Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/00864

 

 

2021 03 17

101/ШШ2021/00864

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.Б

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай" 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн .... дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад татан буугдсан ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монгол банкийг сольж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмаар явуулахыг хариуцагчид даалгахтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Э.У, Б.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалаар ******* банк ХК дах Эрх хүлээн авагчаас 3,446,159,752 төгрөгийг гаргуулж иргэн Ц.Дид олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийтгэх тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргасан . Шийдвэр гүйцэтгэгч 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 153/81 дугаартай Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл-ийг төлбөр төлөгч ******* банк ХК дах Эрх хүлээн авагчид хүргүүлсэн байдаг. Үүнээс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэн Ц.Дид холбогдох төлбөрийг хэрхэн төлөгдөж байгаа талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээгүйн улмаас Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Татан буугдсан ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцсон тухай А/66 дугаар тушаал гарч төлбөр төлөгч ******* банкХК дахь банкны эрх хүлээн авагч татан буугдсан. Иргэн Ц.Д төлбөр барагдуулахыг хүсэж Сүхбаатар дүүргийн 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр урьд нь ажиллаж байсан Б.Батцэрэн болон ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг нартай маш олон удаа уулзаж байсан боловч уг хүмүүс ажиллахаа больсон. Дараа нь ахлах шийдвэр гүйцэтгэгч Идэрчулуун, шийдвэр гүйцэтгэгч нарт мөн олон удаа хандсан боловч тодорхой үйл ажиллагаа явуулаагүй болно. Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.*******од дахин хандсаны дагуу Монгол банканд хоёр удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч Монгол банкнаас төлбөр барагдуулах үндэслэлгүй талаар албан бичиг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар ... хуулийн этгээд татан буугдсан ... эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж хуульчилсны дагуу хүсэлт гаргасан. Төлбөр авагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан хүсэлтдээ: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна. гэж зааснаар төлбөр төлөгч ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийг томилох татан буулгах үйл ажиллагааг Банкны тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн Монгол банк хэрэгжүүлдэг. Монгол банк ******* банк ХК-ийг Монгол банкны ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаар тушаалаар албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон байдаг. Иймд Банкны эрх хүлээн авагч нь төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр татан буугдсан банкны асуудлыг шийдвэрлэхээр түр байгуулагдсан захиргааны байгууллага юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад төлбөр төлөгч ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар үйл ажиллагааг нь дуусгавар байх тул захиргааны хуулиар ******* банк дах Банкны эрх хүлээн авагчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдийг Монгол банкаар солиулан шийдвэр гүйцэтгэл явуулж өгөхийг хүссэн. Гэвч хуулийн хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах болсон. Энэхүү гомдлыг Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.******* Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гомдол шийдвэрлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан боловч тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй, харин ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдийг шүүхээр тогтоолгох нь зүйтэй гэж хариу ирүүлснийг эс зөвшөөрч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тоот болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 72 дугаар тогтоолын үндэслэлээс харахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу төлбөр барагдуулах боломжгүй мэт хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэгч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хуулийг хэрэгжүүлэгч субъект юм. Дээрх хуулийн 35 дугаар зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцох зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч татан буугдсан тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэл, холбогдох бичгийг үндэслэн эрх залгамжлан авбал зохих этгээдийг шүүхээр томилуулах, шийдвэр гаргуулах процессын эрх зүйн зохицуулалт юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг хэрэгжүүлэхээс үүргээсээ татгалзаж гаргасан 72 дугаар тогтоол нь илт хууль бус шийдвэр гэж үзэж байна. Түүнээс төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг хэрэгжүүлэхээр материаллаг эрх зүйн шаардлагаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, татан буугдсан төлбөр төлөгчийн эрх залгамжлан авбал зохих этгээдийг томилуулах хууль зүйн боломжгүй юм. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, мөн зүйлийн 9.4.3 -д зааснаар доорх шаардлага гаргаж байна . Үүнд:

1.      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох,

2.      Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад татан буугдсан ******* банкХК дах банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монгол банкийг сольж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмаар явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг тус тус гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 72 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, төлбөр төлөгчийг солиод ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчид 3.4 тэр бум төгрөгийг банкны эрх хүлээн авагчаас гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Үүний дараа 2014 онд 147 тоот албан бичиг ирүүлж, хуулийн 63-д зааснаар эрх хүлээн авагчид шилжүүлэхийг хүссэнээр нийт шийдвэр гүйцэтгэх материалыг эрх хүлээн авагчид шилжүүлсэн. Нийт 111 хуудас материал шилжүүлсэн байдаг. Ингээд ажиллагаа явагдахгүй байсаар 2015.4.6-нд эрх хүлээн авагч татан буугдсан. Үүний дараа *******-т албан бичиг ирүүлсэн байдаг. Ингээд татан буугдсан тул төлбөр төлөгч Монгол банканд нь захиргааны ерөнхий хуульд зааснаар төлбөрийг хариуцах талаар албан бичиг хүргүүлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 35.1-д зааснаар төлбөр төлөгчийг сольж болно гэсэн журам байдаг. Хуулийн зорилго нь ажиллагааны үндэслэл журмыг зохицуулахаар тогтоосон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ёстой. Иймд хариуцагчид хуульд зааснаар төлбөр төлөгчийг сольж өгөх хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй тул гомдол гаргасан. Улмаар гомдлыг хүлээн аваагүй тул эхний шаардлага болох 72 тогтоолоор төлбөр төлөгчийг солих гомдлыг хангахаас татгалзсан нь хууль зөрчсөн. Энэ нь хуулийн 35.3-т заасныг зөрчсөн. Бид хүсэлт болон гомдолдоо Захиргааны ерөнхий хуулийн 5.2, Банкны хуулийн 75.4-г заасны дагуу татан буугдсан банкны эрх хүлээн авагчийн эрх зүйн үр дагаврыг хариуцах талаар тайлбарласан. Захиргааны ерөнхий хуулиар нэг удаа байгуулагдсан байгууллагын эрх зүйн үр дагаврыг хариуцахаар заасан. Эрх хүлээн авагчийг Монгол банкны шийдвэрээр байгуулж, татан буулгадаг. 75.4-т албадлагын арга хэмжээ авсан нь хүчинтэй боловч үр дагаврыг хариуцахаар байгаа юм. Энэ талаар Монгол банканд удаа дараа хэлэхэд бид ******* банк биш гэсэн хариу өгдөг. Банк дампуураад 12 жил, эрүүгийн шийдвэр гарснаас хойш 8 жил хохирч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 8.2-т ажиллагаа явуулахаас зайлсхийх гэж байдаг. Хуульд Монгол банк хариуцахаар заасан байхад төлбөр төлөгчийг солиход бусад баримт шаардлагатай гэсэн. Энэ нь ажиллагаа явуулахаас татгалзсан акт гарсан юм. 2 дахь шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэдгээр явж байгаа. Эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд ханддаг. Нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөөр байгаа. Банк татан буулгасан асуудал дээр өр төлбөр барагдуулах дараалал тогтоогддог. Гэтэл нэхэмжлэгчийг дараалалд оруулаагүй байдаг. Шүүхийн шийтгэх тогтоол хадгаламж эзэмшигч мөн гэдгийг тогтоосон байдаг. Эрүү дээр гарсан нууцад холбоотой баримт энд байгаа боловч энд шийдвэр гүйцэтгэлд гаргаж өгч болохгүй байна. Үүнийг өмнө нь захиргааны шүүх дээр харьяалал биш гэж үзсэн байдаг. Захиргааны шүүх уг баримтыг бүрдүүлсэн байдаг. Банкны хуулиар хадгаламж эзэмшигчийн төлбөрийг тэргүүн ээлжид барагдуулах үүрэгтэй. Төр банкны үүргийг хүлээхгүй гэдэг нь өөр зохицуулалт юм. Монгол банк авлагыг нь авч байгаа боловч төлбөрийг нь төлөхгүй байна. Монгол банкнаас хяналт хийгдээгүйн улмаас арилжааны банкнууд дампуурдаг. Эрх хүлээн авагчийн тайлан нь хуульд заасан бусад бичиг баримтад хамаарна. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 5.2, Иргэний хуулийн 9.4.3, 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35.1, 35.3, 8.1.2. Банкны тухай хуучин хуульд хадгаламж эзэмшигчийн төлбөрийг тэргүүн ээлжид төлөхөөр заасан байсан боловч эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчийг дараалалд оруулаагүй. Эрх хүлээн авагчаас Монгол банканд гаргасан тайлан нь хуулийн 35.1-д заасан бусад бичиг баримтад хамаарна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.У нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Дийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Төлбөр авагч иргэн Ц.Дид ******* банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 3,446,159,752 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр магадлалыг хэвээр баталж шийдвэрлэснээр тогтоол хүчин төгөлдөр болсон. Энэхүү шийтгэх тогтоолд тус дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдэж манай байгууллагад ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаар тогтоол гаргаж төлбөр төлөгч ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг төлбөр төлөгч хүлээн авч, ******* банк ХК-ийн эрх хүлээн авагч С.Энхбатын гарын үсэгтэй 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 147 дугаар албан бичгээр төлбөр авагч иргэн Ц.Дид холбогдох шийдвэр гүйцэтгэлийн материалыг төлбөр төлөгчид ирүүлэхийг хүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002/ оны хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу татан буугдсан хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэх материалыг татан буулгах комисс буюу эрх хүлээн авагчид шилжүүлж байхаар хуульчилсан байсан тул хуульд заасны дагуу төлбөр төлөгчид хүргүүлж шийдвэрлэсэн. Гэвч ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/66 тоот тушаалаар төлбөр төлөгчийн үйл ажиллагааг татан буулгасны дараагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад татан буугдсан банкны актив хөрөнгө хүрэлцээгүй гэх үндэслэлээр иргэн Ц.Дид төлөх төлбөр төлөгдөөгүй гэх тайлбарыг албан бичгээр ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д шийдвэр гүйцэтгэгч эрх залгамжлагчаар томилох тухай шүүхийн шийдвэр, хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичгийг үндэслэн солино гэж заасан тул дээрх баримт бичиг гүйцэтгэх баримт бичигт авагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 72 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Хуулийн 35-д зааснаар холбогдох баримтыг үндэслэж эрх залгамжлагчаар тогтоодог. Энд шүүхийн шийдвэр байх ёстой. Бусад баримт гэдэгт шаардах эрх шилжүүлэх гэрээ зарим баримт хамаардаг. Иймд уг тогтоол үндэслэлтэй. 2 дахь шаардлага нь даалгалаа гэвэл ажиллагаа явуулахад хүндрэл учирна. Монгол банканд удаа дараа мэдэгдэл явуулахад үндэслэлгүй гэсэн хариу ирдэг. Хуулийн 29.1.8-д төлбөр төлөгч татан буугдсан бол гүйцэтгэх баримтыг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн байдаг. Иймд ******* нь хариуцагчаар оролцох үндэслэлгүй. Харин Монгол банкыг энэ үндэслэлээр хариуцагчаар татах боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ажиллагаа гүйцэтгэх үүрэгтэй. Ингэхдээ хуульд зааснаар ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч нь Монгол банкийг эрх залгамжлагчаар томилж өгөөч гэдэг. Манайх гомдлыг хангах үндэслэлгүй гэж хариу өгсөн. Хуулийн 35.1-д асуудлыг тодорхой заасан. Эрх үүргээ бусдад шилжүүлсэн нь тодорхой баримтаар тогтоогдох ёстой. Иймд нэхэмжлэгч нь үндэслэлгүй тайлбар гаргаж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Дийн нэхэмжлэлтэй, *******-т холбогдох хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол банкны зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Монгол улсын төв банк нь Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу арилжааны банкнуудын үйл ажиллагаанд хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тодруулбал: Банкны тухай хуулийн дагуу Банк байгуулах, үйл ажиллагаа явуулах болон холбогдох бусад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалтын үндсэн зарчмыг тогтоох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банк, банкны нэгдэлд албадлагын арга хэмжээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Монгол банк зохицуулагч байгууллагын хувьд цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон ******* банканд Банкны тухай (2010) хуулийн 58. 59, 62 дүгээр зүйлд заасны дагуу албадлагын арга хэмжээ авч Монгол банкнаас банкны эрх хүлээн авагчийг томилж. ******* банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг банкны эрх хүлээн авагчид / банкны хөрөнгийг захиран зарцуулж, төлбөрийг барагдуулах үүрэг бүхий этгээд/ шилжүүлсэн. Тодруулбал татан буугдсан банкны аливаа үүрэг, өр төлбөрийг Монгол банк хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Банкны эрх хүлээн авагч Монгол банк нь тусдаа байгууллага юм. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлал нь Э.******* нарын 15 хүний шүүгдэгчтэй ******* банкны албан тушаалтнуудын бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, банкны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгтэй холбоотойгоор явагдсан шүүх хуралдааны шийдвэр байдаг. Улмаар шүүх хуралдааны шийдвэрээр хохирогч Ц.Д нь ******* банкны албан тушаалтнуудын буруутай үйлдлээс хохирсон нь тогтоогдож банкны эрх хүлээн авагчаас хохирол барагдуулахаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Банкны эрх хүлээн авагчаас хохирол барагдуулахдаа Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн дагуу буюу ******* банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн зохицуулалтын дагуу ажиллах үүрэгтэй. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан Төлбөр барагдуулах дараалал'-ийн дагуу явагдаж "******* банк-ны нийт актив хөрөнгө дуусгавар болсон тул зарим нэхэмжлэгч нарын төлбөрийг барагдуулах боломжгүй болсон тухай тайлагнасан байдаг. Монгол банк нь ******* банк ХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн бусдад өгөх өр төлбөрийг төлөх үүргийг хууль, гэрээ шүүхийн шийдвэрээр хүлээгээгүй. Нэхэмжлэгч Ц.Дид төлбөр төлөх үүрэггүй бөгөөд, татан буугдсан банкны бусдад төлөх өр төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс Монгол банк эрх залгамжлан авах этгээд буюу төлбөр төлөгч биш байх тул нэхэмжлэгч Ц.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Монгол банк нь банкны салбарт зохицуулагч буюу хяналтын чиг үүрэг хэрэгжүүлдэг. Улмаар энэ эрхийн дагуу албадлага хэрэглэж эрх хүлээн авагч томилогдож, ажиллагааг зааварчилсан. Хуульд заасан дарааллын дагуу тухайн хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг төлөөд явж байсан. Нэхэмжлэгч нь анхнаасаа хадгаламж эзэмшигч гэсэн бүртгэлгүй бөгөөд сүүлд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дарааллын сүүлд бичигдсэн. Энэ үед актив дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн төлбөр төлөгдөлгүй банк татан буугдсан. Нэхэмжлэгч нь хуулийн 75.4-т хууль бус шийдвэр гээд Монгол банк хариуцах ёстой гэдэг нь захиргааны асуудал бөгөөд энэ хэрэгт хамааралгүй. Дарааллаа баримтлаагүй юм уу бусад журмаа зөрчсөн бол энэ хууль яригдана. Нэхэмжлэгч нь активаар төлбөр төлөх боломжтой байсан гэж байна. Монгол банк нь төрийг төлөөлж хяналтын чиг үүрэг хэрэгжүүлдэг. Хадгаламжид баталгаа гаргах хууль хэрэгжиж Монгол банк нь *******од зээл олгосон. Улмаар энэ нь хуульд заасан дарааллын дагуу явагдаж энэ зээл төлөгдсөн. Банк нь төрийн болон төр нь банкны үүргийг хүлээдэггүй. Банкны эрх хүлээн авагч болон Монгол банк нь тусдаа юм. Улмаар банкны үйл ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч нь эрх залгамжлагч томилох ёстой гэж байгаа боловч шийдвэр гүйцэтгэлд эрх залгамжлагч гэж яригдахгүй. Эрүүгийн хэрэгт хэн хохирол учруулсныг тодорхой заасан тул банкны тухайн үеийн удирдлагуудад хандах нь зүйтэй. Хуулийн 75 нь энд хамааралгүй юм. Монгол банк нь хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж, албадлагын арга хэмжээ авсан боловч үйл ажиллагаа хэвээн болоогүй тул татан буугдсан. Энэ хүнээс бусад зарим хүний эрхийг хамгаалж үлдсэн. Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс гадна бусад зарим этгээдүүдийн төлбөр актив дууссантай холбоотойгоор төлөгдөөгүй үлдсэн. Банк нь ашгийн төлөө л байгууллага юм гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монгол банкийг сольж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эрх залгамжлагч тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд төлбөр төлөгчийг солих боломжгүй гэж маргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол банк нь хуульд заасан эрх, үүргийн хүрээнд банкны эрх хүлээн авагчийг томилж, татан буулгасан, банкны эрх хүлээн авагч болон Монгол банк нь тусдаа субъект, Монгол банк хууль болон гэрээгээр татан буугдсан банкны бусдын өмнө хүлээх үүргийг хариуцах үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

******* банк ХК-ийн хувьд: Монгол банкны ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаар тушаалаар тус банкийг хуулийн этгээдийн хувьд албадан татан буулгаж, банкийг албадан татан буулгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэхийг банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд даалгажээ. Улмаар банкны эрх хүлээн авагчаас 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг дуусгавар болгох тухай 700 дугаар албан тоотыг, холбогдох тайлангийн хамт Монгол банканд хүргүүлсэн байна. /хэргийн 19, 26-30 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Сангийн яамнаас төлбөр гаргуулж, Ц.Дид олгохоор шийдвэрлэсэн бол Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалаар дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 3,446,159,752 төгрөг гаргуулж, Ц.Дид олгохоор шийдвэрлэжээ. /32-101 дүгээр тал/

Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 287 дугаар магадлалд Баянзүрх дүүргийн шүүх 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21 дугаар гүйцэтгэх хуудас бичиж, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 88 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарсан байна. /хэргийн 13-14 дүгээр тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 153/81 дүгээр шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид хүргүүлсний дагуу банкны эрх хүлээн авагч нь мөн оны 02 дугаар сарын 14-ний өдөр 147 дугаар албан тоотоор Ц.Дид холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлэх тухай хүсэлт гаргажээ. /хэргийн 15-16 дугаар тал/

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/3162 дугаар албан тоот, шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаах тухай 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 320 дугаар тогтоолоор холбогдох гүйцэтгэх баримт бичгийг ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн байна. /хэргийн 17-18 дугаар тал/

Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-н 63 дугаар зүйлийн 63.1-д нийцсэн.

 

******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын тайланд банкны актив хөрөнгө дуусгавар болсон тул нэхэмжлэгч нарын төлбөрийг барагдуулах боломжгүй болсон гэх үндэслэлээр Ц.Д нарийн асуудлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албан тоот хүргүүлсэн талаар дурджээ.

Үүний дагуу Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 дугаар тушаалаар ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн тайланг баталж, банкны эрх хүлээн авах ажиллагааг мөн өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон байна. /хэргийн 23 дугаар тал/

******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 709 дугаар албан тоотыг хүргүүлсэн. Энэхүү албан тоотод Ц.Дид холбогдох гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан бөгөөд тус банкны актив хөрөнгө хүрэлцэхгүй болсон гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх боломжгүй болсон талаар дурдсан байна. /хэргийн 103 дугаар тал/

Үүний дараа шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төлбөр авагчийн төлөөлөгчийн зүгээс Монгол банканд ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлбөрийг төлөх талаар мэдэгдэж байсан бөгөөд Монгол банк нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б-10/304 дугаар, мөн оны 05 дугаар сарын 04-ний өдөр А-10/549 дүгээр, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б-10/772 дугаар албан тоотоор төлбөр барагдуулах үндэслэлгүй бөгөөд дахин төлбөрийн шаардлага гаргахгүй байх талаар мэдэгджээ. /хэргийн 20, 21, 24, 105-106 дугаар тал/

 

Улмаар төлбөр авагч буюу энэ хэргийн нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгчийг татан буулгасантай холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгчийг эрх залгамжлагчаар солих тухай хүсэлтийг хуульд зааснаар хянан шийдвэрлээгүй гэж гомдол гаргасан. /хэргийн 107 дугаар тал/ Уг гомдлын дагуу хүсэлтийг хянаад мөн оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 72 дугаар тогтоол гарчээ. /хэргийн 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь төлбөр төлөгчийг эрх залгамжлагчаар солих болон энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар банкны эрх залгамжлагчийг томилж, татан буулгасан этгээд нь эрх зүйн үр дагаврыг хариуцах тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар төлбөр төлөгчийг Монгол банкаар солих ёстой байсан гэж тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д төлбөр төлөгчийг эрх залгамжлагчаар сольж болох талаар заасан бол харин 35.3-т хэрхэн солих үндэслэлийг зохицуулсан байна. Хуулийн энэхүү зохицуулалт нь эрх залгамжлагчаар тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл шаардах эрх шилжсэн, өв залгамжлагчаар тогтоосон зэрэг бусад баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн байхыг шаардаж байна.

 

Гэвч эрх залгамжлагчаар тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл шаардах эрх шилжсэн, өв залгамжлагчаар тогтоосон зэрэг бусад баримт бичиг гараагүй байх тул төлбөр төлөгчийг эрх залгамжлагчаар буюу Монгол банкаар солих боломжгүй гэж дүгнэсэн дээрх 72 дугаар тогтоол хууль зүйн хувьд үндэслэлтэй болжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлд Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-т зааснаар Монгол банк хохирлыг хариуцах ёстой гэж маргасан. Банкны тухай хуулийн дээрх заалтаар Монгол банкнаас авсан албадлагын арга хэмжээний улмаас хохирол учир болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон бол хохирол гаргуулах асуудлыг шийдвэрлэхээр заажээ. Гэвч нэхэмжлэгч нь Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн албадлагын арга хэмжээнээс болж учирсан гэх хохирлын талаар шаардлага бүхий нэхэмжлэлийг зохих этгээдэд холбогдуулан шүүхэд гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийг томилж, татан буулгасан этгээд нь эрх зүйн үр дагаврыг хариуцна гэж тайлбарласан. Гэвч дээрхийн адил банкны эрх хүлээн авагчийг томилж, татан буулгасны улмаас хохирол учирсан талаар нэхэмжлэл гаргаагүй, эрх залгамжлагчаар тогтоолгох асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад ******* нь төлбөр төлөгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар шууд солих боломжгүй.

 

Эдгээрээс үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн тайлбар болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас зайлсхийсэн гэж үзэхгүй.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь Монгол банкны үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой, өөрөөр хэлбэл, арилжааны банканд хяналт, шалгалт дутуу тавьсан, татан буугдсан банкны төлбөр барагдуулах дарааллыг буруу тогтоосон зэрэг үндэслэл гаргасан боловч энэ нь энэ хэргийн хариуцагч *******т хамааралгүй бөгөөд энэ талаар Монгол банканд холбогдуулан бие даасан нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоол үндэслэл бүхий байх тул төлбөр төлөгчийг Монгол банкаар сольж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй.

 

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийг солих хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7-д зааснаар дээрх 72 дугаар тогтоолыг хүчингүй болгож, төлбөр төлөгчийг сольж, ажиллагаа явуулахыг хариуцагч *******т даалгах боломжгүй.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч нь өөрт учирсан гэх хохирлын талаар төлбөр төлөгчийн эрх залгамжлагчийг тогтоолгох, эсхүл Монгол банкны үйл ажиллагаатай холбоотойгоор хохирол учирсан гэж үзвэл жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3, 35.3.1, 35.3.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ******* банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монгол банкийг сольж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД