Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 20

 

                                                     Б.Т, Д.Д нарт холбогдох 

                                                     эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                                  Прокурор                                                        Н.Ц

                                  Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э, М.А

                                  Шүүгдэгч                                                         Б.Т, Д.Д

                                  Нарийн бичгийн дарга                                   М.Э нарыг оролцуулан

                 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Ж-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Т, Д.Д нарт холбогдох 191200336022 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

               Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Урт булагийн ам гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Б овгийн Б.Т

               Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Урт булагийн ам гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овгийн Д.Д

               Шүүгдэгч Д.Д,  Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Завилгаа гэх газарт нутаглаж байсан иргэн Д.Л-ын өмчлөлийн 29 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлж, 20.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

             Архангай аймгийн Прокурорын газраас Б.Т, Д.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

           Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч С овогт Д.Д, шүүгдэгч Б овогт Б.Т нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Д.Д-г 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 40 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан хүрэн өнгийн 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Д, Б.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Д, Б.Т нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Т нь 1.100.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Д нь 795.550 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч Д.Л нь мал эрж хайсны 315.00 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Д.Д-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Д.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ. 

               Дээд шатны прокурор Д.Ж-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д.Ж би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянавал:

                Яллагдагч Д.Д, Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Завилгаа гэх газраас иргэн Д.Л-ын 29 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 200.60.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

               Тус прокурорын газраас яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

               Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д, Б.Т нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Д-г 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан хүрэн өнгийн 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлж тус тус шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ. 

             Шүүгдэгч Б.Т, Д.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэдгээрийн үйлдсэн бусдын 29 тооны буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан, хохирогчид үлэмж хэмжээний хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцэхгүй байна. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан хэргийг шийдвэрлэсэн байх боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хууль буцаан хэрэглэх ямар үндэслэл тогтоогдсон, аль хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй, хорих ял эдлүүлэх байгууллагын дэглэмийг заасан үндэслэлийн талаар тус тус үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч нарт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хууль болон уг хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт оруулсан хуулийн аль хуулинд нь зааснаар ял оногдуулж байгаа талаар тодорхой заагаагүй, шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. 

           Иймд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Б.Т, Д.Д нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсоныг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрч байна. Харин шүүхийн зүгээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаарх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд бусдын олон тооны малыг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхийн тулд хуульд заасан хэд хэдэн урьдчилсан нөхцлүүдийг харгалзах ёстой байдаг. Харин анхан шатны шүүхээс дээрх урьдчилсан нөхцлүүдэд бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан байдаг. Тэгэхээр шүүгдэгч нарын хувьд бусдын олон тооны малыг хулгайлж хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэж үйлдсэн тул тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Тэгтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тэдэнд хуульд зааснаас доогуур хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэр нь хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзэж байна. Ялын хувьд бол шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, тэднийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх гэсэн зорилготой байдаг. Гэтэл анхан шатын шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь ялын зорилгод нийцээгүй байна. Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан байдаг. Гэвч уг зүйл хэсгийг журамлаж хэрэглэхдээ хэдэн оны Эрүүгийн хуулийг баримталж байгаа талаар тодорхой зааж өгөөгүй байсан. Энэ нь хэлбэр агуулгын хувьд шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд дээрх хоёр үндэслэлээр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын яллагчийн зүгээс шүүх нь шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамласан нь буруу гэж үзэж байгаа юм байна. Тус заалтыг анхан шатны шүүхээс хэрэглэхэд хориглосон талаарх заалт байхгүй байна. Тус заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан байна. Хэргийн төрлийн хувьд шүүгдэгч нар нь хүнд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд 2-8 жилийн хорих ялтай байсан. Тэгэхээр энэ хэрэг нь дээрх зүйл заалтад хамаарч байна. Харин бусдын олон тооны малыг хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан бол тухайн зүйл заалтад хамаарахгүй талаар зааж өгөөгүй байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэх бөгөөд ялын хэмжээ их, багаас хамаарахгүйгээр ялын зорилго явагдаж байна. Шүүхээс шүүгдэгч нарт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь цээрлүүлж байгаа хэлбэр мөн юм. Хохирогчид ихэнх тооны малыг хүлээлгэж өгсөн бөгөөд дутаасан малынхаа хохирлыг шүүгдэгч нар  нөхөн төлсөн. Тэгэхээр хохирогчийн гэм хорын хохирол сэргээгдсэн гэж үзэж болох юм. Шүүгдэгчийг хорьж байснаараа урьдчилан сэргийлсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүгдэгчийг цагдан хорьж байгаа нь ч гэсэн нийгэмшүүлж байгаа үйл явдал биш юм. Харин аль болох хүмүүсийг хорих ял эдлүүлэхгүйгээр нийгэмтэй нь ойрхон байлгасан тохиолдолд нийгэмших нь илүү үр дүнтэй юм. Б.Т нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд эцгийн хамт амьдардаг. Мөн хэргийн нөхцөл байдлын хувьд гэмт хэргийн сэдлийг зорилготой нь уялдуулан дүгнэлт хийх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Яг хэдэн тооны адуу авснаас хэдэн адууг нь ашигласан юм бэ гэдгийг анхаарах ёстой байх. Яллах талын зүгээс сэдлийг тогтоосон тул зорилгыг тогтоох шаардлагагүй гэдэг. Хуулинд дээрх хоёр асуудлыг хамтад нь тогтоох шаардлага тавьсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолын хууль хэрэглээний зарим асуудлыг засварлах боломжтой гэж үзэж байна. Харин шүүгдэгч Б.Т-т оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

             Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Аймгийн прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлгүй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Яагаад гэхээр прокурорын зүгээс мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд шүүгдэгч нарыг бусдын олон тооны мал буюу 29 тооны адуу хулгайлсан байна, тиймээс шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл тохироогүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Анхан шатны шүүхээс хуулинд байгаа зүйл заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь тухайн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болохгүй. Учир нь шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлоо нөхөн төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүгчийн зүгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Прокурорын зүгээс тухайн хүмүүсийн хувийн байдалд нь дүгнэлт хийж, тэдэнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй юм. Прокурорын зүгээс бусдын олон тооны буюу 29 адууг хулгайлсан, үлэмж хэмжээний хохирол учруулсан, бүлэглэсэн зэрэг нь хүндрүүлэх нөхцөл болох талаар тайлбарлаж байна. Прокурорын хэлснээр үзэж болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаас харахад шүүгдэгч нарт 1 жилийн хорих ял ч оногдуулж болохоор нөхцөл байдал байх бөгөөд харин ч шүүгдэгч нарт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй байх хууль зүйн үндэслэлийг тус ангийн 4 хэсэгт зааж өгсөн байна. Тэгэхээр дээрх 4 хэсэгт заасан нөхцөл байдлаас бусад тохиолдолд дээрх зүйл хэсгийг хэрэглэж болохоор байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Шүүгдэгч нарт олон тооны мал хулгайлсан гэдгээр л эрүүгийн хариуцлага оногдуулах шаардлагатай бөгөөд хохирлын хувьд хүндрүүлэн үзэх боломжгүй юм. Харин шүүгдэгч нарын хувьд өөрсдөд  нь холбогдох зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Д.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чинь санаасаа гэмшиж байдаг, хохирлоо нөхөн төлсөн бөгөөд эхнэр, 1-2 настай хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Мөн тэрээр хүний малыг хөлсөөр маллаж амьдардаг. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурор Д.Ж-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ...гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т...шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл...тусгана...гэж, 3.3-т...урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга... тусгана...гэж тус тус хуульчилжээ.

           Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүх шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэдэн оны хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэж байгаа талаар бичээгүй, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг ямар үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн үндэслэлээ бичээгүй зэрэг нь хуульд нийцэхгүй байна. 

          Өөрөөр хэлбэл шүүх шүүхийн шийтгэх ба цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт тусгасан асуудал бүрийг шүүхийн шийтгэх ба цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт үндэслэл бүрийг тодорхой бичсэн байх нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ. 

            Хэдийгээр давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хуулиар олгогдсон ч шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулах боломжгүй юм.

          Иймд дээд шатны прокурорын шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан хэргийг шийдвэрлэсэн байх боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хууль буцаан хэрэглэх ямар үндэслэл тогтоогдсон, аль хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй, хорих ял эдлүүлэх байгууллагын дэглэмийг заасан үндэслэлийн талаар тус тус үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч нарт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хууль болон уг хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт оруулсан хуулийн аль хуулинд нь зааснаар ял оногдуулж байгаа талаар тодорхой заагаагүй, шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэсэн заалтыг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

            Харин шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болсон тул эсэргүүцлийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцэхгүй гэсэн үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.  

  Шүүгдэгч Д.Д, Б.Т нарын хувийн байдлыг харгалзан үзэж хэрэг шүүхэд очтол тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.Д, Б.Т нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

   

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Т.ДАВААСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                                     Д.БЯМБАСҮРЭН                      

                                                                                               В.ЦЭЦЭНБИЛЭГ