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/309

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч **********,

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***********,***********нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2308 03321 2242 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын ******-ны өдөр Булган аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********* коллежид 3 дугаар курсын оюутан, ам бүл 2, эмээгийн хамт ********** дүүргийн ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********,*********,**********

 

2. Монгол Улсын иргэн, ****** оны **** дугаар сарын ******-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ********* дүүргийн ***** дугаар хороо, ****** дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********,*********,********

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *********,*********** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Тодруулбал, шүүгдэгч ********,************ нар нь нэг цаг хугацаанд өөр өөр хохирогчид гэмтэл учруулсан, харилцан бие биенийхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл оролцооны хувьд эсрэг сонирхолгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2308 03321 2242 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 12, 96 дахь тал), хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), иргэний нэхэмжлэгч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 141-143 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 13537, 13471 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 39-40, 45-46 дахь тал), 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч ******* оролцуулан хийсэн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 50-55 дахь тал), хохирогч ******** эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 77 дахь тал), 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч ******** оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 62-67 дахь тал), хохирогч ***** эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 78, 137 дахь тал), хохирогч ********* хохирлын баримтууд (хавтаст хэргийн 69-71, 74 дэх тал), хохирогч ******* хохирлын баримтууд (хавтаст хэргийн 73 дахь тал), яллагдагч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дахь тал), яллагдагч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), яллагдагч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 76, 86-89 дэх тал), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 129 дэх тал),   

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...3 залуу эмэгтэй хүн зодчихлоо..” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал), дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал), хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), шүүгдэгч ********* гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал), хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал), гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13537 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал), хохирогч ******** хохирлын баримтууд (хавтаст хэргийн 69-71, 74 дэх тал), шүүгдэгч ******* яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал), шүүгдэгч ******** яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нар нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******,*********** нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, яллах байр суурьтай тус тус оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч **********,**********,********* нар 2023 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, ****** дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайд *******,*********,******** нартай тааралдаж, үл ялих шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар ************,*********** нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд зүүн дээд 2-р шүдний сулрал, хоёр нүдний дээд зовхи, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, чамархай, дээд уруул, зүүн сарвуунд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч ****** нь тухайн цаг хугацаанд ********** маргалдаж толгой руу нь тэлээгээ гартаа ороож цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт нь хохирогч ********* “....Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны хажууд байдаг GS-25-aac ******* манай нөхөр *********бид гурав нэг, нэг лаазтай пиво аваад 20 дугаар байрны дунд байдаг тоглоомын талбайн хажуу талын сандал дээр юм ярьж суунгаа пиво ууж байсан. Тэгтэл 20 дугаар байрны аркаас гурван залуу гарч ирсэн бөгөөд хажуугаар зөрөхдөө манай нөхөр ******** болон *******нарт хандаад “яагаад муухай хараад байгаа юм” гэх ямар нэгэн ойлгомжгүйгүйгээр муудалцах гээд байхаар нь бид гурав уучлаарай гэж хэлсэн юм... залуучууд ******* болон ********* нартай маргалдаад зууралдаад байхаар нь би дундуур нь салгах гээд ортол шар хантаазтай залуу нь намайг алгадахаар миний бие газарт унасан бөгөөд тухайн залуучууд зугтаагаад яваад өгсөн юм. Тэгтэл тэр залуучуудын хамгийн том биетэй, хар хувцастай нь буцаж эргэж ирсэн ба... буцаж эргэж ирэхдээ гартаа тэлээгээ ороосон байсан ба шууд над дээр ирснээ миний толгой руу 2-3 удаа тэлээтэй гараараа цохисон ба миний толгойноос цус гараад шууд газарт унасан... Тухайн хар хувцастай залууд толгойгоо хагалуулсны улмаас Жинст гэх нэртэй хувийн эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн ба миний эмчилгээний зардал 1,199,000 төгрөг болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12, 96 дахь тал),

хохирогч ******** “...намайг зодсон гэх ахтай эхлээд би юм яриад зогсож байсан ба тухайн үед... үл таних эгч хажуугаас орж ирээд надтай хэрүүл маргаан хийхээр нь би баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа түлхсэн чинь тухайн хоёр ахын нэг нь надад хандаж наадах чинь эмэгтэй хүн чи яаж байгаа юм гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд би ухаан орсон газар уначихсан намайг *******гэж ах миний нүүрэн тус газар баруун гараараа 1-2 удаа цохисон. Тэгсэн тухайн ****** гэх эгчийн нүүр ам цус болчихсон байсан ба над дээр ирээд танай найз миний толгойг хагалчихлаа гээд уйлж байсныг санаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 99-100 дахь тал),

гэрч ******* “...2023 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00 цагийн орчим тэдний гэрээс ******* болон ******* хамт "Жиэс-25” нэртэй дэлгүүр ороод 0.5 литрийн пиво гурвыг аваад буцаж гараад 15 дугаар хорооны хажууд байрлах сандал дээр суугаад авсан пивоо хэрэглэж байсан чинь үл таних гурван залуу бид гурвын хажуугаар зөрөхдөө бид гурвыг “яасан муухай хардаг юм” гэх мэтээр хэрүүл маргаан хийж эхэлсэн ба ягаан өнгийн малгайтай цамцтай залуу ****** баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа алгадсан чинь манай найз ******** “чи боль” гээд голоор нь орсон. Тэгэхээр нь би тухайн залуучуудаас уучлалт гуйгаад хэрүүл маргаан, зодоон цохион хийхгүй салъя гэж хэлсэн чинь хар өнгийн куртиктэй махлаг залуу дээгүүрх хувцсаа тайлаад “та нартай зодолдъё” гээд *********** рүү дайрахаар нь би голоор нь ороод салгасан ба тэр хооронд ягаан өнгийн малгайтай залуу ************ баруун гараараа хоёр удаа алгадсан ба ******** нүүрээ дараад газар суухаар нь миний дургүй хүрээд “эмэгтэй хүнийг яагаад зодож байгаа юм” гэж хэлээд зүүн мөрнөөс баруун гараараа барьж аваад татсан чинь түүний найзууд нь намайг хоёр талаас цохиод байсан. Тэгсэн манай найз ******* хүрч ирээд цагаан куртиктэй залууг бариад авсан чинь хар өнгийн куртиктэй залуу нь зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би ягаан цамцтай залууг хоёр гараараа цээжин хэсэгт нь нэг удаа түлхсэн замын хашлаганд тээглээд хойшоо унасан чинь ********** гэнэт орилохоор нь харсан чинь *********** нүүр ам нэлэнхийдээ цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13471 дугаартай “...******** биед зулайн хуйханд шарх, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13537 дугаартай “...********** биед зүүн дээд 2-р шүдний сулрал, хоёр нүдний дээд зовхи, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, чамархай, дээд уруул, зүүн сарвуунд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч *******,********** нарыг оролцуулан түүний биед гэмтэл учруулсан хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 50-55, 62-67 дахь тал),

гэмт хэрэг талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), “...3 залуу эмэгтэй хүн зодчихлоо..” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ********* толгойн тус газарт тэлээгээр цохиж цохисон, хохирогч ****** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** нүүрэн тус газар нь гараараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас тус тус үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нар нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан бөгөөд “аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг.

 

Шүүгдэгч ****** эхнэр ********* зайлшгүй хамгаалах шаардлагатай амь биед нь аюултай довтолгоон бодитой бий болсон, түүний эсрэг хамгаалах үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба ******,******** биед халдсан хууль бус үйлдэл төгссөний дараа *****,********** эрүүл мэндэд халдсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн ******** үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй эхнэрээ хамгаалсан довтолгоон байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

Шүүгдэгч ********,********** нарын дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирчээ.

 

Иймд шүүгдэгч *****,********** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.

 

Хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1,199,900 төгрөг нэхэмжилж баримтыг шүүхэд ирүүлсэн (хавтаст хэргийн 70-71 дэх тал) бөгөөд эдгээр баримтууд нь цаг хугацаа болон зориулалтын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой байх тул шүүгдэгч ******* 1,199,900 төгрөгийг гаргуулж, хохирогч ********** олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

 

Хохирогч ********* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 643,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсан (хавтаст хэргийн 141-142 дахь тал) байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ********* 643,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “хоёрдугаар” зэрэглэл тогтоосныг хохирогч ********* зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 129 дэх тал) хэрэгт хавсаргасан тул хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,750,000 төгрөгийг шүүгдэгч ********** гаргуулж хохирогч ************* олгохоор шийдвэрлэв.

Хохирогч ********* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоолгохоос татгалзсан (хавтаст хэргийн 33 дахь тал), өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 161,900 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******** засварлага авсан хугацаанд бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн хохирлыг төлж барагдуулахаар ажлын 5 хоногийн завсарлага авах эсэхийг тодруулахад шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар “...хохирол төлбөр төлөх тул завсарлага авах...” хүсэлт гаргаж, шүүгдэгч ********** нь “...эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэх...” санал гаргасныг тус тус тэмдэглэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...”, шүүгдэгч ********* өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хэрэглэж болохоор хуульчилсан шүүхэд эрх олгосон хэм хэмжээ юм.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж түүний өмгөөлөгч тайлбарлах боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаж, яллагдагчаар мэдүүлэхдээ “…уг тогтоол болон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна…” гэж мэдүүлсэн, шүүх хуралдаанд ч мөн мэдүүлэг өгөхгүй гэдгээ илэрхийлж, гэм буруугийн талаар өөрийн байр суурийг илэрхийлээгүй нөхцөл байдлыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй...” гэж шударга ёсны зарчмыг хуульчилсан ба шүүгдэгч ********* эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирлыг төлж барагдуулаагүй нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял сонгон оногдуулах боломжгүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч ******* 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ******** 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ********* оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******** бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******,**********,********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ************* хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 1,199,900 (нэг сая нэг зуун ерэн есөн мянга есөн зуу) төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулж хохирогч ******* олгосугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ******** 643,000 (зургаан зуун дөчин гурван мянга) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************,************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРАНЖАРГАЛ