Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.***********жигүүр даргалж, улсын яллагч Б.Энх-Амгалан, шүүгдэгч А.***********, түүний өмгөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310003530270 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                  

          Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *********** дүүргийн 17 дугаар хороо, худалдааны ажилчдын байр, 3 тоотод оршин суух хаягтай боловч одоо *********** дүүргийн 23 дугаар хороо, *********** 1342 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

          *********** дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 06 жил, 01 сарын хугацаагаар хорих ял,

          *********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1016 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн,

          *********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1865 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ийн *********** /РД: ***********/.

 

                                                  Холбогдсон хэргийн талаар:              

 

           Шүүгдэгч А.*********** нь 2022 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** хотхоны 303 дугаар байрны 2 давхраас Алтон загварын Сайндстөүн 2д загварын унадаг дугуй хулгайлж хохирогч Д.***********д 672,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч  А.***********: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, миний буруу...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 28-өөс 29-нд шилжих шөнө 01 цаг 19 минут 10 секундийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** хотхоны 303 дугаар байрны 2 давхар буюу гэрийн хаалганы гадна байсан хар өнгийн Алтон загварын Сайндстөүн 2 ди загварын унадаг дугуйгаа хулгайд алдсан...” /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.***********э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр 2022 оны 12 дугаар сард *********** хотхонд харуул хийдэг байсан, ...тэгээд согтуу байхдаа орцноос унадаг дугуй хулгайлсан байсан...” /хавтас хэргийн 22-24 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч А.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сард би Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** хотхоны харуул хамгаалагчаар 1 байна уу, 2 гараа гарсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө найзтайгаа архи уучхаад би согтуу дуу өөрийн ажиллаж байсан Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** хотхон дээр очоод 303 дугаар байрны 2 давхарт гараад тухайн хулгайлсан дугуй ямар нэгэн бэхэлгээ байхгүй сул байхаар нь би тухайн дугуйг түрээд хотхоноос гараад унаж яваад *********** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын ТҮЦ-д 70,000 төгрөгөөр зараад тухайн мөнгөөрөө архи авч уусан...” /хавтаст хэргийн 148-149 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтас хэргийн 10 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 27 дахь тал/,

- Шүүгдэгч А.***********ын хувийн байдалтай холбоотойгоор оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 79 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 77 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээ байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 50 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 53-76 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч А.*********** нь 2022 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо *********** хотхоны 303 дугаар байрны 2 давхраас Алтон загарын Сайндстөүн 2д загварын унадаг дугуйг хулгайлж хохирогч Д.***********гийн: “...2022 оны 12 дугаар сарын 28-өөс 29-нд шилжих шөнө 01 цаг 19 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** хотхоны 303 дугаар байрны 2 давхар буюу гэрийн хаалганы гадна байсан хар өнгийн Алтон загварын Сайндстөүн 2 ди загварын унадаг дугуйгаа хулгайд алдсан...” /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.***********ийн: “...Манай нөхөр 2022 оны 12 дугаар сард *********** хотхонд харуул хийдэг байсан, ...тэгээд согтуу байхдаа орцноос унадаг дугуй хулгайлсан байсан...” /хавтас хэргийн 22-24 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч А.***********ын: “...2022 оны 12 дугаар сард би Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** хотхоны харуул хамгаалагчаар 1 байна уу, 2 гараа гарсан байдаг. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө найзтайгаа архи уучхаад би согтуу дуу өөрийн ажиллаж байсан Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** хотхон дээр очоод 303 дугаар байрны 2 давхарт гараад тухайн хулгайлсан дугуй ямар нэгэн бэхэлгээ байхгүй сул байхаар нь би тухайн дугуйг түрээд хотхоноос гараад унаж яваад *********** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын ТҮЦ-д 70,000 төгрөгөөр зараад тухайн мөнгөөрөө архи авч уусан...” /хавтаст хэргийн 148-149 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтас хэргийн 10 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 27 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.

 

Шүүгдэгч А.*********** нь 2022 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** хотхоны 303 дугаар байрны 2 давхраас Алтон загварын Сайндстөүн 2д загварын унадаг дугуйг хулгайлж 672,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч А.*********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч А.*********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 20 хоног, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 16 хоног нийт 36 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт 288 цагийг түүнд шийтгэсэн 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж түүний биечлэн эдлэх ялыг 312 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.***********гийн эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж 672,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад дугуйг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2310003530270 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.*********** бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийн ***********ыг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.***********ын цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт 288 /хоёр зуун наян найм/ цагийг түүнд шийтгэсэн 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний нийт биечлэн эдлэх ялыг 312 /гурван зуун арван хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ***********ийн ***********д шийтгэсэн 312 /гурван зуун арван хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*********** нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 2310003530270 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.*********** бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.***********д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.***********ЖИГҮҮР