Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: Л.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Л-гийн О-д холбогдох эрүүгийн 24350000000.. дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................................. Увс аймгийн .................... суманд төрсөн, ............... настай, эмэгтэй, яс үндэс баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........................ ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын ........................ оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Л-гийн О-, регистрийн дугаар: .......................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.О- нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “...........” үсчний газраар үйлчлүүлж байхдаа тус газарт ажилладаг иргэн С.М-ын бэлэн 680.000 төгрөгтэй түрүүвчийг хулгайлж, хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.О- нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “...........” үсчний газраар үйлчлүүлж байхдаа тус газарт ажилладаг иргэн С.М-ын бэлэн 680.000 төгрөгтэй түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал);

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дахь тал);

4. Хохирогч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Миний бие Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “...........” үсчний газарт 2020 оноос хойш ажиллаж байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойшхи бэлэн мөнгийг өөрийн түрийвчинд хадгалж байсан бөгөөд хамгийн сүүлд хоёр хоногийн өмнө мөнгөө бутлуулсан, мөн хүнээс мөнгө авсан зэргийг нэмээд тооцоход 540.000 орчим мянган төгрөг байсан бөгөөд 02 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэй үйлчлүүлэгч үйлчлүүлж, 80.000 төгрөг бэлнээр өгч сүүлийн хоёр өдрийн орлогыг нарийвчлан тооцоогүй боловч хоёр өдөр тасралтгүй ажилласан бөгөөд багаар бодоход бэлнээр бол 100.000-150.000 төгрөг орсон гэж тооцоход 600.000-700.000 орчим төгрөг байсан. Миний түрийвч хар өнгийн, шар цахилгаантай, дотроо гурван тасалгаатай нугалдаггүй уртаашаа 15 орчим см урттай бөгөөд энгийн түрийвч юм. 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед өөрийн цоожтой шүүгээнээс түрийвчээ авч, хүнд мөнгөний хариулт өгсний дараа хүлээлгийн сандал дээр тавиад мартаж 20 минутын дараа хайж эхлээд бүхий л газарт үзсэн боловч байхгүй байсан тул үсчний газрын камерыг шүүж үзэхэд 15 цаг өнгөрч байхад богино ягаан цэцэгтэй дээлтэй, ягаан ороолт ороож, бор саарал ноосон малгайтай 30 орчим насны эмэгтэй үүдний гарах хэсэгт өөрийн бээлийтэй цуг миний түрүүвчтэй төстэй зүйлийг барьж байгаад гадагш гарч, гарсны дараа гүйж байгаа дүрс бичлэг бичигдсэн тул бичлэгийг утсан дээрээ бичиж авч цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед манай 3 эмэгтэй үсчин, мөн манай нөхөр болон 5-6 хүн үйлчлүүлж байсан. Гэхдээ тухайн хүмүүс бол байнга цаг авч үйлчлүүлдэг, мөн камер шүүж байхад хамт байсан бөгөөд нэгэнт эд зүйлээ хулгайд алдсан юм чинь гэж хэлээд өөрсдөө халаасаа үзүүлээд гарсан. Мөн нэг үйлчлүүлэгч нь сандал дээр түрийвч байсан гэхдээ түүний дэргэд хүн ирж суугаад түрүүвч дээр хувцсаа тавихыг анзаарсан боловч тухайн хүний түрийвч юм байна гэж бодоод зүс царайг нь анзаараагүй гэж хэлсэн. Уг түрийвчийг хүн бэлэглэсэн учраас үнийг нь мэдэхгүй байна, гэхдээ тийм ч үнэтэй биш учраас мөнгөө л олж авмаар байна. Мөн түрийвч дотор өөр ямар нэгэн эд зүйл байхгүй бөгөөд тухайн түрийвч дотор зөвхөн орлогыг хийдэг байсан. Түрийвч нь Michael kors гэсэн нэртэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-25 дахь тал);

5. Гэрч А.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... ойролцоогоор түрийвч нь дотор 700.000 /долоон зуун мянга/ төгрөг байсан. Манай эхнэр тухайн түрийвчин дотор 5-6 хоногийн хооронд үс засуулсан хүний орлого хийсэн байсан. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр түрийвч нь дотор төгрөгөө тоолоход 600.000 /зургаан зуун мянга/ гаруй төгрөг байсан гэж надад хэлж байсан. Манай эхнэр түрийвчиндээ өдөр бүр орлогоо хийдэг...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 26-27 дахь тал);

6. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...Л.О- гэх эмэгтэй урьд өмнө 2-3 удаа сүү авч байсан тул зүс таньдаг болсон. Л.О- нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үдээс хойш 15 орчим литр сүүг 70.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед бэлнээр тооцоо хийсэн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 28-29 дэх тал);

7. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай “...Увс аймгийн Улаангом суманд 2024 оны 02 дугаар сарын байдлаар түрийвчний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 20.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36 дахь тал);

8. Шүүгдэгч Л.О-гийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.О- болон түүний өмгөөлөгч М.М нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч Л.О- нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “...........” үсчний газраар үйлчлүүлж байгаад тус газарт ажилладаг иргэн С.М-ын бэлэн 680.000 төгрөгтэй түрүүвчийг хулгайлж, хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

4. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

5. Шүүгдэгч Л.О- нь “...........” үсчний газраар үйлчлүүлж байхдаа тухайн газарт ажилладаг хохирогч С.М-ын 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий бэлэн 680.000 төгрөгтэй түрийвчийг хүлээлгийн сандал дээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, улмаар хулгайлсан мөнгөнөөсөө 15 орчим литр сүүг 70.000 төгрөгөөр худалдан авсан, иргэн Н.А-оос зээлсэн 500.000 төгрөгийг бэлнээр төлсөн зэргээр захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.О-гийн дээрх хууль бус үйлдлүүд, хохирогч С.М-д учирсан 700.000 төгрөгийн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Л.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Л.О- болон түүний өмгөөлөгч М.М нар гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Л.О-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.М-д нийт 700.000 төгрөгийн  хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч С.М- нь мөрдөн байцаалтын шатанд “...Хохирлыг барагдуулсан тул гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг бичгээр гаргаж ирүүлсэн нь хавтаст хэргийн 71 дэх талд авагдсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.О-гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Л.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Л.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 550.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.О- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 51 дэх тал);

3. Шүүгдэгч Л.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Л.О- болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Л.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Л.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.О-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-гаас гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлого 635.000 төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч Л.О-, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Л.О-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.О-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-гийн хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлого болох 635.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Шүүгдэгч Л.О-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ авсан энэхүү шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О- тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

9. Шүүгдэгч Л.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-гийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.О-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Л.О- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-гийн хувьд ногдох эд хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон орлого 635.000 (зургаан зуун гучин таван мянга) төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ шийтгэх тогтоолоор Л.О-гаас гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Л.О- нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.БОЛОРМАА