Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2021/0699

 

 

 

 

 

 

 

 

                       2021        03          04   

         101/ШШ2021/00699

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Т  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Б /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт зээл 7,110,000 төгрөг, алданги 3,555,000 төгрөг, нийт 10,665,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 10 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, сэлбэг болон засварын зардалд 97,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т , хариуцагч Ж.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар  болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 “Г.Т  миний бие 2018 оны 10 сарын 03-ны өдөр Ж.Б ад 9,500,000 төгрөг зээлдүүлэхээр болж 5,610,000 төгрөгийг 2018 оны 10 сарын 03-ны өдөр өөрийнхөө Хаан банкны данснаас 3,900,000 төгрөгийг, Худалдаа хөгжлийн банкны данснаасаа 1,710,000 төгрөгийг тус тус шилжүүлж, харин зээлийн гэрээг 10 сарын 04-ний өдөр бичгээр байгуулсан. Бичгээр байгуулсан өдөр буюу 2018 оны 10 сарын 04-ний өдөр өөрийнхөө Хаан банкны данснаас 110,000 төгрөгийн болон бичгээр байгуулсны дараа өдөр буюу 2018 оны 10 сарын 05-ны өдөр, Худалдаа хөгжлийн банкны данснаасаа 1,390,000 төгрөгийг тус тус дахин шилжүүлсэн болно. Би Ж.Б ад гэрээгээр 9,500,000 төгрөг зээлдүүлэх үүрэгтэй байсан боловч 7,110,000 зээлдүүлсэн. Зээлдэгч 7,110,000 төгрөгийг хүүгүй зээлдэж авсан бөгөөд зээлийн зүйлийг 2018 оны 11 сарын 04-ний өдөр эгүүлэн өгөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд эгүүлэн өгөхгүй байна. Зээлийн гэрээний 4 дэх хэсэгт “Зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангийг зээлдүүлэгчид төлнө. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 7,110,000 төгрөгийг, 100 хоногийн алданги 3,555,000 төгрөгийн хамт, нийт 10,665,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ж.Б  бид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 10 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан надаас 7,110,000 төгрөг авахдаа хоёр     Starex маркийн автомашин хямдхан аваад засч сайжруулан борлуулж ашиг олох санал тавьсан, би зөвшөөрч хамтран ажиллах гэрээ бус, мөнгө зээлдэгчээр аман гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд автомашины талаар огт тусгаагүй. 52-23 УБҮ, 30-79 УНХ улсын дугаартай Starex маркийн хоёр автомашиныг надад 5,000,000 төгрөгөөр авсан гэж худлаа хэлсэн, 2,500,000 төгрөгөөр авсан байсан. 2,500,000 төгрөгөөр авсан машины үнийн дүнгээс 2 дахин их засвар үйлчилгээ хийнэ гэдэг утгагүй зүйл. Хоёр автомашин Ж.Б ын эзэмшилд 1 жил орчим хугацаанд зарагдаагүй байсан. Амаар тохиролцохдоо зээлсэн мөнгөө 1 сарын дотор буцааж өгнө гэж хэлсэн. Гэвч автомашин зарагдахгүй байсан учраас би өөрөө авч заръя гээд хоёр автомашиныг авсан. Ж.Б ын сөрөг нэхэмжлэлд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь анх хамтран ажиллах гэрээ хийх гэсэн боловч Starex маркийн автомашиныг авах мөнгө Ж.Б ад байгаагүй учир бид амаар зээлийн гэрээ хийсэн. Тиймээс би анхнаасаа зээлдэгчийн хувиар орно гэсэн болохоос хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Ж.Б ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр автомашин надад байсныг Г.Т  аваад нэгийг нь зарсан, нөгөө машин нь нэхэмжлэгчид өөрт нь байгаа. 7,110,000 төгрөгөөр худалдан авалт хийгээд засвар хийсэн. Би тухайн үед өөрөөсөө мөнгө гаргаж хоёр автомашиныг угаалгаж, түлш хийж, аккумлятор худалдаж авсан. Илүү гарсан зардлаа сөрөг нэхэмжлэлд тусгаж шаардсан байгаа.

Миний бие Г.Т тэй багийн найзууд бөгөөд бид 52-23 УБҮ, 30-79 УНХ улсын дугаартай Starex маркийн хоёр автомашиныг 3,000,000 төгрөгөөр худалдан авч засаж сайжруулаад худалдаж олсон ашгаа хувааж авахаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан болно. Тухайн үед Г.Т  мөнгөтэй байсан учир түүний мөнгөөр худалдаж аваад засвар хийхээр тохиролцсон бөгөөд ингэхдээ Г.Т  надад 7 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулж олгохоор болсон. Ингээд бид 2018 оны 10 сарын 04-ний өдөр нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Г.Т  нь үнийн дүнг 9,500,000 төгрөг гэж бичүүлсэн боловч надад дансаар 7,110,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд уг мөнгөөр би 2018 оны 10 сарын 04-ний өдөр 52-23 УБҮ, 30-79 УНХ улсын дугаартай Starex маркийн хоёр автомашиныг 3,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг автомашинуудыг засварлаж дахин худалдахаар тохиролцсон байсан тул Г.Т ийн нэр дээр түр шилжүүлсэн. 4,107,000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн. Засвар хийсэн  баримтыг хэргийн материалд гаргаж өгсөн. Би өөрийн зардлаар автомашинуудад сэлбэг авч засвар хийлгэсэн. Гэтэл Г.Т  нь хэлсэн ярьсанаасаа буцаж надад мэдэгдэлгүй худалдан авсан Starex маркийн хоёр автомашиныг худалдан борлуулж анх тохиролцсон ёсоор ашгаа хуваагаагүй төдийгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т зааснаар хийсэн зээлийн гэрээний дагуу надаас үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Бид зээлийн гэрээг хамтран ажиллах зорилгоор баталгаа болгон хийж уг мөнгөөр хамтран ашиг олох зорилгоор автомашин худалдан авсан. Г.Т ийн шилжүүлсэн 7,110,000 төгрөгөөс маргаан бүхий хоёр автомашиныг худалдан авсан, үлдэх мөнгөн дээр би өөрөөсөө мөнгө нэмж сэлбэг авч, засварын зардалыг гаргасан байтал автомашинуудыг худалдан борлуулсны ашигаа хуваагаагүй намайг хохироож байна. Бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй, харин Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Дээрх зээлийн гэрээ нь хамтран ажиллах аман хэлцэлийг халхавчилж хийсэн хэлцэл юм. Мөн хоёр автомашиныг 3,000,000 төгрөгөөр анх авсан, засварт 4,107,000 төгрөг, 60,000 төгрөгөөр угаапгасан, бензин  20,000 төгрөгөөр авч хийсэн тул 40,000 төгрөг, нийт 7,207,000 төгрөгийн зардал гарсан. Хоёр машиныг завсарласан болон бусад зардал 7,207,000 төгрөгөөс Г.Т ийн хамтран ажиллах гэрээгээр шилжүүлсэн 7,110,000 төгрөгийг хасаад 97,000 төгрөгийг Ж.Б  надад гэрээнээс учирсан хохирлыг гаргуулж өгнө үү. Иймд Г.Т , Ж.Б  нарын хооронд 2018 оны 10 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, сэлбэг болон засварын зардалд Хамтран ажиллах гэрээнээс учирсан хохирол 97,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т  нь зээлийн гэрээний үүрэгт зээл 7,110,000 төгрөг,  алданги 3,555,000 төгрөг, нийт 10,665,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг,

хариуцагч Ж.Б  нь 2018 оны 10 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, сэлбэг болон засварын зардалд 97,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

 

          Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Г.Т , Ж.Б  нарын хооронд 2018 оны 10 сарын 04-ний өдөр 9,500,000 төгрөгийг хүүгүй, 2018 оны 10 сарын 04-ний өдрөөс 11 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагджээ. /хх-7/

 

Хариуцагч Ж.Б  нь тус гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч нэхэмжлэгчтэй хуучин автомашин худалдан авч засаж сайжруулаад худалдаж, олсон ашигаа хувааж авахаар харилцан тохиролцож, Г.Т  мөнгө гаргахаар тохиролцсоны дагуу 7 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулж олгосон, уг мөнгийг хоёр автомашин худалдан авч, засвар хийхэд зарцуулсан гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч Г.Т  нь Хаан банкин дахь 5720985107 дугаартай данснаас 2018 оны 10 сарын 03-ны өдөр 3,900,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкин дахь 427009042 дугаартай данснаас 2018 оны 10 сарын 03-ны өдөр 900,000 төгрөг, 200,000 төгрөг, 20,000 төгрөг, 591,000 төгрөг, 2018 оны 10 сарын 05-ны өдөр 1,390,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь эдгээр мөнгөн шилжүүлгийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс нийт 7,110,000 төгрөгийг шилжүүлэн авсныг хүлээн зөвшөөрсөн байна.  

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

  • Г.Т  нь 2018 оны 10 сарын 03, 05-ны өдрүүдэд нийт 7,110,000 төгрөгийг дансаар шилжүүлж, Ж.Б  нь уг мөнгийг өөрийн ахын дансаар шилжүүлэн авсан /хх-4, 5, 6/
  • Ж.Б  нь 2018 оны 10 сарын 03-ны өдөр “Сэлэнгэ групп” ХХК-ийн захирал Л.Энхтөрөөс 30-79 УНХ, 52-23 УБҮ улсын дугаартай Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн автомашинуудыг 2,500,000 төгрөгөөр худалдан авч, автомашинуудыг бусдад худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэл авсан /хх-119-126, 178, 179/
  • Г.Т  нь 2018 оны 10 сарын 04-ны өдөр 30-79 УНХ, 52-23 УБҮ улсын дугаартай Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн автомашинуудын эзэмшигчээр бүртгүүлсэн /хх-59, 60/
  • Г.Т  нь 2019 оны 08 сарын 02-ны өдөр 52-23 УБҮ улсын дугаартай Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн автомашиныг “Ньюланд роуд” ХХК-д 4,200,000 төгрөгөөр худалдсан /хх-61-62, 74, 75/

 

Дээр дурдсан хэргийн үйл баримтаар хариуцагч Ж.Б  нь 2018 оны 10 сарын 03-ны өдөр 30-79 УНХ, 52-23 УБҮ улсын дугаартай Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн автомашинуудыг “Сэлэнгэ групп” ХХК-ийн захирал Л.Энхтөрөөс худалдан авахдаа төлбөрийг нэхэмжлэгч Г.Т өөс шилжүүлэн авсан мөнгөнөөс төлсөн, нэхэмжлэгч Г.Т  нь 2018 оны 10 сарын 04-ний өдөр тухайн автомашинуудын эзэмшигчээр бүртгүүлсэн, 52-23 УБҮ улсын дугаартай Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн автомашиныг “Ньюланд роуд” ХХК-д худалдсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”  гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Т  нь автомашин худалдан авах мөнгийг хариуцах, хариуцагч Ж.Б  нь худалдан авсан автомашиныг засах үүргийг хүлээсэн, улмаар засвар үйлчилгээ хийсэн автомашинуудыг бусдад зарж борлуулан олсон ашгийг хувааж авах тохиролцоо хийгдсэн гэж үзэхээр байх тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй. Хамтран ажиллах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй.

 

Нэхэмжлэгч Г.Т  нь зээлийн гэрээний үүрэгт зээл 7,110,000 төгрөг,  алданги 3,555,000 төгрөг, нийт 10,665,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Т өөс хариуцагч Ж.Б ад мөнгө шилжүүлсэн, зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримт тогтоогдож байх боловч зохигчдын хооронд зээлийн гэрээ бус хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 7,110,000 төгрөгийг зээлд тооцон зээлийн гэрээний үүрэгт алданги 3,555,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д “Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Т  нь хамтран ажиллах гэрэнээс гарч өөрийн оруулсан мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан гэж үзэхээр байна.

 

Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй тул хамтын үйл ажиллагааны ашиг, алдагдлыг хуваарилах асуудлаар хэрхэн тохиролцсон талаар нарийвчлан тогтоох боломжгүй байх тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна”, 478.11-т “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж зааснаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч Г.Т  нь 52-23 УБҮ улсын дугаартай Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн автомашиныг “Ньюланд роуд” ХХК-д 4,200,000 төгрөгөөр худалдсан, 30-79 УНХ улсын дугаартай Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн автомашин түүний эзэмшилд байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрч Б.А н мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Т ийн эзэмшилд байгаа 30-79 УНХ улсын дугаартай Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн автомашины зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор шинжээч томилон үнэлүүлэхэд тус автомашины зах зээлийн үнэ 2,000,000 төгрөг гэж тодорхойлон үнэлсэн. /хх-95-110/

 

Нэхэмжлэгч Г.Т  нь 7,110,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд уг мөнгийг хамтын үйл ажиллагаанд зориулж оруулсан хөрөнгө оруулалт гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь 7,110,000 төгрөгийг, алдангийн хамт хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байх боловч хамтын үйл ажиллагааны үр дүнд худалдан авч, засвар хийсэн 52-23 УБҮ улсын дугаартай Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн автомашиныг “Ньюланд роуд” ХХК-д 4,200,000 төгрөгөөр худалдсан, 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй 30-79 УНХ улсын дугаартай Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн автомашин нь түүний эзэмшилд байгаа байгаа болох нь тогтоогдож байна. Талууд хамтын үйл ажиллагаанд оруулсан хураамж, ашиг, алдагдлаа тооцож хамтын үйл ажиллагааг дуусгавар болгосон гэж үзэн нэхэмжлэгчээс хариуцагч Ж.Б  руу шилжүүлсэн 7,110,000 төгрөгөөс хоёр автомашины үнэ 6,200,000 төгрөгийг хасч үлдэгдэл 910,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч Ж.Б  нь хоёр автомашин худалдан авч, засвар үйлчилгээ хийхэд нийт 7,207,000 төгрөгийг зарцуулсан тул өөрөөс гаргасан зардал болох 97,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Т өөс гаргуулах үндэслэлтэй гэж шаардсан бөгөөд 52-23 УБҮ  болон 30-79 УНХ улсын дугаартай Хьюндай Старекс /Hyundai Starex/ маркийн автомашинуудыг худалдан авч, засвар үйлчилгээ хийхэд  7,207,000 төгрөгийг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь тайлбар, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

Зохигчдын хооронд 2018 оны 10 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, тэдний хооронд гэрээг бичгээр үйлдэж, нэхэмжлэгч Г.Т өөс хариуцагч Ж.Б ад мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа бус Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн.

 

Нэхэмжлэгч Г.Т  нь 7,110,000 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд зориулан гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул зохигчдын хооронд 2018 оны 10 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй.

 

2018 оны 10 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх тул гэрээний талууд мөн хуулийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй боловч зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн хамтын үйл ажиллагаанд оруулсан хураамжийн асуудлыг шийдвэрлэсэн тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн харилцаа үүсэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ж.Б аас 910,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,755,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Г.Т , Ж.Б  нарын хооронд 2018 оны 10 сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 97,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б аас 910,000 /есөн зуун арван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,755,000 /есөн сая долоон зуун тавин таван мянган/ төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 97,000 /ерэн долоон мянган/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Г.Т , Ж.Б  нарын хооронд 2018 оны 10 сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,590 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Ж.Б аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 26,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т өд олгож, нэхэмжлэгч Г.Т өөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 166,950 төгрөгийг  гаргуулан хариуцагч Ж.Б ад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР