Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 124/ШШ2022/0027

 

                           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

                 татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би “Ө.Ү.И.У.Т” ТББ-ын Увс аймгийн Засаг даргын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн А/808 дугаартай Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг батламжлах тухай" захирамжийн Олон нийтийн төлөөллийг сонгох хэсгийн Монголын мэс засалч эмч нарын холбоонд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө.Ү.И.У.Т” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай төрийн бус байгууллага нь Өсвөр үе залуучуудад эрүүл мэндийн болон эрх зүйн боловсрол олголтод нийгмийн гэх хариуцлагыг нэвтрүүлснээр үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, эрүүл аж төрөх зан үйлийг эзэмшсэн амьдрах чадвартай иргэн төлөвшихөд туслах эрхэм зорилготой. Ингэснээр нийтийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих болон хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр гарсан бодлого, хөтөлбөр, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад төр засагт туслах зорилго бүхий сайн дурын үндсэн дээр байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллагыг 2006 оны 05 сарын 19-нд байгуулж өнөөдрийг болтол үйл ажиллагаа явуулж байна.

Манай төрийн бус байгууллага нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн хүрээнд дүрмийн дагуу удирдах зөвлөл, гүйцэтгэх ажлын багаар 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн болон хүүхэд залуучуудын дунд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Тухайлбал: Нээлттэй нийгэм форум үндэсний төрийн бус байгууллагын удирдамж чиглэлийн дагуу Шүүх, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийн байдалд ажиглалт хийж үнэлгээ хийх ажлыг аймгийн 3 төрийн бус байгууллагыг удирдан хамтран гүйцэтгэж Улсад 1-р байр эзлэн Улаанбаатар хоттой танилцах 5 хоногийн эрхээр шагнуулж иргэний нийгмийн байгууллагуудын шинэлэг арга барилаас суралцсан. 2019-2020 онд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн "Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Увс аймгийн эм, эмнэлгийн хэрэгслийн чанар хүртээмжийг сайжруулах нь "Хамтын Х.Ү.Ч" төсөл бичиж нэгдсэн болон сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвийн эмийн тасалдлыг арилгаж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллага, Үндэсний болон орон нутгийн төрийн бус байгууллагууд, иргэдийн хурлын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж эмийн тасалдлыг арилгаж, хүртээмжийг нэмэгдүүлснээрээ Улсын хэмжээний " Сайн туршлага"-аар шалгарсан. Энэ аргачлалаа аймгуудад нэвтрүүлэх ажлыг "Трансперенси Монгол" төрийн бус байгууллагын дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа.

Хамтын удирдлагын талаарх мэдлэг, туршлагаа түгээх, хуваалцах Нэгдсэн эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд нийгмийн эгэх хариуцлагын /Хамтын Х.Ү.Ч/ төслийн аргачлалыг нэвтрүүлж иргэд, олон нийтийн оролцоог ханган, сайн туршлагыг хэвшил болгох зорилгоор "Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" II шатны төслийг хэрэгжүүлэх байгууллагаар шалгарч үйл ажиллагаагаа эхлээд байна.

Төрийн байгууллагууд хоорондоо, иргэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилласнаар төрийн үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ажил үйлчилгээг сайжруулахад иргэд олон нийтийн санал бодлыг тусгаж, нэн тулгамдсан асуудлаа хамтаараа тодорхойлон гаргаж шийтгэх биш шийдлийг олох, асуудалд хүлээцтэй хандах, иргэдийн оролцоог идэвхжүүлэн эерэг хандлагыг дэмжих, бурмаар биш урмаар тэтгэх зэрэг зарчмуудыг баримтлан, ажлын амжилтыг ахиулахад дэмжлэг үзүүлсээр байна.

Төрийн бус байгууллагын ажлыг тасралтгүй хууль, дүрмийн дагуу 16 жил ажиллахдаа олон улсын болон үндэсний, аймгийн хэмжээнд шударга ил тод, заавар журмын дагуу ажилладаг үнэлгээ авч Швейцарын хөгжлийн агентлагаас "Иргэний төлөө ажиллагч " туузан зүүлтээр шагнуулсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.26 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан материалыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах хорооны гишүүдэд хүргүүлсний дагуу ярилцлагад дуудаад манай төрийн бус байгууллагын төлөөллийг дээрх хуулийн 15 14 дэх заалтаар хувийн эмнэлэгт хөрөнгө оруулалт хийсэн хүн гишүүнд тэнцэхгүй гэсэн шалтгаанаар ярилцлагад оруулахгүйгээр хассан. В овогтой Т миний бие Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтаар хөрөнгө оруулагч биш юм. Үүсгэн байгуулагч өмчийг охин Д-д шилжүүлэн өмчлүүлсэн нэг хүний өмч юм.

Сонгон шалгаруулах хорооны шийдвэрийг сонсоод Л.Г эмчийг ТУЗ гишүүнээр сонгож байгааг Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах хороо шударга ажиллаагүй гэж үзэж байна.

Учир нь:

1. Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч мөртөө хувийн мэс заслын үүдэн эмнэлэг ажиллуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй,

2. Сонгон шалгаруулах хорооны материал авах хугацаа 8 сарын 27-ны 17 цагт дууссан энэ хугацаанд Л.Г эмч материал өгөөгүй, хэзээ өгсөн нь тодорхойгүй,

3. Л.Г эмч нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэгдсэн эмнэлгийн төлөөлөл сонгох хурлаас олонхын санал авч чадаагүй,

4. Сонгон шалгаруулах хороо 8 сарын 27-нд материал авч дуусаад 9 сарын 22-нд ярилцлагад 10 цагаас дуудахад дарга гишүүд 10-30 минут хожимдож ирсэн 11 цаг болоход 2 шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага ирээгүй байсан.

5. Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өмчлөгчийн төлөөллийг томилохдоо төрийн албан хаагчийн шалгалтад ороогүй түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулах хороог даргалж ажилласан Ц.А, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа н.З нарыг томилсон нь хууль зүйд нийцээгүй гэж ойлгож байна. Түүгээр ч барахгүй Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, тусгай шаардлагыг сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дээрх албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх тухай Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилт биелэхгүй байгааг юу гэж үзэх вэ?

6. Сонгон шалгаруулах хорооны үйл ажиллагаа шударга явагдаагүй гэсэн гомдлын хариу өгөөгүй байхад аймгийн Засаг даргын Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг батламжлах тухай 2021 оны 12 сарын 27 өдрийн А/808 тоот захирамж гарсан нь иргэний гомдлыг үл ойшоосон дураараа авирласан хэрэг болжээ.

Эдгээр байдлуудаас үзэхэд сонгон шалгаруулах хорооны үйл ажиллагаа ил тод, шударга явуулж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй тул 2021 оны 9 сарын 23-нд аймгийн Засаг даргын нэр дээр гомдол гаргасан ч хариу ирүүлэхгүй болохоор Эрүүл мэндийн яамны сайдын нэр дээр 2021оны 11 сарын 29-нд тус тус дээрх асуудлаар гомдол гаргасан юм. Өнөөдрийг хүртэл гомдлын хариу ирүүлээгүй нь миний сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

Миний бие Увс аймгийн засаг даргын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн А/808 дугаар захирамжийг Аймгийн нэгдсэн эмнэлгийн фэйсбүүк хаягт нийтлэгдсэн байсныг 2022 оны 01 сарын 26-ны өдөр олж мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн А/808 дугаартай Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг батламжлах тухай" захирамжийн Олон нийтийн төлөөллийг сонгох хэсгийн Монголын мэс засалч эмч нарын холбоонд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Тухайн маргаан бүхий захирамж надад эх хувиараа байхгүй тул нотлох баримтын шаардлага хангуулан хариуцагчаас гаргуулан хэрэгт хавсаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “"Ө.Ү.И.У.Т" ТББ-ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/808 дугаартай "Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг батламжлах тухай" захирамжийн "Олон нийтийн төлөөллийг сонгох хэсгийн Монголын мэс засалч эмч нарын холбоонд холбогдох хэсгийг хүчингүй болгож тус хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагадаа тус төрийн бус байгууллагын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыгоо нэхэмжлэлийн агуулга хэсгээрээ тодорхойлоогүй бөгөөд Б.Т нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.24.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллөөс нэр дэвшиж материалаа ирүүлсэн бол Л.Гийн хувьд мөн хуулийн 15.24.3 дахь хэсгийн заалтаар эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбооны төлөөллөөс нэр дэвшиж материалаа ирүүлсэн байдаг. Дээр дурдсан хуулийн заалтаас үзэхэд Б.Тийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өөр салбар чиглэлээс орсон Л.Г зөрчиж байгааг тайлбарлаагүй байна. Хэрэв Л.Г шалгараагүй бол эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбооноос Б.Т өрсөлдөх боломжгүй, нөгөө талаас эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл хэсгээс сонгон шалгаруулалтад л оролцох боломжтой юм.

Б.Т-ээс нэхэмжлэлийн агуулгадаа төрийн бус байгууллагын төлөөллийг Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.1.4 дэх заалтаар хувийн эмнэлэгт хөрөнгө оруулалт хийсэн хүн гишүүнд тэнцэхгүй гэсэн шалтгаанаар ярилцлагад оруулахгүйгээр хассан гэж мэдүүлсэн байна. Аймгийн Засаг даргад хандаж ярилцлагад оруулах тухай асуудлаар Б.Т нь гомдол гаргасныг шийдвэрлэж ярилцлагад нь оруулж адил тэгш өрсөлдөх боломжийг нь хангаж шийдвэрлэсэн. (сонгон шалгаруулах ярилцлагын асуултад хариулсан үнэлгээний хуудаснууд, аймгийн Засаг даргад хандаж гаргасан гомдлыг хавсаргав)

Нэхэмжлэлийн агуулгаа илэрхийлсэн 6 үндэслэлд дараах байдлаар тайлбарлавал,

1. Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч Л.Г нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх тухайд, АТГ-ын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05/2065 дугаартай "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай" дүгнэлтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. (АТГ-ын дүгнэлт хавсаргав)

2. Сонгон шалгаруулах хорооны материал авах хугацаа 8 сарын 27-ны 17 цагт дууссан, энэ хугацаанд Л.Г эмч материал өгөөгүй, хэзээ өгсөн нь тодорхойгүй гэх тухайд, материал ирүүлсэн төрийн бус байгууллагын төлөөллийн материалуудыг Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн загвар бүртгэлийн дагуу нэг бүрчлэн бүртгэж авсан. Л.Г нь материалаа 2021 оны 08 дугаар сарын 27-ны 16 цаг 30 минутад хүлээлгэн нэг бүрчлэн тулгаж гарын үсэг зуруулж авсан. /Бүртгэлийн хуудаснууд, ЭМЯ-аас ирүүлсэн албан мэйл хавсаргав/

3. Л.Г нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэгдсэн эмнэлгийн төлөөлөл сонгох хурлаас олонхын санал авч чадаагүй гэх тухайд, Хамт олны төлөөлөлд нэр дэвшсэн нь үнэн. Харин Л.Г нь хамт олны төлөөллөөс нэр дэвшиж шалгараагүй нь олон нийтийн төлөөллөөс дахин нэр дэвших эсэх асуудалд хориглосон зохицуулалт байхгүй.

4. Сонгон шалгаруулах хороо 8 сарын 27-нд материал авч дуусаад 9 сарын 22-нд ярилцлагад 10 цагаас дуудахад дарга гишүүд 10-30 минут хожимдож ирсэн, 11 цаг болоход 2 шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага ирээгүй байсан гэх тухайд, сонгон шалгаруулалтаас хожимдсон зүйл огт байхгүй, /Жижүүрийн ирц бүртгэл хавсаргав/ төрийн бус байгууллагын 2 төлөөллийг Улаанбаатар хотод явж байгаатай холбогдуулан цахим хэлбэрээр ярилцлагад хамруулсан. Аль болох цахим хэлбэрээр ярилцлага хийхийг чухалчилж ажилласан.

5. Төрийн ажил тасрах ёсгүй, цалинг авч тушаал шийдвэр гаргаж байгууллагыг удирдан зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлж байгаа хүний хувьд ахалж сонгон шалгаруулах ажилд оролцох бүрэн эрхтэй. УИХ-аас хуулиар зөвшөөрч түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж болохыг баталгаажуулсан байхад хууль зүйд нийцээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

6. Б.Тийн аймгийн Засаг даргад хандаж 2021 оны 09 дүгээр сарын 23-нд гаргасан гомдлыг тухайн үед нь шуурхай шийдвэрлэх хүрээнд утсаар хариуг өгч ярилцлагад оруулах болсныг мэдэгдэж гомдлыг шийдвэрлэсний дагуу ярилцлагад орсон. Дахин гомдол гаргаагүй тул захирамж гаргасан болно.

Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага болон агуулгадаа аймгийн Засаг даргын 2021 оны А/808 дугаар захирамжийн үндэслэл болон агуулга хэсэг нь ямар зөрчилтэй тухайд тайлбарлаагүй нь захирамж хууль ёсны болохыг баталж байна.

Дээрх тайлбарыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэгийн гишүүн Л.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ө.Ү.И.У.Т ТББ-ын тэргүүн Б овогтой В-ийн Т-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох, Засаг даргын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн А/808 дугаартай "Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг батламжлах тухай" захирамжийн Олон нийтийн төлөөллийг сонгох хэсгийн Монголын мэс засалч эмч нарын холбоонд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт миний бие гуравдагч этгээдээр оролцож байгаа юм.

В.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл миний бие ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь тодорхойгүй, тухайн захирамжийн Олон нийтийн төлөөллийн хэсгийн 15.24.3 Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл сонгох хэсгийн Монголын мэс засалч эмч нарын холбоонд холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч, төрийн бус байгууллагын төлөөлөл В.Т-ийн ямар эрх ашиг сэргээгдэх нь ойлгомжгүй байна.

Учир нь: Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.23 дугаар зүйлд зааснаар төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн болон орон нутгийн өмчит Нэгдсэн Эмнэлгийн эмнэлгийн ТУЗ-ийн олон нийтийг төлөөлөх гишүүнд дараах байгууллагуудаас тус бүр нэг нэг гишүүн сонгохоор хуульд зохицуулжээ.

Үүнд нэгдүгээрт нь: Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.24.1 Даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөллийг сонгох, хоёрдугаарт нь : Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.24.2 Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг сонгох, гуравдугаарт нь: Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.24.3 Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллөөс тус бүр нэг гишүүнийг сонгох зарчмаар ТУЗ-ийг бүрдүүлэхээр хуульчлан тогтоосон байна.

Үүний дагуу миний бие тус төлөөлөн удирдах зөвлөлд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас биш Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.24.3-д Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг .холбоо,

мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийг сонгох хэсэгт Монголын Мэс засалч эмч нарын нийгэмлэгийг төлөөлөн сонгон шалгаруулалтад оролцож, тухайн нийгэмлэгээс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаас харахад нэхэмжлэгч В.Т нь өөрийгөө Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.24.2-д заасан Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллөөр тус төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдох эрх зөрчигдсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч В.Т нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.24.2 зааснаар эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг төлөөлж, ТУЗ-ийн гишүүнээр сонгогдохоор хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх бөгөөд миний хувьд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.24.3 зааснаар эрүүл мэнд мэргэжлийн нийгэмлэг холбоо салбар зөвлөл буюу Мэс засалчдын нийгэмлэгийн төлөөлөл болж ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч В.Т болон миний хувьд хоёр өөр хуулийн этгээдийн төлөөлөл буюу В.Т нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.24.2-д заасан төрийн бус байгууллагын төлөөлөл, харин миний бие тус хуулийн 15.24.3-д  заасан мэс засалч эмч нарын нийгэмлэгийн төлөөлөл учраас би Мэс засалч эмч нарын нийгэмлэгээс ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсоноороо төрийн бус байгууллагын төлөөлөл болох В.Тийн сонгогдох эрхийг хязгаарлах боломжгүй юм.

Тодруулбал: Нэхэмжлэгч В.Т нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.24.2-д заасан төрийн бус байгууллагын төлөөлөл учраас тус төлөөлөн удирдах зөвлөлд мөн хуулийн 15.24.3-д заасан Мэс засалчдын нийгэмлэгээс сонгогдох эрхгүй, тус нийгэмлэгтэй хамааралгүй этгээд юм.

Харин тухайн ТУЗ-ийн төрийн бус байгууллагын төлөөллөөр "Сайн тус" ТББ сонгогдсон бөгөөд В.Т өөрийнх нь сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзвэл Мэс засалч эмч нарын нийгэмлэгтэй биш Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.24.2-д зааснаар "Сайн тус" төрийн бус байгууллагатай маргах нь зүй ёсны хэрэг юм.

Учир нь: Орон нутгийн өмчит Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-д Эрүүл мэндийн чиглэлээр төрийн бус байгууллагын нэг л төлөөлөл байхаар хуульчлагдсан, тэр нь "Сайн тус" төрийн бус байгууллага сонгогдсон учраас Монголын Мэс засалч эмч нарын нийгэмлэгийн төлөөлөлд холбогдуулан гаргасан В.Тийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй,

Миний бие Монголын Мэс засалч эмч нарын нийгэмлэгээс ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон нь В.Тийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна.

Хуульд зааснаар Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг холбоо салбар зөвлөл нь өөр өөр чиг үүрэг бүхий, тус тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүд юм.

Түүнчлэн нэхэмжлэгч В.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч мөртлөө хувийн мэс заслын үүдэн эмнэлэг ажиллуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж дурджээ.

"Тэмүүлэл Увс" ХХК-нь 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд тус компани нь миний охин Г.Хулангийн нэр дээр бүртгэлтэй, нэг хүний өмч юм.

Би тус эмнэлэгт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажлын бус цагаар мэс заслын эмчээр ажилладаг ба тухайн хөрөнгийн эзэн нь миний бие биш, охин Г.Хулан учраас надад "Тэмүүлэл Увс" үүдэн эмнэлэгтэй холбоотой ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгийг тайлбарлаж байна.

"Тэмүүлэл Увс " үүдэн эмнэлэгт надаас гадна 2 мэс заслын их эмч, 4 хагалгааны сувилагч хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болно. Шүүхэд Тэмүүлэл Увс ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хөдөлмөрийн гэрээ, КОВИД 19 шинжилгээний хариуг тус тус нотариатаар баталгаажуулж хавсаргав.

Миний бие Орон нутгийн өмчит Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн гишүүн сонгон шалгаруулах хорооны материал авах хугацааны дотор буюу 8 сарын 27-ны 17 цагаас өмнө холбогдох материалыг бүрдүүлж өгсөн бөгөөд тухайн байгууллага миний материалыг шаардлага хангасан гэж бүртгэж авснаар би сонгон шалгаруулалтад оролцсон.

Хэдийгээр би тухайн цаг хугацаанд Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл сонгох хурлаас олонхын санал авч чадаагүй ч энэ нь намайг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.24.3-д заасан Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлах хуульд заасан үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Мөн би "КОВИД 19" халдвараар өвдсөний улмаас сонгон шалгаруулалтын ярилцлагад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцож чадаагүй, онлайн хэлбэрээр оролцсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд Орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах хорооны Олон нийтийн төлөөллийн Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг хороо, салбар зөвлөлийн хэсгийн Монголын Мэс засалч эмч нарын холбоонд холбогдох сонгон шалгаруулалт хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Ө.Ү.И.У.Т” ТББ-ын тэргүүн В.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Ө.Ү.И.У.Т” ТББ-ын тэргүүн В.Т би нэхэмжлэлээс хэргийн материалтай танилцаж татгалзаж байна. Аймгийн Засаг даргын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн А/808 тоот захирамжаар байгуулагдсан “Нэгдсэн эмнэлгийн төлөөлөх удирдах зөвлөлийг батламжлах тухай” захирамжийн дарга, гишүүд хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй. Мөн өргөдлийн хариуг хугацаанд нь өгдөггүй, ярилцлагын үнэлгээг дураараа тавьсан зөрүүтэй байгаа зэрэг зөрчлүүд гарч байсан. Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл журмын дагуу ажиллаж буй эсэхэд манай төрийн бус байгууллага хяналт тавьж ажиллах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ө.Ү.И.У.Т” ТББ нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн А/808 дугаартай “Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг батламжлах тухай" захирамжийн Олон нийтийн төлөөллийг сонгох хэсгийн Монголын мэс засалч эмч нарын холбоонд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ө.Ү.И.У.Т” ТББ-ын тэргүүн В.Т нь “Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл журмын дагуу ажиллаж буй эсэхэд манай төрийн бус байгууллага хяналт тавьж ажиллах бүрэн боломжтой” гэж үзэж нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлт ирүүлжээ.

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ө.Ү.И.У.Т” ТББ-ын “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн А/808 дугаартай Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг батламжлах тухай" захирамжийн Олон нийтийн төлөөллийг сонгох хэсгийн Монголын мэс засалч эмч нарын холбоонд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ОЮУНГЭРЭЛ