Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/00295

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/00295

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 00, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Хариуцагч: 00 тоотод бүртгэлтэй Өлзийтчимэг ХХК

Нийгмийн даатгалын шимтгэл 18.216.820 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, В.Баясгалан, хариуцагч Өлзийтчимэг ХХК-ийн захирал Д.Нэргүй, гэрч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, В.Баясгалан нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өлзийтчимэг ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 1.1,1.4, 20 дугаар зүйлийн 1.1 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №173 тоот улсын байцаагчийн актын 18.216.820 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байсан даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн тохиролцсон үр дүндээ хүрэлгүй улсын байцаагчийн актын үлдэгдэл 18.216.820 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Хариуцагч тал 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манайд гаргасан хүсэлтдээ 2015 оны 02 дугаар сараас хойш нийгмийн даатгалын тайлангаа өгөөгүй, энэ хугацаанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, ажилтнуудынхаа эрх ашгийг хүндэтгэн нийгмийн даатгалын тайланг нөхөн өгөх хүсэлтэй тул тайланг хүлээн авна уу гэсэн албан бичиг ирүүлж 02, 03, 04 дүгээр сарын тайланг нөхөж өгч төлбөрөө төлнө гэсний дагуу Улсын байцаагчийн акт тавигдсан. Акт гарснаас хойш хариуцагч тал 5.000.000 төгрөг төлж үлдэх мөнгийг 3 хувааж төлөх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч талд алдангиас чөлөөлөх эрх байхгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Иймд хариуцагч Өлзийтчимэг ХХК-наас актаар тавигдсан өр 15.477.880 төгрөг, алданги 2.738.940 төгрөг нийт 18.216.820 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Өлзийтчимэг ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Д.Нэргүй шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өлзийтчимэг ХХК-нд сүүлд захиралаар томилогдсон. Компаний өрийг төлүүлэхийн тулд акт тавьсан. Актаар тавигдсан мөнгийг төлөхгүй бол цаашдын тайланг хүлээн авахгүй гэсэн шаардлага тавьсан. Бидэнд мөнгийг төлөх боломж байхгүй. Үйл ажиллагаа зогссон. Акт тавигдсанаас хойш төлсөн 5.000.000 төгрөг үндсэн төлбөрөөс хасагдах ёстой. Шүүхээр маргаан шийдвэрлүүлэхээс өмнө 3 хувааж төлөх санал тавьж байсан. Актаар тавигдсан 15.477.880 төгрөгийг төлнө. Алданги 2.738.940 төгрөгийг төлөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Ниймгийн даатгалын хэлтэс нь хариуцагч Өлзийтчимэг ХХК-нд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 18.216.820 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Өлзийтчимэг ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны санхүүгийн болон бусад холбогдох баримтыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах явцад 70.354.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй зөрчил илэрсэн тул Улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай актаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй 70.354.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 15.477.880 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 7.738.940 төгрөгийн алданги ногдуулсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, Улсын байцаагчийн акт, Өлзийтчимэг ХХК-ийн холбогдох баримтыг шалган нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцож гаргасан баримт болон хяналт шалгалтын зааварчилгаа өгсөн баримт, хариуцагч Өлзийтчимэг ХХК-ний хүргүүлсэн тайлан нөхөн өгөх тухай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг, дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Өлзийтчимэг ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан ажил олгогч нь хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, даатуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого олгох бүртээ хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж тухай сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд нь төлөөгүй, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй зэрэг зөрчил гаргаснаас Улсын байцаагчийн акт тавигдаж, актыг тухайн үед захиралаар ажиллаж байсан Д.Эрдэнэчимэг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нөхцөл байдал шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгч, гэрч нарын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн Өлзийтчимэг ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ хувь хэмээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Хариуцагч шүүх хуралдаанд нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 15.477.880 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 2.738.940 төгрөгийг төлөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-т нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид хариуцлага хүлээлгэнэ, 20 дугаар зүйлийн 1.1-т ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан тул хуульд заасан алдангийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн алдангийг хариуцагч төлөх үндэслэлтэй байх тул Өлзийтчимэг ХХК-наас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 15.477.880 төгрөг, алданги 2.738.940 төгрөг нийт 18.216.820 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч Өлзийтчимэг ХХК-наас 18.216.820 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Өлзийтчимэг ХХК-наас 249.034 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА