| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/04767/И |
| Дугаар | 101/2021/00702 |
| Огноо | 2021-03-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 101/2021/00702
| 2021 03 04 | 101/ШШ2021/00702 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлсөн 3,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэсар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Хэрлэн нь 2019 оны 07 сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг 2019 оны 07 сарын 22-ны өдөр эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр 10 хувийн хүүтэй зээлж, бичгээр гэрээ байгуулсан. 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Б.******* миний бие өөрийн эзэмшлийн данс болох хаан банкны 5361038584 тоот данснаас Х.Хэрлэнгийн Хаан банкны 5007114652 тоот данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш зээлийн хугацаа болон хүүгээ тогтмол сунгаж сунгасан хугацааны хүүгээ тогтмол төлж, явсан хэдий ч үндсэн төлбөрийг огт төлөөгүй болно. Иймд үндсэн төлбөр болох 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн Б.*******гийн нэхэмжлэлтэй иргэн Х.Хэрлэнд холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дор дурдсан тайлбарыг үүгээр гаргаж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үндэслэлгүйгээр мөнгөн хөрөнгө нэхэмжилж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн Х.Хэрлэн 2019 оны 07 сарын 06-ны өдөр иргэн Б.*******тай амаар “Зээлийн гэрээ” байгуулж, уг зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг зээлсэн. Уг тохиролцооны дагуу Х.Хэрлэн нь Б.*******гаас 5,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй болно. Иргэн Х.Хэрлэн нь зээлийг авсан цаг хугацаанаас хойш уг зээлийн гэрээний үүрэгт дор дурдсан дүн, хугацаанд төлөлт хийсэн болно. Үүнд: 2019 оны 07 сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 08 сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 08 сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 09 сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 09 сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 10 сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 10 сарын 26-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 11 сарын 23-ны өдөр 550,000 төгрөг, 2019 оны 11 сарын 23-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 12 сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 01 сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2020 оны 02 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 02 сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 3 сарын 19-ний 700,000 төгрөг, 2020 оны 04 сарын 21-ний өдөр 160,000 төгрөг, 2020 оны 04 сарын 26-ны өдөр 240,000 төгрөг, 2020 оны 04 сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 04 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 05 сарын 09-ний өдөр 50,000 төгрөг, 2020 оны 06 сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 06 сарын 10-ны өдөр 50,000 төгрөг, 2020 оны 07 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг Өөрөөр хэлбэл, 2019 оны 07 сарын 22-ны өдрөөс 2020 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 22 удаагийн үйлдлээр нийт 8,100,000 төгрөгийг хариуцагч Б.*******д төлсөн болно. Иргэн Б.******* болон Х.Хэрлэн нарын хооронд “Зээлийн гэрээ” амаар байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу Б.******* нь Х.Хэрлэнгээс хүү шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтад дурдсан бичгийн баримтууд нь “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан гэж үзэх боломжгүй бөгөөд хуулийн шаардлага хангаагүй болно. Үүнээс харвал хариуцагч Х.Хэрлэн нь үндсэн зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг төлөх ёстойгоос 3,100,000 төгрөгийг үндэслэлгүйгээр төлсөн гэж харагдаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндэслэлгүйгээр илүү төлөлт хийсэн 3,100,000 төгрөгийг хариуцагч Б.*******гаас буцаан гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Б.*******гийн нэхэмжлэлтэй, Х.Хэрлэнд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Х.Хэрлэн нь 2019 оны 07 дугаар 06-ны өдөр бичгээр гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Х.Хэрлэн нь зээлийн гэрээний сунгах хүсэлтийг бичгээр өгч, хүүг тохиролцсоны дагуу хүлээн зөвшөөрч төлж ирсэн. Хүүгийн төлбөр, түүнтэй холбоотой үүрэг дуусгавар болсон. Нийт хүү 8,100,000 төгрөгийг төлсөн ба үндсэн зээл 5,000,000 төгрөгийг төлөөгүй болно. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.Хэрлэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хариуцагч нь нэхэмжлэгчээс илүү төлсөн 3,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаар гүйцэтгүүлэх, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу илүү төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дараах байдлаар эрх зүйн дүгнэлт хийв.
Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 5 дахь талд/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 хэсэгт “зааснаар мөнгө шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зохицуулсан.
Зээлийн гэрээ байгуулах зорилгоор нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, талууд зээлийн гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Талууд зээлийн гэрээ байгуулсан үйл баримт болон хариуцагч нэхэмжлэгчид 8,100,000 төгрөгийг төлсөнтэй маргахгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 5,000,000 төгрөгийг тодорхойлохдоо зээлийн гэрээг 10 хувийн хүүтэй байгуулсан тул хариуцагчийн нийт төлсөн 8,100,000 төгрөгийг хүүд тооцож, үндсэн зээл 5,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч татгалзаж буй үндэслэлээ “... зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй тул нийт төлсөн 8,100,000 төгрөгөөс үндсэн зээл 5,000,000 төгрөгийг хасаж, илүү төлсөн 3,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна” гэж маргасан.
Нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тохиролцсон гэх баримтыг хариуцагч Х.Хэрлэнгийн өөрийн гараар бичсэн 11 удаагийн бичвэрээр тогтоогдоно гэж тайлбарласан бөгөөд тус баримтуудад “... *******гаас 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 5 сая төгрөг 10 хувийн хүүтэй 7 сарын 22-нд өгнө”, “... Намсрайгаас 5 сая төгрөг авсан үнэн 2019 оны 12 дугаар сарын 20-нд буцааж төлнө”, “... Намсрайгаас 5 сая төгрөгийн хүүгийн өгч сунгалт хийсэн 2020.06.20-нд төлнө”, “... Намсрайгаас 5 сая төгрөг авсан үнэн төлөх хугацаа 2020.05.20-нд төлнө. 10 хуийн хүүтэй”, *******гаас 5 сая төгрөг 7 дугаар сарын 22-нд өгөх ёстой байсан сунгаж 8 сарын 9-нд өгөх нь үнэн”, “... *******гаас 2019.09.06-наас 5 сая төгрөг зээлж 2019.09.25-нд буцааж 10 хүүтэй өгөх нь үнэн”, “... Намсрайгаас 5 сая төгрөг 9.25-нд авсан нь үнэн. 10.25-нд төлнө. 10 хувийн хүүтэй”, “... Намсрайд 2020 оны 1 сарын 20-нд 5,5 сая төгрөг өгөх нь үнэн”, “... 5 сая зээлж авсан, 2020.01.20-нд 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй авсан 2020.02.20-н буцааж төлнө”, “...******* би нэг сарын хүүгийн өгч сунгалаа”, “... Намсрайгаас 1 сая төгрөг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн үнэн” гэжээ. /х.х-ийн 19-29 дэх талд/
Тус баримтуудыг хариуцагч өөрөө бичсэнтэй маргахгүй байхаас гадна уг баримтуудад дурдсан Б.Намсрай нь нэхэмжлэгч Б.*******гийн нөхөр бөгөөд түүний Хаан банкны дансанд зээлийн төлөлтийг хийж байсантай талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зохицуулсан.
Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж ирүүлсэн тус баримтууд нь нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт тул зээлийн гэрээнд хүү тогтоосон хоёр талын хүсэл зоригийг илэрхийлсэн хэлцэл гэж үзэх боломжгүй гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д “Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно” гэж, мөн зүйлийн 42.9-д “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь мөнгийг хүүтэй буцаан төлөх хүсэл зоригийг илэрхийлсэн баримтад зээлдүүлэгч гарын үсэг зураагүй нь хэлцэл байгуулагдаагүй гэж үзэхгүй бөгөөд харин мөнгө эдийн засгийн утгаараа өсөн нэмэгдэх саналыг зээлдүүлэгч тал дуугай хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Түүнчлэн, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д “.Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасан.
Тайлбарлавал, нэгэнт хариуцагч өрийг хүлээн зөвшөөрч төлсөн мөнгийг илүү төлсөн гэж үзэх боломжгүй юм.
Хэрэгт авагдсан хариуцагчийн гараар бичсэн 11 удаагийн баримтын 6-д нь зээлийн хүү 10 хувь төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул тус хүсэл зоригийн хүрээнд зээлийн хүүг тооцоход хариуцагч нэхэмжлэгчид 3,000,000 төгрөгийн хүү төлөхөөр байна.
Ийнхүү үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 3,000,000 төгрөгийг төлөхөөс хариуцагч нийт нэхэмжлэгчид 8,100,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл 5,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Дурдан үндэслэлүүдээр, нэхэмжлэгчийн хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн нэхэмжлэгчээс 3,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Хэрлэнгээс 5,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.*******гаас 3,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 95,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 64,550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ