Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/301

 

 

                                    

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            улсын яллагч Б.Ундрах,

хохирогч **********,

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2308 00052 1968 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ****** дүгээр сарын *********-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт ********* дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух,

 

Урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,***********,*************,***************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч ********** шүүхийн хэлэлцүүлэгт “...энэ хэргийн улмаас би маш их хохирсон, сэтгэл санаагаар унаад их турсан. Охин шигээ санаад итгэсэн нь алдаа боллоо. Олон зүйл нэхэмжилмээр байвч одоо хохирлоо л бүрэн гаргуулж авмаар байна...” гэв.

Эрүүгийн 2308 00052 1968 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 144-145 дахь тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ц-860 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 146-149 дэх тал), иргэний нэхэмжлэгч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал), тэтгэврийн зээлийн гэрээ (хавтаст хэргийн 55-57 дахь тал), эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 59-64 дэх тал), иргэний нэхэмжлэгчээс гаргаж өгсөн шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 83 дахь тал), ******** хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 155-156 дахь тал), ******** цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 02 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 132-136 дахь тал), шийтгэх тогтоол, магадлалын хуулбар (хавтаст хэргийн 119-223 дахь тал), хохирогч ******** дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 54, 59 дэх тал), Хаан банкны зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт (хавтаст хэргийн 55 дахь тал), ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний асрах гэрээ (хавтаст хэргийн 70-72 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *********** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ********* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр хохирогч ********* таарч өөрийгөө танилцуулан танилцаж “...та хүүдээ асаргааны мөнгө авах гэж байгаа бол би таньдаг хүнээрээ яриулаад хүүд нь асаргааны мөнгө авч өгье, халамжийг нь хугацаагүй болгож өгье, халамжийн хүмүүст улсаас үнэгүй байр өгдөг бүртгүүлээд өгье, таньдаг эмч, УИХ-ын гишүүд байгаа...” гэж итгүүлж, улмаар өдөр нь утсаар холбогдож “...дараа 7 хоногт байраа үзнэ үү шүү...” бэлнээр 300,000 төгрөг, монетон хос ээмэг, алтан бөгж, монетон бөгжийг авч явж ломбарданд тавьсан. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “хэд хонуулаад өгнө” тэтгэврийн зээл аваад өгөөч гээд 2,876,100 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авахуулж авсан. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “...таны хүүгийн байр бүтэхээр болсон, надад 250.000.000 төгрөгийн 5 айлын газар байгаа татварт мөнгө өгөх хэрэгтэй байна, би газраа зараад танд 50.000.000 төгрөг өгье. Байраа барьцаанд тавиад зээл аваад өгөөч...” гэж түүний Сонгинохайрхан дүүргийн ********** дугаар хороо ********** гудамж ****** байр ********* тоот байрыг хувь хүнд барьцаалж, 8,000,000 төгрөгийн зээл авахуулж авсан буюу бусдад нийт 14,099,976 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ********* “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн нэг цэгийн үйлчилгээ дээр өөрийн хүү болох ********* халамж асаргааны лавлагаа авах гээд зогсож байхад үл таних эмэгтэй хүн ирээд “та хүүдээ асаргааны мөнгө авч өгөх гэж байвал би таньдаг хүнээрээ яриулаад асаргааны мөнгө авч өгье, дахиж сунгахгүй хугацаагүй болгож өгье, та бас хүүдээ байр авч өгч болно шүү, халамжийн хүмүүст улсаас үнэгүй байр өгдөг болсон, тэрэнд би бүртгүүлээд өгье...” надад таньдаг эмч, УИХ-ын гишүүд байгаа гэж хэлээд та надад дугаараа өгчих би тантай утсаар яръя гэж хэлээд салсан. Маргааш буюу 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед миний утас руу ******** залгаад Содон хорооллын замын урд талд байрлах нийгмийн даатгалын урд талд хүрээд ир гэж хэлсэн. Бид хоёр 13 цагийн үед уулзсан. ******** надад таны хүү болох ******** улсаас үнэгүй өгөх байрны талаар өөрийн таньдаг хүнээр яриулсан энэ 7 хоногийн 3 дах өдөр хоёулаа хамт тэр байрыг үзье манай 8 дугаар ангийн хүүхдийн гарын шөрмөс нь тасарчихсан шөрмөсийг нь оёулах гэсэн юм. Та надад мөнгө өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансанд минь 300.000 төгрөг байна гэж хэлэхэд та надаа наад мөнгөө өгчих гэж хэлээд Содон хорооллын урд талын АТМ-ээс миний Хаан банкны картаас 300.000 төгрөг шууд уншуулж авсан боловч ахиад хүрэхгүй юм байна та надад ээмгээ өгчих гэж хэлэхээр нь би өөрийн 2 ширхэг монетон ээмэг, нэг ширхэг алтан бөгж, нэг монетон бөгж өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өглөөний 11 цагийн үед ******* залгаад “та надад тэтгэврийн зээл аваад өгөөч би 2-3 хоноод буцаагаад өгье” гэж хэлэхээр нь би 6 сараар тэтгэврийн 2,880,000 төгрөгийн зээлийг Драгон төвийн 2 давхарт байрлах хаан банкнаас аваад Драгон төвийн дотор байрлах АТМ-нээс авч өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр над руу ********* ахин залгаад таны хүүгийн байр бүтэхээр болсон уулзъя гэсэн тэгээд би ********* гэрт нь ороод...надад 250.000.000 төгрөгийн 5 айлын газар байгаа миний хүү ээж 2-ын нэр дээр байдаг гэхдээ татварт мөнгө өгөх хэрэгтэй би буцааж газраа зараад танд 50.000.000 төгрөг өгье та байрны ордероо хувь зээл гаргадаг хүмүүст тавиад зээл аваад өг надад таньдаг хүн байгаа сарын 400.000 төгрөгийн хүүтэй зээл олгодог 2 хүн байгаа тантай уулзуулна та харин яагаад зээл авч байгаа вэ гэж асуувал хүүхэд солонгос явах гэж байгаа мөнгөний хэрэг болоод байна гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө 15 цагийн орчим хувь лизингээр зээл олгодог гэх эрэгтэй эмэгтэй ******** нөгөө эмэгтэй нь өөрийгөө танилцуулаагүй бид 4 Драгон төвийн 1 давхарт байрлах нотариат орсон 3 хоногийн дотор зээл нь гарна гэж хэлсэн. Би байраа 8.000.000 төгрөгөөр тавьсан зээлээ өөрийн Хаан банкны ****** данс руу аваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 19 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талын Хаан банкны ATM дээрээс 8.000.000 бэлнээр аваад ********* гэх хүнд өгсөн. Харин тухайн өдрөөс өнөөдрийг хүртэл бид нар хэл ам хийсээр байгаад ээмэг, бөгжөө барьцаанаас нь ************ буцааж авахуулж, түүнд өгсөн мөнгөнөөсөө одоогийн байдлаар 4.650.000 төгрөгийг авч одоо үлдэгдэл 6.530.000 төгрөг авах ёстой, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 144-145 дахь тал),

иргэний нэхэмжлэгч ******* “...тухайн ****** гэх хүүхэн ээжийн мөнгийг удахгүй өгнө гэж хэлж явсаар байгаад удаад байхаар нь ээжийн байрыг алдахгүйн тулд би өөрөөсөө мөнгө гаргаж, үнэт эдлэлээ хүртэл барьцаанд тавьж байгаад байрны ордерын барьцааны мөнгө болох хүүтэй нь хамт нийт 8,400,000 төгрөгийг босгож байгаад данс руу нь 7,800,000 төгрөг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлж бэлнээр үлдэгдэл мөнгийг нь өгч байрны ордер барьцаанд тавьсан зээлийг нь чөлөөлж өгч байсан юм. Тэгээд би тухайн ээжийг залилсан гэх ********** өөрийн гаргасан мөнгөө нэхэж олон удаа залгаж, хэл ам хийсээр байгаад 3,900,000 төгрөг авч, ээж маань 1,400,000 төгрөг увуулж цувуулж авсан. **************** тухайн үед удахгүй мөнгийг чинь өгнө, маргааш өгнө, нөгөөдөр өгнө гэж байнга худлаа хэлдэг байсан. Мөн ээжийн ээмэг бөгжийг барьцаанд тавьсан байхаар нь хэл ам хийж хөөцөлдсөөр байгаад барьцаанаас чөлөөлүүлж авч байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ц-860 дугаартай “...нийт хохирол 2.800.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 146-149 дэх тал),

тэтгэврийн зээлийн гэрээ (хавтаст хэргийн 55-57 дахь тал), Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 59-64 дэх тал), иргэний нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн 7.800.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 83 дахь тал), ******* цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 02 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), хохирогч ******* өөрийн данснаас зарлага гаргасан дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 54 дэх тал), Хаан банкны зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт (хавтаст хэргийн 55 дахь тал), хохирогч ********** Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 59 дэх тал), ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний асрах гэрээ (хавтаст хэргийн 70-72 дахь тал), эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогддог.

 

Шүүгдэгч нь ахмад настай хүнийг сонгон өөрийнх нь хэрэгцээт нөхцөл байдлыг далимдуулан, “таньдаг хүнээрээ яриулаад хүүд нь хугацаагүй асаргааны мөнгө олгодог болгож өгье, халамжийн хүмүүст улсаас үнэгүй байр өгдөг бүртгүүлээд өгье...” гэж төөрөгдөлд оруулж, удаа дараа утсаар ярьж, гэрт нь зочилж итгэл төрүүлж, 7 хоногийн хугацаанд бэлэн мөнгө, ээмэг, бөгжийг шилжүүлэн авч, улмаар орон сууцны гэрчилгээ, тэтгэврийг барьцаалуулан зээл авахуулан ашиглаж бусдад 14,099,976 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн обьектив талын шинжийг хангажээ.

 

Харин энэ гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэх, захиран зарцуулах идэвхтэй үйлдлүүдийг ухамсартайгаар хийсэн нь түүний өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан мэдсэн атлаа хохирол, хор уршгийг хүсэж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ********** холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.

 

Гэмт хэргийн улмаас нийт 14,099,976 төгрөгийн хохирол учирснаас 2,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн (хавтаст хэргийн 146-149 дэх тал) хос ээмэг, алтан бөгж, монетон бөгжийг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн, 4,645,976 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хохирогч ********* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан Хаан банкнаас 2,876,100 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн хугацаа дуусахад хүүгийн хамт нийт 2,999,976 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тэтгэврийн зээлийн гэрээний хавсралтаар тогтоогдож байх тул энэхүү зээлийн улмаас хохирогчид нийт 2,999,976 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хохирогч ******* эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо *********** Москвагийн гудамж ****** тоот байрны гэрчилгээг барьцаалан 8.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд (хавтаст хэргийн 58-59 дэх тал) иргэний нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн төлбөрийг төлж барагдуулан орон сууцны гэрчилгээг чөлөөлүүлэн авсан байна. (хавтаст хэргийн 83 дахь тал)

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 6,654,000 төгрөгийг гаргуулж хохирогч ********* олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс хохирогч талд олгохоор шийдвэрлэсэн хохирлыг төлж барагдуулахаар ажлын 5 хоногийн завсарлага авах эсэхийг тодруулахад шүүгдэгч, түүний өмгөөлөгч “...эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэх...” санал гаргасныг тэмдэглэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 6 сар, 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх...”, шүүгдэгчээс “...надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр залилах гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч ******** хувьд 2018 оноос хойш залилах гэмт хэрэгт холбогдож, түүнийг гэм буруутайд тооцсон Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол нь давж заалдах, хяналтын шатны журмаар хэлэлцэгдэн дахин анхан шатны журмаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдэх үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атал 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл нэр бүхий 3 иргэнийг мөн л “...газар зарна, удахгүй буцааж өгнө...” гэж хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан үйлдэл нь шалгагдаж байх үед 2022 оны 11 дүгээр сард энэ гэмт хэргийг үйлдсэн нь түүний хувийн байдлыг илэрхийлэх ба энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, магадлалын хуулбар (хавтаст хэргийн 199-223 дахь тал) баримтаар тогтоогдсон.

 

            Шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байдал, өөртөө дүгнэлт хийхгүй бусдын эд хөрөнгийг залилж авах хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа хувийн байдлыг харгалзан түүнд хорих ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимтай холбоотой ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хорих ялыг (хавтаст хэргийн 244 дэх тал) нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс хорих ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүх өмнө ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Шүүгдэгч ******** нь энэ хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч ялтан шилжүүлэх ажиллагаа явагдсаар 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ялын тооцоог ирүүлсэн байх тул (хавтаст хэргийн 244 дэх тал) мөн өдрөөс эхлэн энэ хэрэгт цагдан хоригдсон гэж үзнэ.

 

Иймд түүний 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь хорт хавдар өвчтэй талаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********,******,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ********** энэ тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жил, 6 (зургаа) сар, 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сар, 22 (хорин хоёр) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********** энэ хэрэгт цагдан хоригдсон 56 (тавин зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 6,654,000 (зургаан сая зургаан зуун тавин дөрвөн мянга) төгрөг гаргуулж хохирогч ************* олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********* эдлэх хорих ялыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.НАРАНЖАРГАЛ