| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/185 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Бат-Орших, хохирогч М.*********, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.*********, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ийн *********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310024071923 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, авто инженер мэргэжилтэй, ********* албаны ********* газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ********* дүүргийн 06 дугаар хороо, ********* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********ийн ********* /РД: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.********* нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ********* албаны ********* газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.*********ийг утсаараа хүнтэй яриулах гэлээ гэж түүний хамар руу гар утас шидэж биед нь халдаж хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:
Хохирогч М.*********: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөө зайсангаас хороолол чиглэлтэй ажил руугаа явж байхад ********* болон Батмөнх нар намайг зогсоож тандагч багажаар үлээлгэсэн ба тандагч багаж нь дуугараад байсан. Тэгэхэд миний багаж ингээд байдаг юм, баталгаажуулмаар байна, хүлээж бай гэсэн. Тэгээд хүлээж байхад ********* гэж цагдаа ирсэн. Энэ хооронд хүнтэй утсаар ярьж байсан. Яагаад гэхээр маргааш нь буюу 6 дугаар сарын 15-ны өдөр 3 ихэр хүүхдийнхээ үсний найрыг хийх гэж байсан учраас утсаар ярьж байсан. ********* цагдаа надаас 100-150 метрийн зайтай машинаа тавьсан байсан. Намайг дуудсан юм байна лээ, би утсаар яриад өөр тийшээ харж байсан учраас согсоогүй, 3 дуудуулаад очсон. Тэгэхэд зүүн урд талын суудалд суучихсан цонхоо жижиг онгойлгосон байсан ба би сайн байна уу гэхэд чи орж ирээд суу гэхээр нь сандраад жолоочийн хажуу талыг онгойлгоход архи үнэртэж байсан, тэгээд хажууд нь суухад чи ямар даварчихсан п.... вэ гэж уурлахаар нь сандраад хойд талын хаалгаар орж сандал дээр нь суусан. Тэгэхэд чи намайг бөөрөлхөөд байгаа юм уу, хэд дуудуулж ирэх гэсэн юм гээд ууртай, стресстэй байсан. Би замын цагдаа хүнийг согтуу байна гэж бодоогүй, стресстэй байна гэж бодсон. Тэгээд та тайвшир хоёулаа ярилцъя, асуудлыг хурдхан шийдвэрлээд явъя гэж гуйсан. Энэ үед драгер үлээх эсэх талаарх асуудал яригдаагүй байсан. Тэгэхэд хоёулаа хувцсаа тайлж байгаад гараад зодолдъё гээд дайраад байсан. Би учраа олоогүй, энэ хүнтэй өмнө нь тааралдаж байгаагүй, өс хонзон байхгүй. Энэ хүнтэй маргалдаж байхдаа нэг удаа муу үг хэлээгүй. Би хувь хүнийхээ хувьд хүмүүстэй хэрэлдээд байдаггүй. Тэгэхэд чи аль дүүргийн эрүүлжүүлэхэд орох юм гээд байсан. Би энэ хүнтэй учраа олохгүй байна гэж бодоод таныг ахтайгаа утсаар яриулъя гэхэд миний утсыг баруун гараараа аваад салгаад буцаагаад гэдэс рүү шидэхээр нь та утас эвдлээ, хүний хөрөнгө шүү дээ, та ярихгүй бол ярихгүй гэдгээ хэлчих гэж хэлсэн. Тэгэхэд чи дахиад яриул даа гэсэн. Тэгэхээр нь дахиад залгаад өгөхөд аваад салгаад шидэхдээ нүүр хэсэг рүү шидээд хамар хугалсан. Тэгээд хамар мурийсан байхад нь маргааш 3 хүүхэд үсний найртай, олон хүн ирнэ, би ийм байдалтай баймааргүй байна хоёулаа эмнэлэг орж болохгүй юм уу гэсэн. Тэгэхэд чи үлээ гэхээр үлээе гээд тандагч багажаар үлээлгэхэд ногоон ассан. Энэ үед драгер багажийн хошууг идээд байсан. Тэгээд намайг тухайн хошуугаараа үлээлгэсэн. Бичлэг дээр намайг заналхийлсэн өнгө аястай ярьж байгаа, мөн хамраа хугалуулсан байсан учраас яаж ч чадаагүй, би өөрөө тодорхой хэмжээний сэжигч хүн. Энэ хүний амандаа хийсэн хошуугаар үлээхгүй. Гэхдээ хамраа хугалуулсан алуулж мэдэх нөхцөл байдалтай байсан. Цагдаагийн машин дотор талаасаа онгойдоггүй юм байна лээ. Тэгээд айсандаа үлээе гээд үлээсэн. Тэгэхэд 0.04 гарсан. Тэгээд хэд байна гэхээр нь 0.4 гэж хэлэхэд 0.40 гэж хэлээч хэддүгээр анги төгссөн юм гэж над руу дайрсаар байсан. Ер нь бичлэг дээрх яриа болсон. Тэгээд драйгер үлээгээд гаръя гэж гуйсаар байгаар гараад явсан. Тэгээд гараад байж байхад Түмээ гэх цагдаа над руу холбогдоод ийм зүйл боллоо гэж ярьсан. Тэгэхээр нь хамраа хугалуулсан яах ёстой юм бэ гэхэд ахын дүү хандах ёстой газар нь хандахгүй юу даа гэсэн. Машинд байхад хамраа хугалуулчихлаа гэдэг талаараа хэлэхэд камер байхгүй, чамд баримт нотолгоо байхгүй, би чиний хамарт гараараа хүрээгүй гэсэн. Тэгэхээр нь асуудал үүснэ гэж айсан учраас хугарсан хамрын зураг болон цусаа арч гэж өгсөн шар алчуур, суудал дээр болсон цусны зургийг маш богино хугацаанд авсан. Энэ асуудал болоод эргэж очоод би явах ёстой газраар чинь явна шүү гэхэд тэг би чамайг яагаа ч үгүй, чамд гар хүрээгүй гэсэн. Тэгээд эргэж харж байгаа нүүрнийх нь зургийг авсан. Хавтаст хэрэгт зураг нь байгаа. Тэгээд ёс зүйн хороонд утсаар яриад очиход чамайг үлээлгэе гээд 11 цагийн үед намайг дахин драгер үлээлгэхэд “0” хувьтай гарсан. Миний хойноос ********* өөрөө ирэхээр нь драгер үлээлгэхэд нэг бүхэл гарсан гэсэн. Тухайн өдөр энэ хүн эрүүл бол байгаагүй. Магадгүй долоогоны ханд уугаад согтолт өгдөг бол тэрэндээ согтсон байсан байх. Сэтгэл зүйн хувьд эрүүл байгаагүй. Хамартаа 1,200,000-1,300,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Үүнд хамрын хагалгаанд 800,000 төгрөг зарцуулсан, шинжилгээ болон MRI хийлгэсэн зардал надаас гарсан. Үүнтэй холбоотой нийт 2,670,000 төгрөгийн зардал гарсан. Мөн намайг үлээлгээд “0” хувьтай гарсан байхад согтуу байсан гэж үзээд эрх хассан. Тэгтэл ********* гэж хүнийг үлээлгэхэд 1 бүхэл гарсан байхад эрхээ хасуулах болон өөр арга хэмжээ авагдаагүй байгаад гомдолтой байгаа. Энгийн иргэн 1 бүхэл гараад би долоогоны ханд уусан юм аа гэвэл туршилт хийе гээд долоогоны ханд уулгаад 10 секундийн дараа драгер үлээлгэх нотолгоог хийхгүй. Цагдаа болон энгийн иргэн хоёр адилхан шударгаар арга хэмжээ авхуулах ёстой гэж үзэж байна. Төрд ёс зүйтэй байна гэж тангараг өргөсөн хүн байгаа. Тухайн үед бид хоёр хоёулаа л байсан миний яриад байгааг үнэн гэдгийг өөрөө мэдэж байгаа. Энэ хэргийн дараа эхнэр нь болон эгч гэж хүн уулзсан. Гэхдээ өмгөөлөгч нь эгч нь гэж ирсэн. Тэгээд эгч, эхнэр хоёртой нь уулзаад ийм нөхцөл байдал үүссэн, танай нөхрийг цагдаад ажиллуулахыг хүсэхгүй байна. Өөр залуу энэ хүнтэй таарсан бол алуулсан байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг би хүлээн зөвшөөрч чадахгүй уучлаарай гэсэн. Тэгэхэд мэдүүлгээ худлаа өгсөн гэдэг байдлаар гайгүй шийдээд өгөөч гэсэн байр суурийг илэрхийлсэн. Эгч, эхнэр гэсэн хоёр хүнтэй уулзахдаа ********* 4 хүүхэдтэй юм байна, цагдаад ажиллуулж чадахгүй, өөр ажилд оруулж болох юм байна гэж хэлсэн. Тэрийг мэдүүлэг дээр сонин байдлаар оруулсанд гомдолтой...” гэв.
Шүүгдэгч Б.*********: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөөний 7 цагийн үед албаны машиныг авто баазаас аваад гарсан, ...210 дугаар пост буюу Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварт гарах байсан цагдаа дотоод ажилтай тул тэнд оч гэсэн чиглэлийн ахлахын үүрэг өгсний дагуу тухайн постод үүрэг гүйцэтгэж байсан. 8 цаг 10 минутын үед 216 дугаар пост буюу тэмээтэй хөшөөний уулзварт үүрэг гүйцэтгэж байсан *********, ********* нар согтуу жолооч байна та драгер багаж аваад ирээч гэсэн. Тэгээд явж очоод жолоочийг нь аваад ир гэхэд ********* *********ийг машинд суулгасан. Драгер багаж үлээх үү гэсэн үлээхээс өмнө та манай ахтай ярьчих юм бол үлээнэ гэсэн. Тэгэхээр нь ямар ах гэхэд манай ах ахлах хийдэг юм аа гэсэн. Тэгээд та энэ хүнтэй ярих юм бол таны үлээ гээд байгаа зүйлийг үлээнэ гэсэн. Би та эхлээд үлээ гэдэг шаардлагыг тавьсан. Энэ үед буюу намайг драгер багажаа аваад, урдаас шинэ хошуу аваад ингэж үлээдэг гэдэг талаар тайлбарлаж байхад миний баруун талын чихэн дээр 2-3 удаа утсаа наагаад энэ хүнтэй ярьчих гэж байсан. Тэгэхээр нь би наад хүнтэй чинь яримааргүй байна гээд түлхсэн болохоос утсыг нь шидсэн зүйл болоогүй. Би та хууль ёсны шаардлага биелүүлэх юм уу гэсэн яриа болсон. Нэлээд байсны дараа үлээгээд 0.40 хувийн согтолттой гарсан. Утастай гарыг нь түлхэхэд та миний хамрыг утсаар цохичихлоо гэж байсан. Тэгээд хамраа дарж байгаад драгер багажийг үлээгээд баримтад гарын үсэг зурчхаад буугаад явсан. Тэгээд ачигч хүлээж байхад машиныхаа хажуу талд нэлээн удаан утсаар ярьж зогсож байгаад буцаж ирээд миний машины жолооч талын хаалгыг нээгээд бичлэг хийгээд би чамайг цагдаагийн байгууллагаас зайлуулна, чамд гомдол гаргана, намайг цагдаад ямар нэр хүндтэйг мэдэхгүй байна гэж заналхийлж байгаад явсан...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч М.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн орчим босоод 07 цаг 30 минутын орчим гэрээсээ буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Морьтон цогцолбор 825 тоотоос гарс эхнэрийнхээ эзэмшлийн Тоёота Сай маркийн 27-32 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Тэмээтэй хөшөөний уулзвар дээр ********* алба хаагч нар тээврийн хэрэгслийн жолооч нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган машиныг зогсоож тандагч багажаар үлээлгэн шалгаж байсан ба намайг зогсоож шалган тандагч багажаар үлээлгэхэд тандагч багаж нь улаан гэрэл асаж тасралгүй дуугараад байсан чинь намайг зогсоосон ********* алба хаагч болох ********* нь тандагч багажаа унтрааж асаасан боловч тандагч багаж нь улаан гэрэл асаж өмнөх шиг ээ тасралтгүй дуугараад байсан чинь ********* гэх цагдаа нь хамт байсан цагдаагийн алба хаагчдаа энэ заримдаа ингээд байгаа юм аа баталгаажуулаад драгер багаж үлээлгэе гэж хэлсэн. Тэр хооронд би ахтайгаа утсаар яриад байж байтал цагдаагийн алаг машин ирснийг мэдээгүй, тэгтэл тэр хооронд намайг 3 удаа дуудсан гэж цагдаагийн алаг машинтай ирсэн ахмад ********* гэх цагдаа надад хэлсэн бөгөөд намайг даварсан п.... вэ, дуудаад байхад ирэхгүй, машинд суу гэхээр нь би цагдаагийн машины баруун урд талын хаалгыг онгойлгоход машинаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба намайг хойшоо суу даварсан п.... вэ гэхээр нь би хаалгыг нь хаагаад баруун хойд хаалгыг онгойлгон орж суухад ахмад ********* нь чи ямар том п.... вэ, чамайг хүн дуудаад байхад чинь ирэхгүй, чамайг эрүүлжүүлэхэд хийж чадна шүү, яаж л бол яаж чадна гээд орилж хашхираад байхаар нь би хол зайтай байсан учраас дуудсаныг чинь сонссонгүй уучлаарай гээд нөхцөл байдлыг тайлбарлаж хэлэхэд ахмад ********* чи намайг өдөөд байгаа юм уу, би хувцсаа тайлаад цагдаа биш болоод машинаас буугаад зодолдъё гэхээр нь ах аа хоёулаа учир зүйгээ ярилцаад ойлголцъё, би танд ямар ч муухай ааш гаргаагүй биз дээ гэж хэлэхэд миний өөдөөс дайраад ямар том п.... вэ гэхээр нь та манай ахтай ярьчхаач гэхэд жолооч талын суудалд сууж байснаа утас авах гэж байгаа бололтой баруун гар аа хойш нь сарвайхаар нь ах руугаа залгаад гар утсаа өгөхөд ах руу залгасан дуудлагыг салгаад миний гар утсыг над руу хүчтэй шидэхэд миний хэвлий хэсгийг онохоор нь би та хүний эд хөрөнгийг ингэж болохгүй ш дээ, эвдэж гэмтээчихвэл яах юм бэ, би таныг яагаа ч гүй биз дээ, яагаад ингээд байгаа юм бэ, хоёулаа учраа олж болохгүй юм уу гэхэд чи замын цагдаад таньдаг хүн байдаг юм уу? хэн бэ гэхээр нь Түмээ гэсэн байхаа нэг ах байгаа гэж хэлэхэд наад п.... чинь надаас бага цолтой ш дээ, намайг яаж ч чадахгүй гэхээр нь би дахиад өмнөх ярьсан зүйлүүдээ хэлж ярихад ахмад ********* чи залгаад өг гээд баруун гараа дахиж сарвайхаар нь би ах ********* руу залгаад спикер нь тавиад өгсөн чинь миний гар утсыг авахад байна уу, байна уу гэж хэлэхэд дуудлагыг салгаад миний гар утсыг зүүн гараараа миний нүүр рүү шидсэн. Миний хамраас их хэмжээний цус гарахад п.... минь машин цус болгочхов гээд машиныхаа шар өнгийн алчуурыг надад өгөхөөр нь миний хамар хугарчихлаа, би маргааш хүүхдийн үсний найртай юм аа, хоёулаа хамт эмнэлэг орж үзүүлье, янзлуулъя гэхэд би чамд хүрээгүй, утсыг чинь л чамд өгсөн. Чи өнгөрсөн шөнө архи ууж яваад хамраа хугалсан юм уу би мэдэхгүй шүү дээ гэхээр нь би зохих хариуцлага шийтгэлийг нь үүрээд одоо явчихъя, маргааш хүүхдийн үсний найртай гэдгээ дахин хэлж тайлбарлахад ахмад ********* намайг загнаж зандарч байгаад чи үлээх юм уу гэхээр нь үлээе гэхэд өөр тандагч багаж гаргаж ирээд намайг үлээлгэхэд тандагч багаж нь ногоон гэрэл ассан. Тэгэхэд ахмад ********* намайг драгер багаж үлээх үү гэхээр нь үлээе гэхэд хажуудаа байсан драгер багаж дээрээ залгаатай байсан шинэ хошууч салгаж авчхаад өөрийнхөө аманд хийсэн байсан хошуугаа драгер багаж дээрээ залгаад намайг үлээлгэсэн бөгөөд тэр үед гар утсаараа бичлэг хийсэн. Драгер багаж 0,40 хувийн согтолттой гэж гарсан. Би бодохдоо ахмад ********* намайг зодож цохиж алчхаж ч магадгүй юм байна гэж айсандаа өөрийнхөө амандаа хийсэн байсан драгер багажийн хошуутай драгерийг үлээсэн учраас 0,40 хувь гэж бодож байна. Ахмад ********* гаргаж ирсэн тандагчийг үлээхэд ногоон гэрэл асаж байсан. Тэгээд би машинаас нь буугаад ёс журам руу залгаад очиж мэдүүлэг тайлбар өгчхөөд драгер багаж үлээхэд 0,00 гарсан. Ахмад ********* намайг зодоогүй, гар утсыг чинь өгсөн гээд байхаар нь би машин дотор сууж байхдаа ахмад *********ын зургийг араас нь авсан, хамрынхаа зураг, мөн гарынхаа цустай зургийг гар утсаараа авсан. Анх намайг машинд ороод суухад ахмад ********* нь машин дотор талдаа камертай, энгэрийн камер бичлэг хийж байгаа гэхээр нь би итгээд дүрэм, журмын дагуу явж байгаа юм байна гэж бодсон боловч миний гар утсыг шидэж хамар гэмтээчхээд, чамайг би зодоогүй гээд байхаар нь машины дотор камер байгаа эсэхийг харахад байхгүй байсан. Цагдаагийн алба хаагч миний гар утсыг шидэж хамар хугалахаар нь би машинаас бууя гэж бодоод баруун хойд хаалгыг нь дотроос нь онгойлгох гэсэн боловч дотроосоо түгжээтэй байсан. Мөн цонх нь ч гэсэн дотроосоо түгжээтэй байсан. Цагдаагийн алба хаагчийн хэлснээс аятайхан байж байгаад салахгүй бол алуулах юм байна гэсэн бодол төрсөн. Мөн тэр үед би ахмад *********ыг согтуу гэж огт бодоогүй байсан, одоо бодоход ахмад ********* нь их хэмжээний согтолттой надад агсан согтуу тавьж байсан юм байна гэж бодсон. Ахмад ********* өөрөө тандагч багаж гаргаж ирж намайг үлээлгэсний дараа миний хамрыг хугалж цус их хэмжээгээр гарчихсан байхад намайг анх зогсоосон ********* гэх цагдаа ирж ахмад *********ын сууж байсан талын машины цонхны жижиг завсраар намайг харснаа царай нь сонин болоод цаашаа яваад өгсөн. …Одоогоос 7-8 орчим жилийн өмнө төрөлхийн хамрын таславчийн мурийлттай байна гээд хагалгаанд орж байсан. Тэрнээс өөр хамартаа ямар нэгэн бэртэл гэмтэл авч байгаагүй. Анх удаа л хугалж байна. Дээрх явдлаас болж эмнэлгийн байгууллагаар гарсан зардлыг нөхөн төлүүлнэ. Мөн ажилгүй байх хугацааны цалингаа нэхэмжилнэ. Асуудлыг хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” /хавтас хэргийн 87-89 дэх тал/ гэсэн,
Гэрч Л.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч *********ийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 120 мянгатын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулах болон зөрчилтэй хэрэгслийн жолооч нарыг олж тогтоохоор өглөө 07:00-14:30 цаг хүртэл 1 дүгээр ээлжээр ажиллаж байсан ба Тэмээтэй хөшөөний уулзварын зүүн хойд талд тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байхад 08 цагийн орчим санагдаж байна цагаан өнгийн Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар үлээлгэж шалгахад улаан өнгийн гэрэл асаж сигнал дуугарахаар нь драгер багаж үлээлгэж шалган гээд бичиг баримтыг нь түр хураан авч жолооч машиндаа суугаад үлдсэн. Хамт үүрэг гүйцэтгэж байсан д/а *********өд драгер багаж байхгүй байсан учраас Зэгэст-12 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бүсийн офицер цагдаагийн ахмад *********ыг станц болон гар утсаар ярьж дуудахад удалгүй 5-10 орчим минутын дараа а/х ********* албаны ********* УАТ улсын дугаартай Хюньдай Дастер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ирээд драгер багаж үлээлгэх жолоочоо албаны машинд суулгаарай гэж хэлэхдээ тээврийн хэрэгслийнхээ хаалганы цонхыг бага хэмжээгээр онгойлгосон байдалтай тэр завсраараа хэлэхээр нь тухайн жолоочийг дуудсан боловч машинаасаа гарч ирэхгүй байгаа харагдсан. Удалгүй а/х ********* албаны машины чанга яригчаар нөгөө жолоочийг яасан бэ гэж ярихаар нь Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн ойролцоо нь очоод жолооч машинаасаа буугаад албаны машин руу орж драгер багажаа үлээгээрэй гэж дахин хэлэхэд нөгөө жолооч машинаасаа буугаад албаны тээврийн хэрэгслийн баруун хойд хаалгаар нь орж хойд суудалд сууж байгаа харагдсан. Машин дотор юу болсон талаар мэдээгүй. д/а ********* бид хоёр хяналт шалгалт хийж байхад буюу хэсэг хугацааны дараа а/х ********* машиныхаа цонхоороо тандагч багаж аваад ир гэж хэлэхээр нь д/а *********ийн ашиглаж байсан тандагч багажийг а/х *********од аваачиж өгсөн. Тухайн үед а/х ********* албаны машины зүүн урд хаалганы цонхыг 3-4 хуруу орчим зайтай онгойлгосон байдалтай байсан ба надаас тандагч багаж аваад нөгөө жолоочийг дахиж үлээлгэхэд тандагч багажийн сигнал дуугараад, дуугарсан тандагч багажийг буцааж өгөөд явж бай гэж хэлсэн. Тухайн үед би нөгөө жолоочийн нүүр царайг хараагүй. Удалгүй нөгөө жолооч албаны машинаас бууж ирснээ надаас 10-15 орчим метр зайнаас а/х *********ын нэрийг асуухаар нь а/х ********* гэж хэлэхэд цаашаагаа утсаар яриад машинаа үлдээгээд яваад өгсөн. Тэрийг бол харж амжаагүй. Тухайн жолооч албаны машинаас бууж ирэхдээ доошоо харсан байдалтай утсаар яриад байсан учраас нүүр царайг ямар болсон байсныг анзаарч хараагүй, …а/х ********* анх албаны машинтай ирэхдээ цонхоо бага хэмжээгээр онгойлгосон байсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг анзаарч мэдээгүй...” /хавтас хэргийн 95-96 дах тал/ гэсэн,
Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч *********ийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 120 мянгатын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулах, хяналт хийхээр өглөө 07:00-14:30 цаг хүртэл 1 дүгээр ээлжээр ажиллаж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн сийрэг байсан учраас Тэмээтэй хөшөөний уулзварын хойд талд тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байхад 08 цагийн орчим санагдаж байна а/а ********* цагаан өнгийн Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар үлээлгэж шалгахад улаан өнгийн гэрэл асаж сигнал дуугарч байсан ба намайг дуудаж миний хэрэглэж байсан тандагч багажаар үлээлгэхэд мөн улаан гэрэл асаж сигнал дуугарч байсан ба миний тандагч багажийг буцааж өгөхөөр нь би цаашаагаа явж машин шалгаад зогсож байсан. а/а ********* Зэгэст-12 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бүсийн офицер цагдаагийн ахмад *********ыг станц болон гар утсаар ярьж дуудсан. Удалгүй а/х ********* албаны ********* УАТ улсын дугаартай Хюньдай Дастер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ирж байгаа харагдсан бөгөөд намайг уулзварын голд дохиж байхад Мичид-5 буюу х/ч ********* нь станцаар яриад утасныхаа дугаарыг хэлж утсаар залгаад ороод ир гэж хэлсэн ба тухайн үед утасных нь дугаарыг цээжилж аваагүй, мөн уулзварын гол байсан учраас утсаар залгаж яриагүй. Тэгээд удалгүй уулзварын голоос гарч Зэгэст-12 албаны машины хажууд очиход нөгөө жолооч залуу албаны машин дотор суучихсан харагдаж байсан. Тэгээд би дахиад хяналт шалгалтаа хийж байтал ойролцоогоор 10 гаруй минутын дараа албаны машинаас гараад ирчихсэн өөрийнхөө машины хажууд утсаар яриад зогсож байсан ба ********* хошууч яръя гэж байна гээд гар утсаа барьчихсан зогсож байсан. Тухайн үед Тоёота Сай машины тээврийн хэрэгслийн жолоочийн нүүр царай нь зүгээр л хэвийн харагдаж байсан, яг тулж хараагүй зайнаас хараад өнгөрсөн. Удалгүй Зэгэст-12 албаны машинтайгаа явахдаа наад машинаа ачигч ирэхээр ачуулаарай гэж хэлж яваад өгсөн. Албаны машин дотор юу болсныг мэдэхгүй. Албаны тээврийн хэрэгсэл дотор талдаа камер байхгүй, ...а/х *********той ойртож уулзаагүй учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй...” /хавтас хэргийн 98-99 дэх тал/ гэсэн,
Гэрч Д.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз *********ын дүү нь М.********* байгаа юм. Б.********* нь нэг салбарт буюу ********* албанд хамт ажилладаг байсан. Тийм учраас дээрх 2 хүнийг хоёуланг нь таньж мэддэг. ...2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутаас хойш байх манай найз ********* над руу залгаад манай дүү М.********* намайг ирж аваад хамт дэлгүүр орох байсан чинь ирдэггүй утсаар ярьсан чинь замын цагдаа зогсоочихсон байна, юу болсон талаар мэдээд өгөөч гэж хэлсэн. ********* нь эгчдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар хэлээгүй байх шиг байсан. Тэгэхээр нь *********д дүүгээ над руу яриулчих гэж хэлсэн. Удалгүй *********ын дүү ********* над руу залгахаар нь хаана зогсоочихсон байгаа юм бэ гэж асуухад Хан-Уул дүүргийн тэмээтэй хөшөөний уулзвар дээр гэхээр нь чи ямар зөрчил гаргасан юм бэ гэж асуухад би ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй байна, хамгаалах бүсээ зүүгээгүй явж байсан гэхээр нь тэгээд чамайг ямар учраас зогсоогоод байлгаад байгаа юм бэ, ямар цагдаа байна надтай яриулаач гэхэд ахмад ********* гэж хүн байна, тантай ярихгүй гэж байна гээд утасны цаана Б.*********, *********той хэрэлдээд байгаа бололтой чанга дуугараад байхаар нь би утсаа салгасан. Тухайн үед би станцаар ахмад Б.*********ыг пролоор нь буюу Зэгэс-12 гэж дуудсан боловч хариу өгөөгүй, утсаа нэвтрүүлээч гэхэд мөн хариу өгөөгүй, хэсэг хугацааны дараа буюу 1 цаг орчмын дараа ахмад ********* 959хх141 дугаараас залгахаар нь би ********* ямар зөрчил гаргасан юм бэ гэж асуухад архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байна, өчигдрийн уусан юм нь гараагүй юм шиг байна гэж хэлэхээр нь за за ойлголоо, шийддэг журмаар нь шийдээрэй гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл удалгүй ахмад ********* над руу байн байн залгаад байсан. Тухайн үед би 1 дүгээр чиглэлийн хамгаалалттай явж байсан учраас утсаа аваагүй. Хэсэг хугацааны дараа манай найз ********* залгаад танай цагдаа чинь манай дүүгийн хамрыг цохиод гэмтээчихсэн байна гэхээр нь би арай үгүй байлгүй дээ гэж хэлээд өнгөрсөн. Тухайн үед би ахмад *********той ярих гэсэн боловч ярьж чадаагүй...” /хавтас хэргийн 101-102 дахь тал/ гэсэн,
Гэрч Л.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөө намайг ажил дээр байж байхад хэлтсийн дарга дуудаад иргэн М.********* гэх хүнээс алба хаагчид холбогдуулан гомдол гаргаж байна, үүнийг шалга гээд цохолт хийж өгсөн. ...********* ажлын гадаа машинтайгаа ирчихсэн байна гэхээр хошууч Мөнхсодномын хамт бид хоёр гарч яваад хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Борхүү даргын өрөө рүү дагуулж орж ирээд шинжээч дуудаж драгер багаж үлээлгэсэн. ...1.02 хувьтай гарч байсан. ...*********ийн нүүрний хэсэгт нь хөхөрсөн, зулгарсан гэхээр зүйл харагдаагүй, хамар нь бага зэрэг мурийлттай харагдаж байсан...” /хавтас хэргийн 104 дэх тал/ гэсэн,
Гэрч В.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өглөө цагдаа намайг зогсоочихлоо урд шөнө найзуудтайгаа уулзаад нэг шил пиво уугаад унтсан юм аа, өглөө гайгүй байх гэж бодоод явсан юм гэж хэлсэн. Тэгээд үлээсэн чинь илэрчихлээ яах уу ахаа гэхээр нь яах ч арга байхгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн утсаа тасалчхаад жаахан байж байгаад дахин над руу залгахаар нь авсан цагдаа ачилтын машин дуудчихлаа одоо яах вэ гэж хэлсэн тэгэнгүүт нь би *********ид хандаж машиныг чинь аччихдаг юм аа, тэгээд чамайг дүүрэг дээр тэдэн цагт ир гэх байхаа гэж хэлээд тасалсан. ...Тэгээд дараа нь дахиад над руу залгаад энэ цагдаа намайг дарамталж элдвээр хэлээд байна. Би ууснаа хүлээн зөвшөөрсөн шүү дээ, яагаад ингээд байгаа юм. Ийм нэртэй цагдаа гэж тухайн үед хэлж байсан, одоо би нэрийг нь санаж хэлж мэдэхгүй байна, энэ хүнтэй би хэл амаа ололцож чадахгүй байна, та цагдаатай яриач гэж хэлэхээр нь ах нь яриад ч яахав дээ гэж хэлэхэд тасарчихсан. Ингээд би Замын цагдаад ажилладаг найз ********* руу залгаад манай дүү асуудалд орчихлоо, тийм нэртэй цагдаа тухайн үед хэлж байсан чи нэг энэ цагдаа руу залгаад өгөөч маргааш хүүхдийнх нь үсний найр нь болох гээд байгаа юм, цагдаа явуулахгүй байна гэнэ, залгаад өгөөч гэж хэлэхэд ********* за би тодруулъя, уг нь машиныг нь журамлаад явуулчихдаг шүү дээ. Би тэр цагдааг танихгүй юм байна дүүгийнхээ утасны дугаарыг өгчхөөч, дүүтэй чинь ярья гэж хэлээд тасалсан. Тэгээд жаахан байж байхад ********* дахин залгаад танай найз над руу залгахаар нь би болсон процессоо хэлсэн, цаад цагдаагаа утсаа өгч байгаа ч ярья гэж хэлэхээр нь утсаа цагдаа руу өгсөн утсыг аваад миний нүүр рүү чулуудаад хамар гэмтээчихлээ, би цагдаад гомдол гаргалаа гэж хэлэхээр нь өөрөө мэдэхгүй юу л гэж хэлсэн...” /хавтас хэргийн 159 дэх тал/ гэсэн,
Шинжээч С.Чулуунсүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор М.*********ийн биед үзлэг хийхэд хамар өвдөнө гэсэн зовуурьтай, бодит үзлэгт хамрын баруун хажуу хэсэгт цөмөрсөн тэмтрэгдэж байсан. Хамарт зулгаралттай байсан, хажуу хэсэг хавдсан байсан. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн толгойн КТГ шинжилгээнд хамар ясанд цөмөрсөн хугаралтай таславч мурийсан баруун хацрын зөөлөн эдэд хаван хавдар тодорхойлогдсон. Дээрх байдлыг үндэслэн М.*********ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэг тогтоож дүгнэлт гаргасан. Гар утсаар цохих, цохигдох үед үүсэх боломжтой...” /хавтас хэргийн 113-114 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 1 дүгээр ээлжээр гарч байсан, 213 дугаар пост дээр үүрэг гүйцэтгэж байсан ахлагч ********* согтуу жолооч зогсоочихлоо, та ирээд драгер үлээлгээд өгөөч гэж дуудсан. Тэгээд би 210 дугаар пост буюу Хөдөө аж ахуйн сургуулийн хажуугийн постоос *********ийн үүрэг гүйцэтгэж байгаа пост дээр очсон *********т хандаж чи нөгөө согтуу жолоочоо машинд суулгачих гэж хэлэхэд нөгөө согтуу жолооч нь машинд суухгүй өөрийн машиныхаа хажууд утсаар яриад зогсоод байсан, 10 орчим минут болсон байх ********* нөгөө залууг дагуулж ирээд миний машины хойд талын суудал дээр суулгасан. Тэгсэн тэр залуу машинд сууснаасаа хойш утсаараа залгаад та хүнтэй яриадхаач цагдаад ажилладаг манай нэг ах байдаг юм гэж хэлээд өөрөө залгаад утсаа чихэн дээр утсаа 2-3 удаа наагаад байхаар та энэ хүнтэй ярьчих дараа нь би наад драгерыг чинь үлээе гэж хэлсэн. Тэгээд ярих ярихгүй гээд нэлээн юм болоод би сүүлдээ яриагүй. Тэгээд чихэн дээр утсаа наагаад байхаар нь би утсаа цааш ав гээд гарыг нь цааш нь холдуулсан чинь та миний хамрыг цохичихлоо гэж хамраа барьж сууж сууж байгаад драгер багаж үлээсэн 0.40 хувь гарсан. Тэгээд тэр хүнийг бланкжуулаад өөрөөр нь гарын үсэг зуруулж драгер үлээлгэх явцаа бичлэгээр баримтжуулаад машинаас буулгасан. Тэгсэн тэр хавьд утсаар ярьж байгаад буцаж над дээр ирээд та миний хамрыг цохичихлоо би таныг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж ажилгүй болгоно, хоолноос чинь салгана гэх мэтээр баахан орилж хашхирч байгаад явсан...” /хавтас хэргийн 154-155 дахь тал/ гэсэн,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7796 шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.*********ийн биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2023.06.14-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 108-109 дэх тал/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хавтас хэргийн 3 дахь тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 71-72 дахь тал/,
- Гэрч Л.*********ээс гаргаж өгсөн фото зургуудын ерөнхий байдал /хавтас хэргийн 74-78 дахь тал/,
- Жүр Үр ХХК-ийн тодорхойлолт /хавтас хэргийн 79 дэх тал/,
- Блю Жевел ХХК-ийн тодорхойлолт /хавтас хэргийн 80 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 81-83 дахь тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 156-157 дахь тал/,
- Шүүгдэгч Б.*********ын хувийн байдалтай холбоотой ажил томилсон шийдвэрийн хуулбар /хавтас хэргийн 117-119/, боловсролын гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 120-125 дахь тал/, төрийн албан хаагчийн анкетын хуулбар /хавтас хэргийн 126-128 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 134 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.*********ыг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ********* албаны ********* газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.*********ийг утсаараа хүнтэй яриулах гэлээ гэж түүний хамар руу гар утас шидэж биед нь халдаж хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Б.*********ын холбогдсон хэрэгт хууль ёсны болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дүгнэсэн болно.
Хэргийн талаар болсон үйл явдал:
2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр М.********* нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 27-32 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үед ********* алба хаагч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгахад улаан гэрэл ассан тул драгер багажаар шалгуулахаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Б.*********ын дуудсан. Б.********* нь ********* УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж М.*********ийг драгер багажаар үлээлгэхээр машинд суулгасан. Энэ үед Б.*********, М.********* нарын дунд чи дуудаад ирсэнгүй, ямар том юм бэ, би сонссонгүй, та манай ахтай утсаар яриач гэсэн үл ойлголцол үүссэн. М.********* нь манай ахтай утсаар ярьчхаач гээд утсаа өгсөн Б.********* нь утсаар ярихгүй гээд утсыг буцаагаад шидсэний улмаас М.Нанзадоржийн хамрыг онож хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогч М.*********ийн: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн орчим босоод 07 цаг 30 минутын орчим гэрээсээ буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Морьтон цогцолбор 825 тоотоос гарс эхнэрийнхээ эзэмшлийн Тоёота Сай маркийн 27-32 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Тэмээтэй хөшөөний уулзвар дээр ********* алба хаагч нар тээврийн хэрэгслийн жолооч нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган машиныг зогсоож тандагч багажаар үлээлгэн шалгаж байсан ба намайг зогсоож шалган тандагч багажаар үлээлгэхэд тандагч багаж нь улаан гэрэл асаж тасралтгүй дуугараад байсан, ...баталгаажуулаад драгер багаж үлээлгэе гэж хэлсэн. Тэр хооронд би ахтайгаа утсаар яриад байж байтал цагдаагийн алаг машин ирснийг мэдээгүй, тэгтэл тэр хооронд намайг 3 удаа дуудсан гэж цагдаагийн алаг машинтай ирсэн ахмад ********* гэх цагдаа надад хэлсэн бөгөөд намайг даварсан п.... вэ, дуудаад байхад чинь ирэхгүй, машинд суу гэхээр нь би цагдаагийн машины баруун урд талын хаалгыг онгойлгоход машинаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба намайг хойшоо суу даварсан п.... вэ гэхээр нь би хаалгыг нь хаагаад баруун хойд хаалгыг онгойлгон орж суухад ахмад ********* нь чи ямар том п.... вэ, чамайг хүн дуудаад байхад чинь ирэхгүй, чамайг эрүүлжүүлэхэд хийж чадна шүү, яаж л бол яаж чадна гээд орилж хашхираад байхаар нь би хол зайтай байсан учраас дуудсаныг чинь сонссонгүй уучлаарай гээд нөхцөл байдлыг тайлбарлаж хэлэхэд ахмад ********* чи намайг өдөөд байгаа юм уу, би хувцсаа тайлаад цагдаа биш болоод машинаас буугаад зодолдъё гэхээр нь ах аа хоёулаа учир зүйгээ ярилцаад ойлголцъё, би танд ямар ч муухай ааш гаргаагүй биз дээ гэж хэлэхэд миний өөдөөс дайраад ямар том п.... вэ гэхээр нь та манай ахтай ярьчхаач гэхэд жолооч талын суудалд сууж байснаа утас авах гэж байгаа бололтой баруун гараа хойш нь сарвайхаар нь ах руугаа залгаад гар утсаа өгөхөд ах руу залгасан дуудлагыг салгаад миний гар утсыг над руу хүчтэй шидэхэд миний хэвлий хэсгийг онохоор нь би та хүний эд хөрөнгийг ингэж болохгүй ш дээ, эвдэж гэмтээчихвэл яах юм бэ, би таныг яагаа ч гүй биз дээ яагаад ингээд байгаа юм бэ, хоёулаа учраа олж болохгүй юм уу гэхэд чи замын цагдаад таньдаг хүн байдаг юм уу? хэн бэ гэхээр нь Түмээ гэсэн байхаа нэг ах байгаа гэж хэлэхэд наад п.... чинь надаас бага цолтой ш дээ, намайг яаж ч чадахгүй гэхээр нь би дахиад өмнөх ярьсан зүйлүүдээ хэлж ярихад ахмад ********* чи залгаад өг гээд баруун гараа дахиж сарвайхаар нь би ах ********* руу залгаад спикер нь тавиад өгсөн чинь миний гар утсыг авахад байна уу, байна уу гэж хэлэхэд дуудлагыг салгаад миний гар утсыг зүүн гараараа миний нүүр рүү шидсэн. Миний хамраас их хэмжээний цус гарахад п.... минь машин цус болгочхов гээд машиныхаа шар өнгийн алчуурыг надад өгөхөөр нь миний хамар хугарчихлаа, би маргааш хүүхдийн үсний найртай юм аа, хоёулаа хамт эмнэлэг орж үзүүлье, янзлуулъя гэхэд би чамд хүрээгүй, утсыг чинь л чамд өгсөн...” /хавтас хэргийн 87-89 дэх тал/ гэсэн,
Гэрч Л.*********ийн: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч *********ийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 120 мянгатын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулах болон зөрчилтэй хэрэгслийн жолооч нарыг олж тогтоохоор өглөө 07:00-14:30 цаг хүртэл 1 дүгээр ээлжээр ажиллаж байсан ба Тэмээтэй хөшөөний уулзварын зүүн хойд талд тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байхад 08 цагийн орчим санагдаж байна цагаан өнгийн Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар үлээлгэж шалгахад улаан өнгийн гэрэл асаж сигнал дуугарахаар нь драгер багаж үлээлгэж шалгана гээд бичиг баримтыг нь түр хураан авч жолооч машиндаа суугаад үлдсэн. Хамт үүрэг гүйцэтгэж байсан д/а *********өд драгер багаж байхгүй байсан учраас Зэгэст-12 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бүсийн офицер цагдаагийн ахмад *********ыг станц болон гар утсаар ярьж дуудахад удалгүй 5-10 орчим минутын дараа а/х ********* албаны ********* УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ирээд драгер багаж үлээлгэх жолоочоо албаны машинд суулгаарай гэж хэлэхдээ тээврийн хэрэгслийнхээ хаалганы цонхыг бага хэмжээгээр онгойлгосон байдалтай, тэр завсраараа хэлэхээр нь тухайн жолоочийг дуудсан боловч машинаасаа гарч ирэхгүй байгаа харагдсан. Удалгүй а/х ********* албаны машины чанга яригчаар нөгөө жолоочийг яасан бэ гэж ярихаар нь Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн ойролцоо нь очоод жолооч машинаасаа буугаад албаны машин руу орж драгер багажаа үлээгээрэй гэж дахин хэлэхэд нөгөө жолооч машинаасаа буугаад албаны тээврийн хэрэгслийн баруун хойд хаалгаар нь орж хойд суудалд сууж байгаа харагдсан. Машин дотор юу болсон талаар мэдээгүй...” /хавтас хэргийн 95-96 дах тал/ гэсэн,
Гэрч Б.*********ийн: “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч *********ийн хамт ...хөдөлгөөн зохицуулах, хяналт хийхээр өглөө 07:00-14:30 цаг хүртэл 1 дүгээр ээлжээр ажиллаж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн сийрэг байсан учраас Тэмээтэй хөшөөний уулзварын хойд талд тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байхад 08 цагийн орчим санагдаж байна а/а ********* цагаан өнгийн Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар үлээлгэж шалгахад улаан өнгийн гэрэл асаж сигнал дуугарч байсан ба намайг дуудаж миний хэрэглэж байсан тандагч багажаар үлээлгэхэд мөн улаан гэрэл асаж сигнал дуугарч байсан ба миний тандагч багажийг буцааж өгөхөөр нь би цаашаагаа явж машин шалгаад зогсож байсан. а/а ********* Зэгэст-12 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бүсийн офицер цагдаагийн ахмад *********ыг станц болон гар утсаар ярьж дуудсан. Удалгүй а/х ********* албаны ********* УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ирж байгаа харагдсан бөгөөд намайг уулзварын голд дохиж байхад Мичид-5 буюу х/ч ********* нь станцаар яриад утасныхаа дугаарыг хэлж утсаар залгаад ороод ир гэж хэлсэн ба тухайн үед утасных нь дугаарыг цээжилж аваагүй мөн уулзварын голд байсан учраас утсаар залгаж яриагүй. Тэгээд удалгүй уулзварын голоос гарч Зэгэст-12 албаны машины хажууд очиход нөгөө жолооч залуу албаны машин дотор суучихсан харагдаж байсан, ...өөрийнхөө машины хажууд утсаар яриад зогсож байсан ба ********* хошууч яръя гэж байна гээд гар утсаа барьчихсан зогсож байсан. Тухайн үед Тоёота Сай машины тээврийн хэрэгслийн жолоочийн нүүр царай нь зүгээр, хэвийн харагдаж байсан, яг тулж хараагүй зайнаас хараад өнгөрсөн...” /хавтас хэргийн 98-99 дэх тал/ гэсэн,
Гэрч Д.*********ын: “...Манай найз *********ын дүү нь М.********* байгаа юм. Б.********* нь нэг салбарт буюу ********* албанд хамт ажилладаг байсан. Тийм учраас дээрх 2 хүнийг хоёуланг нь таньж мэддэг. ...2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутаас хойш байх манай найз ********* над руу залгаад манай дүү М.********* намайг ирж аваад хамт дэлгүүр орох байсан чинь ирдэггүй утсаар ярьсан чинь замын цагдаа зогсоочихсон байна, юу болсон талаар мэдээд өгөөч гэж хэлсэн. ...*********ын дүү ********* над руу залгахаар нь хаана зогсоочихсон байгаа юм бэ гэж асуухад Хан-Уул дүүргийн тэмээтэй хөшөөний уулзвар дээр гэхээр нь чи ямар зөрчил гаргасан юм бэ гэж асуухад би ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй байна, хамгаалах бүсээ зүүгээгүй явж байсан гэхээр нь тэгээд чамайг ямар учраас зогсоогоод байлгаад байгаа юм бэ, ямар цагдаа байна надтай яриулаач гэхэд ахмад ********* гэж хүн байна, тантай ярихгүй гэж байна гээд утасны цаана Б.*********, *********той хэрэлдээд байгаа бололтой чанга дуугараад байхаар нь би утсаа салгасан...” /хавтас хэргийн 101-102 дахь тал/ гэсэн,
Гэрч Л.*********ийн: “...*********ийн нүүрний хэсэгт нь хөхөрсөн, зулгарсан гэхээр зүйл харагдаагүй, хамар нь бага зэрэг мурийлттай харагдаж байсан...” /хавтас хэргийн 104 дэх тал/ гэсэн,
Гэрч В.*********ын: “...Өглөө цагдаа намайг зогсоочихлоо, урд шөнө найзуудтайгаа уулзаад нэг шил пиво уугаад унтсан юм аа, өглөө гайгүй байх гэж бодоод явсан гэж хэлсэн. Тэгээд үлээсэн чинь илэрчихлээ, яах уу ахаа гэхээр нь яах ч арга байхгүй шүү дээ гэж хэлсэн. ...Тэгээд дараа нь дахиад над руу залгаад энэ цагдаа намайг дарамталж элдвээр хэлээд байна. Би ууснаа хүлээн зөвшөөрсөн шүү дээ, яагаад ингээд байгаа юм. ...Ингээд би Замын цагдаад ажилладаг найз ********* руу залгаад манай дүү асуудалд орчихлоо, тийм нэртэй цагдаа тухайн үед хэлж байсан, чи энэ цагдаа руу залгаад өгөөч, маргааш хүүхдийнх нь үсний найр болох гээд байгаа юм, цагдаа явуулахгүй байна гэнэ, залгаад өгөөч гэж хэлэхэд ********* за би тодруулъя, уг нь машиныг нь журамлаад явуулчихдаг шүү дээ. Би тэр цагдааг танихгүй юм байна, дүүгийнхээ утасны дугаарыг өгчхөөч, дүүтэй чинь ярья гэж хэлээд тасалсан. Тэгээд жаахан байж байхад ********* дахин залгаад танай найз над руу залгахаар нь би болсон процессоо хэлсэн, цаад цагдаагаа утсаа өгч байгаа ч ярья гэж хэлэхээр нь утсаа цагдаа руу өгсөн утсыг аваад миний нүүр рүү чулуудаад хамар гэмтээчихлээ...” /хавтас хэргийн 159 дэх тал/ гэсэн,
Шинжээч С.Чулуунсүхийн: “...Мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэг тогтоож дүгнэлт гаргасан. Гар утсаар цохих, цохигдох үед үүсэх боломжтой...” /хавтас хэргийн 113-114 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.*********ын: “...Тэгсэн тэр залуу машинд сууснаасаа хойш утсаараа залгаад та хүнтэй яриадхаач, цагдаад ажилладаг манай нэг ах байдаг юм гэж хэлээд өөрөө залгаад утсаа чихэн дээр утсаа 2-3 удаа наагаад байхаар та хүнтэй ярьчих, дараа нь би наад драгерыг чинь үлээе гэж хэлсэн. Тэгээд ярих ярихгүй гээд нэлээн юм болоод би сүүлдээ яриагүй. Тэгээд чихэн дээр утсаа наагаад байхаар нь би утсаа цааш ав гээд гарыг нь цааш нь холдуулсан чинь та миний хамрыг цохичихлоо гэж хамраа барьж сууж сууж байгаад драгер багаж үлээсэн 0.40 хувь гарсан...” /хавтас хэргийн 154-155 дахь тал/ гэсэн,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7796 шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.*********ийн биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2023.06.14-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хавтас хэргийн 108-109 дэх тал/ гэсэн дүгнэлт,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 71-72 дахь тал/, гэрч Л.*********ээс гаргаж өгсөн фото зургуудын ерөнхий байдал /хавтас хэргийн 74-78 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 156-157 дахь тал/ бичсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж,
3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэхээр гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг заавал нотлохоор заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хор уршигт зориуд хүргэхийг мэдсэн, хүссэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б.*********ыг утсыг буцаан шидсэн /чулуудсан/ үйлдлийн улмаас М.*********ийн эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт байх боловч Б.********* түүний биед гэмтэл учруулах зорилгоор утсыг хамар руу шидэж дээрх хор уршигт зориудаар хүргэсэн гэх нөхцөл хангалттай тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Б.*********ыг гэм буруугүйгээр М.*********ийн биед хохирол, хор уршиг учруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэжээ.
Хавтас хэрэгт цугларсан бусад баримтуудаар Б.*********ыг утсаар ярихгүй гэж утсыг буцаан шидэхдээ М.*********ийн хамрыг онож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Б.*********ыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Б.*********ыг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогч М.*********ийн нэхэмжилсэн 935,000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, М.********* өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэйг тэмдэглэж байна.
Эрүүгийн 2310024071923 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагаатгагдсан этгээд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********ийн *********од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *********ийн *********ыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч М.*********оос нэхэмжилсэн 935,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
3. Эрүүгийн 2310024071923 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагаатгагдсан этгээд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.*********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР