Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 409

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж 43 тоотод байрлах, “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, Ү овогт Ш.Л,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, М овогт Б.М нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 62,802,262.95 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр 08-ны өдрийн А-97 дугаартай К банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар К ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагчийн албадлагын арга хэмжээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Б.М, Ш.Л нар нь К банктай  62,100,000 /жаран хоёр сая нэг зуун/ төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, “Амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах” зориулалтаар 2027 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авахаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №2006/023195 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Банк зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасан зээлдэгчийн К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 62,100,000 /жаран хоёр сая нэг зуун/ төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 6,554,882.09 /зургаан сая таван зуун тавин дөрвөн мянга найман зуун наян хоёр төгрөг есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүүд  6,554,882.09 /зургаан сая таван зуун тавин дөрвөн мянга найман зуун наян хоёр төгрөг есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95.79 /ерэн таван төгрөг далан есөн мөнгө/ төгрөг  тус тус төлсөн. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Дараах нөхцөлд Банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардана” 8.3.1-д “Энэхүү гэрээг ноцтой зөрчсөн”, 8.3.2-т “Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (хавсралт /1/)-н дагуу зөрчсөн” гэж тус тус тохиролцсон. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 751,862.53 төгрөгийг төлөх үүрэгтэй байхад дараах байдлаар зөрчсөн. Үүнд: Үндсэн зээлд 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 369,305.66 төгрөгийг төлж үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 382,144.34 төгрөгийг төлж, энэ өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгч тодорхой хугацаанд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгчээс гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, зээлийн гэрээг цуцлах, зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 55,873,267.88 /Тавин таван сая найман зуун далан гурван мянга хоёр зуун жаран долоон төгрөг наян найман мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 6,845,623.56 /Зургаан сая найман зуун дөчин таван мянга зургаан зуун хорин гурван төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 83,371.51 /Наян гурван мянга гурван зуун далан нэгэн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 62,802,262.95 /Жаран хоёр сая найман зуун хоёр мянга хоёр зуун жаран хоёр төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 6,500.00 /Зургаан мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлдэгч Б.М, Ш.Л нартай 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан No2006/023195 дугаартай “Зээлийн гэрээ”-г хугацаанаас өмнө цуцалж, зээлийн өр төлбөрт нийт 62,802,262.95 /Жаран хоёр сая найман зуун хоёр мянга хоёр зуун жаран хоёр төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийг нотариатын зардал 6,500.00 /Зургаан мянга таван зуун/ төгрөгийн хамт гаргуулж, “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ш.Л, Б.М нарын шүүхэд гаргасан тайлбартаа: “... Ш.Л, Б.М нар нь “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн нэхэмжилсэн 62,802,262.95 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг болон  зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “...“К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н миний бие хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”  нь хариуцагч Ш.Л, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 62,802,262.95 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь зээлийн гэрээний үүрэг 62,802,262.95 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөгийг төлж барагдуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”  нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 62,808,762.95 төгрөгд тохирох хураамж болох 471,994 төгрөгийн 50 хувиас хөнгөлж, 235,997 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч”-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 62,802,262.95 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөгийг хариуцагч Ш.Л, Б.М нар нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч Ш.Л, Б.М нараас 235,997 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                     Б.Н