Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 19

 

                                                        Б.Б-д холбогдох эрүүгийн 

                                                                 хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                                             Прокурор                                                       С.Б

                                             Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Ц.Б

                                             Шүүгдэгч                                                        Б.Б

                                             Нарийн бичгийн дарга                                  М.Э нарыг оролцуулан

           Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж, шүүгч Х.О, шүүгч Ж.О нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох 1912003390175 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн Бумбатын ам хорооллын 1-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, У овгийн Б.Б 

              Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг Мод толгой хорооллын 02-10 тоот байшинд Э.Б-ийг зодож, алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

             Архангай аймгийн Прокурорын газраас Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

              Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч У овогт Б.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хос пүүз 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн нэхэмжлэлээс 3.313.200 /гурван сая гурван зуун арван гурван мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэлэлцэхгүй орхисон 4.713.500 /дөрвөн сая долоон зуун арван гурван мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Б-ы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор  хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

             Шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн Мод толгой хороололд буюу иргэн М.Б-ын хашаанд 07 цаг өнгөрч байхад бие засахаар ороход Батмөнх газар толгойгоороо хураасан, гэрийн шал болон шонгийн модны завсар унасан хэвтэж байхад нь байшинд чирж оруулсан. Намайг Б-ийг байшингийн үүдээр оруулахад Б нь цээжин хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхэд миний уур маш их хүрч, түүнийг 2 удаа өшиглөсөн. Гэтэл М.Б орж ирсэн. Тэгээд би гэр рүүгээ харьсан. Би 2010 онд мотоцикльтой явж байгаад осолд орж, 3 сар шахам ухаангүй хэвтэрт эмчлүүлж, тархины маш хүнд хагалгаанд орсон. Одоо миний баруун духны дээд цөмөрхий ясгүй байгаа. Би энэ осолд орсоноос хойш байнга унаж татаж, маш их мартамхай болж, яасан нь мэдэгдэхгүй үе үе уур хүрч эмчилгээ хийлгэдэг болсон. 2010 оноос хойш байнгын мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том охин минь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид, бага охин одоо 6 дугаар ангид сурдаг. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирогчийн ар гэрээс нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан. Цагдан хоригдсоноос хойш байнга толгой өвдөж, даралтны эм хэрэглэж, эмчилгээ хийлгэж байна. Миний биеийн эрүүл мэнд, хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогчийн мөнгийг төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ. 

             Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 8  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгчийн зүгээс өвчний учраас ялаа багасгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгаа юм байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд ял хөнгөрүүлэх талаар заасан байдаг. Үүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж болохоор заасан байдаг. Б.Б-ы хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрдөггүй. Тэрээр талийгаачийг нэг удаа өшиглөсөн гэж мэдүүлж ирсэн. Хохирогчийн хувьд толгойдоо хүнд гэмтэл авсан бөгөөд цээжин хэсэгт нь олон хавирга хугарсан байдаг. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг дүгнээд үзэхэд нэг удаагийн цохилтоор биш, харин олон удаагийн цохилтын улмаас талийгаач нас барсан байна. Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдоогүй. Хохирол төлбөрийн хувьд Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй уулзаж уучлалт гуйгаагүй бөгөөд хохирол төлбөр төлөөгүй байдаг. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хүний амь насыг нөхөн төлөх боломжгүй байдаг. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ууртай, бусадтай харилцах чадвар муутай тул түүнийг нийгмээс тусгаарлах нь ялын зорилгод нийцнэ гэж бодож байна. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцлийг хангахгүй байх тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэл тохироогүй бөгөөд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн байж магадгүй гэж хэлж байна. Харин хэрэгт энэ нөхцөл байдал харагддаггүй. Шүүгдэгчийн хувьд талийгаачийг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэрч н.Б-ын хувьд шүүгдэгчийг талийгаачийг дахин зодох гэж  байхад нь салгасан талаар мэдүүлдэг. Талийгаачийн биед олон тооны гэмтэл учирсан байсан бөгөөд шүүгдэгчийн хувьд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь шүүгдэгчийн хувьд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдсан гэж үзэхэд тэрээр ганц нэг удаагийн үйлдэл хийсний дараа үйлдлийнхээ үр дагаврыг ойлгоод зогсоох боложтой байсан. Тэгэхээр Б.Б-д холбогдох зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Б.Б-ы гаргасан гомдлыг дэмжиж байна. Тухайн хэрэг үйлдэгдэх үед  талийгаач Э.Батмөнх, Б.Б нар байсан байдаг. Харин н.Б-ын хувьд тухайн үйл явдал болох үед байгаагүй байдаг. Э.Б-ийг гадаа хэвтэж байхад нь Б.Б байшин руу чирж оруулахад Э.Б уурлаад шүүгдэгчийг хоёр удаа өшиглөсөн гэдэг юм. Тэгэхэд нь Б.Б уурлаад зөрүүлээд хоёр удаа өшиглөөд байж байхад нь н.Б орж ирээд салгасан байдаг юм. Хэрэв талийгаач нь шүүгдэгчийг эхлээд өшиглөсөн бол шүүгдэгч Б.Б-ыг ямар хүн бэ гэдгийг болон зүйлчлэлийн асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй юм. Шүүхээс Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд өөрт холбогдох хэргийн ялыг багасгуулахаар гомдол гаргасан тул өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг дэмжиж байна. Б.Б нь 2010 онд зам тээврийн осолд орсон бөгөөд түүнээс хойш шинж тэмдгийн уналт таталтын  эмгэгтэй болсон байдаг. Энэ эмгэг нь өөрөө сэтгэцийн өвчин юм. Түүнийг ийм эмгэг өвчтэй гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Уг дүгнэлтэд Б.Б-ы сэтгэцийн эмгэг өвчин нь хөдөлсөн үедээ өөртөө болон бусдад аюул учруулж болох талаар тодорхой заасан байна. Хэрэв тухайн үед Б.Б-ы сэтгэцийн өвчин хөдөлсний улмаас тухайн хэргийг үйлдсэн бол зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэгт  хамаарч болох юм. Б.Б нь хүнд цохиулаад зөвхөн уурлах биш, тэрээр тархиндаа хүнд хагалгаа хийлгэсэнээс хойш байнгын уур уцаартай болсон талаар гэрч нар мэдүүлдэг. Б.Б-ы хувьд байлдаантай кино хүртэл үзэхийг хориглосон байдаг. Б.Б-ы толгойн баруун талын 6.8 см өргөн хэмжээтэй хэсэг нь ясгүй байдаг. Түүний өрөөсөн нүд нь юм хардаггүй бөгөөд хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа юм. Б.Б-ы хувьд талийгаачийг өшиглөсөн үйлдэл дээрээ маргадаггүй. Б.Б нь хэрэг үйлдсэнээс хойш маш олон удаа унаж татсан бөгөөд эмчилгээ хийлгэсэн байдаг. Б.Б-ы хувьд талийгаачийг 2 удаа өшиглөсөн гэдгээ мэдүүлдэг бөгөөд энэ нь шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа асуудал гэж ойлгож байна. Одоо шүүгдэгчийн хувьд хүний амь нас хохироосон гэдэг дээр маргахгүй байгаа. Мөн шүүгдэгчийн хувьд хохирогч талд учирсан эд материалын хохирлыг нөхөн төлсөн. Тэгэхээр Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх зүйл ангийг хэрэглэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тэр тусмаа шүүгдэгчийн өөрийнх нь хувийн байдлыг харгалзан үзэх ёстой гэж бодож байна. Өмгөөлөгчийн хувьд Б.Б-д холбогдох хэргийн зүйл ангийг өөрчлөх боломжтой эсэхийг хянаж, хэрэв зүйл ангийг өөрчлөх боломжгүй тохиолдолд Б.Б-ы гаргасан гомдлын дагуу түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

              Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг Мод толгой хорооллын 02-10 тоот байшинд Э.Б-ийг зодож, алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Б.Б-ы хүнийг алсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

           Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

            Харин шүүгдэгч Б.Б-ы хүнийг алсан гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шийтгэх тогтоолоор тогтоосон хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           Иймд шүүгдэгч Б.Б-ы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь үндэслэлтэй байна. 

            Прокурор...Б.Б-ы хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрдөггүй, хохирол төлбөрийн хувьд Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй уулзаж уучлалт гуйгаагүй бөгөөд хохирол төлбөр төлөөгүй, шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцлийг хангахгүй байх тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч мэдүүлэг өгч эхэлсэн цаг хугацаанаас эхлэн хохирогчийг хоёр удаа өшиглөсөн талаар мэдүүлдэг ба шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй зүйл байдаггүй тул түүнийг гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэх боломжгүй.

             Мөн шүүгдэгч анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцож, тогтоосон бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч...хэрэв тухайн үед Б.Б-ы сэтгэцийн өвчин хөдөлсний улмаас тухайн хэргийг үйлдсэн бол зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэгт  хамаарч болох юм гэж өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй юм.

              Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч нь шүүгдэгч Б.Б болон ойр дотны хүний эсрэг  хууль бус ажиллагаа явуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

             Шүүгдэгч Б.Б нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд 36 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний  ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                    

                                                        ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын “8 /найм/” гэснийг “6 /зургаа/” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.ДАВААСҮРЭН

      ШҮҮГЧИД                                Д.БЯМБАСҮРЭН

                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ