Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/234

 

 

 

 

 

 

 

  2024        03          05                                   2024/ШЦТ/234

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

улсын яллагч Н.Ганчимэг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Е,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Днарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд хаалттайгаар хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 04701 0212 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр 00 дугаар байрны автомашины зам дээр буусан хохирогч Б.Г эзэмшлийн Самсунг Эс 10 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэги өсвөр насны шүүгдэгч Б.Т нь мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр 63 дугаар байрны автомашины зам дээр буусан хохирогч Б.Г эзэмшлийн Самсунг Эс 10 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6,7/,

Хохирогч Б.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 09 дүгээр сарын 15-ны өдөр Яармагийн асарт тоглолт үзэхээр 18 цагийн орчимд очоод 10 жилийн ангийн найз Э конъяк уусан. Тэнд байхдаа конъяк нэлээн уусан болохоор согтчихсон. Яармаг асраас хэдэн цагийн үед гарсан гэдгээ санахгүй байна. Тэндээс гараад такси бариад сансар луу аав ээжийнхээ гэр лүү явсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор аав ээжийнхээ гэр лүү орохгүйгээр өөрийнхөө гэр болох Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны 00 дугаар байр руу явахаар сансрын туннелээс такси барьсан. Миний санаж байгаагаар би машинд суухад урд 2 залуу, хойно бас 2 залуу байсан. Би замдаа гэрээ зааж явж байгаад 00-р байрны хажууд баялаг дэлгүүрийн хойно зогссон. Гэрийн гадаа ирчихсэн болохоор би машинаас буугаад тооцоо хийх гээд утсаа гаргаад байж байхад жолоочийн хажууд талын залуу “За одоо” гэж хэлэх үед жолоочийн талаас миний утсыг шүүрээд машинтайгаа яваад өгсөн. Урд сууж байсан хоёр залууг болон ерөнхийд нь таних байх. Хойно сууж байсан хоёр залууг бол танихгүй. Миний утас Самсунг Эс10 загварын утас байсан. Би 2021 онд Австрали улсад байхдаа 550 австрали доллароор авч байсан. Имей код мэдэхгүй байна. Баруун гарын алга болон зүүн хөлийн өвдөг зулгарч гэмтсэн. Гэхдээ шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх /хх-ийн 10/,

“...Тухайн өдөр би яармагт тоглолт үзчихээд шөнө 02 цагийн үед гарсан байх. ... Зам дагуу гар өргөөд явж байхад хар өнгийн дунд гарын жийп маркийн машин зогссон. Би машины хойд талд нь суугаад гэрээ зааж өгсөн. Тухайн машин манай гэрийн гадаа ирэхэд би буусан. Би буучхаад төлбөрөө төлөх гээд жолоочид нь гар утсаа түр бариулсан. Тэгэхэд миний гар утсыг аваад хөдлөөд явчихсан. Би зогсоох гээд машины ард талын цонхноос зүүгдсэн боловч газар уначихсан. Тэгээд би цагдаа дуудсан. Урд талд нь 2 хүн хойд талд нь 3 хүн байсан. Тухайн үед нэлээн согтуу байсан учир би царай төрхийг нь санахгүй байна. Би одоо энэ талаар сайн санахгүй байна. Тухайн үед яагаад тэгж мэдүүлсэн гэдгээ мэдэхгүй байна. Тухайн үед гар өвдөг маань бага зэрэг зулгарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Насанд хүрээгүй гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Би Кимбаб чонгүг рүү 23 цагийн үөд очиход А, Б.Т, Д, Х 4 үүдэнд машин дотор байж. Би машин дотор Аын хойно сууж байсан миний хажууд Д, түүний цаана Х байсан. Харин Б.Т жолоо барьж байсан. А болохоор жолоочийн хажууд талд сууж байсан. Бид нар тэндээс хөдлөөд сансрын мөнгөн баар руу 00 цаг өнгөрөөгөөд орсон. Дотор хэсэг бүжиглэж байгаад 03 цаг өнгөрөөгөөд гарсан. Гадаа гараад харъя гээд бүгд машиндаа сууцгаасан. Би машин дотор зүүрмэглээд байж байхад Д цаашаа цаашаа гээд түлхсэн. Би гайхаад харсан чинь нэг ах машинд цуг сууж байсан. Тэр ахыг 13-р хороолол өнгөрөөд Жуковын байрны дунд буулгасан. Тэр ах машинаас буугаад тооцоогоо төлнө гээд зогсож байсан. Тэр үед Б.Т утсыг нь аваад хаазлаад яваад өгсөн. Энэ үед тэр ах машины хойд талын цонхноос зүүгдэх шиг болоод газар унаад пид гээд дугарч байгаа нь дуулдсан. Тэр ах машинаас буугаад утсаараа данс руугаа орох гээд байж байхад Б.Т /О хочтой/ утсыг нь нэг гараараа шүүрээд машинтайгаа хаазлаад яваад өгсөн. ...Сүүлд Б.Тд энэ утас үлдсэн.” гэх /хх-ийн 16/,

“...тухайн хүн таксины төлбөрөө хийх гээд жолоочийн талын цонхны хажууд зогсож байсан. Тэр хүний утас нь болохгүй байгаа юм уу эсхүл интернэт банк нь болохгүй байгаа бололтой нэлээн удаан зогссон. Тэгээд тэр хүн “заза бэлэн мөнгө өгье. Энэ утсыг түр барьж байгаач” гээд Б.Тд өгсөн. Тэгээд Б.Т утсыг нь буцааж өгөх гэж байгаа болоод хаазлаад явчихсан.” гэх /хх-ийн 17/,

“...Б.Т тэр ахын утсыг авах үед машин дотор байсан хүмүүсээс яг одоо гэж хэлсэн хүн байхгүй. Надад тийм зүйл сонсогдоогүй.” гэх /хх-ийн 19/,

Насанд хүрээгүй гэрч А.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А ...Х, О Т, С.Тбид нар нийлээд Аын машинд суусан. Бид нар Аын машинд суугаад 13 орчмоор хийсэн зүйлгүй сэлгүүцээд явж байсан. Бид нарыг машинтай Сансараас уруудаад явж байхад 40 орчим насны дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн гараа өргөөд зогсож байсан. О Т машинтайгаа очиж зогсоод тэр ах суусан. Тэр ах гэрээ заагаад бид зүүн дөрвийн Н ороод зүүн тийшээ байрнуудын голоор явсан. Нэг байрны орцны үүдэнд ирээд тэр ах “Ирчихлээ” гээд буусан. Тэр ах жолооч талын цонхон дээр ирээд дансаа биччих гээд утсаа Тд өгөх шиг болсон. Энэ үед Т дансаа бичих гэж байгаа болоод шууд машинтайгаа хөдлөөд явчихсан. ..О Т барьж байсан. ...машинаас өөрөө буусан. Тэгээд жолооч талын цонхон дээр очоод таксины мөнгө өгөх гээд дансаа биччих гээд тэр ах өөрөө О Тд утсаа өгсөн.” гэх /хх-ийн 24/,

“...Бид нар Аын машинтай хамт хэсэг явж байгаад харихаар болоод сансраар уруудаад явж байхад О Т зам дээр гар өргөөд зогсож байсан 40 орчим насны согтуу эрэгтэй хүнийг машиндаа суулгасан. Тэр хүнийг жуковын Н орчимд байрны голоор явж байгаад буулгасан. Тэр хүн буучхаад жолоочийн цонхон дээр очоод мөнгө шилжүүлэх гээд очсон. Тэгээд тэр согтуу ах О Тд утсаа өгөөд өөрөө халаасаа ухаад байсан энэ үед О Т машинтайгаа хаазлаад яваад өгсөн. Машинтай хөдлөх үед тэр ах хойноос зүүгдээд орилж байх шиг байсан. Утсаа тэр ах өөрөө бариулсан. Тухайн үед ямар нэгэн тохиролцсон зүйл байхгүй. О Т өөрөө зогсож тэр хүнийг аваад тэгээд өөрөө утсыг нь авчхаад хөдлөөд яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойш О Ттэй уулзаж байхад О Т тэр ахын утсыг барьж байсан. Яг утас авах үед яг одоо гэж орилсон зүйл байхгүй.” гэх /хх-ийн 22/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т “андаа би барьчих уу” гэж хэлэхээр нь би Тг надаас илүү машин барьдаг болохоор нь зөвшөөрөөд машинаа бариулсан. Би өөрийн жолоочийн хажууд талын сууж явсан. Бид нар таксинд яваад 2 хүн аваад буулгачхаад Сансараас уруудаж байхад 40-50 орчим насны эрэгтэй хүн таксинд суух гээд гар өргөж байхаар нь суулгасан. Тэр хүнийг суулгахад нэлээн согтуу байсан. Тэр хүн гэрээ заагаад бид нар Жуковын Номин их дэлгүүрээр эргээд байран дунд хэсэг явж байгаад зогссон. Тэр ах машинаас буугаад “Таксины мөнгийг нь шилжүүлье” гэж хэлээд банк руугаа ороход дата нь болохгүй байна гээд Тд утсаа түр зур бариулсан байсан. Тэр ах мөнгийг нь бэлнээр төлье гээд мөнгө гаргаж ирэх үед Т машинаа хурдлуулаад зугтаасан. ...Б.Т жолоо барьж байсан. Би жолоочийн хажууд талын суудал дээр харин С.Тминий ард талын суудал дээр сууж байсан. ...эсэргүүцээгүй харин машины жолооч талын хойд талын цонх руу гараараа цохиод газар унасан. Самсунг Эс 10 загварын гар утас байсан. Би өнгөрсөн долоо хоногийн 2 дахь өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр уулзахад тухайн өдөр авсан утсаа барьчихсан явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

“...Б.Т утсыг нь аваад барьж байгаад хаазлаад явчихсан. Б.Тг хөдлөөд явах үед яг одоо гэж орилсон хүн байхгүй. Тийм зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 0дугаартай шинжээчийн “...2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 425,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-32/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо нөхөн барагдуулна.” гэх /хх-ийн 52/,

“...2023 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үл таних ахын машиндаа суулгаж гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд таксины мөнгө төлөх гэж гар утсаа өгөөд ахын дүү дансны дагуураа хийчих гэх үед би гар утсыг нь шүүрч аваад яваад өгсөн. Надад өөр хэлэх зүйл алга, хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 55/, Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэрэг нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтаан зайлсхийсэн шинжийг агуулдаг.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь шунахайн сэдлээр хохирогч Б.Гэзэмшлийн самсунг эс 10 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, зугтаан өөртөө захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн байх тул тэрээр өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно. Мөн дээрх үйлдэл болон хохирогчид учруулсан 425,000 төгрөгийн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр  хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гэгээн ямар нэгэн гомдол саналгүй, 425,000 төгрөгийн хохирлоо барагдуулсан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлт /хх-73, 76/, мөн өсвөр насны шүүгдэгч Б.Т нь 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “хохиролд 4,250,000 төгрөгийг өгсөн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг /хх-ийн 75, 76/ тус тус гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоодр тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Б.Тд мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Бовогт Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өсвөр насны шүүгдэгч Б.Тд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Өсвөр насны шүүгдэгч Б.Тд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Б.Тд сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тэмдэглэсүгэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.СОЛОНГОО