| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/46 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/46
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч: Ө.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Ө-гийн А-д холбогдох эрүүгийн 2435000000.... дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....................................... өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, .........настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Увс аймгийн ................. сумын ...................................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ө-гийн А-, (Регистрийн дугаар: ...............................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.А- нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн ................. сумын ............................. хашаанд байрлах гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Ө.Э-ийн толгой тус газарт данхраадаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.А- нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн ................. сумын ........................ хашаанд байрлах, өөрийн төрсөн ах Ө.Э-ийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнтэй маргалдаж, толгой тус газарт нь данхраадаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал);
3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал);
4. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай “...Үзүүлэгч Ө.Э-ийн биед зүүн зулайн болон толгойн орой хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Зүүн зулайн болон толгойн оройн хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал);
5. Хохирогч Ө.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний охин Э.У- надад Ө.А- ах намайг орон дээр суучих гадуур чинь нэг хийчихье гэж хэллээ, ямар аймаар юм бэ гэж хэлсэн. Би тухайн үед уурлаад нэг хашаанд байдаг дүү Ө.А-ийн гэрт эхнэрийн хамт орж хүүхэд айлгаж ичээсэн талаар хэлж загнасан. Тэгэхэд Ө.А- урдаас тийм юм болоогүй, охиныг чинь яагаа ч үгүй наад охин чинь цонхоор шагайгаад байсан юм гэж хэлсэн...над руу зодох гээд байсан тул би гэрийн баруун урд хэсэгт байсан данхраатыг аваад айлгах гэхэд айж очихгүй байсан тул би том төмрөөр хүн цохиж болохгүй гэж бодоод төмрийг гэрт дотор хажуу тийш хаясан. Тэгээд маргалдаж байх хооронд Ө.А- тэр данхраадыг авчихсан байсныг мэдэлгүй би түлхээд гаргах гэж зууралдаж байтал миний толгой руу данхраадаар цохисон. Тухайн үед толгой эргээд толгойноос цус гараад эхэлсэн...миний толгойны орой хэсэгт 3 хэсэг газарт язарсан байна. Эмнэлэг дээр очиж боолт хийлгэсэн...Бид хоёр архи уугаагүй эрүүл байсан, Ө.А- нь олон жилийн турш сэтгэцийн өвчнөөр өвдөж эмчлүүлж байгаа...надад одоо ямар нэгэн хохирол болон хор уршиг гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-17 дахь тал);
6. Гэрч Ж.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ө.А- нь миний нөхрийн толгой руу данхраадаар 3 удаа цохисон. Өөр хүнийг зодож цохиогүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал);
7. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5 дугаартай “Ө- овогтой А- нь сэтгэцийн хувьд сэтгэцийн эмгэгтэй. Ө- овогтой А- нь сэтгэцийн эмгэгээр 2005 оноос анх өвчин хий үзэгдлийн хам шинжээр илэрч байсан. Одоогоор тасагт хэвтэн эмчлүүлж байгаа боловч үлдэц дэмийрлийн хам шинжтэйгээр эмчлүүлж байна. Ө- овогтой А- нь одоогоор болсон үйл явдлынхаа талаар үнэн зөвөөр тусгаж мэдүүлэг өгч чадна. Ө- овогтой А- нь одоогоор өөртөө болон нийгэмд хор аюул учруулахгүй. Ө- овогтой А- нь хэрэг үйлдэх явцад болон одоогоор хэрэг хариуцах чадвартай байна" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал);
8. Шинжээч Х.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... тухайн үед үйлдлээ ярьж хэлж мэдэрч, ахтайгаа маргалдаж зодсон гэдгээ хэлж байгаа учир хэрэг хариуцах чадвартай байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал);
9. Шүүгдэгч Ө.А-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ө.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Э-ийн эрүүл мэндэд “Зүүн зулайн болон толгойн оройн хэсгийн хуйханд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон ба уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ө.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Ө.А-ийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ө.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
10. Шүүгдэгч Ө.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
11. Шүүгдэгч Ө.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Ө.Э- нь мөрдөн байцаалтын шатанд “...Ө.А- надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад гомдолгүй, цаашид санал, хүсэлт байхгүй болно” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 90 дэх талд авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.А-өөс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ө.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ө.А- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 81 дэх тал);
Шүүгдэгч Ө.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Ө.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Ө.А-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ө.А-д танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Ө.А-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-ийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж, шүүгдэгч Ө.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ө-гийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-ийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ө.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА