Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 102/2020/04271/И |
Дугаар | 102/ШШ2021/00470 |
Огноо | 2021-02-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/00470
2021 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2021/00470 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 00 тоотод оршин суух, 1978 онд төрсөн 43 настай, *******
Хариуцагч: 00 тоотод оршин суух, 1969 онд төрсөн 52 настай, *******
Гэрээний үүргийн биелэлт 27.180.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1047 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 1 хувийн хүүтэй зээлдэж авсан. Зээлийн гэрээний 3.1-т зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор зээлээ төлөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй, ямар нэгэн шалтгаан хэлж хойшлуулсаар ирсэн. Зээлийн 18.000.000 төгрөгийг *******ын 5007864785 тоот Хаан банкны дансанд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн бөгөөд зээлийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Зээлийн гэрээний 3.3-т сарын 1 хувийн хүүтэй, 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж зааснаар 1 сарын хүү 180.000 төгрөг, 402 хоногийн алданги 9.000.000 төгрөг тус тус нэхэмжлэх эрх үүссэн. Хариуцагч өнөөдрийг хүртэл зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Хариуцагчийн хариу тайлбартаа бичсэн шиг яриа болж дараа нь зээлийн гэрээ байгуулсан асуудал байхгүй. Дараа нь мөнгөө төлөх боломжгүй боллоо түрээсийн байранд оруулж өгье гэж янз бүрийн шалтгаан хэлж санал тавьж байсан. Цаашаа мөнгийг хэнд дамжуулан өгсөн хэнтэй ярьсан талаар нь мэдэх юм алга. Иймд хариуцагч *******аас үндсэн зээл 18.000.000 төгрөг, сарын хүү 180.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 27.180.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сард *******той 2 хүнийг буюу *******, ******* нарыг түрээсийн байранд оруулж өгөх талаар ярилцсан ба энэ талаар ******* маш сайн мэдэж байгаа бөгөөд бид хоёрын хооронд харилцсан зурвасуудаар нотлогдож байгаа. *******, Хамшибайн Ахметал нарыг түрээсийн байранд оруулж өгөхөөр харилцан ярилцаад ******* бид хоёр баруун дөрвөн замын дэргэд байрлах нотариат дээр очиж 18.000.000 төгрөгийг шилжүүлье гэсэн боловч уг утгаар гэрээ байгуулах боломжгүй гэж нотариатч хэлсэн тул зээлийн гэрээ байгуулсан. Миний бие *******оос 18.000.000 төгрөгийг дансаар авсан бөгөөд уг мөнгөнөөс 16.000.000 төгрөгийг найзаараа дамжуулан танилцсан ******* нь түрээсийн байранд оруулж өгнө чадна гэхээр нь түүнтэй тохироод 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нотариатч зээлийн гэрээ байгуулан уг мөнгийг шилжүүлж өгсөн. Энэ үйл баримт нь бүртгэлийн дугаар 462 зээлийн гэрээний хуулбараар нотлогдож байгаа билээ. Би анхнаасаа түрээсийн байранд оруулах асуудалд 2 хүнийг холбож өгснөөс биш, үнэн хэрэгтээ мөнгө зээлсэн харилцаа үүсээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 27.180.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******той 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 18.000.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдэж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгээр тохиролцож гэрээ байгуулан, мөнгийг хүлээн авсан болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, зээлийн гэрээ, *******ын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтаар тогтоогдож байна.
Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заажээ.
Зээлдүүлэгч *******оос зээлдэгчийн өмчлөлд зээлийн 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний банкны хуулга, зээлдэгч ******* зээлийн мөнгийг хүлээн авсан болох нь түүний шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож энэ үйл баримтад хэн аль нь маргаагүй байна.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хоёр хүнийг түрээсийн байранд оруулж өгөхөөр ярилцаж нотариат дээр очсон боловч уг утгаар гэрээ байгуулах боломжгүй гэснээр зээлийн гэрээ байгуулсан. 18.000.000 төгрөгийн 16.000.000 төгрөгийг *******т зээлийн гэрээ байгуулан шилжүүлсэн, зээлийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар ирүүлсэн боловч тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний дагуу 18.000.000 төгрөгийг хүлээн авсан, өөрийн өмчлөлд авсан мөнгийг эзэмших, ашиглах, хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн эрх бөгөөд өөрийн эд хөрөнгийг захиран зарцуулах хэлбэрээр бусдад зээлдүүлж байгаа явдал нь мөнгийг эргүүлэн төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангийг эргүүлэн төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч *******аас гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 18.000.000 төгрөг, 1 сарын хүү 180.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 27.180.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч *******д энэ өдрийн шүүх хуралдааны товийг мэдэгдэх тухай баримтаар 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн байх ба хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтийг ирүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******аас 27.180.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.850 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 293.850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА