Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 18

 

Л.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 139/ШШ2018/00386 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Г-гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г

Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 оны 3 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Шүүхийн шийдвэр, цагдаагийн байгууллагад нийт 30 жил ажиллаж байна. 1992 оны 07 сарын 2-ны өдрөөс 1992 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн хорих ангид харуул, хамгаалалт, арга зүйн ажилтан, 1992 оны 11 сарын 07-ны өдрөөс 1994 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн хорих ангийн дарга, 1994 оны 06 сарын 15-ны өдрөөс 2002 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 2002 оны 8 сарын 30-ны өдрөөс 2002 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст эдийн засгийн ахлах төлөөлөгч, 2002 оны 10 сарын 03-ны өдрөөс 2007 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх тасгийн дарга, 2007 оны 05 сарын 25-ны өдрөөс 2013 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Хүний нөөц, сургалт хариуцсан дэд дарга, 2013 оны 07 сарын 01-ний 2014 оны 06 сарын 04-нийг хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах байцаагч, 2014 оны 06 сарын 04-ний өдрөөс 2016 оны 09 сарын 23-ныг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн газрын дарга, 2016 оны 09 сарын 23-ны өдрөөс одоог хүртэл Цагдаагийн  Ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.  Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт зааснаар “Цагдаагийн албан хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал обьектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар ...тооцно” гэж заасан. Миний бие 1994 оны 06 сарын 15-наас 2002 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар 8 жил 2 сар 15 хоног ажилласан. Ажиллах хугацаандаа тухайн үед жижүүрийн мөрдөн байцаагч гэсэн албан ёсны батлагдсан орон тоо байхгүй байсан тул мөрдөн байцаагч нар жижүүрт гарч жижүүрийн мөрдөн байцаагчаар томилогдон 24 цагаар ажиллаж тухайн өдөр гарсан бүх хэргийн дуудлаганд  ажиллаж ирсэн юм. Иймд миний мөрдөн байцаагчаар жижүүрт гарч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан хугацааг Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт зааснаар “жижүүрийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан байна гэж тооцон мөрдөн байцаагчаар ажиллаж ирсэн 1 жилийг 1 жил 3 сараар тогтоож өгнө үү гэжээ.

 

 Анхан шатны шүүх

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баяуд овогт Л.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.04-ний өдрийн 139/ШШ2018/00386 дугаар шийдвэрийг  эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Л.Г би 1994.06.15-наас 2002.08.30-ны өдөр хүртэл Дундговь аймгийн “Цагдаагийн хэлтэс”-т мөрдөн байцаагчаар 8 жил 2 сар 15 хоног ажиллаж, ажиллах хугацаандаа тухайн үед жижүүрийн мөрдөн байцаагч гэсэн албан ёсны батлагдсан орон тоо байхгүйн улмаас тухайн үед ажиллаж байсан 3-4 мөрдөн байцаагч нар нь ээлжээр жижүүрт гарч жижүүрийн мөрдөн байцаагчаар томилогдон 24 цагаар ажилладаг байсан.  Энэ хугацаанд 3 мөрдөн байцаагч ээлжээр гарахад 2-3 өдөр өнжөөд гардаг байсан гэж тооцоход 7 хоногт 2, сард 8, жилд 96, 8 жилд 768-аас дээш удаа гарсан байгаа юм. Зарим үед мөрдөн байцаагч нар ээлжийн амралттай томилолт, албан ажлаар бусад газар ажиллаж байгаа тохиолдолд хоног нь ойрхон байх ч тохиолдол нилээдгүй байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Л.Г нь мөрдөн байцаагчаар ажиллах хугацаандаа жижүүрийн бүрэлдэхүүнд томилогдон жижүүрт гарч байсан болох нь хэрэгт авагдсан 92 удаагийн жижүүрийн рапортаар тогтоогдож байгаа боловч, жижүүрийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Орон нутгийн мөрдөн байцаагч нар жижүүрт гарч байгаа нь ажил үүргийн хуваарь болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй хуульд нийцсэн үйлдэл болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Х.Ганболд, Б.Түвшинбаатар, Ж.Мягмарсэрээжид нарын мэдүүлгээр нотлогдож байна...” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Гэрч нар намайг жижүүрийн мөрдөн байцаагчаар ажилласныг гэрчилсэн байдаг. Мөн “...жижүүрт гарч байсан нь хэрэгт авагдсан 92 удаагийн жижүүрийн рапортаар тогтоогдож байгаа боловч...” гэж дүгнэсэн атлаа “ ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй хуульд нийцсэн үйлдэл” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд нотлох баримтыг  буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Учир нь миний бие нэхэмжлэлд дурдагдсан хугацаанд жижүүрийн мөрдөн байцаагчаар ажилласан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан билээ.

2.Түүнчлэн хавтаст хэрэгт авагдаагүй ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт зэргийг дурдаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгүүдийг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.Миний бие гэрчээр Х.Ганболд, Б.Түвшинбаатар, Ж.Мягмарсэрээжид нарыг асуулгах хүсэлт гаргасан. Гэрчүүдээс мэдүүлэг авах хүсэлтийн зорилго нь намайг 1996-2001 онд ажиллаж байх үеийн үйл явдлыг асуулгах зорилготой байсан. Гэтэл шүүх миний хүсэлтийн дагуу гэрчүүдээс мэдүүлэг авахдаа 1994-2000 онд орон нутгийн цагдаагийн  газарт Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасан ажлын  байр байсан эсэх гэсэн асуулт тавьж мэдүүлэг авсан.  Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2017.02.09-ний өдрөөс үйлчилж эхэлсэн, тухайн үед Цагдаагийн газар биш Цагдаагийн хэлтэс гэж байсан байхад Цагдаагийн албаны тухай одоо үйлчилж байгаа хуулийн 1996-2001 онд хамаатуулж мэдүүлэг авсан  нь хэргийн бодит нөхцөл байдал, үйл баримтад нийцээгүй, зарим асуудлыг тулгаж асуух, одоогийн нөхцөл байдалтай харьцуулах зэргээр асууж мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. 

Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн  анхан  шатны  шүүхийн  2018.06.04-ний өдрийн 139/ШШ2018/00386 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, жижүүрийн бүрэлдэхүүнд жижүүрийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэв.

Шүүхийн шийдвэр нь Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг  хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Г нэхэмжлэлдээ Цагдаагийн  албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь заалтанд орсон эрх ашиг хамгаалсан зохицуулалтын дагуу Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст 1994 оны 06 сарын 15-наас 2002 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл мөрдөн байцаагчаар 8 жил 2 сар 15 хоног ажиллахдаа жижүүрийн үүргийг хуулийн шаардлагын дагуу гүйцэтгэж байсан  учир энэхүү жижүүрт гарсан асуудал нь жижүүрийн мөрдөн байцаагч гэсэн агуулгад хамаарна гэж үзэж шүүхээр шийдвэрлэж өгөхийг  хүсчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад буруу дүгнэлт хийж, нэхэмжлэгч Л.Ггийн аль байгууллагад ямар ажил, албан тушаал ямар хугацаагаар эрхэлж байсан нь тодорхой байх бөгөөд ажиллаж байсан байгууллага нь татан буугдаагүй, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөөгүй тул... ажил эрхлэлтийн байдлыг шүүх тогтоох нь хуульд нийцэхгүй гэсэн өөр агуулга, ойлголт бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т “...Цагдаагийн албан хаагчийн...жижүүрийн албанд ажилласан гэж ерөнхийд нь заасан болохоос биш жижүүрийн мөрдөн байцаагч гэж тусгайлан заасан заалтгүй байна.

Иймд цагдаагийн албан хаагч Л.Ггийн албан үүргээ гүйцэтгэж байх үедээ жижүүрт гарч байсан асуудлыг хуулийн дээрх заалтад нийцүүлэн шийдвэрлэхэд хууль, ёсонд харшлах зүйлгүй бөгөөд иргэн  хүний хууль ёсны эрх ашгийг хангана гэж дүгнэв.

1994-2002 онд Цагдаагийн байгууллаггын ажилтан хэн аль нь хууль сахиулах ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байх үед үйлчилж байсан хуулийн зохицуулалт нь тэдний эрх ашгийг хамгаалах асуудлыг бүрэн зохицуулж чадаагүй байсныг хууль тогтоох байгууллагаас анхаарч хуульчлан шийдвэрлэснийг  шүүх эрх мэдлийн байгууллага анхаарах ёстой.

Нэхэмжлэгч Л.Г-ийн мөрдөн байцаагчаар ажиллахдаа жижүүрт гарч байсныг нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан талаар анхан шатны шүүх үндэстэй дүгнэлт хийсэн бөгөөд жижүүрт гарч ажилласан болохыг нь захирамжилсан тушаал, шийдвэр тухайн үед гараагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасан эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг  өөр журмаар олж авах боломжгүй...гэсэн заалтанд хамааруулан шийдвэрлэх нь зүйтэй байж гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

Сум дундын шүүхийн 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 139/ШШ2018/00386 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан заалтыг оруулж улсын тэмдэгтийн хураамжийн заалтыг өөрчлөв.

Энэхүү давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 139/ШШ2018/00386 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “...Баяуд овогт Л. Г-г 1994 оны 06 сарын 15-наас 2002 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсныг” гэж оруулан, “...хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...тогтоосугай...” гэж өөрчилсүгэй.

2.Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт...” гэснийг “...хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт...” гэж, “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод оруулсугай...” гэснийг “...буцаан олгосугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

     Ш.ТӨМӨРБААТАР