Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                     

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж 43 тоотод байрлах, “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, Х овогт Х.О,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, Б овогт Х.Б нарт холбогдох

“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг нийт 127,692,931.40 төгрөг, нотариатчийн зардал 8,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч Х.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Х.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э /онлайн/, нарийн бичгийн дарга М.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар К банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасны дагуу К банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Х.О, Х.Б нар нь К банктай  114,000,000 /нэг зуун арван дөрвөн сая/ төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, “Амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах” зориулалтаар 2047 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авахаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авахаар 2017 оны 06 сарын 20-ны өдөр №2006/023182 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Банк зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасан зээлдэгчийн К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 114,000,000 /нэг зуун арван дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 2,018,908.41 / хоёр сая арван найман мянга есөн зуун найман төгрөг дөчин нэгэн мөнгө / төгрөг, зээлийн хүүд  14,222,405.36 /арван дөрвөн сая хоёр зуун хорин хоёр мянга дөрвөн зуун таван төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 365.55 /гурван зуун жаран таван төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Дараах нөхцөлд Банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардана” 8.3.1-д “Энэхүү гэрээг ноцтой зөрчсөн”, 8.3.2-т “Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (хавсралт /1/)-н дагуу зөрчсөн” гэж тус тус тохиролцсон. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 833,664.96 төгрөгийг төлөх үүрэгтэй байхад дараах байдлаар зөрчсөн. Үүнд: Үндсэн зээлд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 78,476.80 төгрөгийг төлж үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 349,800 төгрөгийг төлж, энэ өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгч тодорхой хугацаанд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгчээс гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, зээлийн гэрээг цуцлах, зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 111,981,091.59 /Нэг зуун арван нэгэн сая есөн зуун наян нэгэн мянга ерэн нэгэн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 15,677,873.31 /Арван таван сая зургаан зуун далан долоон мянга найман зуун далан гурван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 25,466.50 /Хорин таван мянга дөрвөн зуун жаран зургаан төгрөг тавин мөнгө/ төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 127,692,931.40 /Нэг зуун хорин долоон сая зургаан зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин нэгэн төгрөг дөчин мөнгө/ төгрөг. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 8,000.00 /Найман мянган/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлдэгч Х.О, Х.Б нартай 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2006/023182 дугаартай “Зээлийн гэрээ”-г хугацаанаас өмнө цуцалж, зээлийн өр төлбөрт нийт 127,692,931.40 /Нэг зуун хорин долоон сая зургаан зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин нэгэн төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг нотариатчийн зардал 8,000 /Найман мянган/ төгрөгийн хамт гаргуулж, “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Х.О, Х.Б хоёроос нэхэмжилж байна. Х.О-г хариуцагчаас хасахгүй. Зээлдэгч Х.О, Х.Б нар нь Кбанктай  114,000,000 /нэг зуун арван дөрвөн сая/ төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, “Амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах” зориулалтаар 2047 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авсан. Үүнээс хойш үндсэн зээлийн төлбөрт 2,018,908.41 төгрөг, зээлийн хүүд  14,222,405.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 365.55 төгрөг  тус тус төлсөн. Төлөлтөө хийж явж байгаад 2019 оны 03 сарын 11-ний өдөр 349,800 төгрөгийг төлж, энэ өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгч Х.О, Х.Б нартай 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2006/023182 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн өр төлбөрт нийт 127,692,931.40 төгрөг, нотариатчийн зардал 8,000 төгрөгийн хамт гаргуулж, “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү... 2019 оны 03 сарын 11-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй бөгөөд 2020 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл 623 хоногийн хугацаа хэтэрсэн байна...” гэв.

Хариуцагч Х.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “... Х.О нь 2017 оны 06 дугаар сарын 20-нд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг 3 өрөө байрыг К банкаар дамжуулан авсан. Үүнээс хойш байрны зээлээ хэвийн төлөөд явж байсан болно. Энэ хугацаанд 2018 оны 05 дугаар сарын 08-нд гэр бүл салж шүүхээр ороод цаашид тус байрыг Х.Б-д өгсөн. Банк дампуурч ... дугаар байрны ордер гарахгүй байсан шалтгаанаар Х.Б зээлээ зогсоосон байсан. К банк дампуурахаас өмнө миний бие тус банкинд өөрийн нэрээ зээлээс хасуулах талаар өргөдөл өгч байсан. Х.Б зээлээ төлүүлэхгүй зогсоосноос болж Х.О нь Монгол банкинд найдваргүй зээлдэгч болоод байна. Одоо Х.О нь Улаанбаатарт амьдарч байгаа орон байр байхгүй хөлсний байранд байгаа. Зээл гаргуулж байр авах гэхлээр ийм шалтгаанаас болоод хохирогч болоод байна. Тухайн байранд Х.Б амьдарч байгаа, зээлийг Х.Б төлнө. Х.О нь ажил төрөлгүй учраас зээлийг төлж чадахгүй...” гэв.

Хариуцагч Х.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд: “...Х.Б нь К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 127,692,931,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Х.Б, Х.О нар нь 2017 оны 06 сарын 20-ны өдөр К банктай зээлийн гэрээг байгуулж, 114,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, урт хугацааны буюу 30 жилийн хугацаатай зээлж авсан. Тухайн үед Х.О-тэй гэр бүл байсан бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас 2018 онд шүүхээр орж гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. Дундын эд хөрөнгийн асуудлыг хоорондоо ярилцаж тохироод К банкны зээлийн санхүүжилтээр худалдан авсан байраа Х.Б өөрөө авч, зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр тохирсон байсан. Үүний дагуу Х.Б зээлийг графикийн дагуу тасралтгүй төлж байгаад 2019 оны 01 сараас зээлийг төлөхгүй зогсоосон. Учир нь дээрх зээлээр авсан байр нь үл хөдлөхийн гэрчилгээгүй, улсын комисс хүлээн аваагүй байр байсан. Мөн Х.Б нь хувиараа улс хооронд ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд цар тахлын улмаас Монгол Улсын хил хаасантай холбогдуулан тээврийн ажил зогсонги байдалд орсон. К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 127,692,931,40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Х.Б нь өөрөө уг байранд оршин сууж байгаа учраас зээлээ төлнө. Харин Х.О-г уг зээлээс чөлөөлж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Х.Б, Х.О нарт холбогдуулан “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг нийт 127,692,931.40 төгрөг, нотариатчийн зардал 8,000 төгрөг нийт 127,700,931.4 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ”...Х.Б зээлийг төлнө, Х.О ажил төрөлгүй учраас төлж чадахгүй” гэж, хариуцагч Х.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Х.Б уг байранд амьдарч байгаа, зээлийг төлнө, харин Х.О-г зээлийн төлбөрөөс чөлөөлүүлж өгнө үү...” гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Зээлдэгч Х.О, Х.Б нар нь К банктай  114,000,000 /нэг зуун арван дөрвөн сая/ төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, “Амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах” зориулалтаар 2047 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлж авсан, зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,018,908.41 төгрөг, зээлийн хүү 14,222,405.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365.55 төгрөгийг төлсөн, үндсэн зээл 111,981,091.59  төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, банкны зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарь, зохигчдын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 11-14/

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч Х.О нь үндсэн зээлдэгч байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Х.О-с нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжилнэ, түүнийг гэрээний хариуцлагаас чөлөөлөхгүй гэх тул шүүх хариуцагч нарын татгалзлыг хүлээн авах хууль зүйн  үндэслэлгүй юм.

Зээлийн гэрээний 8.3-д “Дараах нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж хохирлыг шаардана”... 8.3.2-т “зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” гэж заасны дагуу К банк гэрээг цуцлах эрхтэй гэж үзнэ.

Зээлдэгч Х.О, Х.Б нар нь зээлийн гэрээний 4.2.1, 4.2.5-т “зээл, зээлийн хүүгийн төлбөрийг банкны зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлж барагдуулах” гэж заасны дагуу зээл, зээлийн хүүг төлөх атал 2019 оны 02 сараас хойш эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, 2019 оны 03 сарын 11-ний өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй, 623 хоногийн хугацаа хэтэрч эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх бөгөөд энэ талаар зээлдүүлэгч удаа дараа зээлийн төлбөрийг шаардаж байсан талаар зохигчид маргаагүй ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн хүүгийн тооцоолол, зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээний 8.3, 8.3.2 дахь заалтуудыг зөрчиж, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бий болсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Иймд К банкны Замын-Үүд салбарын Х.О, Х.Б нартай байгуулсан 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 2006/023182 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 111,981,091.59 төгрөг, хүү 15,580,675.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,446.50 төгрөг, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2-т “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн ... гарсан ...нотариатын үйлчилгээний хураамж... бүхий л зардлыг зээлдэгч хариуцан төлнө” гэж заасан байх тул нотариатын зардал 8,000 төгрөг нийт 127,595,213.83 төгрөгийг гаргуулан К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105,717.57 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар К банкны Замын-Үүд салбарын Х.О, Х.Б нартай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2006/023182 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.О, Х.Б нараас үндсэн зээл 111,981,091.59 төгрөг, хүү 15,580,675.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,446.50 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 127,595,213.83 төгрөгийг гаргуулан К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, үлдэх 105,717.57 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч Х.Б, Х.О нараас 795,926.17 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Н