Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/00659

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 16 өдөр                      Дугаар 102/ШШ2021/00659                         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Х.А ХХК нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн 0 дугаар гудамж, Н холбогдох 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 00/00 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх “Тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад         

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, Б.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х а и” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Батцэрэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1153 дугаартай “дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

       “Ч” ХХК, “Ю б м и” ХХК-тай гэрээ байгуулан, 4 белоз худалдан авсан.   

        Гэрээтэй холбоотой талуудын хооронд төлбөрийн болон худалдан авсан техникийн доголдолтой холбоотой маргаан үүсэж 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02961 дугаартай  Шүүгчийн захирамжаар талууд эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн.

        Уг захирамжтай холбоотойгоор төлбөр авагч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гүйцэтгэх хуудас бичүүлэн авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгснөөр 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Ч” ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байдаг.

        Хэрэг үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн арилжааны банкин дахь данс хаах, эд хөрөнгө битүүмжлэх, захирал удирдлагуудад хилийн хориг тавих зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

        Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд манай талаас төлбөр авагч талтай харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлөх ёстой төлбөрийг бүрэн төлж, талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоё гэх хүсэлт гаргасныг хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоол гарсан.

         Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн боловч шүүгчийн захирамжид хуваарьт төлбөрийг цаг хугацаанд төлнө гэх зүйл заалт орсонтой холбогдуулан шүүхийн шийдвэрт тусгагдсан хуваарьт төлбөрийг төлөөгүй байна гэдэг үндэслэлээр гүйцэтгэх хуудас бичигдсэн байдаг.

         Үүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хуваарьт төлбөрийн асуудлыг харилцан тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр авагч талаас дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Батцэрэн дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээн явуулсан.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж явуулах тодорхой үндэслэлийг заасан.

         Үүнд:

         -Түдгэлзүүлэх үндэслэл арилсан, гэр бүлийн маргаантай холбоотой эвлэрлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн бол сэргээж явуулах боломжтой гэж.

         Гэтэл талууд анх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэг буюу талууд эвлэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон бол уг хуулийн 30 дугаар зүйл заалтаар сэргээхгүй байхад хууль журмыг зөрчиж, ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг сэргээн явуулсан нь үндэслэлгүй.

         Ингээд манай компанийн зүгээс холбогдох дээд шатанд гомдол гаргахад, сэргээсэн тогтоолыг хэвээр үлдээснийг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлүүлсэн.

          Шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэх газраас манай компанид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, харилцах дансны хөдөлгөөн хаагдаж, удирдлагуудад хилийн хориг тавьж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байсан.

          Үүнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох дарга нарт гомдол гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль журмын дагуу явагдсан гэж үзээд, шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээж явуулсан.

          Энэ сэргээсэн үндэслэл хууль журам зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана, ахлах шийдвэр гүйцэтгэгчтэй холбоотой гомдлыг ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргана, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргана гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Батцэрэн дуусгавар болгосон атлаа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин сэргээхдээ н.Батцэрэн өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хууль зөрчсөн асуудал гаргасан.

         Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3 дахь хэсэгт тодорхой заасан. н.Батцэрэн ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрийн дуусгавар болгосон ажиллагааг өөрөө сэргээсэн нь хууль, журмыг зөрчсөн.

         Төлбөр авагч талаас зөвхөн хүсэлт өгсөн. Гэтэл талууд харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд тэр ажиллагаа хууль зөрчсөн гэж үзвэл холбогдох гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах ёстой. Гомдол гаргах хугацаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж үзэх юм бол 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу 6 сарын дараа хүсэлт өгч сэргээсэн нь хууль дүрмийг зөрчсөн.

         Тийм учраас дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1153 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай “Тогтоол”-ыг хүчингүй болгож өгнө үү.

         Манай талаас шүүхэд хандаж, компани, төлбөр авагч талтай гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийн болон техникийн доголдолтой холбоотой маргаан явж байгаа бөгөөд энэ нь тусдаа асуудал ч гэсэн хэлье.

         Нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад манай компанийн данс хаалттай, эд хөрөнгө битүүмжлэгдсэн, хилийн хоригтой байгаа нь компани хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ч” ХХК, 2017 онд 4 ширхэг техник “худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, урьдчилгаа төлбөрийг төлж, 4 автомашиныг хүлээж авсан.

Үүсэж буй асуудал 4 ширхэг автомашины бэлэн байдал нь 93 хувьтай байна гэж заасан байдаг ба төлбөрийг 3 жилийн хугацаанд сар болгон тогтмол хувааж төлөх гэрээтэй.

           Гэтэл төлбөр авагч автомашины бэлэн байдлыг хангаж өгөөгүй.

           Үүний улмаас компаниас төлөх төлбөр тодорхой хэмжээнд саатсан. Шүүхийн маргааны явцад талууд эвлэрч 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 07 дугаар сар хүртэлх төлбөрөө төлье. Үүний алдангид 300.000 ам.доллар төлье, та нар очоод автомашинаа засаад өгөөч гэхэд зөвшөөрсөн.

           Манай талаас эвлэрлийн гэрээ, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудаст заасан төлбөрөө бүрэн төлсөн.

           Гэвч төлбөр авагч талаас автомашин зассан үйлдэл байхгүй байна. Тухайн автомашины мотор онцлогтой заавал төлбөр авагч компаниар дамжуулж авдаг. Ашиглаагүй автомашины төлбөрийг төлөх үүрэгтэй болж ирсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ярилцаад дахин эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн  автомашинд завсар хийх, үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөх нөхцлөөр эвлэрсэн.

           Энэ хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдаж харилцах данс, эд хөрөнгө битүүмжлэгдсэн.

           2018 оны эхээс хойш үндсэндээ манай компанийн данс 3 жил хаалттай,  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн уурхай дээр 3 жилийн гэрээтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зогсоож болдоггүй.

         Хэрвээ зогсоох юм бол улсын төсөв хий дэмий үрэгдэнэ. Хариуцлагатай ажил хийдэг компанийн дансыг хууль бусаар хаасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын удаа дараагийн хууль бус үйлдэл биднийг хохироож байна.

         Мөн компани 2000 гаруй ажилчинтай, эдгээр хүмүүсийн цалин хөлс, амралтын мөнгийг тавихад асуудалтай байгаа бөгөөд харилцах банкны данс хаагдаж, хилийн хориг тавьж, эд хөрөнгийг битүүмжилсэн тул компанийн үйл ажиллагаа ерөнхийдөө зогсож бусад туслан гүйцэтгэгч компаниудаар үйл ажиллагаагаа явуулж байна.

         Иймээс уул уурхайн онцлог өндөр үнэтэй тоног төхөөрөмж ашиглаж, бэлэн мөнгөөр худалдаж авах боломжгүй банк, худалдагч талтай гуравласан гэрээ байгуулдаг тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2961 дугаартай Шүүгчийн захирамжаар “Ч” ХХК хүнд машин механизм нийлүүлэх AИ004/17 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр буюу 2018 оны 07 дугаар сараас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны төлбөрийг хуваарийн дагуу сар бүр 151.965.63 ам долларыг төлбөр авагчид төлөхөөр эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

         Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19250397 дугаартай “Тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэсэн.

         Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай төлбөр авагч, төлбөр төлөгч нар “Эвлэрлийн гэрээ”-г байгуулж, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт төлбөр авагч гэрээ байгуулсан өдөртөө багтаан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг*******т гаргана гэж заасан боловч төлбөр авагчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1906-03 дугаартай хүсэлтэд арилжааны банкнууд дахь данс нээх хүсэлтийг гаргасан байдаг.

        Ингээд төлбөр төлөгч хуулийн этгээдийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/294 дугаартай хүсэлтэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, ажиллагаагаар тавигдсан хоригийг сэргээх хүсэлтийг гаргасан.

        Иймд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/607 дугаартай “Тогтоол”-оор холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу хааж, дуусгавар болгосон.

        Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2495 дугаартай шийдвэрээр тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2961 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7/607 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсныг гүйцэтгэх баримт бичиггүйгээр ажиллагаа явуулсан гэж үзэн төлбөр төлөгч “Ч” ХХК-д холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцохоор шийдвэрлэсэн.

          Дээрх шийдвэрт төлбөр төлөгчид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн сэргээн явуулахад энэ шийдвэр саад болохгүй талаар дурдсан тул 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11/53 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж явуулсан.

        Энэхүү сэргээж явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ч” ХХК, хариуцагч*******т холбогдуулан дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сэргээх тогтоол үндэслэлтэй гарсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/02961 дугаартай Шүүгчийн захирамжаар “Ю б м и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ч” ХХК-д холбогдох хүнд машин механизм нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 5.635.063.479 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

 Дээрх шийдвэрийн талаар нэхэмжлэгч тус шүүхэд хандан “шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй байгаа тул албадан гүйцэтгүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг хангаж, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2019/02540 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” мөн өдрийн 102/ХГ2019/00227 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ын хамт Шүүгчийн захирамж гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

          Гэвч шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар талуудын байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу “Ч” ХХК төлбөрөө бүрэн төлсөн. Харин “Ю б м и” ХХК гэрээнд заасан техникийн бүрэн байдлыг 93 хувьдаа хүргэж хангаагүй”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо “нэхэмжлэгч гэрээний дагуу 2018 оноос 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1200 ам.долларыг төлж, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сар хүртэл сар бүр 511.985.63 ам.долларыг төлөх үүргээ биелүүлээгүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр авагчийн хүсэлтээр сэргээх тогтоол гарсан” гэж маргаж байна.

 

          Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч доорхи ажиллагааг явуулжээ.     

 

 *******т Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2019/02540 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” мөн өдрийн 102/ХГ2019/00227 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”, Шүүгчийн захирамжийн хамт хүргэгдэж, тус байгууллага 141 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Батцэрэнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 19250397 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай Тогтоол гарч,

 

Төлбөр авагч, төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 02 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан тул шийдвэр гүйцэтгэгч уг гэрээг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 7/607 дугаартай “Тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.

 

Улмаар шийдвэр гүйцэтгэгч “2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн КHAI/88/18 дугаартай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Эвлэрлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт заасан “....2018 оны 07 дугаар сараас хойш буюу энэхүү гэрээг байгуулах хүртэл шүүхэд нэхэмжлэл гарган шаардаагүй гэрээний хуваарийн хугацааны төлбөрийн дагуу сар бүр төлөх 151.985.63 ам доллар төлөх үүргээ биелүүлж, талуудын энэхүү эвлэрлийг шүүхээр баталгаажуулсны дараа нөхөн төлж дуусгах мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дахин байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг биелүүлээгүй” гэсэн төлбөр авагчийн хүсэлтийг хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2-3/02 дугаартай “Тогтоол”-оор дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээсэн байна.

 

 Ингээд төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчийн сэргээсэн тогтоолыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2-3/02 дугаартай “Тогтоол”-оор...” сэргээн явуулж байгаа “Ч” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шүүх хянан хэлэлцээд, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02495 дугаартай Шийдвэрээр “...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02961 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор төлбөр төлөгч “Ч” ХХК-д холбогдох 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцсугай” гэж шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Тодруулбал, шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “хариуцагч байгууллага төлбөр төлөгч “Ч” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн сэргээн явуулахад энэ шийдвэр саад болохгүй гэж дурджээ”.

 

 Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 06 дугаар сараас хойш гэрээний дагуух төлбөрөө төлөөгүйгээ тайлбараараа зөвшөөрч мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэрийн дагуу үүргээ биелүүлээгүй гэж үзэн, дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*******т холбогдох 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 11/53 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх “Тогтоол”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АРИУНАА