| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0402/И |
| Дугаар | 415 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: оны ...-р сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, хувийн малаа малладаг, Дорноговь аймаг Улаанбадрах сумын 1-р баг Сангийн далай бригадын Т гэх газар оршин суух, У овогт Н.М-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, нэхэмжлэгч Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Н.М миний бие Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан үеийнхээ хөдөлмөрийн дэвтрийг алга болгосон тул Оргил нэгдэлд ажиллаж байсан 4-н жилийг тогтоож өгнө үү” гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.М нь Дорноговь аймаг Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 4-н жилийн хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Н.М нь Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 4-н жилийн хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь гэрч Д.А “...Би Дорноговь аймаг Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар 1966 оноос 1995 билүү 1996 он хүртэл ажилласан. Мал малладаг байсан. Тухайн үед би захиргаагаар орж гардаг байсан учраас бичээч байсныг нь сайн мэддэг. Н.М нь 1991 оны 06 сараас 1994 оны 06 сар хүртэл захиргаанд бичээч хийж байсан. Н.М нь тухайн үед ээжийнхээ эгчтэй амьдардаг байсан. Сүүлд нөхөр аваад яваад өгсөн байдаг. Тасралтгүй ажиллаж байсан. 1994 оны 07 сард ажлаасаа гарсан байдаг” гэх мэдүүлэг, гэрч Н.Ц “...Би 1976 оноос 1995 он хүртэл Дорноговь аймаг Улаанбадрах сумын Оргил нэгдэлд жолооч, манаачаар ажиллаж байсан. Намайг суманд жолоочоор ажиллаж байхад 1991 оны 06 сараас 1994 оны 06 сар хүртэл Оргил нэгдэлд бичээч хийж байсан. Сумандаа эмээтэйгээ хамт амьдардаг байсан. 1994 онд хувьчлал явагдаж хувийн малтай болоод хөдөө гарсан байдаг. Н.М нь 1991 оноос 1994 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Нэгдэлд нэг л ажилд орвол гардаггүй байсан. Тэр үед ажилгүй хүн гэж байхгүй байсан” гэх мэдүүлэг, 1991 оны 06-р сарын 02-ны өдрийн 17 дугаартай Дорноговь аймаг Улаанбадрах сумын Оргил нэгдлийн ерөнхий хорооны даргын тушаал, 1990 оны 09-р сарын 25-ны өдрийн 24 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Н.М нь Дорноговь аймаг Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 4-н жилийн хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч У овогт Н.М- г Дорноговь аймаг Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 4-н жилийн хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц