Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00348

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00348

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 00 тоот хаягт байрлах *******

Хариуцагч: 00 тоотод оршин суух, 1979 онд төрсөн 42 настай, *******

Хариуцагч: 00 тоотод оршин суух, 1979 онд төрсөн 42 настай, *******

Гэрээний үүрэг 12.479.987 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь иргэн *******ын хүсэлтийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн БО189/2019 тоот барьцааны гэрээ, АО189/2019 тоот зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээлэх гэрээ байгуулсан. Зээлийг олгохдоо зээлдэгчийн санал болгосон Хаан банк дахь 5064714379 тоот данс руу хэсэгчилж авна гэж өөрөө хүссэний дагуу эхний 10.000.000 төгрөгийг шилжүүлж бэлэн бусаар олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд буюу зээлийн гэрээний хавсралтад заагдсан хугацаанд зээлийг төлөхгүй удаа дараа зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж байсан. Иймд манай байгууллагын зүгээс удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлээ төлөхийг шаардаж байгаа боловч удахгүй зээлийг төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Дэлхий нийтэд тархаад буй Ковид 19 тахлын улмаас үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй байдлыг ойлгож аль болох зээлдэгч талдаа хүлээцтэй хандаж ирсэн. Харин зээлдэгчийн хувьд үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа нь манай байгууллагад хохирол учруулж байна. Анхнаасаа мөнгийг хэсэгчлэн авахаар тохирч эхний удаад 10.000.000 төгрөг аваад хүүг төлж яваад дараагийн сард нь үлдэх 30.000.000 төгрөгийг цувуулж 10.000.000 төгрөгөөр хэсэгчлэн авахаар тохирсон байсан. Гэтэл зээлийн график зөрчигдсөн тул хоёр тал тохиролцож 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн 10.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй төлөх гэрээ байгуулсан. Гэрээгээр бид үндсэн зээлээс 9.787.925.32 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлж харилцан зөвшөөрөлцсөн. Хариуцагч нар зээлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл 9.787.926 төгрөг, зээлийн хүү 2.692.061 төгрөг нийт 12.479.987 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрээ байгуулж 10.000.000 төгрөг авсан. Эхний санхүүжилтээ аваад үйл ажиллагаагаа эхлүүлээд эргэлтийн явцад үлдэгдэл зээлээ авах байсан. 10.000.000 төгрөгийн хүүнд 4-5 сарын хүү гэж 1.000.000 төгрөг төлсөн. Эргэлтийн мөнгөгүй болоод үлдэгдэл 30.000.000 төгрөгийн 15.000.000 төгрөгийг авахаар очтол захирал нь солигдоод гэрээ зөрчигдсөн гээд мөнгө өгөх боломжгүй гэсэн тул бидний ажил зогсонги болсон. Гэрээний дагуу үлдэгдэл 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талаас авмаар байна. Нэхэмжлэгч гэрээний үүргээ эхэлж зөрчсөн. Гэрээний дагуу бүх мөнгөө өгсөн бол ийм зүйл болохгүй байсан. Зээлээс 9.787.926 төгрөгийг төлнө. Зээлийн хүүг төлөхгүй. Эсвэл үлдэгдэл 30.000.000 төгрөгийг авна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* нарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 12.479.987 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч *******, ******* нар 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр *******-иас бизнесийн хэрэгцээнд ашиглах зорилгоор 40.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж зээлийн гэрээ байгуулан, зээлийн барьцаанд *******, ******* нарын өмчлөлийн 00 тоот хаягт байршилтай хувийн сууц, 437 мкв тайлбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан, зээлээс 10.000.000 төгрөгийг зээлдэгч нар шилжүүлэн авсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээл, барьцааны гэрээ, үл хөдлөх өмчлөлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гэрээгээр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн АО189/2019 тоот зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлсэн гэрээний хугацааг сунгуулах, хуваарьт өөрчлөлт оруулах зээлдэгчийн хүсэлтийг харгалзан үндсэн зээлийн үлдэгдэл 9.787.925.32 төгрөг, нийт хүүний өр 948.015.54 төгрөгний өртэйгээр 3.5 хувийн хүүтэйгээр 27 сарын хугацаатай сунгаж, зээлдэгч нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 9.787.925.32 төгрөгний үндсэн зээлийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлж харилцан зөвшөөрч, зээлдэгчтэй тооцоо нийлсэн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна .

Хариуцагч шүүх хуралдаанд үндсэн зээлийн үлдэгдэл 9.787.926 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээлийн үлдэгдэл 30.000.000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлээгүй тул зээлийн хүү 2.692.061 төгрөгийг төлөхгүй гэж тайлбарлан маргасан боловч гэрээний талууд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр шилжүүлсэн 10.000.000 төгрөгний үлдэгдэл 9.787.925.32 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 18-наас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд эргүүлэн төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч гэрээний үүргийг зөрчиж зээлийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй, зээлийн 9.787.925.32 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг актаар баталгаажуулсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 4.2.1-т зааснаар зээлийг хүүг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч *******, ******* нараас гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 9.787.926 төгрөг, зээлийн хүү 2.692.061 төгрөг нийт 12.479.987 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас зээл 9.787.926 төгрөг, зээлийн хүү 2.692.061 төгрөг, нийт 12.479.987 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.630 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 214.630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА