| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/35 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч: Ю.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Ю-ийн Д-д холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............ өдөр Увс аймгийн ...................... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ........... .......... хамт амьдардаг, Увс аймгийн ........................... сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ю-ийн Д-, (регистрийн дугаар: .....................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ю.Д- нь Увс аймгийн ........................... сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Н-гийн 4 тооны тэмээг итгэмжлэн хариуцан маллаж байхдаа 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түүний нэг тооны улаан зүсмийн 7 настай тэмээг завшиж, хохирогчид 2.000.000 (хоёр сая) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ю.Д- нь Увс аймгийн ........................... сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Н-гийн 4 тооны тэмээг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түүний нэг тооны, улаан зүсмийн, 7 настай тэмээг завшиж, хохирогчид 2.000.000 (хоёр сая) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.А-ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “...тус сумын 1 дүгээр багийн иргэн Ч.Н-гийн 1 тооны тэмээ 2023 оны 3 дугаар сард алга болсон гэх мэдээлэлд биечлэн сурвалжилга хийж ажиллахад тус сумын 4 дүгээр багийн иргэн Ю.Д- хулгайлан авч, худалдан борлуулсан байж болзошгүй байна” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал);
2. Хохирогч Ч.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Би Увс аймгийн ........................... сумын 4 дүгээр багт оршин суудаг юм. Би өөрийн гэсэн 10 тэмээтэй бөгөөд манай тэмээ буруу нүд чих хоёрын дунд дэгрээ тамгатай тэмээнүүд байдаг. Тэгээд манай багийн иргэн Ю.Д-гийн тэмээнд миний өөрийн гэсэн 4 тэмээ байдаг байсан. Тэгсэн 2023 оны 03 сард манай ач хүү Б.Н нь утсаар над руу залгаад таны 7 настай улаан зүсмийн буруу нүд, чих хоёрын дунд дэгрээ тамгатай эр тэмээг тань Ю.Д- хулгайлж аваад, алаад зарчих шиг боллоо гэсэн юм. Тэгэхээр нь би Ю.Д-тай утсаар ярьж чи миний тэмээг алаад зарчихсан юм уу гэхэд Ю.Д- би өөрийнхөө тэмээг алж зарсан таны тэмээг алж зараагүй гэж хэлэхээр нь би чи хэлсэн үгэндээ эзэн болоорой чи, би чамайг цагдаад өгдөг газар нь өгнө гэж хэлээд утсаа тасалсан юм.Тэгээд би хэд хоногийн дараа Б.Нтай утсаар дахиад ярьж лавлаж асуухад таны тэмээг Ю.Д- аваад ченжид махлаад зарчихсан байна гэж хэлээд Б.Н Ю.Д- хоёрын хооронд маргаан үүсээд байсан юм. Тэрнээс хойш 2023 оны 06 дугаар эхээр Ю.Д- өөрийн биеэр ирж надтай уулзаад таны 7 настай улаан зүсмийн буруу нүд, чих хоёрын дунд дэгрээ тамгатай эр тэмээг тань би алаад махлаад ченжид 1.830.000 төгрөгөөр зарчихсан, уучлаарай ах, би банкны зээл төлөх гээд өөрийн тэмээнээс алах тэмээ олдохгүй болохоор таны тэмээг алуулчихсан, та цагдаад мэдэгдэж болохгүй, хоёулаа хоорондоо тохиролцоод оронд нь би тэмээ өгнө, нэг бол мөнгийг нь өгнө гэж хэлээд явсан юм. Тэрнээс хойш мөнгөө өгөхгүй болохоор нь би Ю.Д-тай утсаар ярихад ах би мөнгийг тань өгнө, та цагдаад мэдэгдэж болохгүй, би ямааны ноолуур тушаахаар хийж өгнө гэж хэлээд удалгүй манай эхнэрийн хаан банкны данс руу Ю.Д- 2.000.000 төгрөг хийж өгсөн юм. Тэгээд Ю.Д- надтай ирж уулзаад надтай гар бариад гомдол саналгүй болсон юм...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3-8 дахь тал);
3. Гэрч М.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Манай нөхрийг Ч.Н- гэдэг, манайх сумын төвд 1-р багт түр оршин суудаг юм. Манайх ...өөрийн гэсэн хэдэн тэмээгээ Ю.Д-д гэх айлын тэмээнд байлгадаг юм. Тэгээд манай нөхөр 2023 оны 03 сард манай 1 тэмээг Ю.Д- алж нядалж ченжид зарсан талаар надад хэлсэн юм. ...2023 оны 06 сард хавар байсан байх Ю.Д- өөрийн биеэр ирээд манай тэмээнээс алах тэмээ олдохгүй болохоор нь хэлж мэдэгдэхгүйгээр танай тэмээг алаад ченжид зарчихсан юм уучлаарай гэсэн ... сүүлд миний өөрийн эзэмшлийн Хаан банкны ................... дугаартай данс руу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ю.Д-аас / Д-аас/ гэсэн утгатай 2.000.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал);
4. Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Манайх тус сумын 4-р баг Улаан үзүүр гэх газарт гэр бүлийн хамт мал, маллаж амьдардаг юм. ...Манай авга ахын хүү болох Ч.Н-гийн тэмээ Д-ийн /Ю.Д-/ тэмээнд байдаг юм. Тэгсэн 2023 оны 03 сард тус сумын 4-р баг ........... гэх газарт Д буюу Ю.Д-гийн тэмээ дотор байсан Ч.Н-гийн буруу хацартаа /нүд чих хооронд/ босоо дэгрээ тамгатай, улаан зүсмийн 7 настай эр тэмээ нь байхгүй болчихсон байсан. Тухайн тэмээ нь өдөр болгон бэлчиж явдаг тул байнга харагддаг юм. Тэгсэн Ю.Д- 2023 оны 03 сард өдрийн мэдэхгүй байна нэг тэмээ алаад зарчихсан байсан. Тэгээд би Ч.Н- ахад утсаар таны 1 тэмээг Д /Ю.Д-/ алаад зарчихсан байна гэж хэлсэн. ...сүүлд нь Ю.Д- Ч.Н-гийн 1 тооны тэмээг алж зарсан хэргээ хүлээсэн гэж би сонссон. ...Ч.Н-гийн тэмээг анх ботго байхад нь би баруун хацарт /нүд чих хооронд/ нь босоо дэгрээ тамга тамгалж өгөөд Ю.Д-гийн тэмээнд нийлүүлсэн байдаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал);
5. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаартай “...2023 оны 03 дугаар сарын байдлаар Увс аймгийн ........................... суманд 7 настай эр тэмээний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2.000.000 (хоёр сая) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25 дахь тал);
6. Шүүгдэгч Ю.Д-гийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Ю.Д- нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол гэмт этгээдийг “Хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Тодруулбал: Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогч өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бусдад түр хугацаагаар хариуцуулж өгсний дараа уг хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хохирогчийн хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг, гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг байна.
2. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар хохирогч Ч.Н- нь сумын төвд оршин суудаг гэх шалтгаанаар өөрийн 4 тооны тэмээг нэг нутгийн иргэн Ю.Д-д хариуцуулж, Ю.Д- нь хохирогч Ч.Н-н 4 тооны тэмээг аман хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ю.Д-г хууль зүйн хувьд хохирогч Ч.Н-гийн тэмээг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзнэ.
Шүүгдэгч Ю.Д- нь хохирогч Ч.Н-гийн 4 тооны тэмээг өөрийн тэмээтэй хамт итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр банкны зээлээ төлөх зорилгоор хохирогч Ч.Н-гийн нэг тооны, улаан зүсмийн, 7 настай тэмээг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нядалж, махны ченжид 1.830.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх үйл баримт нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгч Ю.Д-гийн дээрх хууль бус үйлдэл, хохирогч Ч.Н-д учирсан 2.000.000 төгрөгийн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Ю.Д- нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж байсан атлаа түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Ю.Н-г гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Иймд шүүгдэгч Ю.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
5. Шүүгдэгч Ю.Д- нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
Шүүгдэгч Ю.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Н-д 2.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Ю.Д- нь хохирогч Ч.Н-д 2.000.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...Ю.Д-д гомдол, санал, хүсэлт байхгүй...” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 89 дэх талд авагдсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ю.Д-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ю.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ю.Д- нь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заажээ.
Иймд дээрх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ю.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
3. Шүүгдэгч Ю.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч Ю.Д-гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Ю.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Ю.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-д 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Ю.Д-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.830.000 төгрөгийг хураан авч, улсын төсөвт шилжүүлэх саналыг тус тус гаргаж, шүүгдэгч Ю.Д-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч Ю.Д-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоог зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 (долоо) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Ю.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ю.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 1.830.000 (нэг сая найман зуун гучин мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ю-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-д 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-д оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 (долоо) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ю.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ю.Д- нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Ч.Н-д 2.000.000 (хоёр сая) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ю.Д-гаас гаргуулах хохирол, хор уршиггүйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 1.830.000 (нэг сая найман зуун гучин мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ю.Д-гаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Ю.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА