Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0494

 

 

 

 

 

 

 

 

2022 06 21 0494

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч*** ХХК 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б***

Хариуцагч: Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С***

Хариуцагч Сангийн яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нарын хоорондын Сангийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 75 дугаар тушаал, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/** дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б***, хариуцагч Б.С*** хариуцагч нарын өмгөөлөгч Т.Э***, гэрч С.Ц*** шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн Сангийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 75 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, мөн Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэсэн болно.

2. Нэхэмжлэгч компаниас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж, Сангийн яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УБ/62 дугаартай албан бичгээр хариу өгч, шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч Сангийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 75 дугаар тушаалыг, болон Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/** дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хууль бус гэж маргажээ. Үүнд:

1/ * дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан Б-****/**- дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр завсар-ын тендер шалгаруулалтад оролцохдоо Г Бны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 10/199 дугаартай тодорхойлолтыг хуурамч болох нь нотлогдсон гэж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүргүүлж, бүртгэсэн, энэ нь тус компанийн захирал миний хүсэл зориг байгаагүй, тухайн үед эмнэлэгт өвчтөн сахиж, мөн өөрөө халдвар аван эмчлүүлж байсан гэж,

2/ Ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүссэн тендерийн бүрдүүлэх материалаас болж манай компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан нь үндэслэлгүй, нөхцөл байдлын тал бүрээс нь судлаагүй гэжээ.

4. Нэхэмжлэгч Ч*** ХХК-ийн захирал Д.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг тендерт орохоор бэлдэж байтал манай ээж гэнэт өвдсөн. Би өөр хүнд итгэж ээжийгээ сахиулж чадаагүй учир өөрөө эмнэлэгт хажууд нь хэвтэж сахисан. Ингээд 7 дугаар сарын 09-ний өдөр эмнэлэгт хэвтэхдээ Г Бнаас өгсөн бичгийг аваарай гээд н.Ц*** инженертээ хэлээд хэвтсэн. Гэтэл Г Бнаас танай захирал ирж өөрөө гарын үсэг зурахгүй бол энэ бичиг гарахгүй гээд гаргаж өгөөгүй. н.Ц*** тендерийг илгээх хугацаа тулсан байсан учир фото шоп ашигласан юм шиг байна. 5 төгрөг гаргах чадалтай компанийн байдлыг 10 төгрөг гаргах чадалтай болгоод гаргасан зүйл биш бид энд тавигдсан шаардлагаас хамаагүй илүү шаардлага хангах чадвартай компани юм. Гэтэл энэ асуудал нь ийм түвшинд хүрнэ гэж бодоогүй. Нэхэмжлэгч компанийн захирал миний бие хуурамч банкны тодорхойлолт өгөөгүй, миний хүсэл зориг байгаагүй, эмнэлэгт сахиураар хэвтэж байсан. Иймд хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байна. Ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдэн тендерт хүргүүлэх материал дээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нь үндэслэлгүй нөхцөл байдлыг тал бүрээс нь сайтар судлаагүй гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 52 дугаар зүйлийн 52.1-т заасныг зөрчсөн гэж үзэх нь явцуу бөгөөд тендерт өгсөн материалуудаас /300 гаруй хуудас/ ганц Г Бны тодорхойлолтыг хуурамчаар хийж авсан. Энэ нь чадваргүйдээ биш чадвартай найдвартай компани хэдий ч уг тодорхойлолтыг тухайн үед авах боломжгүй болсон байсан. Иймд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/** дугаар дүгнэлт нь хууль бус захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны Засгийн газрын 274 дүгээр тогтоолд шалгах ажиллагааг зааж өгсөн байдаг. Манай компанийн зүгээс * дүүргийн Худалдан авах ажиллагааны газар хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл байдал үүссэн байна гээд шалгуулахаар явуулсан. Үүн дээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч шалгалт хийхэд тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан мөн Г Бны албан бичгийг 198 дугаартайг 199 дугаартай болгож явуулсан ажилтандаа сануулах арга хэмжээ авсан гэдгээ илэрхийлсэн. Хуурамч материал явуулах хүсэлт зориг Д.Б***д байгаагүй. Шалгах ажиллагаа хийж байгаа шалтгаан нь үүний цаана байгаа нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэхдээ Захиргааны ерөнхий хуулийг давхар хэрэглэнэ. Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль биш Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэнэ. Тусгайлсан хуулийг гомдол гаргах хугацаа болон бусад хугацааны асуудал дээр хэрэглэх боломжтой. Г Бны тоотыг буруу өгсөн боловч Г Б тухайн үед тендерийн батлан даалт гаргаж зээлийг олгож болох боломжтой гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч компанийн захирал энэ бүгдийг өөрийн хүсэлт зоригийн дагуу хийгээгүй байна. Улсын байцаагч санаатай, санаагүй хамаагүй гэж үзсэн. Харин манай талаас энэ санаатай үйлдэл биш, тухайн компанийн захирлын үйлдэл биш, буруутай ажилтанд нь хариуцлага тооцсон байгаа учир энэ шийдвэрээ эргэж харж үзнэ үү гэж хүссэн. Сангийн сайдын тушаалаар бүртгэлд бүртгэсэн нь нэхэмжлэгч компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан учир сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Өөрсдөө сонсох ажиллагаа хийх шаардлага байхгүй гэж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй заавал Захиргааны ерөнхий хуулиа баримтлах ёстой. Иймд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/** дүгнэлт болон Сангийн сайдын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагч Б.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал улсын байцаагч дүгнэлт гаргахдаа тухайн компанийн эзэмшигчид нь тохиолдож байгаа хувийн асуудлыг нь сонсох ёстой байсан, ямар нөхцөл байдал үүссэнийг нарийвчлан тогтоолгүйгээр дүгнэлт гаргасан байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Учир нь улсын байцаагч зөвхөн хуульд захирагдаж ажилладаг бөгөөд тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Жагсаалтад орсон бүх компани өөр өөрийн гэсэн зовлонтой байгаа учир компанийн дотоод зовлонг сонсоод байх боломжгүй. Банкны тодорхойлолт хуурамчаар үйлдсэн гэх компаниудын бүгдийнх нь зовлонг сонсох ёстой байсан уу? Нэхэмжлэгч компани шиг банкны тодорхойлолтоо хуурамчаар үйлдэж эрхээ хасуулчхаад нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлүүд нь бүгд хэрэгсэхгүй болж байгаа маргаанууд зөндөө байна. Гэтэл улсын байцаагч хуульд захирагдаж байгаа бөгөөд процессын хувьд ямар нэгэн алдаа гаргаагүй. Улсын байцаагч дүгнэлт гаргахтай холбоотой тайлбар ирүүлэх, сонсох ажиллагаа хийх гэх мэт бүхий л ажиллагааг хийсэн. Гомдол гаргахад нь хүлээж аваад хариу нь өгсөн байдаг. Тендерийн материал нь 300 хуудастай бөгөөд үүнээс нэг хуудас нь хуурамч байхад яагаад дүгнэлт гаргасан бэ гэж нэхэмжлэгч ярьж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь тухайн тендерт оролцогч сонирхогч этгээдийн саналыг бүхэлд нь бүхэлд нь тендер гэж томьёолдог. Иймд тоон гарын үсгээр баталгаажуулж илгээж байгаа эхний хуудаснаас сүүлийн хуудас хүртэл бүх материалуудыг тендерт оролцох санал гэнэ. Үүн дотроос нэг хуудас нь хуурамч байна уу? хэдэн хуудас нь хуурамч байгаа нь хамаагүй. Учир нь тендерт оролцож байгаа нь компани нь хариуцлага хүлээгээд илгээж байгаа юм. Цахим системээр тендерийг хэрхэн зохион байгуулах талаар нарийвчилсан журам байдаг. Тоон гарын үсгээ нууцлах бүх эрхийг нь тендерт оролцогчид олгодог бөгөөд нууцлалаа өөрөө хариуцах ёстой. Тоон гарын үсэг олгож байхад нь ч үүнийг сануулж хэлдэг. Зөвхөн хуульд захирагдаж дүгнэлт гаргасан, ямар ч хувийн зүйл байхгүй гэв.

7. Хариуцагч нарын өмгөөлөгч Т.Э*** шүүх хуралдаанд тайлбартаа: ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах гэж байгаа цаг хугацааны хувьд маш хариуцлагатай байхыг шаарддаг. Хуульд үр ашигтай, хариуцлагатай байхыг нь тусгайлан заасан хуулийн зохицуулалт байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр илт худал мэдээлэл ирүүлсэн гэх хуулийн заалт байхгүй. Хэрэв ийм хуулийн зохицуулалт байсан бол энэ асуудлаар улсын байцаагч эрүүл мэндийн байгууллагаас ч юм уу нэмэлт мэдээлэл авах байсан байх. Аль ч хуулийн этгээдийг тендер шалгаруулалтад заавал оролц гэж ямар ч хуулийн дагуу шахдаггүй. Ар гэрийн ямар нэгэн гачигдал гарсан гэж үзэж байгаа бол тухайн тендер шалгаруулалтад орохгүй байх нь нээлттэй байсан. Заавал оролцох ёстой байсан бөгөөд нэг хүнээ төлөөлүүлж явуулахад тэр хүн маань хуурамч бичиг баримт үйлдсэн гэх тайлбарыг худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс хүлээн авах эрх зүйн боломж байхгүй. Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээд буюу ажил олгогч ажилтныхаа үйлдсэн үйлдлийн хариуцлагыг нь хүлээдэг бөгөөд цааш нь ажилтантайгаа өөрт учирсан хохирлын талаар хариуцлага ярьдаг журамтай.

Сангийн сайдын 2019 оны 257 дугаар тушаалын 7.2-т тендерт оролцогч буюу хуулийн этгээд түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь тендерийг авах эцсийн хугацаанаас өмнө тендерт байгаа баримт бичгийн үнэн зөвийг заавал өөрөө нягтлах ёстой байдаг бөгөөд үүнтэй холбоотой учирсан хохирлыг дангаар хүлээнэ гэж заасан байдаг. Иймээс хүлээж байгаа хариуцлагын нэг төрөл нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх үндэслэлээр эрхийг нь түр хязгаарласан тушаал гарсан. Нэхэмжлэгчийн гаргасан харгалзаад үзчих байх гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь улсын байцаагч нар харгалзаж үзэх, шийтгэлийг нь сонгох боломжгүй бөгөөд тодорхой үйл баримтыг харьцуулж дүгнэж шийдвэр гаргах нь улсын байцаагчийн эрх юм. Харин нэхэмжлэгчийн ярьж байгаа гэрч гэж байгаа хүн энэ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг улсын байцаагч тогтоох боломжгүй. Хэрэв ийм зүйл байгаа бол энэ асуудлаар нэхэмжлэгч өөрөө шүүхэд хандах эрхтэй. Улсын байцаагчийн эрх олгосон асуудал нь тухайн компанийн тендерт ирүүлсэн материал түүнд байгаа мэдээллийн илт худал эсэхийг дүгнэх эрхтэй бөгөөд дүгнэлт гарсан бол заавал Сангийн сайдад санал хүргүүлдэг. Дүгнэлтээ гаргасан атлаа Сангийн сайдад санал хүргүүлэхгүй байх хууль зүйн боломж байхгүй.

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн улсын байцаагч нарын дүгнэлттэй холбоотой 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тушаал нь гарсан. Энэ нь Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй этгээдүүдтэй холбоотой 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаараар тушаал гаргасан. Харин гомдол гаргасан компаниуд жишээ нь нэхэмжлэгч компанийн хувьд тодорхой хэмжээгээр өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах, шүүхэд хандах эрхийг нь олгохоор улсын байцаагчийн дүгнэлтийг Сангийн сайдад хүргүүлээгүй байсан. Нэхэмжлэгч компани шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 4 дүгээр сард нэхэмжлэгчийн гаргасан актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан. Үүний дараагаар Сангийн сайдын тушаалыг гаргуулахаар улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлж Сангийн сайд тушаал гаргасан. Шүүхэд хандаж байгаа нь шууд эрх зүйн хамгаалалт болохгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу актын биелэлтийг түдгэлзүүлсэн байсан бол Сангийн сайдын тушаалыг үндэслэлгүй гэж хэлэх боломжтой байсан байх. Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тушаалд заасны дагуу сонсох ажиллагаа хийх үүрэг хүлээдэггүй. Учир нь тушаал гарсан үндэслэл нь улсын байцаагчийн дүгнэлт байдаг. Энэ дүгнэлтийг гаргахдаа оролцогчийг сонсох бүх ажиллагаа хийгддэг учир давхардуулан сонсох ажиллагаа хийх боломжгүй, үндэслэлгүй. Дүгнэлтийг Сангийн сайдад хүргүүлж байгаа нь үндэслэлтэй эсэх талаар тусгайлан сонсох ажиллагаа хийх боломж байхгүй. Хариуцагчдын аль аль захиргааны акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд:

1/ Нэхэмжлэгч компаниас * дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан Б-****/**- дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр завсар-ын тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерт хавсаргасан Г Бны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 10/199 дугаартай тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж ирүүлснийг илт худал мэдээлэл ирүүлсэн гэж үзэж, тэдний тендерээс татгалзсан тухай 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3/699 дугаартай мэдэгдлийг хүргүүлж, илт худал мэдээлэл агуулсан тендер ирүүлсэн гэж захиалагчийн зүгээс үзсэн тул худалдан авах ажиллагаанд хяналт тавих төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх бүхий улсын байцаагчид ханджээ.

2/ Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С*** нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 6-*/**** дугаартай ...тендер шалгаруулалтад оролцохдоо Г Бны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 10/199 дугаартай тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн гэх мэдээллийн дагуу хяналт шалгалтад хамруулах болсон тул санал тайлбараа 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр сонсох ажиллагаанд оролцох-ыг Ч*** ХХК-д мэдэгдэж, сонсох ажиллагаа хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэл, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3/ Хариуцагч улсын байцаагч нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн УБ/04 дугаартай удирдамжийн дагуу нэхэмжлэгч компанийг худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргахтай холбоотой хяналт шалгалтыг эхлүүлж, шалгалтын хугацааг сунгасан байна.

4/ Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/** тоот дүгнэлтээр Ч*** ХХК-иас тендер шалгаруулалтад оролцохдоо Г Бны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 10/199 дугаартай тодорхойлолтыг хуурамчаар ирүүлсэн болох нь тус компанийн захирал Д.Б***...надад гэнэтийн тохиолдол бий болоод манай компанийн тендерт бэлтгэж байсан ажилтан тухайн баталгаатай холбоотой асуудлыг зохицуулж өмнө нь авсан тодорхойлолтыг өөрчлөөд илгээсэн байсан... гэсэн мэдүүлэг, Г Бны Найман шарга салбарын 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 10/225 тоот албан бичгээр ...10/199 дугаартай 219 номертой санхүүжилтийн тодорхойлолтыг манай Г Бны салбараас гаргаагүй болно гэсэн тодорхойлолт зэргээр нотлогдож байна гэж үзэж нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон, 521 дугаар зүйлийн 521.2.1-т энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах-аар заасныг зөрчөөгүй байна.

5/ Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 7.4-д Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэж зааснаар тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцахаар байна.

6/ Иймд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/** дугаар дүгнэлтээр Ч*** ХХК-ийг * дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан Б-****/**- дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр завсар-ын тендер шалгаруулалтад оролцохдоо Г Бны 2021 оны 6 дугаар сарын 29-нийн өдрийн 10/199 дугаартай тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.1-д эрх бүхий улсын байцаагч тогтоосон, 521.1-д Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна, 521.2-т Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 521.2.1-д энэ хуулийн ...14.1.6...-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах гэж заасныг зөрчөөгүй байна.

7/ Дээрх улсын байцаагчийн дүгнэлт нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.2-т Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж зохицуулсан заалтуудтай нийцсэн байна.

3. Сангийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 75 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд:

1/ Сангийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 75 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн Ч*** ХХК-ийг Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/** дугаар дүгнэлтээр илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болох-ыг тогтоосон гэж үзэж 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тендер оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/2153 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.

2/ Захиалагч нь тендерийн ерөнхий нөхцөлийн магадлах явцад илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хандаж, уг асуудлыг шалгаж, тогтоолгожээ.

3/ Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/** дугаар дүгнэлтээр илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг тогтоож, Ч*** ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 7.4-д Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.1-д Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно, 2.2-т Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заасныг зөрчөөгүй байна.

4/ Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1-д энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.

5/ Нэгэнт нэхэмжлэгч Ч*** ХХК илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь тогтоогдсон, энэ тохиолдолд маргаан бүхий дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 5211-т заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж нийтэд мэдээлнэ, 52 дугаар зүйлийн 52.1.14-д энэ хуулийн 14.5-д заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх гэж заасантай нийцжээ.       

       Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521 дүгээр зүйлийн 521.1, 521.2.1-д заасныг тус тус баримтлан Ч*** ХХК-иас Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Б.С*** нарт холбогдуулан гаргасан Сангийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 75 дугаар тушаал, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/** дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дугаар зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ