Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/141

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Бат-Орших, хохирогч Г.***********, түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо, Ц.Жавхлантөгс, иргэний хариуцагч “***********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***********, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Б.***********, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2310011750720 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, нөхөр, хоёр хүүхдийн хамт *********** дүүргийн 11 дүгээр хороо, *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.*********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, иргэний хариуцагчийн төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Хохирогч Г.***********: “...Тухайн асуудлыг өдөр бүр зүүдлээд хэцүү байгаа. Цаашид сурах хүсэл эрмэлзэлгүй болсон. Үеийнхнээсээ тусгаарлагдаад хэцүү байна, өмнө нь зүгээр байхдаа найзуудтайгаа зүгээр байсан, одоо тийм биш болсон, надад сурах хүсэл ч байхгүй болсон. Чөлөөт цагаараа ганцаараа баймаар байдаг. Өөрийн эрхгүй гар хөл чичрээд байдаг...” гэв.

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***********: “...Харамсалтай осол гарсанд компанийн удирдлага болон өөрийнхөө зүгээс харамсаж байгаагаа илэрхийлье. Компанийн зүгээс хохирогч охины сэтгэл санааны зардал болон сайн чанарын протез хийлгэх зардлыг гаргахад бэлэн байгаа. Бидний зүгээс ослын дараа хохирогч охинтой болон ар гэрийнхэнтэй нь холбогдох гэж үзсэн боловч холбогдож чадаагүй. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, мөн би, манай өмгөөлөгч, компанийн дэд захирал Мөнхзул нарын хамт уулзсан. Тэгэхэд манай компанийн удирдлага болсон осолд харамсаж буйгаа илэрхийлээд шаардлагатай хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн. ...Энэ нэхэмжилж байгаа дүнгээр барагдуулах боломжгүй. Бодит зардал буюу Солонгос улсад протез хийх зардал, хоёр хүний унаа, хоол, буудлын зардалд нийт 19 сая төгрөг орчим төгрөг гарч байгааг эхний ээлжид төлөх боломжтой. ...Сэтгэцэд учирсан зардлыг шүүхээс тогтоосон дүнгээр төлөхөд татгалзах зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.***********: “...Мэдүүлэг гаргахгүй, үнэхээр их харамсаж байна...” гэв.

 

Хоёр: Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.*********** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-ийн үйлдвэрийн байранд 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр жор бэлтгэх цехийн ээлжийн ахлах албан тушаалд байхдаа өмнө нь огт ажиллаж, дадлагажиж байгаагүй цагийн ажилтан Г.***********г сахар бутлагч тоног төхөөрөмжид ажил гүйцэтгүүлж мөн ажил үүргээ эхлэхэд нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүйгээр ажилд гаргаж Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт” Үндсэн дүрэм стандартын 4.9 дэх заалт Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө, 4.16 дахь заалт Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө гэсэн заалтуудыг ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллах үүрэгтэй байдаг гэж заасныг буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Г.***********гийн бие махбодийг удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж буюу зүүн сарвууны 2, 3 /долоовор, дунд/ хурууны 3 дугаар шивнүүрээр тайрагдал, ядам хуруунд шарх, зулгаралт буюу хөдөлмөрийн чадварыг 20 хувь алдагдуулж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 7 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 8-12 дахь тал, “***********” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /1 дэх хавтас хэргийн 14-29 дэх тал/, ажилд шилжүүлэх томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1 дэх хавтас хэргийн 40-50 дахь тал/, хохирогчийн хөлсөөр ажиллах гэрээний хуулбар /хавтас хэргийн 51-52 дахь тал/, ослын судалгааны тайлан /1 дэх хавтас хэргийн 56-64 дэх тал/, ажлын байрны тодорхойлолтууд /1 дэх хавтас хэргийн 75-86 дахь тал/, хохирогч Г.***********гийн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 106-112 дахь тал/, гэрч Б.***********гийн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 114 дэх тал/, гэрч Б.***********ын мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 125 дахь тал/, гэрч Н.Баттулгын мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 127-128 дахь тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3642 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 136-138 дахь тал/, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн №01-07/10 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 151-156 дахь тал/, шүүгдэгч Б.***********ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 172, 232-235 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 205-208 дахь тал/, иргэний хариуцагч Б.***********ы мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 212-215 дахь тал/, гэрч Т.***********гийн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 218-220 дахь тал/, гэрч Х.***********ын мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 224-226 дахь тал/, гэрч М.***********ийн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 230-231 дэх тал/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №69 дугаартай дүгнэлт /2 дахь хавтас хэргийн 48-50 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

 Шүүгдэгч Б.*********** нь өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн тул шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг түүний өмгөөлөгчөөс гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар явуулахаар тогтож, 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулсан болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.***********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч Г.*********** гэмт хэргийн улмаас өөрийн биеийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой бодит зардалд 2,130,000 төгрөг, хиймэл эрхтэн буюу протез хийлгэхэд шаардлагатай 139,901,500 төгрөгийн, сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 15,173,400 төгрөг буюу нийт 157,204,900 төгрөг нэхэмжилсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч “***********” ХХК-аас хохирогчид эмчилгээний зардалд 2,130,000 төгрөг, листний мөнгө 172,083 төгрөг, нөхөн олговорыг 9 сараар тооцож 7,560,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал 222,750 төгрөг, нийт 10,084,833 төгрөгийг төлсөн, мөн шүүхийн шатанд эхний удаа Бүгд Найрамдах Солонгос улс руу явж хиймэл эрхтэн буюу протез хийлгэх зардлыг төлөхөө илэрхийлсэн болно.

Хохирогчоос хиймэл эрхтэн буюу протез хийлгэхтэй холбоотой 139,901,500 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар гарсан бодит зардалгүй, судалгаа хийсэн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүхээс хохирогч эхний удаа Бүгд Найрамдах Солонгос улс руу явж хиймэл эрхтэн буюу протез хийлгэхэд гарах зардлыг хохирогчийн нэхэмжилсэн дүнгээр буюу 9,044,000 төгрөг, бусад зардалд 6,994,700 төгрөг, нийт 16,038,700 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарч байх гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550,000 төгрөгийг 22,99 хувиар тооцож, 12,644,500 төгрөг, нийт 28,680,280 төгрөгийг иргэний хариуцагч “***********” ХХК-аас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Учир нь хохирогчоос гаргаж өгсөн хохирлын үнэлгээний баримтад  хиймэл эрхтний буюу протезийн үнэ 9,044,000 төгрөг, бусад зардалд 6,944,700 төгрөгөөр тооцож, хиймэл эрхтнийг 2-3 жил тутам солих, улмаар хохирогчийг 56 нас хүртэлх хугацаанд 12 удаа солихоор, Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих зардал буюу бусад зардлыг 5 удаа байхаар тооцоолж нийт үнийн дүнг гаргасан боловч дээрх зардал нь  2-3 жил болон түүнээс хойшхи хугацаанд өсөх эсхүл буурахыг тооцоолох боломжгүй байх тул цаашид гарах хиймэл эрхтэн солиулахтай холбоотой зардлаа тухай бүр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “***********” ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.*********** нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосон 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг багасгах боломжтой боловч гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж, учирсан хор уршиг зэргийг харгалзан өмгөөлөгчөөс санал болгосон 900 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 900,000 төгрөгөөр торгох үндэслэлгүй гэж дүгнэж 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний ар гэрийн нөхцөл, цалин орлогын байдлыг харгалзан 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

 

Эрүүгийн 2310011750720  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.*********** гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.***********д шийтгэсэн 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэх төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “***********” ХХК-иас 28,680,280 /хорин найман сая зургаан зуун наян мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч Г.***********д олгож, хохирогч Г.*********** өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2310011750720 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.*********** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР