| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0142/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/147 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Сонинмөнх, шүүгдэгч Д.***********, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210023921309 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, *********** *********** байрны 1304 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********гийн *********** /РД: ***********/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.*********** нь 2022 оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** цогцолборын авто зогсоолд автомашин хааж тавьсан гэх шалтгааны улмаас Г.***********ийн эзэмшлийн цагаан өнгийн Тоёота приус маркийн автомашины 2 талын толь, урд талын 2 ширхэг шил арчигч зэргийг хугалж хохирогч Г.***********т 880,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Д.***********: “...Тухайн өдөр нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би *********** цогцолборт арга хэмжээнд оролцсон. Тухайн арга хэмжээ 18 цагт эхэлсэн. Би тухайн үед машиндаа Өмнөговь аймаг руу явуулах тоног төхөөрөмж ачиж явсан. Би өөрөө тусдаа ажилтай байсан болохоор тухайн газраас 20 цагийн үед гарч ирсэн. Гэтэл цагаан өнгийн машин зогсоол дээр миний машиныг хаагаад тавьсан байсан. Би 20 цагаас эхлүүлээд машин байсан зүйлүүдийг зарим хэсгийг нь өөрөө зөөгөөд хүргэж өгөөд 23 цагийн үед буцаад ирсэн. Миний машиныг хаагаад зогссон хэвээрээ байсан. Тэнд шөнийн 12 цаг 30 минут хүртэл надтай ижил машинаа гаргаж чадахгүй жолооч нар уур бухимдалтай байж байсан. Тэгээд миний машины баруун талын машин гарч явсан учраас би олон удаа маневир хийж байж машинаа гаргаж авсан. Машинаа гаргахын тулд би тухайн машины шил арчигч, толийг хумьсан. Миний машиныг тэр хүн 4-5 цаг хааж тавьсан. Түүнээс хойш буюу 2022 оны 07 сараас цагдаагийн, хуулийн байгууллагаар хэрэгт орооцолдоод явж байна. Энэ байдал надад хүндрэл бэрхшээлтэй байгаа. Тэр хүн миний машиныг зогсоол биш газар хааж тавьсан буруутай байж, би одоо яллагдагч болоод явж байгаадаа харамсаж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:
Хохирогч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө найзтайгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах *********** төвийн зогсоолд голын буюу 2 дугаар эгнээнд машины зогсоол дүүрсэн байсан тул цагаан өнгийн Тоёота приус 41 маркийн машинаа давхарлан байрлуулж үйлчилгээ авах хооронд хоёр талын толь хугалсан, шил аригчийн хоёр төмрийг хугалан газар шидсэн байсан. ...2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг зарсан...” /хавтас хэргийн 20-21 дахь тал/ гэсэн,
Гэрч С.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би өөрийн найз ***********той гадуур явж байгаад 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** цогцолборын гадна зогсоол машинаа тавиад *********** болон тэр хавийн үйлчилгээний байгууллагуудаар ороод 23-ны шөнө 01 цагийн үед гар чирсэн тэгээд зогсоол дээр очиход ***********ийн автомашины 2 толь урд шилний хоёр шил арчигчийг хугалсан байдалтай байсан...” /хавтас хэргийн 148-149 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 22, 23-ны орой ...*********** цогцолбороос гараад ирсэн чинь миний 1999 УНН улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг Тоёота Приус цагаан өнгийн машин таглаад зогсчихсон байсан. ...Би 15 минут гаран хүлээж байгаад нөгөө машины эзэн рүү удаа дараа залгасан, яаралтай ажилтай байсан учраас алхаад Зайсангийн Сарнайх дэлгүүр рүү хүнд юм хүргэж өгчхөөд явган алхаад буцаад машин дээрээ ирэхэд таглаатай чигээрээ байсан. ...Тэгээд нэлээн удаан хүлээгээд гарч ирэхгүй байсан, тэгсэн чинь миний баруун талд зогсож байсан машин яваад өгөхөөр нь би тэр газраа 30 гаруй удаа маневр хийж байгаад гарсан, ...уурандаа очоод нөгөө машины хоёр талын толь, салхины шил арчигчтай нь мулталчихсан...” /хавтас хэргийн 37-38 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хавтас хэргийн 12 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 27-28, 132-133 дахь тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 115-123 дахь тал/,
- Хохирогч Г.***********ийн Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтас хэргийн 141 дэх тал/,
- Шүүгдэгч Д.***********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 40 дахь тал/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 42 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 72 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 147 дахь тал/, зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.***********ыг 2022 оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** цогцолборын авто зогсоолд автомашин хааж тавьсан гэх шалтгааны улмаас Г.***********ийн эзэмшлийн цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашины 2 талын толь, урд талын 2 ширхэг шил арчигч зэргийг хугалж хохирогч Г.***********т 880,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Д.***********ын холбогдсон хэрэгт хууль ёсны болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дүгнэсэн болно.
Хэргийн талаар болсон үйл явдал: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** цогцолборын авто зогсоолд 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 18 цагийн орчим Д.*********** өөрийн эзэмшлийн *********** УНН улсын дугаартай Тоёото ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг байрлуулан *********** цогцолбороор үйлчлүүлсэн, улмаар оройны 21 цагийн орчим гарч ирэн тээврийн хэрэгслээ авахаар очиход Тоёото приус 41 загварын *********** УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний тээврийн хэрэгслийг гарах боломжгүй болгон давхарлуулан байрлуулсан байх бөгөөд Д.*********** тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн гар утасны дугаар руу удаа дараа залгасан боловч гар утсаа аваагүй, улмаар тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг гарч ирэхийг удаан хугацаанд хүлээсэн боловч гарч ирээгүй 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 01 цаг хүргэсэн бөгөөд энэ хугацаанд түүний хажууд байрлуулсан байсан өөр тээврийн хэрэгсэл зогсоолоос гарсан байсан учир тэр жижиг завсар зайгаар өөрийн тээврийн хэрэгслийг олон удаа хөдөлгөж гаргасан. Тоёото приус 41 загварын *********** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гар утсаа авахгүй байх, мөн гарч ирэхгүй байх цаг хугацаанд Д.*********** тухайн тээврийн хэрэгслийн толийг цохих, мултлах, шил арчигчийг салгах зэрэг үйлдэл хийсэн үйл баримт тогтоогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг, 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг заавал нотлохоор заажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтыг шинжлэн судлахад Тоёото приус 41 загварын *********** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хоёр ширхэг толь, шил арчигч эвдэрч, 880,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдох бөгөөд (хавтаст хэргийн 132-134 дэх тал) тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хуулийн зохицуулалттай.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Г.***********ийг тогтоосон /хавтас хэргийн 15-16, 19, 20-21 дэх тал/ бөгөөд Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаагаар иргэн Г.***********ийн эзэмшилд Тоёото приус загварын *********** СЭҮ, Тоёото приус альфа загварын *********** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд Тоёото приус 41 загварын *********** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мөн эсэхийг, дээрх тээврийн хэрэгсэл гэмт хэрэг гарах үед хэний эзэмшилд байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоолгүйгээр Г.***********ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан нь ойлгомжгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй гэж шүүх үзнэ.
Гэмт хэрэг гаргах цаг хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Г.***********ийн эзэмшилд Тоёото приус альфа загварын *********** ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бөгөөд энэ тээврийн хэрэгслийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл эзэмшиж байсан талаарх баримт хэрэгт авагдсанаас үзэхэд Г.***********ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Тоёото приус 41 загварын тээврийн хэрэгслийн баруун толь, зүүн толь, 2 ширхэг шил арчигчийн зах зээлийн үнэлгээг 880,000 төгрөг гэж шинжээч дүгнэлт гаргасан, гэтэл хэний эзэмшлийн, хэдэн онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад хэзээ орж ирсэн Тоёото приус 41 загварын тээврийн хэрэгслийн эд зүйлд үнэлгээ тогтоосон нь ойлгомжгүй, энэ талаар шинжээч дүгнэлтдээ огт дурдаагүйн дээр тухайн тээврийн хэрэгслийн баруун, зүүн толь өөр өөр үнэлгээтэй байгаагаа тайлбарлаагүй, ямар учраас баруун толь 400,000 төгрөг, зүүн толь 450,000 төгрөгөөр тогтоосон зэрэг нь эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байна. Энэ нөхцөл байдал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоож чадаагүй, эргэлзээ бүхий байна гэж үзнэ. Тухайн дүгнэлтийг “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин И.Золзаяа гаргасан гэж гарын үсэг зурж, тамга дарж албажуулсан боловч шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолыг И.Золзаяа шинжээчид танилцуулаагүй, түүнд хуульд заасны дагуу эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулаагүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** цогцолборын авто зогсоолд 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 18 цагийн орчим *********** УНН улсын дугаартай Тоёото ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг Тоёото приус 41 загварын *********** УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарах боломжгүй болгон давхарлуулан тавьсан гэх үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэх, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт явуулаагүй, явуулах шаардлагатай байсан бөгөөд ийм ажиллагаа явуулаагүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.***********т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.***********ыг цагаатгаж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн 2210025750259 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагаатгагдсан этгээд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүх хуралдаад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...2022 оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт *********** УБР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслийн толь хугарсан, шил арчигч гэмтсэн гэх үйл баримтад миний үйлчлүүлэгч Д.*********** холбогдсон. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах байр суурийг илэрхийлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих 6 асуудал байдаг. Гэмт хэрэг гарсан байдал гэдэгт гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн эрүүгийн хэрэгт заасан бусад байдал гэж зааж өгсөн. ...1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр гэж зааж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн сэдэлт буюу гэм буруугийн хэлбэр дээр маргана. Гэмт хэргийн сэдэлт нь шууд санаатайгаар илэрхийлж байгаа. ...Гэтэл ***********ын хувьд бусдын эд хөрөнгийг устгаад гэмтээх иргэн ***********т хохирол учруулах гэсэн сэдэл, зорилго байгаагүй, үйлдэл хийх зорилго нь юу байсан гэхээр авто машинаа гаргаад ажлаа амжуулах байсан. Хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан хохирогчийн мэдүүлгээр шөнийн 01 цагийн үед авто машинаа авсан гэж ярьдаг. Миний үйлчлүүлэгч залуу хүн өмнө нь төрийн албанд ажиллаж байсан. Одоо төрийн албанд орох гэж анкет өгөх гэхээр яллагдагчаар татагдсан гээд ажилд авах газар байхгүй. Энэ хүний үйлдэл нь машинаа аваад саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож байгаа хэлбэр. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго үгүйсгэгдэнэ. Хавтас хэрэгт камерын бичлэг байдаг, тухайн камерын бичлэгт миний үйлчлүүлэгч *********** тухайн машины толийг гэмтээж, устгаж, хугалсан зүйл байхгүй. Тухайн зогсоолоос гараад явж байгаа бичлэг байдаг. Энэ хэрэгт хоёр гэрч байдаг, нэг гэрч нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлсэн, нөгөө гэрч нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих 6 асуудлын 1.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шинж чанар, хэр хэмжээг нотолно гэж заасан, ...*********** УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ***********ийн өмчлөлд бүртгэлтэй, цагаан өнгөтэй гэдэг баримт хэрэгт байхгүй. Улсын яллагч сая нотлох баримт судлаад гаргаж ирж чадаагүй, тайлбарлаад ч нотолж чадахгүй байна. Хавтаст хэргийн 41 дүгээр хуудаст авагдсан түүхчилсэн лавлагаагаар 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *********** дугаартай тээврийн хэрэгсэл шилжсэн гэдэг мэдээлэл байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2-т заасан хохирогчийн эрх хөндөгдөх үү гэдэг асуудал яригдахаар байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Сүлд үнэлгээ” ХХК-г томилсон. Сүлд үнэлгээ ХХК-аас олгосон тусгай зөвшөөрөл нь үнэлгээний тухай хуулиар хүчин төгөлдөр бус буюу хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл энэ байгууллагын үнэлгээ нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан хуулиар шинэ хугацаатай болсон уг хугацааг тусгуулаагүй. Эрхтэй этгээд биш байна гэдэг асуудал яригдаж байна. ...Тийм учраас миний үйлчлүүлэгчид үйлдсэн улсын яллагчийн яллах дүгнэлт хууль ёсны байж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих 6 асуудал нотлогдож байж эрүүгийн хэрэг шийдэгдэх ёстой. Хууль бус шинжээчийн дүгнэлтийг шүүх яаж үнэлэх вэ. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.5, 1.6-т заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан холбогдох заалтын дагуу нотлох баримтыг бүхий л талаар нь шалгах явцад нотлогдохгүй байгаа тул миний үйлчлүүлэгч ***********ыг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд харин дээрх дүгнэлтийг няцааж,
улсын яллагчаас гаргасан “...Хохирогч миний тээврийн хэрэгслийн баруун, зүүн толь, шил арчигчийг хугалж гэмтээсэн буруутай этгээдийг олж өгнө үү гэсэн гомдол мэдээллийг өгсөн байдаг. Хохирогч цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн гомдол хүсэлтийнхээ ард *********** УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зургийг хавсаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдад учирсан хохирлыг хэн учруулсан гэдэг нь тогтоогддог. ...Шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг мөрдөгч, прокурор, шүүх үнэлдэг. ...Бусдын эд хөрөнгийг устгах санаа зорилго байхгүй байсан гэдгийг хэн нотлоод байна вэ. Шүүгдэгч би уурласандаа толийг хураасан гэж хэлээд байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг шат шатандаа шийдвэрлэх ажиллагаа хийгдээд явсан байдаг. Таныг шинжээчийн дүгнэлттэй холбоотой 87-27, *********** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн марк авагдаагүй талаар ярьж байна. Энэ үндэслэлээр хэргийг цагаатгах боломж байхгүй. Та бусад нотлох баримтуудыг яаж үгүйсгэх вэ, манай үйлчлүүлэгч төрийн албанд ажилладаг байсан, одоо төрийн байгууллагад хүсэлт өгсөн, ял шийтгэлтэй гэсэн тэмдэглэл орох гээд байгаа гэх утга бүхий зүйлийг ярьж байна. Хууль заасан шударга ёсны зарчим, зөвхөн өмгөөлөгчийн хэлж байгаа зүйл заалтад үндэслэж хэргийг цагаатгах үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Хавтаст хэргээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна...” гэсэн ба хэрэгт авагдсан баримтуудаар улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан үйл баримт хангалттай тогтоогдохгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ***********гийн ***********т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.***********ыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Г.***********т учирсан 880,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
3. Эрүүгийн 2210023921309 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагаатгагдсан этгээд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Д.***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР