Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг  

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Тодгэрэл  

шүүгдэгч Ш.Баянмөнх, Ц.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галзад овогт Шагдарын Баянмөнх, Булгадар овогт Цэдэнбалжирын Баттулга нарт холбогдох 201619000753 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Галтайбулнай гэх газарт оршин суух, Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Галзад овогт Шагдарын Баянмөнх, /РД:ОО81112237/

 

Монгол улсын иргэн 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уул-7-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Булгадар овогт Цэдэнбалжирын Баттулга, /РД:ОО87102592/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Ш.Баянмөнх, Ц.Баттулга нар нь бүлэглэж Төв аймгийн Архуст сумын Ноёншанд 1 дүгээр багийн нутаг 52 дугаар тариан талбайн хашаан дотроос 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Очирпүрэвийн өмчлөлийн 710 литр түлш, мөн Бонго маркийн машины ард талын дугуй зэргийг машин механизм хэрэглэн хулгайлж бусдад 1.221.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр алдагдсан адуугаа Баттулгатай хамт хайж явах замдаа тариан талбайн хажууд байсан поошигтой шатахууныг машиндаа ачиж явсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянмөнхийн алдагдсан морийг Төв аймгийн Баянжаргалан, Архиуст сумдаар хайгаад буцаж явах замд Төв аймгийн Архуст сумын урд талд төмөр зам дагуу тариан талбайн захын хажууд 4 поошигтой шингэн зүйл байхаар нь Баянмөнхтэй хамт машин дээр ачаад Налайх дүүрэг явах замд цагдаад баригдсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Архуст сумын Ноён Шанд 1 дүгээр багийн нутаг 52 дугаар тариан талбайд болсон, уг газар нь сумын төвөөс Ертөнцийн зүгээр урд зүгт 8 килломерт зайд байрлана, уг газар нь С.Очирпүрэв гэх хүний эзэмшлийн 200 га газар тариалангийн газар байх ба бүхэлдээ модон шонтой төмөр утсаар холбон барьсан хашаатай бөгөөд тариалангийн газрын Ертөнцийн зүгээр баруун хойд буланд 3.5 метрийн зайтай онгорхой хэсэгтэй уг онгорхой хэсгээс зүүн урд зүгт 15 метр зайд 4 ширхэг дугуйтай төмрөөр хийсэн ногоон өнгийн амрах байр буюу Вагончиг, уг Вагончигнээс ертөнцийн зүгээр урд зүгт 14 метр зайд 200 литрийн пошигтой 4 ширхэг түлш, 20 литрийн шар өнгийн хуванцар савтай 10 литр түлш болон автомашины нэг ширхэг дугуй зэрэг байсан гэх бөгөөд уг газрыг Ц.Баттулга, Ш.Баянмөнх нар нь өөрсдөө зааж харуулсан гэрэл зургаар авсан...гэх, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Хюьндай Портер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэгийг хийхэд уг цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл нь 34-07 УНТ улсын дугаартай байх бөгөөд 3 хүний зориулалтын суудалтай тээврийн хэрэгсэл байв. Ачаан дээрээ 4 ширхэг төмөр савтай зүйл буюу 2 ширхэг автомашины дугуй, 1 ширхэг шар савтай зүйл байв. Уг 4 ширхэг төмөр савтай зүйлийн өндөр нь 88 см хэмжээтэй 58 см өргөнтэй байх ба уг 4 савны хэмжээ нь бүгд ижил, автомашины 2 дугуй 158хRх14 хэмжээтэй, 5хOOхR12 гэсэн хэмжээтэй дугуй байх бөгөөд шар өнгийн сав нь 27х40х24 хэмжээтэй сав байна, дотроо дундуур хэмжээтэй шингэн зүйл байв. Төмөр савтай 4 ширхэг зүйлүүдийн 3 нь дүүрэн 1 нь тал байв...гэх тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: Тухайн газар нь Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр багийн нутаг тус сумын төвөөс ертөнцийн зүгээс чанх урд зүгт 8 километр зайд байрлах 52 дугаар тариан талбай гэх газар байх ба уг газар нь эргэн тойрон модон шонтой төмөр торон хашаатай, ертөнцийн зүгээр баруун хойд буланд хэрэг учрал болсон гэх өдөр байсан гэх Вагончиг болон 4 ширхэг поошигтой түлш, нэг дугуй, нэг шар конистортой зүйл зэрэг байсан гэх газрыг өөрөөр нь заалган гэрэл зургийн бэхжүүлэн авч, байршил тогтоох багажаар үзэхэд 47.434686, 107.923490 байршилд байсныг тэмдэглэлд тусгаж мэдүүлэг шалгах ажиллагааг дуусгаж, бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд.../хх-ийн 30 дугаар хуудас/

 

Хохирогч С.Очирпүрэв мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчимд би тариалангийн талбайн хашаан дотор талын урд хэсгээр айлын адуу мал орчихоор нь адуунуудыг хөөж гаргах гээд хамт ажилладаг Даваахүү, Баагий нарын хамт шөнийн 02 цаг хүртэл адуутай хөөцөлдөж гаргаж урд талынхаа хашааны шоныг босгож битүүлчихээд хойшоогоо тариалангийн талбайн хашаан дотор вагончиг дээрээ иртэл манай вагончигны урд талд 10 метр зайд 200 литрийн 4 ширхэг поошигтой түлшээ бүтээгээд тавьчихсан байсан машин хучдаг хучлага уначихсан байхаар нь гайхаад ойр хавиар нь хартал 200 литрийн 4 ширхэг поошигтой түлш байхгүй байхаар нь гайхаад тэр хавиар хайгаад олдохгүй болохоор хулгайд алдчихлаа гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэр үед дүүгийн нөхөр Даваахүү, түүний эхнэр Оюундулам, хүү Баагий нарын хамт байсан. Баагий, Даваахүү бид 3 тариалангийн талбайн хашааны урд талд адуу гаргаад хашаа янзалж байхад Вагончигт Оюундулам ганцаараа унтаж байсан. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баян сумын колонкоос 1 литрийг нь 1650 төгрөгөөр худалдаж авсан.... 5 ширхэг поошигонд 1 тонн түлш авч байсан. Тухайн үед би 1 поошиг 200 литрийг техникдээ хийж зарцуулсан. 1 ширхэг 20 литрийн шар өнгийн саван дотор байсан түлшийг өдөр нь ажил хийж байхдаа тракторын түлш дуусах дөхөж байгаа гэхээр нь тариа хураадаг комбайнаас соруулж 10 литр түлш авсан юм. Тэгээд тэрийгээ хийж чадалгүй нөгөө поошигтой түлшийнхээ хажууд тавьчихаад талбайд адуу орохоор нь хөөх гээд явчихсан байх үед араар хулгайлаад явчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

Гэрч Б.Даваахүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хадам ах Очирпүрэв манай хүү Баасандорж бид нар тариалангийн талбайн урд захад тариа хураагаад, хашаан дотор орж ирсэн адуу малыг хөөж байгаад шөнийн 02 цагийн орчимд вагончиг дээрээ ирсэн. 4 ширхэг 200 литрийн поошигтой түлшүүдийг Очирпүрэв ах 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын колонкоос авч байсан. Тэгтэл адуу хөөж гаргаж байгаад иртэл 4 ширхэг 200 литрийн поошигтой түлшүүд байхгүй, хулгайд алдагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

Гэрч С.Оюундулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хоол хийж идүүлчихээд ажилд гарсаны дараагаар гэрээ цэвэрлэчихээд 22 цагийн үед вагончигтой орж унтсан. Маргааш өглөө нь түлш хулгайд алдагдсаныг мэдсэн. Намайг орой вагончигт орж унтахад түлш хучлагаар хучсан байдалтай байсан. 2016 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд манай нөхөр, ах нар ажлаасаа буугаад амрах гэж ирэхэд байхгүй байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

 

Гэрч Ө.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Буурлын даваа гэх газарт Илрүүлэлт оргодол нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгч С.Энхмөнхийн хамтаар үүрэг гүйцэтгэж байгаад шөнө 01 цагийн үед Буурлын давааны урдаас хойш чиглэсэн замаар тээврийн хэрэгслийн гэрэл гарсныг урдаас нь тосон Буурлын давааны овоон дээр зогсоон шалгахад Ц.Баттулга, Ш.Баянмөнх нар 4 ширхэг төмөр поошигтой зүйл ачсан байсан. Ямар учиртай болохыг асуухад найзаасаа хуучин модоор сольж авсан гэж тайлбарласан. Саатуулан шалгах шаардлагатай болсон тул Төв аймгийн Архуст сумын цагдаагийн хэсэгт түр саатуулж байх үед тус сумын иргэн С.Очирпүрэв нь 4 ширхэг поошигтой 710 литр түлш, бонго маркийн тээврийн хэрэгслийн ар талын дугуй зэрэг эд зүйл алдсан гэх гомдол гаргасан. Тэр даруй хойшлуулашгүй ажиллагаа явуулж хэргийн газрын үзлэг болон бусад ажиллагааг хийж харъяаллын дагуу мөрдөн байцаах албанд шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

 

Гэрч Энхмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Буурлын даваа гэх газарт Илрүүлэлт оргодол нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Архуст сумын хэсгийн төлөөлөгч Ө.Эрдэнэбаярын хамтаар үүрэг гүйцэтгэж байгаад шөнө 01 цагийн үед Буурлын давааны замаар тээврийн хэрэгслийн гэрэл гарсан. Урдаас нь тосон Буурлын давааны овоон дээр зогсоон шалгахад Ц.Баттулга, Ш.Баянмөнх нар 34-07 УНТ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 4 ширхэг төмөр поошигтой зүйл, дугуй шар конистортой эд зүйл ачиж явсан. Ямар учиртайг асуухад найз Харковоос авлагынхаа оронд авсан гэж тайлбарлахаар нь түр саатуулан шалгах шаардлагатай болсон. Өглөөний 07 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөржанчивлан сувилалын орчим явж байтал хэсгийн төлөөлөгч дэслэгч Ө.Эрдэнэбаярын утсанд дуудлага ирж поошигтой түлш алдсан талаар мэдээлэл ирсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Ө.Эрдэнэбаяр Ц.Баттулга, Ш.Баянмөнх нарыг саатуулан Төв аймгийн Архуст сум руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

Төв аймгийн Архуст сумын Үнэлгээний комиссын хийсэн хулгайд алдагдсан 710 литр түлш, бонго машины хойд талын 12 размерын дугуй зэрэг эд зүйлд хийсэн үнэлгээ /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Баянмөнх, Ц.Баттулга нар нь бүлэглэж Хюьндай Портер маркийн 34-07 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэн 2016 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Төв аймгийн Архуст сумын Ноёншанд 1 дүгээр багийн нутаг 52 дугаар тариан талбайн хашаан дотроос тус сумын иргэн С.Очирпүрэвийн өмчлөлийн 710 литр түлш, Бонго маркийн машины ард талын дугуй зэргийг хулгайлж бусдад 1.221.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 30/, хохирогч С.Очирпүрэвийн.... “Даваахүү, Баагий нартай хамт шөнийн 02 цаг хүртэл адуутай хөөцөлдөж гаргаж урд талынхаа хашааны шоныг босгож битүүлчихээд хойшоогоо тариалангийн талбайн хашаан дотор вагончиг дээрээ иртэл манай вагончигны урд талд 10 метр зайд 200 литрийн 4 ширхэг поошигтой түлшээ бүтээгээд тавьчихсан байсан машин хучдаг хучлага уначихсан байхаар нь гайхаад ойр хавиар нь хартал 200 литрийн 4 ширхэг поошигтой түлш байхгүй байхаар нь гайхаад тэр хавиар хайгаад олдохгүй болохоор хулгайд алдчихлаа гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Гэрч Б.Даваахүүгийн.... “хашаан дотор орж ирсэн адуу малыг хөөж байгаад шөнийн 02 цагийн орчимд вагончиг дээрээ ирсэн. 4 ширхэг 200 литрийн поошигтой түлшүүдийг Очирпүрэв ах 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын колонкоос авч байсан. Тэгтэл адуу хөөж гаргаж байгаад иртэл 4 ширхэг 200 литрийн поошигтой түлшүүд байхгүй, хулгайд алдагдсан байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Гэрч С.Оюундуламын.... “гэрээ цэвэрлэчихээд 22 цагийн үед вагончигтой орж унтсан. Маргааш өглөө нь түлш хулгайд алдагдсаныг мэдсэн. Намайг орой вагончигт орж унтахад түлш хучлагаар хучсан байдалтай байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Гэрч Ө.Эрдэнбаярын.... “шөнө 01 цагийн үед Буурлын давааны урдаас хойш чиглэсэн замаар тээврийн хэрэгслийн гэрэл гарсныг урдаас нь тосон Буурлын давааны овоон дээр зогсоон шалгахад Ц.Баттулга, Ш.Баянмөнх нар 4 ширхэг төмөр поошигтой зүйл ачсан байсан. Ямар учиртай болохыг асуухад найзаасаа хуучин модоор сольж авсан гэж тайлбарласан. Саатуулан шалгах шаардлагатай болсон тул Төв аймгийн Архуст сумын цагдаагийн хэсэгт түр саатуулж байх үед тус сумын иргэн С.Очирпүрэв нь 4 ширхэг поошигтой 710 литр түлш, бонго маркийн тээврийн хэрэгслийн ар талын дугуй зэрэг эд зүйл алдсан гэх гомдол гаргасан”...гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

Гэрч С.Энхмөнхийн.... “шөнө 01 цагийн үед Буурлын давааны замаар тээврийн хэрэгслийн гэрэл гарсан. Урдаас нь тосон Буурлын давааны овоон дээр зогсоон шалгахад Ц.Баттулга, Ш.Баянмөнх нар 34-07 УНТ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 4 ширхэг төмөр пошигтой зүйл, дугуй шар конистортой эд зүйл ачиж явсан. Ямар учиртайг асуухад найз Харковоос авлагынхаа оронд авсан гэж тайлбарлахаар нь түр саатуулан шалгах шаардлагатай болсон. Өглөөний 07 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөржанчивлан сувилалын орчим явж байтал хэсгийн төлөөлөгч дэслэгч Ө.Эрдэнэбаярын утсанд дуудлага ирж поошигтой түлш алдсан талаар мэдээлэл ирсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 39/ үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр шүүгдэгч Ш.Баянмөнх, Ц.Баттулга нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Ш.Баянмөнх, Ц.Баттулга нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Ш.Баянмөнх, Ц.Баттулга нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

            Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Мөрдөн байцаалтанд мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн №01260508 дугаартай гэрчилгээтэй Хюьндай Портер 34-07 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ш.Баянмөнх, Ц.Баттулга нар нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ш.Баянмөнхийн эзэмшлийн №00945516 дугаарын гэрчилгээтэй Хюьндай Портер маркийн 26-07 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Ш.Баянмөнхөд буцаан олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ц.Баттулгын №01260508 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, шүүгдэгч Ц.Баттулга, Ш.Баянмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.          

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Галзад овогт Шагдарын Баянмөнх, Булгадар овогт Цэдэнбалжирын Баттулга нарыг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэн бүлэглэн хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Баянмөнх, Ц.Баттулга нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Баянмөнх, Ц.Баттулга тус бүрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Баянмөнх, Ц.Баттулга нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Баянмөнхөд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн хэсэгт, ялтан Ц.Баттулгад хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Баянмөнх, Ц.Баттулга нар нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ш.Баянмөнх, Ц.Баттулга нарт урд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Ц.Баттулгын эзэмшлийн тээврийн хэрэгслийн №01260508 дугаарын гэрчилгээтэй Хюьндай Портер маркийн 34-07 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний бичиг баримтаар ирсэн Ц.Баттулгын эзэмшлийн №01260508 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт Ш.Баянмөнхийн эзэмшлийн эд хөрөнгө болох Хюьндай Портер маркийн 26-07 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ялтан Ш.Баянмөнх, Ц.Баттулга нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн тээврийн хэрэгслийн №01260508 дугаарын гэрчилгээтэй Хюьндай Портер маркийн 34-07 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба улсын орлого болготол хэвээр үргэлжлүүлж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг улсын орлого болгомогц дээрхи битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ш.Баянмөнх, Ц.Баттулга нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ