Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба

хохирогч Өлзийбаатарын өмгөөлөгч С.Сувдмаа

шүүгдэгч Ц.Маньдирбайдыгийн өмгөөлөгч Н.Баяр, Ж.Майзориг

шүүгдэгч Г.Ганболдын өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв

шүүгдэгч М.Манлайбаатарын өмгөөлөгч Д.Даваа

шүүгдэгч Г.Ганболд, М.Манлайбаатар, Ц.Маньдирбайды нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ойдов овогт Ганбаатарын Ганболд, Пунцаг овогт Мөнхтөрийн Манлайбаатар, Рэнхүү овогт Цэрэндоржийн Маньдирбайды нарт холбогдох 201619000607 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Бүрэн сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ойдов овогт Ганбаатарын Ганболд, /РД:НК91112311/

 

            Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Бүрэн сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Пунцаг овогт Мөнхтөрийн Манлайбаатар, /РД:НК89081714/

 

            Монгол улсын иргэн 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Бүрэн сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Рэнхүү овогт Цэрэндоржийн Маньдирбайды, /РД:НК91020810/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Ганболд, М.Манлайбаатар, Ц.Маньдирбайды нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 02 цагийн орчим Төв аймгийн Бүрэн сумын Цавчир 5 дугаар багийн нутагт нутаглаж байсан хохирогч Б.Өлзийбаатарыг гэрт нь хохирогчийн зүй бус харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ц.Маньдирбайды шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Өлзийбаатарыг заамдан авсан, зодож гэмтээгээгүй. Өлзийбаатар өөрөө л надад агсам тавьсан гэв. 

 

Шүүгдэгч Г.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Өлзийбаатар, Маньдирбайды нарыг муудалцахаар нь салгасан. Өлзийбаатарыг доошоо тонгойхоор нь  толгоны дагз хэсэгт 1 нэг удаа цохисон. Өлзийбаатарын биед гэмтэл учруулахаар цохиогүй гэв.  

Шүүгдэгч М.Манлайбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хохирогч Өлзийбаатарын биед гэмтэл учруулах хэмжээний зодож, цохисон зүйл байхгүй.  Хохирогч Өлзийбаатар зодоон болсны дараагаар Маньдирбайдыг “чи миний нүд рүү цохичихлоо, би баруун хойшоо гарч аавынхаа өшөөг авах гэж баруун хойшоо нүүж гарахдаа хүнд зодуулаагүй байж энд ирээд чамд зодуулчихлаа” гэж хэлж байсан гэв.

Төв аймгийн Цагдаагийн газарт Б.Өлзийбаатараас гаргасан: Г.Ганболд, Ц.Маньдирбайды, М.Манлайбаатар нарт зодуулсан гэх гомдол .../хх-ийнн 2 дугаар хуудас

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11414 тоот дүгнэлт: Б.Өлзийбаатарын биед тархи доргилт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун нүдний алиманд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1211 дүгнэлт: Шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан 11414 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тархины цахилгаан бичлэг болон 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдрэлийн эмчийн үзлэг оношинд эпилепсийн уналт оношлогдсон байх ба 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн толгойны КТГ-ын шинжилгээ мөн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн MRI шинжилгээнүүдэд тархины эдэд голомтот гэмтлийн өөрчлөлт илрээгүй тул дээрх гэмтэл нь эпилепсийн уналтад хүрэхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

Хохирогч Б.Өлзийбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 13-ны Сугар, Ганпүрэв бид 3 Манлайбаатарыг гэр барьснаас хойш очоогүй гээд Ганпүрэвийн машинтай гэрт нь очсон юм. Гэрт нь очтол Манлайбаатар байгаагүй, харин эхнэр Ундрахбаяр хүүхэдтэйгээ байсан. Бид нар айраг уугаад сууж байтал Манлайбаатар 23 цагийн үед ирээд араас нь Ганболд, Маньдирбайды нар ирээд архи, айраг уусан. Сугар, Ганпүрэв нарын өгсөн 0.75 литрийн Тайга намар нэртэй архийг нэмж уугаад архи, айраг ууж дуусаад 02 цагийн үед манай гэрт очиж мах идэхээр болоод Маньдирбайды, Ганболд, Манлайбаатар нар мотоцикльтэй сундлаад манай гэр рүү явж, араас нь Ганболд, Сугар бид 3 машинтай явж гэртээ ирсэн. Гэртээ ирээд хонины мах чанасан байхаар нь махаа гаргаж өгөөд мах идэж байгаад Маньдирбайды бид 2 маргалдсан, би Маньдирбайдыд манай эхнэр төрчихсөн байхад яагаад орж ирэхгүй, хаяагаар давхиад байгаа юм гэж хэлтэл Маньдирбайды эхнэрээ ирэхээр хамт орж ирнэ гэж хэлсэн. Би Маньдирбайдытай барилдвал унагана, гэхэд Маньдирбайды өмнө нь би чамд унадаг байсан бол одоо барилдаад унахгүй, чамайг унагана гээд  намайг сууж байхад зүүн гараараа миний баруун хацар руу алгадаад босч ирэхээр нь би дээлнийх нь энгэрээс заамдсан. Маньдирбайды намайг түлхээд баруун орон дээр хэвтэж байсан, Сугарын дээрээс дарж унасан чинь Сугар босоод ирсэн. Гэтэл Ганпүрэв гэрийн зүүн талаас ирээд Маньдирбайды бид хоёрыг салгах гээд байж байтал Ганболд гэрийн зүүн талаас босч ирээд миний зүүн эрүү рүү 1 удаа толгой чамархай хэсэгт  цохисон, Манлайбаатар баруун талаас ирээд миний баруун нүд рүү баруун гараараа цохисон. Тэгтэл манай эхнэр ирээд Ганпүрэвийн хамт Маньдирбайды бид 2-ыг салгаж намайг баруун орон дээр суулгасан. Манай эхнэр Цэндсүрэн ярихдаа чамайг Маньдирбайдытай заамдалцаж байхад Ганболд 2-3 удаа цохисон, тэгтэл хүүхэд уйлж байхаар нь хүүхэд дээрээ очтол Манлайбаатар мах идэж байсан газраасаа босч ирээд чамайг цохиж байгаа харагдсан. Манай аавтай маргалдаж байсан асуудлаас болж намайг цохисон байх гэж бодсон. Би Маньдирбайды, Манлайбаатар, Ганболд нарт гомдолтой байна. Маньдирбайды анх хэрүүл хийж, зодоон үүсгэсэн, харин Ганболд, Манлайбаатар нар эцгийг хүртэл зодоод, дараа нь намайг зодож байгаад гомдолтой байна. Хохиролд гарсан зардлаа нэхэмжилнэ....гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Энхжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 02 цагийн үед гэртээ дүү нартайгаа унтаж байхад Өлзийбаатар ахын гэрт Манлайбаатар, Маньдирбайды, Ганболд нар дуу дуулаад мотоцикльтой ирсэн. Араас нь машинтай хүмүүс ирсэн. Удалгүй Өлзийбаатар ахын гэрт нь ортол нэг нэгнийгээ салгаад гэрээс гарах гэсэн хүмүүс ноцолдож байсан. Маньдирбайды Өлзийбаатар ахыг цохичихлоо гэж Цэндсүрэн эгч хашгирсан. Тэгэхээр нь би Маньдирбайдыг барьж аваад чи яах гээд манай ахыг зодож байгаа юм бэ гэхэд Маньдирбайды ах нь юу гэж зодож байх юм, ахыг нь зодоогүй яасан гэж асуугаад байж байхад Ганболд гэрийн зүүн талаас Өлзийбаатар ах руу чиглэлтэй дайрахаар нь Ганболдыг барьж аваад гэрээс чирч гаргаад манай ахыг алах гэж байна уу гэж асуухад алсан ч яадаг юм гэхээр нь чи тэгвэл намайг алчих гээд өөдөөс нь заамдаад дайрсан чинь Ганболд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Ганболдыг нэг хүн араас нь татаад авсан. Б.Өлзийбаатар ахыг эмнэлэгт хүргээд явах замд Ганпүрэв хэн зодсоныг би мэдэж байна Манлай гэж хэлээд дуугүй болчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 дугаар хуудас/

 

Гэрч Н.Цэндсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн үед манай гэрт Манлайбаатар, Ганболд нар мотоцикльтой ирсэн, араас нь Сугар, Маньдирбайды нар Ганпүрэвийн Приус маркийн машинтай ирж, тухайн үед би 3 хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэд нар гэрт орж ирээд хонины боодог, чанасан толгой идээд сууж байхад Өлзийбаатар гэрийнхээ өрхийг татаж орж ирээд ширээний хойд талд суугаад Маньдирбайдытай эхлээд адуу мал ярьж байсан, дараа нь манайхаар орж ирэхгүй хаяагаар яваад байх юм гээд Маньдирбайды эхнэр хүүхдээ аваад танайхаар оръё, төрсөн хүн дээр яаж хоосон орох юм гээд яваад байсан юм гэж хэлсэн. Би хүүхэд хуурайлах гээд буруу харчихсан байж байтал Маньдирбайды, Өлзийбаатар хоёр барьцалдаж аваад баруун ор руу явсан. Тэгтэл Ганпүрэв салгахаар голоор нь очтол Ганболд очоод Өлзийбаатарын шанаа хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Өлзийбаатар, Маньдирбайды хоёр салахгүй зууралдаад Ганпүрэв голд нь салгах гээд зогсож байсан чинь Манлайбаатар босож ирээд эхлээд Сугарын нүүр рүү эр хүмүүс учир, зүйгээ олно биз гээд гараараа 1 удаа цохисон. Тэгэхэд би Сугарыг Манлайбаатараас салгаад эргээд хартал Манлайбаатар Өлзийбаатар дээр очоод толгой рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Бүгд зууралдаад хэн нь хэнийгээ салгах гээд байгаа нь мэдэгдэхгүй зууралдаад байсан. Би нөхрөө гарнаас нь татааад Маньдирбайдыгаас салгаад ор руу суулгасан чинь баруун хөмсөгний дээд талаас цус гоожиж байсан. Өлзийбаатар, Маньдирбайды 2 зууралдаад байж байхад Ганболд, Манлайбаатар 2 Өлзийбаатарыг цохисон. Эхлээд Маньдирбайды баруун гараараа шанаа руу нь түлхсэн, тэрнээс болоод зууралдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 136-140 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Золжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 14-ний шөнө амарч байхад Өлзийбаатар залгахаар нь утсаа автал түүний эхнэр Цэндсүрэн яриад Өлзийбаатар хутгалуулчихлаа, гэрээс Сугар, Ганпзрэв нар аваад гарсан, одоо очих байх гэж хэлсэн. Би гэртээ байж байтал Сугар над руу яриад эмнэлэг дээр хүрээд ирээч, гэхээр нь би намайг ирээд авчих гэж хэлээд Сугар намайг ирж аваад эмнэлэгт очиход Өлзийбаатар эмнэлэгийн хүлээн авахын орон дээр сууж байхаар нь үзлэг хийхэд баруун нүднийх нь дээд, доод зовхи зүсэгдсэн, цус гарсан шархтай байсан. Цусыг нь цэвэрлэж нүдийг үзэхэд баруун нүдний дээд, доод зовхинд 3 хэсэг газарт хэмжээ нь ижилхэн 2 см урттай зүсэгдсэн гэмээр шарх байсан. Шарханд оёдол тавиад явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 143 дугаар хуудас/

 

Гэрч Г.Сумъяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Маньдирбайды 2016 оны 10 дугаар сарын үед манай ажил дээр орж ирээд Өлзийбаатарын хохиролд 500.000 төгрөг өгсөн талаар ярьсан. Маньдирбайды зээл аваад гарахдаа надад энэ талаар ярьсан, би яаж яваа талаар асуухад хэрэгт холбогдоод Бархасын хүүд 500.000 төгрөг өгсөн талаар ярьсан. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 141 дүгээр хуудас/

 

Гэрч М.Ганпүрэв мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Сумын төвөөс Өлзийбаатарынх руу явж байхдаа хэргийн талаар л яриад явсан. Би Манлайбаатар мах идэж байгаад боссон, хэрэв Өлзийбаатарыг хутгалсан бол хутга нь Манлайбаатарын гарт байх байсан талаар ярисан. Өлзийбаатар, Маньдирбайды нар хоорондоо барилцаж, заамдалцаж, хоёулаа хоёр гараараа ээлжлээд хоёр биенээ 2-3 удаа цохисон, бас хөлөөрөө бие биенээхээ хөл рүү өшиглөөд байсан. Би салгах гээд голоор нь ороход салахгүй, дийлэхгүй байхад Ганболд ирээд Өлзийбаатарыг баруун орны өмнө тонгойчихсон байхад нь миний баруун гарын суган доогуур Ганболд Өлзийбаатарын толгойн дагз хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тэгээд Манлайбаатар босч ирээд миний цамцны ар захан дээрээс татаад Сугарын зүүн хацар руу 1 удаа цохиж байсан. Би гэр рүү явлаа гэж хэлээд гарчихаад буцаад орж иртэл Өлзийбаатарын хөмсөгнөөс цус гарчихсан эхнэр нь хутгалчихсан гээд бөөн юм болоод байхаар нь би гэрээс нь гарсан. Ганболд, Манлайбаатар 2 Өлзийбаатар, Маньдирбайды 2-ыг зодолдуулах гээд байсан. Хэргийн дараа маргааш нь Маньдирбайдытай ахын хашааны үүдэнд таарахад Маньдирбайды би л Өлзийбаатарыг цохисон юм шиг байна, хутга барьсан хүн байгаагүй, цохисон байх гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 150 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ганболд, М.Манлайбаатар, Ц.Маньдирбайды нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2016 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 02 цагийн орчим Төв аймгийн Бүрэн сумын Цавчир 5 дугаар багийн нутагт нутаглаж байсан хохирогч Б.Өлзийбаатарыг гэрт түүний зүй бус харилцааны улмаас бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Өлзийбаатарын.... “гэртээ ирээд хонины мах чанасан байхаар нь махаа гаргаж өгөөд мах идэж байгаад Маньдирбайды бид 2 маргалдсан, би Маньдирбайдыд манай эхнэр төрчихсөн байхад яагаад орж ирэхгүй, хаяагаар давхиад байгаа юм гэж хэлтэл Маньдирбайды эхнэрээ ирэхээр хамт орж ирнэ гэж хэлсэн. Би Маньдирбайдытай барилдвал унагана, гэхэд Маньдирбайды өмнө нь би чамд унадаг байсан бол одоо барилдаад унахгүй, чамайг унагана гээд  намайг сууж байхад зүүн гараараа миний баруун хацар руу алгадаад босч ирэхээр нь би дээлнийх нь энгэрээс заамдсан. Тэгтэл Маньдирбайды намайг түлхээд баруун орон дээр хэвтэж байсан. Сугарын дээрээс дарж унасан чинь Сугар босоод ирсэн. Ганпүрэв гэрийн зүүн талаас ирээд Маньдирбайды бид хоёрыг салгах гээд байж байтал Ганболд гэрийн зүүн талаас босч ирээд миний зүүн эрүү рүү 1 удаа толгой чамархай хэсэгт  цохисон, Манлайбаатар баруун талаас ирээд миний баруун нүд рүү баруун гараараа цохисон”...гэх мэдүүлэг /хх-ийн 123-124/,

гэрч Б.Золжаргалын... Өлзийбаатар эмнэлэгийн хүлээн авахын орон дээр сууж байхаар нь үзлэг хийхэд баруун нүднийх нь дээд, доод зовхи зүсэгдсэн, цус гарсан шархтай байсан. Цусыг нь цэвэрлэж нүдийг үзэхэд баруун нүдний дээд, доод зовхинд 3 хэсэг газарт хэмжээ нь ижилхэн 2 см урттай зүсэгдсэн гэмээр шарх байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 143/,

гэрч М.Ганпүрэвийн.... “Өлзийбаатар, Маньдирбайды нар хоорондоо барилцаж, заамдалцаж, хоёулаа хоёр гараараа ээлжлээд хоёр биенээ 2-3 удаа цохисон, бас хөлөөрөө бие биенээхээ хөл рүү өшиглөөд байсан. Би салгах гээд голоор нь ороход салахгүй, дийлэхгүй байхад Ганболд ирээд Өлзийбаатарыг баруун орны өмнө тонгойчихсон байхад нь миний баруун гарын суган доогуур Ганболд Өлзийбаатарын толгойн дагз хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тэгээд Манлайбаатар босч ирээд миний цамцны ар захан дээрээс татаад Сугарын зүүн хацар руу 1 удаа цохиж байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 150/,

гэрч Б.Энхжаргалын.... “Удалгүй Өлзийбаатар ахын гэрт нь ортол нэг нэгнийгээ салгаад гэрээс гарах гэсэн хүмүүс ноцолдож байсан тэр дунд Маньдирбайды Өлзийбаатар ахыг цохичихлоо гэж Цэндсүрэн эгч хашгирсан. Тэгэхээр нь би Маньдирбайдыг барьж аваад чи яах гээд манай ахыг зодож байгаа юм бэ гэхэд Маньдирбайды ах нь юу гэж зодож байх юм, ахыг нь зодоогүй яасан гэж асуугаад байж байхад Ганболд гэрийн зүүн талаас Өлзийбаатар ах руу чиглэлтэй дайрахаар нь Ганболдыг барьж аваад гэрээс чирч гаргаад манай ахыг алах гэж байна уу гэж асуухад алсан ч яадаг юм гэхээр нь чи тэгвэл намайг алчих гээд өөдөөс нь заамдаад дайрсан чинь Ганболд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон”...гэх мэдүүлэг /хх-ийн 129-130/,

гэрч Н.Цэндсүрэнгийн.... “Ганпүрэв салгахаар голоор нь очтол Ганболд очоод Өлзийбаатарын шанаа хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Өлзийбаатар, Маньдирбайды хоёр салахгүй зууралдаад Ганпүрэв голд нь салгах гээд зогсож байсан чинь Манлайбаатар босож ирээд эхлээд Сугарын нүүр рүү эр хүмүүс учир, зүйгээ олно биз гээд гараараа 1 удаа цохисон. Тэгэхэд би Сугарыг Манлайбаатараас салгаад эргээд хартал Манлайбаатар Өлзийбаатар дээр очоод толгой рүү нь гараараа 2-3 удаа цохисон”...гэх мэдүүлэг /хх-ийн 136-140/, шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11414 тоот дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1211 дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл ангиар Г.Ганболд, М.Манлайбаатар, Ц.Маньдирбайды нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  

Шүүгдэгч Г.Ганболд, М.Манлайбаатар, Ц.Маньдирбайды нарын үйлдсэн гэмт хэрэг нь бүлэглэж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь ирээгүй, шүүгдэгч М.Манлайбаатарын эзэмшлийн 0225 ТӨВ улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, мөн шүүгдэгч Г.Ганболдын эзэмшлийн Даюун маркийн мотоцикль зэргийг битүүмжилсэн, мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгох, шүүгдэгч Г.Ганболд, Манлайбаатар, Ц.Маньдирбайды нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар:

            Шүүгдэгч нар хавтаст хэрэгт хохирогчийн нэхэмжилсэн 2.277.900  төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэг эхлэхэд шүүхэд гаргаж  өгсөн 1.194.000 төгрөгний хохирлын нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй, давхардсан 294.000 төгрөгний нэхэмжлэлийг хохирогчийн өмгөөлөгч хасаж, өмгөөлөгчийн  хөлс 500.000 төгрөгний эмчилгээний зардал, унааны зардал 400.000 төгрөг бүгд 900.000 төгрөг нэхэмжилснээс өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсний талаар заасан байх тул шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож үлдсэн 400.000 төгрөгний хохирлыг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны мэтгэлцээний үед шүүгдэгч М.Манлайбаатарын өмгөөлөгч Д.Даваа болон шүүгдэгч М.Манлайбаатар нар нь энэ хэрэгт оролцоогүй, цохиж, зодсон үйлдэлгүй, энэ талаар нотлогдоогүй, хохирогч  болон хохирогчийн эхнэр Н.Цэндсүрэн гэр бүлийн хүнийхээ талд ашигтай мэдүүлэг өгсөн байх боломжтой. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?

            Шүүгдэгч Ц.Маньдирбайдыгийн өмгөөлөгч Н.Баяр, Ж.Майзориг нар нь Маньдирбайды хохирогч 2 харилцан заамдалцаж, Маньдирбайды хохирогчийн хацрыг  1 удаа зөөлөн түлхсэн нь үнэн боловч энэ үйлдэл нь бусадтай бүлэглээгүй, хохирогчид гэмтэл учруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү?

            Шүүгдэгч Г.Ганболдын өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв нь хохирогч мөнгө авах санаа зорилгоор шүүгдэгч нарыг нэр заан үйлдлийг тодорхой мэдүүлж байж болох эргэлзээ төрж байна. Б.Өлзийбаатар болсон үйлдлийг мэдэхээргүй согтсон байсан учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү? гэсэн  хүсэлт, дүгнэлтүүдийг хүлээж авах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            Учир нь: Хохирогч Б.Өлзийбаатарын...”эхлээд Маньдирбайдытай маргалдаж барилцаж авсан байхад Ганболд толгой руу хүчтэй цохисон, Манлайбаатарын гар толгойд хүрэхэд баруун нүд ширвэс хийгээд баруун нүдний хөмсөг, зовхиноос их хэмжээний цус гарсан гэх тогтвортой мэдүүлгүүд нь гэрч Б.Энхжаргал, Н.Цэндсүрэн, Б.Золжаргал, Г.Сумъяа, М.Ганпүрэв нарын мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нар өөрсдийн зодолдсон, алгадсан, цохисон, салгасан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Мөн гэрчээр хууль сануулж мэдүүлэг авсан гэрч Б.Энхжаргал, Н.Цэндсүрэн, Б.Золжаргал, Г.Сумьяа, М.Ганпүрэв нарын мэдүүлгүүдийг зэргийг эргэлзээтэй гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Ойдов овогт Ганбаатарын Ганболд, Пунцаг овогт Мөнхтөрийн Манлайбаатар, Рэнхүү овогт Цэрэндоржийн Маньдирбайды нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболд, М.Манлайбаатар, Ц.Маньдирбайды тус бүрийг 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Ганболд, М.Манлайбаатар, Ц.Маньдирбайды тус бүрт оногдуулсан 251 цагийн албадан ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг дурдсугай.

            4. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Ганболд, Ц.Маньдирбайды, М.Манлайбаатар нарт урьд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх зааснаар ялтан Г.Ганболд, М.Манлайбаатар, Ц.Маньдирбайды нарын нэр хөрөнгөнөөс 400.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Өлзийбаатарт олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь  ирээгүй, М.Манлайбаатарын эзэмшлийн 0225 ТӨВ улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, мөн Г.Ганболд Ц.Маньдирбайды нарын эзэмшлийн Даюун маркийн мотоцикль зэргийг битүүмжилсэн, мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, ялтан нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж насанд хүрээгүй ялтан Г.Ганболд, М.Манлайбаатар, Ц.Маньдирбайды нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ