| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0155/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/189 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Алтай, шүүгдэгч З.**********, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Соёмбо, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ийн **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000002172 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны менежер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ********** 2-67 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай албадан ажил хийх ялаар,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 643 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16 хоногийн баривчлах ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 455 дугаартай шийтгэх тогтооолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,
Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 538 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ийн ********** /РД: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.********** 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ********** Экспо төвийн дотор хохирогч М.**********тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогчийн хамар руу нь толгойгоороо мөргөж хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч З.********** нь “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй…” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч М.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** экспо дотор байх фокус лоунжийн үүдэнд найзтайгаа зогсож байхад ********** гэх зүс таних залуу над руу ирээд “юу байна хөгшөөн” гэж мэндлээд намайг шалтгаангүй 2-3 удаа хэвлий рүү гараараа цохисон. Би 2 гарыг нь ханцуйнаас нь бариад “одоо болио” гэхэд миний хамар руу толгойгоороо мөргөж гэмтэл учруулсан. Тэгээд хоёулаа үргэлжлүүлж зодолдъё гэхэд нь би “хэрэггүй” гэж аргадах байдлаар хэлээд байж байхад манай найзууд фокус лоунжийн караокены өрөөний цонхоор болсон үйл явдлыг хараад бууж ирцгээн намайг аваад орсон. Тэд нар цагдаад дуудлага өгсөн байсан. Цуг явсан залуу нь намайг “юу байна хөгшөөн” гэж надтай мэндэлсэн. Тэр залуу нь манай Зүүнхараагийн надаас дүү болохоор нь “ахын дүү” гэж мэндлэхэд ********** тэрийг сонсоод хөндлөнгөөс “ахын дүү” гэж хэллээ гэж над руу хүрч ирээд дээр дурдсанаар намайг хэвлий рүү удаа дараа цохиж, хорих үед толгойгоороо хамар руу мөргөсөн. Би 1 лааз пиво уусан байсан. Харин ********** нилээд согтуу. Одоо цагдаа нар эрүүлжүүлэх байранд саатуулсан байгаа. Би хариу нэг ч цохиогүй. Би сая найзын хамт Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлж рентгенд хамар хугарч, цуурсан байна гэсэн. Эрүүл мэнд, гоо сайханаараа хохироод байна. Би шинжээч томилуулъя...” /хавтас хэргийн 07 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны орой би найз нөхөд болох хохирогч ********** болон өөр найз нарынхаа хамтаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** Экспо төвд хоол идээд сууж байсан чинь ********** тамхи татах гээд гараад явсан. Би өөрөө сууж байсан Fox нэртэй газрын цонхоор доош харсан чинь **********ийг ********** гэх залуу гэдэс рүү нь гараараа ганц нэг цохихоор нь ********** гарыг нь барьсан чинь хамар руу нь мөргөсөн чинь хамраас нь цус гараад цагдаа нар ирээд Шинэчагтгыг аваад явсан. Биеэ хянах чадваргүй согтуу байсан...” /хавтас хэргийн 11 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч З.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны орой найз нар болох Билгүүнээ Өгөөдэй Баяраа нарын хамтаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** Экспо төвийн Ваяб нэртэй лоунжид сууж архи согтууруулах ундаа хэрэглээд тамхины өрөөнд М.********** гэх танил дүүтэйгээ таараад холимог тулааны тамирчин байсан бол би чиний дээр байгаа гэх маргаанаас болоод маргалдсан. Ингээд тухайн газраас гараад Фокус нэртэй лоунжийн үүдэнд М.**********тэй маргалдаад тухайн залуугийн нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. Ингээд цагдаа нар намайг авч явсан. Би ********** гэх залууг таньж мэдэхгүй. Тулааны тамирчин гэдгээр нь л мэднэ. Баяраа Өгөөдэй Билгүүнээ нар байсан. **********тэй хамт явж байсан хүмүүс харсан байх гэж бодож байна. Тодорхой хэмжээний согтуу байсан. Тэгэхдээ биеэ хянах чадвартай байсан. Болсон үйл явдлыг нь бүгдийг нь санаж байгаа. Надаа ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй...” /хавтас хэргийн 25- 26 дахь тал, 34-35 дахь тал/ гэсэн,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14689 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.**********ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 15-16 дах тал/ гэсэн,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,
- Дүрс оношилгоо шинжилгээний хариу /хавтас хэргийн 17 дах тал/,
- Хохирлын баримт /хавтас хэргийн 79 дэх тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
- Шүүгдэгч З.********** хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дах тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 71 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дах тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 38-66 дах тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 73 дах тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч З.********** 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ********** Экспо төвийн Фокус нэртэй лоунжны үүдэнд хохирогч М.**********тэй маргалдаж хамар руу нь толгойгоороо мөргөж хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч М.**********ийн: “...********** гэх зүс таних залуу над руу ирээд “юу байна хөгшөөн” гэж мэндлээд намайг шалтгаангүй 2-3 удаа хэвлий рүү гараараа цохисон. Би 2 гарыг нь ханцуйнаас нь бариад “одоо болио” гэхэд миний хамар руу толгойгоороо мөргөж гэмтэл учруулсан...” /хавтас хэргийн 7 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.**********ы: “...********** Экспо төвд хоол идээд сууж байсан чинь ********** тамхи татах гээд гараад явсан. Би өөрөө сууж байсан Fox нэртэй газрын цонхоор доош харсан чинь **********ийг ********** гэх залуу гэдэс рүү нь гараараа ганц нэг цохихоор нь ********** гарыг нь барьсан чинь хамар руу нь мөргөсөн чинь хамраас нь цус гарсан...” /хавтас хэргийн 11 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч З.Шинэчагтгын: “...Фокус нэртэй лоунжын үүдэнд М.**********тэй маргалдаад тухайн залуугийн нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн....” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 14689 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.**********-н биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 15-16 дах тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 80-81 дэх тал/, зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч М.**********ийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч З.Шинэчагтгыг түүнийг цохисон, мөргөсөн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.********** хохирогч М.**********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Шинэчагтгын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч З.********** нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндээд учирсан хохиролтой холбоотой зардлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /мянга гурван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /сая гурван зуу тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч М.**********ийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч шүүхийн шатанд хохирогч М.**********ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардалд 2,500,000 /хоёр сая таван зуу мянга/ төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч М.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2310000002172 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********ийн Шинэчагтгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийн Шинэчагтгыг 1350 /мянга гурван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /сая гурван зуу тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч З.**********д шийтгэсэн 1350 /мянга гурван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /сая гурван зуу тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.********** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2310000002172 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.********** гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР