Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 74

 

           Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-улсын яллагчаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

-шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

-насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэнпагма,

   -шүүгдэгч Б.Батдорж нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Төв аймгийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батбаярын Батдоржид холбогдох эрүүгийн 201619000821 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Мэргэжил сургалт үйлвэрлэлийн төвийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, эмээ, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 31 дүгээр байр, 02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батбаярын Батдорж /РД:НЭ99051018/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Б.Батдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнийн 04 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Солонго цогцолборын ард байрлах зочид буудлын өрөөнд нэвтрэн орж Г.Батчимэгийн “Айфоне-5” маркийн гар утас, түрийвчинд нь байсан 50 000 төгрөгийг тус тус хулгайлж, бусдад 410 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

201619000821 тоот хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Батчимэг мэдүүлсэн: ... Архи ууж байгаад хэдэн цагийн үед унтсанаа сайн санахгүй байна, архи их уусан болохоор өглөөний 09 цаг хүртэл сэрээгүй унтсан байсан. ...09 цаг 30 минутын үед орноосоо босоод утсаа хайгаад олоогүй. Дэлгүүрээс ус авч уух гээд куртикны халааснаас түрийвчээ аваад гарах гэтэл түрийвчинд байсан бэлнээр 50,000 төгрөг, 100 юань алга болсон байсан. Гар утасны ар талд байсан С.Өлзийсайханы жолооны үнэмлэхийг шалан дээр хаяад явчихсан байсан. Би дэлгүүр ороод буудлын камер шүүж өгөөч гэж гуйгаад шүүж үзсэн чинь танихгүй 20 гаруй насны орчим өмнө нь харж байгаагүй эрэгтэй хүн байсан. ...буцаж манай өрөөнд ороод миний утасны гэрлийг асаасан байдалтай гарч ирээд халаасандаа түрийвчнээс мөнгө авч хийгээд буудлын арын хаалгаар гарч явсан бичлэг нь байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17 хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Өлзийсайхан мэдүүлсэн: ... манай найз охин согтоод 02 цагийн үед унтсан байх харин Н.Ганчимэг буудлаас 03 цагийн үед явсан. Бид 2 унтаад үлдсэн ...өглөө 09 цагийн үед сэрээд манай найз охин Г.Батчимэг гар утас, түрийвчтэй мөнгөө алдснаа мэдсэн. Дэлгүүрийн камер шүүж үзэхэд 18-20 орчим насны эрэгтэй хүн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Ганчимэг мэдүүлсэн: ... Буудалд ороод бид 3 юм яриад архиа хувааж ууж байгаад би шөнийн 03 цагийн үед гэртээ харихаар явсан. ... Ай фоне-5 маркийн цагаан өнгийн гар утас. тавин мянган төгрөг бэлнээр, мөн 100 юань алдагдсан гэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бямба-Очир мэдүүлсэн: ...Архиа ууж дуусчихаад бид хоёр Б.Батдоржийн гэрт орж хэвтэж байхад Б.Батдорж миний куртикийг өмсөөд гараад явсан байсан. Би эмээгээс нь асуухад сая гараад явсан гэж хэлсэн. Тухайн үед цаг нилээд орой болсон байсан ба би яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Тэгээд би Б.Батдоржийн хар өнгийн куртикийг өмсөөд гэртээ харьж амарсан. Харин маргааш өглөө нь Б.Батдорж миний энгэр хэсэгтээ хөх өнгийн судалтай, хоёр гарын мөрнөөс ханцуй хүртэл цагаан өнгөтэй, саарал өнгийн куртикийг өмсөөд 10-11 цагийн үед манайд ирсэн. ...Улаанбаатар хотод байхад намайг Төв аймгаас хүн дуудаад байна гэж хэлээд надад хүүхдийн утас чи аваад байж бай гэж хэлээд цагаан өнгийн гэртэй Ай фоне-5 маркийн гар утсыг үлдээгээд яваад өгсөн. Тэгээд би орой 19-20 цагийн үед ирсэн, тэр үед цагдаагаас ирээд намайг дуудаж Б.Батдоржийн үлдээсэн утсыг авсан. Хулгайн гар утас гэдгийг мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

 

-“Хан Үнэлэмж” ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 30-33 хуудас/

-Насанд хүрээгүй этгээдийн нас тоолсон тухай тэмдэглэлд: “...гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 6 сар 6 хоногтой” гэх /хх-ийн 95 хуудас/

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй яллагдагч Б.Батдорж мэдүүлсэн: ...архиа ууж дуусчихаад гараад манай гэрт орж ирээд хувцсаа тайлж байж байгаад би Б.Бямбаа-Очирын куртикийг өмсөөд ганцаараа гараад Солонго цогцолборын ард талын дэн буудалд очсон. Би очоод цонхоор харсан чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтаж байсан. Ширээн дээр нь утас байсан буудал руу ордог төмөр хаалга онгорхой байсан. Буудлын хаалгаар ороод нөгөө ах, эгч хоёр унтаж байсан өрөөнд нь ороод ширээн дээрээс нь гар утсыг нь, бор өнгийн түрийвчнээс 47 000 төгрөг аваад гарч явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 хуудас/

     -Шүүгдэгч Б.Батдоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад:  Ял шийтгэл үгүй гэх лавлагаа /хх-78/,

-Шүүгдэгч Б.Батдоржийг 2016 оны 11 сарын 10-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-73-75 тал/, 2017 оны 01 сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-76-77 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

     Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнийн 04 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Солонго цогцолборын ард байрлах зочид буудлын өрөөнд /онгорхой байхад нь сэм/ нэвтрэн орж Г.Батчимэгийн “Айфоне-5” маркийн гар утас, түрийвчинд нь байсан 50 000 төгрөгийг тус тус хулгайлж, бусдад 410 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Батчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, гэрч С.Өлзийсайханы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.Ганчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Бямба-Очирын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Батдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батдоржид  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Батдоржийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

2016 оны 11 сарын 18-ны өдрийн насанд хүрээгүй эдгээдийн нас тоолсон тухай тэмдэглэлд /хх-ийн 95/: Б.Батдорж нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 6 сар 6 хоногтой байсан байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 21.2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны этгээд энэ хуулийн тусгай ангийн 91 /Хүнийг санаатай алах/, 96/ Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 126 /Хүчиндэх/, 145/ Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146/ Бусдын эд хөрөнгийг булаах/, 147/ Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 153/Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх/, 181.3 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байх тул Б.Батдоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батдоржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлалгүйгээр хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хохирлын талаар:

Хохирогч Г.Батчимэгийн хохирол төлбөр төлөгдсөн болох нь хохирол төлсөн баримтаар нотлогдож байгаа боловч хохирогч Г.Батчимэг Хятад улс руу явсан гээд шүүх хуралдаанд ирээгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Батдоржийн хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх нь зүйтэй байна.

 

            Эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэлийн талаар:

            Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан 1 ширхэг СД-г энэ хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл үлдээх,

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор БСБ маркийн ЛСД дэлгэцтэй 32 инчийн зурагтыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Батдоржид буцаан олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, Б.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батбаярын Батдоржийг бусдын орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдоржийн эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Батдоржид оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хуулийн ерөний ангийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг журамлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Батчимэгт хохиролд 300 000 төгрөгийг Б.Батдорж төлсөн бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор БСБ маркийн ЛСД дэлгэцтэй 32 инчийн зурагтыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцож хураан авсан 1 ширхэг СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

7. Ялтан Б.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй ялтан Б.Батдоржийн 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, ялтан Б.Батдоржийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэнпагмад хариуцуулж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батдоржид урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Батдоржид  урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА