Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/42

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: С.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Х овогт С-ийн Д-д холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ....................... өдөр Увс аймгийн ................ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .............. амьдардаг, Увс аймгийн ................ сумын .................. багт оршин суух хаягтай, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр 07-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт С-ийн Д-, (регистрийн дугаар:.....................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д- нь 2023 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдрийн үед Увс аймгийн ........................... сумын .................багийн нутаг “..............”, “..................” гэх нэртэй газруудын орчмоос тус сумын нутагт бэлчээрлэж байсан иргэн Г.Г-гийн нэг тооны, хүрэн алаг зүсмийн 4 настай гүүг хулгайлж, түүнд 1.000.000 (нэг сая) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Д- нь 2023 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдрийн үед Увс аймгийн ........................... сумын ............. багийн нутаг “..............”, “............” гэх нэртэй газруудын орчмоос тус сумын нутагт бэлчээрлэж байсан иргэн Г.Г-гийн нэг тооны хүрэн алаг зүсмийн 4 настай гүүг хулгайлж, түүнд 1.000.000 (нэг сая) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, малд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-10 дахь тал);

3. Хохирогч Г.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Тухайн үед тэр хүнээс би хүрэн алаг, халзан, хөл алаг зүсмийн 1 тооны, охин шүдлэн байдас 2 сая төгрөгөөр худалдаж аваад өөрийн адуундаа нийлүүлсэн. Тэр шүдлэн байдсыг миний өөрийн азарга хураахгүй байхаар нь ........ багийн малчин Т-ийн адуунд нийлүүлсэн. Тэдний адуутай овоо нийлээд яваад байсан боловч 2023 оны 12 сарын 06-ны үеэр ижилдээ байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 10-ны ганцаараа салсан явж байсан гэж сураг сонссон. ...Тэгээд 2024 оны 01 сарын 01-ний өдөр Т- над руу утсаар ярьж таны байдастай адилхан адуу ................ суманд байна, тэжээгдэж байна, та тэрийгээ судлаач, би зургийг нь таны чат руу явуулчихая танд зураг нь байвал харьцуулаад үзээрэй гэж хэлээд над руу явуулсан. ................... сумын хуурай түнг гэх газар байдаг Д /С.Д-/ гэх хүн миний хүүхдэд бэлгэнд өгсөн гэж хэлсэн. Тэгээд Д /С.Д-/-тай утсаар холбогдоход “...чиний адуу мөн, тэжээлийнхээ мөнгө өгөөд адуугаа ирж аваарай” гэхээр нь би муудалцаж чи яахаараа бэлчээрт байсан адууг салгаад орхихгүй туугаад аваад явдаг юм бэ гэхэд би наадах морийг чинь аваагүй, адуу дагаад салахгүй байсан, тэгээд хаях байсан юм уу...” гэсэн. Тухайн миний алдсан адуу их содон, алаг бөгөөд хүрэн алаг зүсмийн, 4 настай, соёолон насны гүү юм. Миний өөрийн им, тамга хийгээгүй. Худалдаж авахдаа ирсэн тамгаараа байгаа бөгөөд дором тамганы доод талд хоёр сар, доромтой холбогдсон шиг тамгатай, тухайн тамга зөв талын хаа, ташаан дээрээ байгаа юм. Мөн халзан бөгөөд 2 цэнхэр нүдтэй юм. Би тухайн адууг худалдаж авахдаа 6 эр ямаа, 4 эр хонийг 1320000 төгрөгөөр үнэлж, үлдсэн 680,000 төгрөгийг бэлнээр мобайлаар шилжүүлж худалдаж авсан. Би тухайн адууг 2 сая төгрөгөөр үнэлнэ. Яагаад гэвэл би тухайн адууг удам угшилтай гэдгийг нь сонсоод адууныхаа чанарыг сайжруулах зорилгоор авсан юм. Би тухайн гүүг өөр хүнд өгсөн асуудал байхгүй. 2022, 2023 оны малын тоогоор миний нэрээр тоологдсон адуу юм...надад хохирлын талаар ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. С.Д- надад 750.000 төгрөг дансаар өгсөн. Гомдол санал байхгүй, үнэлгээтэй танилцсан ямар нэгэн санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-717 дахь тал);

4. Гэрч Ж.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Тухайн үед манай хашаанд тэжээлд орсон хүрэн алаг зүсний гүүг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ................ сумын ............ гэх газарт оршин суудаг С.Д- гэх миний авга ах надад авч ирж өгсөн ба надад энэ гүүг тэжээж өгөх хүн олдохгүй байна, ахын дүү энэ гүүг тэжээгээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэжээлд оруулсан ба хаанаас авчирсан талаар С.Д-аас асуухад ........... сум отроор явж байгаа адуутай цуг ирсэн, хаанаас ирснийг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аваад тэжээж байсан. ... 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байх, тухайн алаг гүүний эзэн гэх залуу миний утсаар ярьж танай хашаанд тэжээгдэж байгаа адуу ахын чинь адуу юм шиг байна, ах нь зургийг нь фэйсбүүкээр харсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би өө тийм үү ах, надад хамаатны ах болох С.Д- гэдэг хүн авч ирж өгсөн гэхэд тэр хүн хаанаас авсан юм болоо, чи тэрийг нь мэдсэн үү гэхэд би ........................... сумын хүнээс адууны оронд авсан гэж хэлсэн, яг нарийн сайн учрыг нь сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. ...Надад хэлэхдээ тэр ах гүүгээ алдаж 20 хоног орчим хайж байна гэж хэлсэн ба таны гүү юм бол ирээд авахгүй юу гэж хэлсэн... Эхлээд С.Д- надад хэлэхдээ ахын чинь адуутай энэ алаг гүү дагаж ирсэн, уг нь хүнээс авсан юм, ахад нь тэжээж барьж өгөх хүн алга, чи аваад тэжээж байхгүй юу, би чамд тэжээлийн мөнгө өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 18-20 дахь тал);

5. Гэрч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Тухайн манай хашаанд тэжээлд орсон хүрэн алаг зүсмийн гүүг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ................ сумын ............ гэх газарт оршин суудаг Д /С.Д-/ гэдэг миний нөхөр Ж.Ц-ийн хамаатны хүн өгсөн. Чухам ямар учраас тухайн хүрэн алаг гүүг манай нөхөрт өгснийг нь сайн мэдэхгүй. Миний нөхөр Ж.Ц- 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тухайн гүүг тэжээлд оруулж тэжээж байгаа юм. Д /С.Д-/ болон миний нөхөр Ж.Ц- нар яг хоорондоо ямар зүйл ярьж адуу мал өгч, авалцсаныг нь сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 21-22 дахь тал);

6. Гэрч А.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Би өөрөө бор хээр азаргатай 24 тооны адуутай юм. Г.Г- ах 2023 оны 06 сарын үед манайх ........................... сумын 2 дугаар багийн нутаг ................ гол гэх газарт байхад хүрэн алаг зүсмийн хязаалан насны гүү авчирч манай адуунд тавьсан. Өөрийнх нь азарга хураахгүй, хазаж хөөгөөд байна гэж хэлэхээр нь би азаргандаа нийлүүлсэн. Манай азарга тухайн гүүг овоо хураагаад ижилдээ авчихсан юм. Тэгээд тэрнээс хойш тухайн хүрэн алаг гүү манай адуунд байж байсан. ...Тухайн хүрэн алаг зүсмийн гүү манай адуунд 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байсан ба тухайн үед манай адуу ................. гэх газар байсан. Тэнд манай адуу 2 сар гаруй болж байгаа юм. Хамгийн сүүлд би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны үеэр унааны морь барьж авах үед адуугаа тууж ирээд гэрийн гадна авчрахад тухайн алаг гүү байж байсан. ...2023 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Б.М-оос утасдаж асуухад тухайн хүрэн алаг гүү алга болсон байна, Алагийн өвөр ганцаараа хүрэн алаг адуу гүйж явна, тэр биш байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед Г.Г- ахад хэлсэн ба тэдний өвөлжөө ойрхон бөгөөд очоод хараарай гэж хэлсэн. Тэгээд Г.Г- ах мал дээрээ ганцаараа байдаг болохоор явж чадаагүй юм шиг байна лээ. Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 19-ний үеэр тухайн Апагийн нуруу орчим мотоциклиор явж өөрийнхөө адуу болон тухайн хүрэн алаг гүүг хайж байгаад өөрийнхөө адууг Алагийн нурууны ар талд байдаг Тангадын ар гэх газраас өөрийнхөө адууг олж авсан. Миний адуун дотор хүрэн алаг гүү байхгүй байсан. Тэгээд хүрэн алаг гүүг хайж тэнд байдаг хэд хэдэн адуу малыг шүүж үзээд олоогүй, тэгээд тэнд адуу малд явдаг залуучуудаас асууж, сураг тавьж байгаарай гэж явсан. ....Тухайн хүрэн алаг гүү алга болох үед манай адуу ........................... сумын Хулж багийн нутаг Алагийн нуруу гэх уулын өвөрт байсан. Тухайн хүрэн алаг гүү ер нь ижлээсээ огт салж байгаагүй ба манай адуу энэ жил айлын өвөлжөө рүү орж нилээн хөөгдөж, туугдсан боловч огт салж байгаагүй юм. Хүн албаар салгаж авахгүй бол амар салдаггүй байсан. Ер нь азарга өвлийн цагаар гүү хурааж авдаг тохиолдол байдаггүй юм. Ганцаараа салах ч тохиолдол бага юм. Би фэйсбүүкээр 2024 оны 01 сарын 01-ний өдөр сумын төв дээр байхдаа зураг үзэж байгаад тухайн хүрэн алаг зүсмийн адууны сториг н.Н- гэх хүн тавьсан байхаар нь чат руу нь захиа бичиж энийг хаанаас авсан адуу юм бэ, хэний адуу юм бэ гэж асуухад юу гэх гээд байнаа, залуу гэхээр нь энэ хаанаас авсан адуу юм бэ, манай ахын алдсан адуутай адилхан байна гэхэд чиний юмыг авчраагүй шүү гэж хариу бичсэн. Тэгэхээр нь тухайн сторигийн зургийг скриншот хийгээд авга ах Г.Г- рүү зургийн явуулсан. Тэгээд сүүлд тэр гүү нь мөн байсан байна лээ...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 23-24 дэх тал);

7. Гэрч М.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... А.Т-ийн адуунд содон хүрэн алаг гүү байсан ба Г.Г-гийн гүү гэж хэлж байсан. Тэр гүү 2023 оны 12 сарын эхээр адуу малыг өвөлжөөний орчмоос хол хөөхөд ганцаараа салсан явж байсан. Сүүлд манай чөдөртэй морины хажууд 2023 оны 12 сарын 14- ний үед байх ирж 1 хоноод маргааш нь алга болсон байсан. Тэрнээс хойш огт сураг нь гараагүй ба 2024 оны 01 сарын эхээр ................ сумын төвд байна гэж сонссон. Би С.Д- гэдэг хүнийг танихгүй, 2023 оны 12 дугаар сарын эхээр ................ сумын ганц хоёр иргэн манай энүүгээр адуу мал хайж олж аваад явж байсан. Шарга морьтой өндөр нуруутай, сахал үсэндээ баригдсан ................ сумын 1 хүнтэй Алагийн нуруу орчим өөрийнхөө адууг харах гэж явж байгаад тааралдсан. Яг өдрийн сайн санахгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 15-16-ны үеэр шиг санагдаад байна...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 25-27 дахь тал);

8. Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... ........................... сумын Хулж багийн иргэн А.Т-ийн адуу 2023 оны 12 сард Хулж багийн нутаг Алагийн нуруу гэх газар байсан. Тэр үеэр ........................... сумын ...................., ................ сум ................ аймгийн ......... сумын 1000 орчим адуу байсан. Сүүлд энэ орчимд өвөлжөөлдөг айлууд тухайн адуунуудыг урагшаа, хойшоо хөөсөн, А.Т- рүү 2023 оны 12 дугаар сарын 14-ний үеэр хүрэн алаг гүү чинь салаад манай чөдөртэй морины хажууд ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхэд гайгүй байлгүй, ижил таарвал нийлүүлчихээ гэж хэлсэн. Тэгээд би 12 сарын 15-ны өдөр сумын төв орж 4 хоноод хөдөө гэртээ ирсэн. Тэгээд өөрийнхөө болон А.Т-ийн адууг харахад нөгөө хүрэн алаг гүү алга болсон байсан. Уг нь тэр алаг гүү нэг их салдаггүй байсан. А.Т-ийн адууг хүмүүс хөөх үед салсан юм шиг байна лээ. Тэгээд тэр гүүний сураг гараагүй юм...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 28-29 дэх тал);

9. Гэрч Ш.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...Тэгээд 3 хоногийн дараа Г.Г- гэх хүн холбогдоод хоёр нүд цэнхэр, цагаан нүүртэй, 4 хөл цагаан, гэдэсний доод хэсэг цагаан, хүрэн алаг зүсмийн гүү танай сумын хүн сторидоо хийсэн байна, та Б.Н- гэх хүний адуунд тухайн адуу байгаа эсэхийг хараад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнд Б.Н-д адуу байхгүй ойр хавийн айлуудын тэжээж байгаа адууг үзээд хариу хэлнэ гэж хэлээд тухайн өдөр айлуудын хашаанд тэжээж байсан адуунуудыг үзээд явж байтал Ж.Ц гэх айлын хашаанд тухайн хэлсэнтэй нь яг адилхан адуу байсан юм. Тэгээд би буцаагаад Г.Г- гэх хүн рүү ярихад зургийг нь явуулаад өгөөч гэж хэлсэн, тухайн айлын хашаанд очиход хаалга нь онгорхой эзэнгүй байсан тул хаалганы хажууд уясан байсан гүүний зургийг дараад G гэх фэйсбүүк хаяг руу чатаар явуулахад мөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 32-33 дахь тал);

10. Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... би 2023 оны 01 дүгээр сарын эхээр, яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, Ж.Ц-ийн гэрт очсон юм. Намайг очиход хашаан дотор 4 адуу тэжээж байсан, тухайн адуун дунд Алаг зүсмийн хоёр нүд цэнхэр гүү байсан, тэгээд би тэр гүүг ямар хөөрхөн юм гээд өөрийн B N нэртэй фэйсбүүк хаягнаас стори хийсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа ........................... суманд байх манай найз А.Т- миний хийсэн стори-г үзээд энэ танай унаган адуу юу гэж Т- А гэх хаягнаас чатаар асуусан юм, тэгээд би тухайн үед ямар нэг хариу өгөөгүй. Тэгээд хэд хоногийн дараа А.Т- над руу залгаад чиний стори хийсэн зурганд байсан алаг гүү танай унаган адуу юу гэж надаас асуусан би үгүй манай найз Ж.Ц-ийн хашаанд тэжээгдэж байгаа, би хөөрхөн харагдаад байхаар нь стори хийсэн, би тухайн адууны талаар мэдэхгүй гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 34-35 дахь тал);

11. Хөрөнгийн үнэлгээчний 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай “...Увс аймгийн ........................... суманд 2023 оны 12 дугаар сарын байдлаар 4 настай гүүний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.000.000 (нэг сая) төгрөг болохыг  тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48 дахь тал);

12. Шүүгдэгч С.Д-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Д- нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч С.Д- нь 2023 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдрийн үед Увс аймгийн ........................... сумын ...........багийн нутаг “Талын цахир”, “Алагийн нуруу” гэх нэртэй газруудын орчмоос тус сумын нутагт өөрийнх нь адуутай хамт бэлчээрлэж байсан иргэн Г.Г-гийн эзэмшлийн нэг тооны хүрэн алаг зүсмийн, 4 настай гүүг хулгайлсан болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Шүүгдэгч С.Д- нь хохирогч Г.Г-гийн 1 тооны морийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчид мэдэгдэхгүйгээр бэлчээрээс нь хулгайлан авч, захиран зарцуулах боломжийг бий болгосон үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Шүүгдэгч С.Д- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Д- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч С.Д-ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч нь маргаагүй болно.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Шүүгдэгч С.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Г-д 1.000.000 төгрөгийн  хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч С.Д- нь хохирогч Г.Г-д гүүг нь биет байдлаар буцаан өгч, эрж хайсны зардалд 750.000 төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулсан болох нь хохирогч Г.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.Д- нь надад учирсан хохирол барагдуулсан цаашид ямар нэгэн гомдол, саналгүй” гэх тодорхойлолтоор нотлогдож байна. (хавтаст хэргийн 89 дэх тал),

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Д-аас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч С.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 750.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч С.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч С.Д-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч С.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул С.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан түүний эзэмшлийн шарга зүсмийн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг хурааж улсын орлого болгох саналыг тус тус гаргаж, шүүгдэгч С.Д-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч С.Д-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Д-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан түүний эзэмшлийн шарга зүсмийн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 8. Шүүгдэгч С.Д-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ авсан энэхүү шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

9. Шүүгдэгч С.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Д-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч С.Д- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шарга зүсмийн 1.000.000 (нэг сая) төгрөгийн үнэлгээ бүхий морийг түүний эзэмшлээс хураан авч, улсын орлогод оруулж, уг морийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, уг арга хэмжээ биелэгдмэгц хүчингүй болгосугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ шийтгэх тогтоолоор С.Д-аас гаргуулах гэмт хэргийн хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч С.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА