| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0400/И |
| Дугаар | 411 |
| Огноо | 2020-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 411
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, Э.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 43,069,571.54 төгрөг, хүү 2,077,967.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,716.66 төгрөг, нийт 45,153,256.19 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг гаргуулах, Улсын бүртгэлийн ... дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт байрлах 71 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Н, Э.Д нар нь К банктай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ-72, БГ-72 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 2033 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатай орон сууцны зориулалттай зээл авсан. Банк 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн БГ-72 дугаар Барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд: /Улсын бүртгэлийн ... дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт байрлах 71 мкв талбайтай орон сууц/,
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 1,930,428.46 төгрөг, зээлийн хүүнд 5,288,692.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,561.86 төгрөг, нийт 7,231,682.88 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар зээлдэгч Б.Н, Э.Д нар нь ЗГ-72 дугаар Зээлийн гэрээний хавсралт 1-д заасны дагуу зээлийн эргэн төлөлтийг сар бүр хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан бөгөөд К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг зааж мэдэгдэл хүргүүлсэн боловч гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.5-д заасан үүргээ биелүүлэхгүй 318 хоногийн зээл, хүүний хугацаа хэтрэлтийн зөрчилтэй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасныг үндэслэн Монголбанкнаас батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодож нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн ЗГ-72 дугаар гэрээний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй дүн: Үндсэн зээлийн үлдэгдэл 43,069,571.54 төгрөг, хүү 2,077,967.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,716.66 төгрөг, нийт 45,153,256.19 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөгийг Б.Н, Э.Д нараас гаргуулах, Барьцааны 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн БГ-72 дугаар гэрээгээр Улсын бүртгэлийн ... дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт байрлах 71 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргаж байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “Төлбөрийн чадваргүй болсон банканд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Г овогт Б.Н, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, Б овогт Э.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч Б.Н, Э.Д миний бие К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 45,167,256.19 төгрөгөөс 2020 оны 11 сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2020 оны 12 сарын 04-ний өдөр 300,000 төгрөг буюу нийт 700,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл болох 44,467,256.19 төгрөгийг төлж барагдуулахаа бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөрөө хангуулахад татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хариуцагч нарын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.Н, Э.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 43,069,571.54 төгрөг, хүү 2,077,967.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,716.66 төгрөг, нийт 45,153,256.19 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг гаргуулах, Улсын бүртгэлийн ... дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт байрлах 71 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н, Э.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 43,069,571.54 төгрөг, хүү 2,077,967.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,716.66 төгрөг, нийт 45,153,256.19 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, хариуцагч Б.Н, Э.Д нараас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага 45,167,256.19 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 383,786 төгрөгийн 50 хувь болох 191,893 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, Э.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 43,069,571.54 төгрөг, хүү 2,077,967.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,716.66 төгрөг, нийт 45,153,256.19 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг гаргуулах, Улсын бүртгэлийн ... дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт байрлах 71 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Н, Э.Д нар нь бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12 зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 383,786 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Н, Э.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 383,786 төгрөгийн 50 хувь болох 191,893 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Н, Э.Д нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б