| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0391/И |
| Дугаар | 414 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Ш овогт Л.Г-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,311,000 төгрөг, зээлийн хүү 2019 оны 06 сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 сарын 23-ны өдрийн хүртэл 1,744,850 төгрөг, алданги мөн хугацааны буюу 499 хоногт тооцон 479,750 төгрөг, нийт 3,535,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Р, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, хариуцагч Л.Г оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Л.Г нь 2019 оны 06 сарын 04-ний өдөр 2216 тоот зээлийн гэрээ байгуулж 1,800,000 төгрөгийн зээлийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр авсан байна. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлдэгч үндсэн үлдэгдэл 1,311,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,744,850 төгрөг алдангийн төлбөр 479,750 төгрөг, хугацаа хэтэрсэн 499 хоногтойгоор өнөөдрийн байдлаар төлөх ёстой өр төлбөр нийт 3,535,600 төгрөг байна. Иймд Г ХХК-ний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г нь 2019 оны 06 сарын 04-ний өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулан 1,800,000 төгрөгийг, 25 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зүээлж авсан юм. Ингээд боломж, бололцоо муу байна гээд мөнгөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд 2019 онд 333,800 төгрөг, 2020 оны 497,000 төгрөг өгсөнөөс 8,800 төгрөгийг хүүд авч, 489,000 төгрөгийг үндсэн зээлээс хассан. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 1,311,000 төгрөг байгаа. Манай зүгээс зээлийн хүүг зогсоосон талаар албаны ёсны бичиг тоот гараагүй, хүүг авахгүй гэж хэлээгүй. Уг нь шүүх хурлаас өмнө үндсэн зээл дээр 1,000,000 төгрөг нэмээд өгнө гэвэл эвлэрч болно гэж хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Иймд үндсэн зээл 1,311,000 төгрөг, зээлийн сарын хүүг үндсэн зээлээс 8 хувиар тооцож бодоход 30 хоногийнх буюу сарын хүү 104,880 төгрөг болж байгаа, ингээд 2019 оны 06 сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 сарын 23-ны өдрийн хүртэлх хүүг бодохдоо 104,880 төгрөгийг 30 хоногт хувааж, өдрийн хүү нь 3,496 төгрөг болно, үүнийг хугацаа хэтэрсэн 499 хоногт үржүүлэхэд 1,744,504 төгрөг болж байгаа, үүнийг зээлийн хүүд нэхэмжилнэ. Алдангийг манайх 0,3 хувиар тооцсон бөгөөд 2019 оны 06 сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 сарын 23-ны өдрийн хүртэл 499 хоног болж байгаа. Төлөгдөөгүй дүн буюу 1,311,000 төгрөг, хүү 104,880 төгрөг, нийт 1,415,880х0,3%=4,247.67x499 хоног=2,119,572 болно. Үүнээс хүүгийн 1,744,504 төгрөгийг хасаад зөрүү болох 375,068 төгрөгийг алдангид тооцсон. Ингээд нийт 3,430,572 төгрөгийг нэхэмжилж байна, 105,028 төгрөгөөр багасаж байгаа гэжээ.
Хариуцагч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1,800,000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Амьдралын боломж бололцоо муутай байснаас болж зээлээ төлж чадахгүй байсан. Тэгээд одоо үндсэн зээлд 1,311,000 төгрөг үлдсэн байгаа, би үүнийг төлнө, хүү, алдангийг төлөх боломжгүй, хувиараа бууз банш хийж зардаг боловч одоо зогсонги байдалд орчихоод л байна. Уг нь хүүг нь зогсоолоо гэж хэлж байсан. Гэрээ байгуулсанаар хариуцлага ирнэ гэдгийг мэдэж байсан гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Л.Г-д холбогдуулан шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,311,000 төгрөг, 2019 оны 06 сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 сарын 23-ны өдрийн хүртэл зээлийн хүү 1,744,850 төгрөг, алдангид мөн хугацааны буюу 499 хоногт тооцон 479,750 төгрөг, нийт 3,535,600 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги болон хүүг нийтдээ 105,028 төгрөгөөр багасгаж, 3,430,572 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэслэл нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Л.Г нь нэхэмжлэгч Г ХХК-тай 2019 оны 06 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2019 оны 07 сарын 04-ний өдөр буцаан төлөх үүрэг хүлээж, 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, 1,800,000 төгрөгийг зээлж авсан үйл баримт нь хэрэгт авагдсан 2216 дугаартай зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэрээний талууд нь зээлийн гэрээний гол нөхцөл болох мөнгөн дүн, зээлийн эргэн төлөлтийн хугацаа, хүү, алданги зэргийг тохирсон, түүнчлэн нэхэмжлэгч тал нь 1,800,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байгаа нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасныг зөрчөөгүй байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “ зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь... мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч тал нь зээлийн гэрээ байгуулж, үүрэг хүлээсэнээс хойш зээлийн хүүг төлөөгүй байх бөгөөд 2019 онд 333,800 төгрөг, 2020 онд 489,000 төгрөг төлсөнийг нэхэмжлэгч тал үндсэн зээлээс хасч тооцсон, одоо үндсэн зээлээс үлдэх 1,311,000 төгрөгийг төлөхтэй маргадаггүй, харин хүү, алдангийг төлөх боломж байхгүй гэж маргаж байгаа болно.
Хариуцагч нь нэхэмжлэгч талтай өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулж, зээлийг төлөх хугацаа, хүүг тохирч, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцох талаар зөвшөөрсөн байгаа тул тэрээр зээлийг төлөх боломжгүй гэсэн үндэслэлээр үүргээс буюу хүү, алдангиас чөлөөлөгдөхгүй юм.
Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “ зээлийн хүүг 2019 оны 06 сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 сарын 23-ны өдрийн хүртэл хугацааны 1,744,850 төгрөг, алдангийг тооцохдоо төлөгдөөгүй дүн буюу 1,415,880 төгрөгийг /1,311,000+104.880/ гэрээнд зааснаас бууруулж 0,3 хувиар тооцон, хугацаа хэтэрсэн 499 хоногт үржүүлэхэд 2,119,572 төгрөг болж байгаа, үүнээс хүүгийн 1,744,504 төгрөгийг хасаад зөрүү болох 375,068 төгрөгийг алдангид тооцсон “ гэж шүүх хуралдаанд тайлбарласан нь болно.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “ хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч зөвхөн зээлийн гэрээний хугацаагаар тогтоосон хүүг авах эрхтэй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2019 оны 06 сарын 04-ний өдрөөс 07 сарын 04ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай байхаар тогтоосон, хариуцагч энэ хугацааны хүү буюу анх авсан зээл болох 1,800,000 төгрөгийн хүү 144,000 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “ анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан байх тул хариуцагч нь нийт гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1,311,000 төгрөг, зээлийн хүү 144,500 төгрөг, нийт 1,455,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүйгээр алдангид 727,500 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Л.Г-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,311,000 төгрөг, зээлийн хүүд 144,000 төгрөг, алданги 727,500 төгрөг, нийт 2,182,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,248,072 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Л.Г-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,311,000 төгрөг, зээлийн хүүд 144,000 төгрөг, алданги 727,500 төгрөг, нийт 2,182,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,248,072 төгрөгийг хэрэгсхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч Л.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц