Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Б,

Шүүгдэгч: Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Т-т холбогдох эрүүгийн 2335001580... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........................... өдөр Увс аймгийн ............. суманд төрсөн,........ настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............., ам бүл .................... хамт амьдардаг, Увс аймгийн ............. сумын ................... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ийн Т-, (регистрийн дугаар: ..........................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний үед Увс аймгийн ....................... сумын нутаг, “...............” гэх газраас хохирогч Р.Ж-гийн эзэмшлийн 3 тооны үхэр хулгайлж, түүнд 2.100.000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 09 дүгээр сарын 18-19-ны өдрийн хооронд Увс аймгийн ................. сумын 2 дугаар багийн нутаг “................” гэх газраас иргэн Р.Ж-гийн эзэмшлийн улаан алаг зүсмийн он имтэй 5 настай эм үхэр, булаг хар зүсмийн он имтэй 3 настай эр үхэр, улаан алаг зүсмийн он имтэй 2 настай эм үхэр зэрэг нийт 3 буюу олон тооны бод малыг хулгайлж, хохирогчид 2.100.000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна. Б.Т-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морины үнэ 1.000.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод шилжүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг;

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллагдагчаар татаж шалгасан. Тухайн 3 тооны үхэр 2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний хооронд эзэнгүй газарт байсан учир Б.Т-ын зүгээс “3 тооны үхрийг чоно нохойны хоол болж магадгүй” гэж бодоод Ц.Б-ын гэрт хүргэж өгөөд “3 тооны үхрийг хүн хайж ирвэл зүс таниулж байж эзэнд нь өгөх учир надад хэлээрэй” гэж сануулаад явсан байдаг. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж ч байхгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Б.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” заавал тогтоохоор хуульчилсан байдаг. Б.Т-ыг эзгүй газраас мал авч ирээд айлд хүргээд алга болсон малыг хайсны төлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллаж байгаа нь эрх зүйн байдлын дордуулж байна. Б.Т- нь ямар зорилгоор 3 тооны үхрийг Ц.Б-ын гэрт хүргэж өгсөн талаар зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Б.Т-т мал хулгайлах санаа зорилго байсан бол заавал Ц.Б-ын гэрт 3 тооны малыг хүргэж өгөх шаардлага байгаагүй юм. Б.Т-ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Цас зудтай байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү. Хэргийн зүйчлэлийг өөрчилж өгнө үү...” гэх мэдүүлэг, хүсэлтийг гаргав.

Шүүх хуралдаанаар эрүүгийн 2335001580... дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7 дахь  тал);

2. Хохирогч Р.Ж-гийн гомдол, саналгүй талаар хэрэгт гаргаж өгсөн тодорхойлолт (хавтаст хэргийн 8 дахь  тал);

3. Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 472 дугаартай “ Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол (хавтаст хэргийн 14-16 дахь  тал);

4. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол (хавтаст хэргийн 23-24 дэх тал);

5. Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Р.Ж-гийн Хаан банкны .................... дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 27-31 дэх тал);

6. Хохирогч Р.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манайх ................сумын 2 дугаар багийн нутаг “..............” гэх нэртэй газарт өөрийн эзэмшлийн үхрээ бэлчээрт эзэнгүй байлгаж байсан ба 2022 оны 09 дүгээр сарын 18-наас 19-ний өдрийн хооронд тус сумын 2 дугаар багийн нутаг “...................” гэх нэртэй газарт бэлчиж байсан 70 тооны үхрээс 8 тооны үхэр алга болсон байсан...алдагдсан 8 үхрээс 2 тооны үхэр гэртээ хөлөөрөө гүйж ирсэн...миний эзэмшлийн алга болсон үхрийг Б.Т- өөрийн үхэр мэт зүсэлж хайж сураглаж байгаа нь надад сонин санагдсан учир би уг Б.Т- гэх залуутай ............. сумын төв дээр очиж уулзахад ..................... сумын .............. гэх газар булаг хар зүсмийн эр үхэр, улаан алаг зүсмийн эм үхэр, улаан зүсмийн эм үхэр нийт 3 тооны үхэр байхаар нь би авч ирээд ............. сумын нутаг Шаврын ус гэх газарт байлгаж байгаад алдчихсан, уг үхрүүдийг таны үхэр болохыг мэдээгүй, би хавар мал төллөх үеэр таны үхрүүдийг төлж өгч таны хохирлыг барагдуулна гэж хэлээд бид хоёр тохиролцсон...алга болсон 8 тооны үхрүүдийн 4 тооны үхэр нь буцаад гүйгээд ирчихсэн, 1 тооны үхрийг чоно идсэн, 3 тооны үхрийг Б.Т- авсан үйлдлээ хүлээж надаас уучлалт гуйж 3.000.000 төгрөг өгч хохирол барагдуулахаар тохиролцсон учир надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-42 дахь  тал);

7. Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Б.Т-ыг танина. Б.Т-ын хонь үхрийг би малладаг ...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай гэр Шаврын Ус гэх нэртэй газарт ирж буух үед Б.Т- нь булаг хар зүсмийн, улаан алаг зүсмийн, улаан зүсмийн нийт 3 тооны үхэр авч ирж манай үхэрт нийлүүлчхээд явсан. Уг үхрүүд нь манай үхэртэй хамт бэлчээрт явж ирж байгаад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үхрийн тариа хийх үеэр алга болсон...уг үхрүүдийг өөрийн эзэмшлийн халтар зүсмийн буруу гуяндаа мухар олом тамгатай мориор тууж ирсэн ба хэний эзэмшлийн үхэр тууж ирсэн, хэний эзэмшлийн үхэр болох, хаанаас авч ирсэн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй ...Б.Т-ын үхэр бүгд гөлөм имтэй бөгөөд тухайн үхрүүд он имтэй байсан,  Б.Т-ын үхэр биш байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал);

8. Гэрч П.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 10 дугаар  сарын дунд үед, өдрийг нь санахгүй байна, манай гэрт Б.Т- ирж булаг хар зүсмийн эр үхэр, улаан алаг зүсмийн эм үхэр, улаан зүсмийн эм үхэр нийт 3 тооны өөрийнхөө үхрийг алдчихлаа гэж хайж байсан. Б.Т- үхэр хайж ирсний дараа маргааш нь манай гэрт ......... сумын Р гэх хүний Ж гэх залуу ирж Б.Т-ын хайж ирж байсан булаг хар зүсмийн эр үхэр, улаан зүсмийн эр үхэр, улаан алаг зүсмийн эм үхрийг хайж ирсэн. Би Р.Ж /Р.Ж-/ гэх залууд Б.Т- уг үхрийг миний үхэр гэж хэлээд хайж явна гэж хэлэхэд Р.Ж би уг үхрүүдийг бэлчээрээс нь хулгайд алдчихаад хайгаад байна. Уг үхрүүд Б.Т-ынх биш миний үхэр гэж хэлээд үхрээ үргэлжлүүлж хайгаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал);

9. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 368 дугаартай “...Увс аймгийн Тэс суманд 2022 оны 09 дүгээр сарын байдлаар алдагдсан 8 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 6.550.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 71 дэх тал);

10. Хохирлын тооцоо (хавтаст хэргийн 72 дахь тал);

11. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 261 дугаартай “...2023 оны 09 дүгээр сарын байдлаар Увс аймгийн ............. суманд 5 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.000.000 (нэг сая) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 79 дэх тал);

12. Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2335001580274 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол (хавтаст хэргийн 83-84 дэх тал);

13. Б.Т-ын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-92 дахь тал);

14. Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол  (хавтаст хэргийн 109-110 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа хэргээс:

1. Хохирогч Р.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний алдсан 8 тооны үхрээс 4 тооны үхэр нь буцаад бэлчээртээ гүйж ирээд, ижил сүрэгтэйгээ нийлчихсэн, улаан зүсмийн бөөрөндөө цагаан үстэй бярууг ............. сумын “.................” гэх нэртэй газарт чоно идчихсэн байсан...3 тооны үхэр олдохгүй байсан. Уг алга болсон 3 тооны үхрийг хайж яваад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай зуслангийн буйраас 5 км орчим зайтай байдаг М /Ж/ гэх айлд очиж алга болсон үхрүүдээ асууж сураглаж байхад ............. сумын Б.Т- /Б/ гэх залуу М-ийн гар утас руу залгаж миний хайж явсан 3 тооны үхрийг зүс, имээр нь хэлж асууж сурагласан. Миний эзэмшлийн алга болсон үхрийг Б.Т- өөрийн үхэр мэт зүсэлж хайж сураглаж байгаа нь надад сонин санагдсан...алдагдсан 8 үхрээс 2 тооны үхэр гэртээ гүйж ирсэн. ............. сумын 1 дүгээр багийн иргэн н.Б миний алдсан үхрээс булаг хар зүсмийн, он имтэй, 3 настай эр үхэр, хоо зүсмийн, он имтэй, 2 настай эм үхэр гүйж явна гэж надад хэлсэн...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-38 дахь тал);

2. Гэрч П.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал); (улсын яллагч шинжлэн судалсан)

3. Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын эхээр өөрийн 2 тооны адууг хайж ............. сумын нутгаар явж байхад ............. сумын нутаг Холбоо гэх газарт 3 тооны үхэр байсан...дахин 6-7 хоногийн дараа морьтой адуу хайж байхад Холбоо гэх газраас 4-5 км зайтай Хүрэмт булаг гэх газар байхаар нь Шаврын ус гэх газар луу 10 орчим км тууж манай мал байдаг айл болох Ц.Б-оо гэх айлд хүргэж, захиж үлдээсэн. Энэ үхрийг хүн хайж ирвэл надтай холбогдоорой гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал);

4. Гэрч Ц.Б- мөрдөн байцаалтын шатанд: “...хэний эзэмшлийн үхэр болох, хаанаас авч ирсэн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал);

5. Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай том хүү Б.Т- нь намар 9 сар гээд хөдөө ............. сумын 4 дүгээр багийн нутагт байх өвөлжөө рүү өөрөө жижиг гэрээ авч яваад хавар 4 сард сумын төвд ирдэг. Б.Т- миний мэдэхээр өөрийн эзэмшлийн 20 орчим үхэр, 30 орчим адуу, хонь ямаа нийлээд 260 орчим малтай. Манай том хүү Б.Т- ихэнхдээ хөдөө байдаг юм. Б.Т- нь бусадтай харьцахдаа сайн харьцдаг, нийтэч, хөдөлмөрч, олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, бусдад тусалж, дэмждэг тийм зан төлөвтэй юм. ...Манай эхнэр Б.Э- нь ...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал);

6. Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний том хүү Б.Т- нь Увс аймгийн ............. суманд ...... онд төрсөн, .... настай. Бүрэн дунд боловсролтой, дүйцүүлэхээр цэргийн алба хаасан. Б.Т- 16 нас хүртэл өвөө, эмээгээ түшиглэн мал маллан амьдарч байсан. Өөрийн гэсэн бод, бог нийлээд 400 орчим малтай. 2016-2017 оноос эхлэн тусдаа өрхөөр бүртгэлтэй байгаа. Зан байдлын хувьд төлөв, нийтэч хүнтэй эелдэг харилцаатай, хөдөлмөрч, ажилч, хичээнгүй, ............. хүн юм. Эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг биетэй, архаг хууч өвчин байхгүй боловч бөөр нь өвддөг. Малын ашиг шимээр амьдардаг, өвөөгөөсөө өвлөсөн өвөлжөөтэй, Монгол гэрт амьдардаг. Миний хүүхэд урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй нутаг орондоо нэр хүндтэй хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал);

7. Б.Т- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 96 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд ноцтой зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт:

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.

1. Хохирогч Р.Ж-гийнх 2022 оны 09 дүгээр сард Увс аймгийн Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг, Гурмасны гол гэх нэртэй газарт намаржиж, тус багийн “....” гэх нэртэй газарт өөрийн 70 гаруй тооны үхрээ бэлчээрт хариулгагүй байлгаж байх үеэр буюу 2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд тэдний 70 гаруй тооны үхрээс 8 тооны үхэр алга болсон байна.

Улмаар хохирогч Р.Ж-гийн хулгайд алдагдсан гэх 8 тооны үхэрнээс 4 тооны үхэр нь буцаж бэлчээртээ ирж, ижил сүрэгтэйгээ нийлсэн, 1 тооны улаан зүсмийн, бөөрөндөө цагаан үстэй бяруу нь ............. сумын нутаг “Хар азарганы орой” гэх газарт чононд идүүлсэн байдалтай олдсон гэх бөгөөд тухайн 8 тооны үхрээс хохирогчийн эзэмшлийн булаг хар зүсмийн, он имтэй, эр үхэр, улаан алаг зүсмийн, он имтэй, эм үхэр, улаан зүсмийн он имтэй эм үхэр зэрэг нийт 3 тооны үхэр олдоогүй байна.

Хохирогч Р.Ж- нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ............. сумын иргэн Ш.М /Ж/ гэх айлд очиж, 3 тооны үхрээ им тамга, зүсээр нь асууж сураглах үед шүүгдэгч Б.Т- Ш.М-ийн гар утас руу залгаж, хохирогч Р.Ж-гийн эрж хайж байсан 3 тооны үхрийн зүс, им тамгыг хэлж, Ш.М-ээс асууж сурагласан байна.

Хохирогч Р.Ж- нь өөрийн алдсан 3 тооны үхрийг Б.Т- им тамга, зүсээр нь хайж сураглаж байгааг мэдсэн даруйдаа түүнтэй очиж уулзахад Б.Т- нь “Би Хяргас сумын Холбоо гэх газраас төөлтэй хар зүсмийн, он имтэй, 10 настай эм үхэр, улаан алаг зүсмийн, он имтэй 2 настай эм үхэр, улаан алаг зүсмийн он имтэй, 5 настай эм үхэр зэрэг нийт 3 тооны үхэр олж аваад ............. сумын Шаврын ус гэх нэртэй газарт авч ирж, маллаж байгаад 2 тооны үхрийг нь алдчихсан, 1 тооны улаан алаг зүсмийн, он имтэй, 2 настай үхрийг ............. сумын Хар азарганы орой гэх газарт чоно идсэн. Тухайн 3 тооны үхрийг таных гэж мэдсэнгүй, уучлаарай, би танд төлж өгнө гэж хэлсэн” гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ. (хавтаст хэргийн 33-42, 56-58 дахь тал),

Шүүгдэгч Б.Т- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт “....2022 оны 10 дугаар сарын эхээр өөрийн 2 тооны адууг хайж, Хяргас сумын нутгаар явж байхад ............. сумын нутаг, Холбоо гэх газарт 3 тооны үхэр эзэнгүй буюу ойр орчимд айл байхгүй газарт бэлчиж байхыг би мотоциклтой явж байхдаа харсан. Дахин 6-7 хоногийн дараа морьтой адуу хайж байхад Холбоо гэх газраас 4-5 км зайтай, Хүрэмт булаг гэх газарт тухайн 3 тооны үхэр байхаар нь өөрийн буйрын ойролцоо байдаг Шаврын ус гэх газар уруу 10 орчим км газар тууж хүргээд манай мал байдаг айл болох Ц.Б-оо гэх айлд захиж үлдээсэн. Энэ үхрийг хүн хайж ирвэл надтай холбогдоорой гэж хэлсэн. 7 хоногийн дараа нөгөө авч ирсэн 3 үхэр гүйгээд явчихсан гэхээр нь хүмүүсээс асууж сурагласан боловч олдоогүй бөгөөд 1 тооны үхрийг чоно идсэн байсан. Тухайн 3 тооны үхэр байсан газрын ойр хавьд айл байхгүй болохоор би чоно нохой идэхээс сэргийлж, 10 км газар мориор тууж Ц.Б-оо гэх айлд аваачиж хадгалуулан эз түшүүлсэн. Харин дараа нь Р.Ж- гэх хүн ирээд чи миний 3 үхрийг авсан байна, хохирол төл гэхээр нь 2023 оны 09 дүгээр сард Р.Ж-д 3.400.000 төгрөг төлсөн, би тухайн 3 үхрийг хулгайлж аваагүй, эзэнгүй газарт байхад нь чоно нохой идэхээс сэргийлж, эз түшүүлсэн, гэтэл алга болчихсон бөгөөд 1 үхрийг нь чоно идчихсэн байсан тул хохирол төлсөн” гэж мэдүүлсэн байна. (хавтаст хэргийн 90-92 дахь тал),

Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 10 сарын 09-ний үед ............. сумын “Шаврын ус” гэх нэртэй газарт байх Ц.Б-ынд булаг хар зүсмийн эр үхэр, улаан алаг зүсмийн эм үхэр, улаан зүсмийн эм үхэр, нийт 3 тооны үхэр тууж авч ирээд өөрийн малд нийлүүлэхгүйгээр Ц.Б-ын малд нийлүүлж, түүнд харж хандаж байхыг захисан, тухайн үед Б.Т- нь үхрийг хаанаас авч ирсэн, хэний үхэр болох талаар, мөн 3 тооны үхрийг хүн асууж сураглаж ирвэл хэлээрэй гэх зүйл яриагүй бөгөөд тухайн 3 тооны үхэр 2022 оны 10 сарын 14-нд үхэрт тарилга хийх үеэр алга болсон талаар гэрч Б.Д, Ц.Б- нар мэдүүлсэн, (хавтаст хэргийн 50-55 дахь тал),

Дээрх 3 тооны үхрийг алга болсны дараа шүүгдэгч Б.Т- нь П.Г- гэх айлд очиж, өөрийн булаг хар зүсмийн эр үхэр, улаан алаг зүсмийн эм үхэр, улаан зүсмийн эм үхэр, нийт 3 тооны үхрээ хулгайд алдчихлаа гэж эрж хайж, асууж сурагласан, мөн өөрийн авга ах Ш.М-тэй утсаар холбогдож, Р.Ж-гийн 3 тооны үхрийг зүс, им тамгаар нь асууж сурагласан болох нь тус тус тогтоогдсон байна.(хавтаст хэргийн 56-58, 59-61 дэх тал),

Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Р.Ж-гийн 3 тооны үхрийг Увс аймгийн ............. сумын нутагт байхад бэлчээрээс нь 10 гаруй км газар тууж, өөрийн малыг маллуулдаг Ц.Б-ынд хүргэж, тухайн 3 тооны үхрийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэх үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Б.Т-ыг 2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдөр Увс аймгийн ........... сумын 2 дугаар багийн нутаг, ........ гэх газраас иргэн Р.Ж-гийн эзэмшлийн 3 тооны малыг хулгайлж, 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргээр зүйлчлэн, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 227 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Тодруулбал: Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Т-ыг  2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдөр Увс аймгийн ........... сумын 2 дугаар багийн нутаг, ...... гэх газраас иргэн Р.Ж-гийн эзэмшлийн 3 тооны мал хулгайлсан гэж ялласан байх боловч хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Т- нь хохирогч Р.Ж-гийн 3 тооны үхрийг 2022 оны 10 дугаар сарын 09-ний үед Увс аймгийн ............. сумын нутаг, Хүрэмт булаг гэх газарт байхад нь идэвхтэй үйлдлээр тууж, тус сумын Шаврын ус гэх газарт намаржиж байсан Ц.Б-ынд аваачиж, түүний малд тавьсан болох нь эргэлзээгүй нотлогдож байна.

Хохирогч Р.Ж- нь цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор удаа дараа мэдүүлэг өгөхдөө “2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний үед Увс аймгийн Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг, “.........” гэх газраас  өөрийн эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайд алдсан” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч Б.Т- нь хохирогчийн 3 тооны үхрийг 2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний үед Увс аймгийн Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг, “.........” гэх газраас хулгайлсан гэх үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Р.Ж- нь 3 тооны үхрээ 2022 оны 09 дүгээр сарын 18-19-ний үед Увс аймгийн Зүүнговь сумын 2 дугаар багийн нутаг, “Өхөө” гэх газраас алдсан байж болох ч Б.Т- нь тухайн цаг хугацаанд, тухайн газраас Р.Ж-гийн 3 тооны үхрийг хулгайлсан нь нотлогдоогүй, хохирогчийн 3 тооны үхэр ямар хүчин зүйлийн нөлөөгөөр ижил сүргээсээ тасарч, ............ сумын 2 дугаар багийн нутаг Өхөө гэх газраас ............. сумын нутагт очсон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байна.

Харин шүүгдэгч Б.Т- нь хохирогчийн 3 үхрийг ............. сумын нутагт, хээр байхад нь өөрийн эзэмшлийн морин уналгаар тууж, Ц.Б-ынд хүргэж, тэдний малд нийлүүлсэн гэж мэдүүлсэн нь гэрч Ц.Б-, Б.Дэлгэр нарын мэдүүлгээр давхар нотлогдож, тэрээр мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж байх тул шүүгдэгч Б.Т-ын яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзсэн болно.

Иймд прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн үйл баримтыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцүүлж, шүүгдэгч Б.Т-ыг “2022 оны 10 дугаар сарын 09-ний үед Увс аймгийн ............. сумын нутаг, Хүрэмт булаг гэх газраас хохирогч Р.Ж-гийн 3 тооны үхрийг хулгайлсан” гэж зөвтгөн гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг дээрх байдлаар тогтоож, хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт ”Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул 3 тооны үхэр нь “олон тооны мал” болно.

Шүүгдэгч Б.Т- нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний үед Увс аймгийн ............. сумын нутаг, Хүрэмт булаг гэх газраас хохирогч Р.Ж-гийн 3 тооны үхрийг хулгайлсан нь тогтоогдож байх бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн “олон тооны мал хулгайлж” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Т- нь хохирогч Р.Ж-гийн 3 тооны үхрийг Увс аймгийн ............. сумын нутаг, Хүрэмт булаг гэх газарт хээр, бэлчээрт байхад морин уналгаар, идэвхтэй үйлдлээр 10 гаруй км газар тууж, ............. сумын Шаврын ус гэх газарт байх Ц.Б-ынд хүргэж, тухайн 3 тооны үхрийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Т-ын амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

2. Шүүгдэгч Б.Т- болон түүний өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Т-ыг мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруугүй, харин хохирогч Р.Ж-гийн 3 тооны үхрийг ............. сумын нутагт, эзэнгүй, хариулгагүй байхад нь тууж, Ц.Б-ынд хүргэсэн нь “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжтэй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж маргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэг, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргүүд нь гэмт этгээд тухайн халдлагын зүйлийг хэрхэн, ямар аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар ялгаатай зүйлчлэгдэхээр хуульд заажээ.

Тодруулбал: “Мал хулгайлах” гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө (мал)  идэвхтэй үйлдлийн үр дүнд гэмт этгээдийн эзэмшилд шилжиж ирдэг бол  “Алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд ямар ч идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад мал өөрөө хөлөөрөө, эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсний дараа завших сэдэл төрж, гэмт хэрэг үйлдэгддэг.

Шүүгдэгч Б.Т- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2022 оны 10 дугаар сарын эхээр өөрийн эзэмшлийн 2 тооны адууг хайж, Хяргас сумын нутгаар явж байхад ............. сумын нутаг, Холбоо гэх газарт тухайн 3 тооны үхэр эзэнгүй буюу ойр орчимд айл байхгүй газарт бэлчиж байхыг мотоциклтой явж байхдаа харсан, түүнээс хойш 6-7 хоногийн дараа дахин очиж, 3 тооны үхрийг Хүрэмт булаг гэх газарт байхад нь 10 газар морьтой тууж, өөрийн мал малладаг айл болох Ц.Б-ынд хүргэсэн” гэж мэдүүлснээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хохирогч Р.Ж-гийн 3 тооны үхэр хээр буюу Увс аймгийн ............. сумын нутаг, Хүрэмт булаг гэх газарт эзэнгүй, хариулгагүй байсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн 3 тооны үхэр гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хээр, бэлчээрт байсантай Б.Т- тааралдсаныг тухайн 3 тооны үхэр шүүгдэгч Б.Т-ын эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэн гэж үзэх үндэслэлгүй,

Шүүгдэгч Б.Т- нь тухайн 3 тооны үхрийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахын тулд идэвхтэй үйлдлээр 10 гаруй км газар мориор тууж, айлд хүргэн, хохирогчийн 3 тооны малыг өөрийн өмч хөрөнгийн адил үзэмжээр захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн нь “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтыг иш үндэс болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох “гээгдэл эд хөрөнгө”, “алдуул мал” гэх нэр томьёо, ухагдахууныг Монгол Улсын Иргэний хуулийн 116, 117 дугаар зүйлд заасны дагуу тайлбарлаж, гэмт хэргийн шинжийг тогтоох боломжтой гэж үзлээ.

Тодруулбал: Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” ,

116.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 116.1-д заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй”гэж,

Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй”, 117.2 дахь хэсэгт “Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн дээрх заалтуудыг судлан үзэхэд  гээгдэл эд хөрөнгө олж авсан этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, ижил сүргээсээ тасарсан, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй, алдуул мал олсон этгээд нь орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хуулиар хүлээж, эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдоогүй бол хуульд заасан тодорхой хугацаа өнгөрсний дараа гээгдэл эд хөрөнгө, алдуул мал олсон этгээдийн өмчлөлд хууль ёсоор шилжихээр байна.

Шүүгдэгч Б.Т-ын Увс аймгийн ............. сумын нутаг, Хүрэмт булаг гэх газар буюу бэлчээрээс тууж, иргэн Ц.Б-ынд хүргэж, харж хандаж байхыг захиж үлдээсэн 3 тооны үхрийг хохирогч Р.Ж- бэлчээрээс хулгайд алдсан гэж мэдүүлж, эрж хайж байсан, түүнчлэн хохирогч Р.Ж- нь тухайн 3 тооны малыг цагдаад мэдэгдэж, “алдуул мал”-аар бүртгүүлээгүй, шүүгдэгч Б.Т- нь хохирогчийн 3 тооны үхрийг олж авсан талаараа орон нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зэргээс дүгнэж үзэхэд хохирогч Р.Ж-гийн эзэмшлийн булаг хар зүсмийн, улаан алаг зүсмийн, улаан зүсмийн 3 тооны үхрийг “алдуул мал” гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Т-ын “Би тухайн 3 тооны үхрийг эзэнгүй хээр газар байхад нь чононд идүүлэхээс сэргийлж, тууж, Ц.Б-ынд хүргэж, эз түшүүлсэн” гэж мэдүүлсэн нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Д.Б нараас шүүх хуралдаанд гаргасан “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “….Алдуул мал завших” гэмт хэргээр зүйлчилж хэргийг шийдвэрлэх” хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Ж-д 2.100.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэргийн 79 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргаагүй, дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн хор уршгийг 2.100.000 төгрөгөөр тогтоож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т- нь гэмт хэргийн хор уршигт 3.400.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч Р.Ж- нь түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. (хавтаст хэргийн 008, 28-31,38,42,  )

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Т-аас гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Т-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морины үнэлгээ болох 1.000.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, гэмт хэргийн хохирол төлөгдсөн тул улсын орлогод шилжүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Б.Т- нь үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг тайлбар гаргаж байсан. Б.Т- нь амьдралын төлөө аав ээждээ тусалж мал малладаг бөгөөд аав нь өндөр насны тэтгэвэрт гарсан. Ээж нь хөлийн үе солиулах мэс засалд орсон учир Б.Т- гэрийнхээ ар дааж мал маллаж амьдардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдаг. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан байдлаас үзвэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож ухамсарласан болох нь харагдаж байгаа юм. Б.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзээд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэхгүй байхыг хүсэж байна. Б.Т-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч Б.Т- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Мал эзгүй хэцүү байдалд байгаа, мөн ээж хагалгаанд орж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээс гадна тэдний хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

-Шүүгдэгч Б.Т- нь хувийн байдлын хувьд ......................-ны өдөр төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .............. хамт амьдардаг, Увс аймгийн ............. сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, хөдөө мал маллаж амьдардаг зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 98-103 дахь талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогджээ. хавтаст хэргийн 96 дахь тал);

Мөн шүүгдэгч Б.Т-ын хувийн зан байдлын талаар гэрч болох түүний төрсөн эцэг П.Б, эх Б.Э- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал)-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Т- нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 3.400.000 төгрөг төлж барагдуулсныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх боловч гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн хор уршгийг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-т 2 (хоёр) жил 3 (гурван) сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээс гадна шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 2 (хоёр) жил 3 (гурван) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т- болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн асуудлаар маргасан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Бусад асуудлаар:

1. Шүүгдэгч Б.Т- нь энэ гэмт хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч Б.Т-т хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах...”-аар зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

Шүүгдэгч Б.Т- нь хохирогч Р.Ж-гийн 3 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлах үедээ өөрийн эзэмшлийн 5 настай морийг уналга болгон ашигласан нь нотлогдож байх бөгөөд уг морийг хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон тул түүний үнэ 1.000.000 (нэг сая) төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-т 2 (хоёр) жил 3 (гурван) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 2 (хоёр) жил 3 (гурван) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Т- нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч Б.Т- нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Р.Ж-д 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Т-аас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан 5 настай, морины үнэ 1.000.000 (нэг сая)  төгрөгийг хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БОЛОРМАА