Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 413

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би К банк ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д-т холбогдох орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 62,423,375.21 төгрөг, зээлийн хүү 3,661,772.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,336.16 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг нийт 66,114,983.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь  банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Д нь К банктай 69,300,000 төгрөгийг сарын 0.42 хувь, жилийн 5 хувийн хүүтэй, “Амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах” зориулалтаар 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авахаар 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ-04 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г байгуулсан. Банк “Зээлийн гэрээ”-ний 3.1.5 дахь хэсэгт заасан зээлдэгчийн К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 69,300,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 6,876,624.79 төгрөг төгрөг, зээлийн хүүнд 10,954,087.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,451.50 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дэхь хэсэгт “Дараах тохиолдолд банкны санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ” 8.2.1-д “Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн”, 8.2.2-т “Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (хавсралт /1/)-ийг удаа дараа /3 ба түүнээс дээш дараалал зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй” гэж тус тус тохиролцсон. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 457,480.11 төгрөгийг төлөх үүрэгтэй байхад дараах байдлаар зөрчсөн. Үүнд: үндсэн зээлд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 528,193.46 төгрөгийг төлж үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,321,806.54 төгрөгийг төлж, энэ өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгч тодорхой хугацаанд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгчээс гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, зээлийн гэрээг цуцлах, зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл: 62,423,375.21 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 3,661,772.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 20,336.16 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 66,105,483.65 төгрөг. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд Нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 9,500.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлдэгч Д.Д-той 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ04 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г хугацаанаас өмнө цуцалж, зээлийн өр төлбөрт 66,105,483.65 төгрөгийг нотариатийн зардал 9,500 төгрөгийн хамт гаргуулж, “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд  багт оршин суух М овогт Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн  нэхэмжлэлтэй зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 66,105,483.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн нотариатын зардал 9,500 төгрөгийг хүлэн зөвшөөрч байна. Байрны эрхийн доголдолтой  холбоотой асуудлаар  барилга барьсан компанитай дараа нь  маргаан гаргаж болно гэдэг  талаар  хууль зүйн зөвлөгөө авсан тул тодорхой мэдээлэлтэй болсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.Д-т холбогдуулан орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 62,423,375.21 төгрөг, зээлийн хүү 3,661,772.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,336.16 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг нийт 66,114,983.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Д нь  нэхэмжлэгч К банк ХХК-тай 69,300,000 төгрөгийг сарын 0.42 хувь, жилийн 5 хувийн хүүтэй, “Амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах” зориулалтаар 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ-04 дугаартай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г байгуулсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 62,423,375.21 төгрөг, зээлийн хүү 3,661,772.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,336.16 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг нийт 66,114,983.65 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д-т холбогдох орон сууцны ипотекийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 62,423,375.21 төгрөг, зээлийн хүү 3,661,772.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,336.16 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг нийт 66,114,983.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 244,263 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    А.Ц