Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0510

 

 

 

 

 

 

2022 06 22 0510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П********* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н***********

Хариуцагч: С Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б******** нарын хоорондын С Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн П********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П********* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа С Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн П********* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч П********* ХХК-ийн захирал 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр С Газар зохион байгуулалтын албан дээр очиж, тус дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн хуулбарыг авч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, хариуг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07/6045 тоот албан бичгээр ...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг хууль бус гэж үзэх боломжгүй болно гэж хариу өгсөн тул, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ 2021 оны 9 дүгээр сард манай газрыг хариуцсан газар зохион байгуулагчтай уулзахад дуудлага худалдааны анхны үнэ 176,000,000 төгрөгийг төл гэж нэхэмжлэх өгсөн, газар эзэмших эрхийн цуцлах талаар бидэнд мэдэгдэж, ямар нэгэн тайлбар аваагүй, дуудлага худалдааны үнийг төлөхөөр газрын албанд очиход манай газрын эрхийг цуцалсан талаар мэдэгдсэн гэж,

2/ Маргаан бүхий захирамжтай танилцахад манай компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэсэн, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас энэ талаар шалгаж тогтоосон ажиллагаа огт явуулаагүй гэж,

3/ Манай компанийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа огт явуулаагүй тул маргаан бүхий актын манай компанид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь заалт болон тус хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж,

4/ Уг актын улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: С Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн П********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Тус компани 2014 онд аялал жуулчлал, амралт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. С Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/248 дугаар захирамжаар С ****** дүгээр хороо, Цагаан бургастайн гудамжинд 39968 м.кв газар эзэмших эрх авсан. Нэхэмжлэгч компани тухайн үед мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшигч болон газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулсны дагуу мод үржүүлгийн ажил хийх гэж газраа хашаалж, газрын тэмдэг тавьж, газар дээрээ манаач харуулын ажилтнууд байршуулсан байсан. Мод үржүүлгийн ажил Ковид-19 цар тахлын улмаас зогсонги байдалтай байсан. Гэтэл Нийслэлийн С Засаг даргаас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг гаргаж манай компанийн газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Уг захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэж газрын эрхийг цуцалсныг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь нэхэмжлэгч компани газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, газар дээрээ хашаа барьсан, газар дээрээ манаач байрлуулж үйл ажиллагаа явуулж байсан. Манай ашиглаж байгаа газрын хажуу хавийн газруудад тариалан хийдэг бөгөөд бүгд торон хашаагаар хашаалсан байдаг. Манай компани яг ижилхэн торон хашаагаар хашаалж үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл С Засаг даргаас нэхэмжлэгч компани нь газраа хэрхэн яаж ашиглаж байсан, ямар зориулалтаар ашиглаагүй, 2 жилийн хугацаанд ашиглаагүй талаар нь тодорхой хяналт шалгалт дүгнэлт хийхгүйгээр газар ашиглаагүй гэж үзэж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд С Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Уг захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргахад бодит байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа огт хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн зүгээс захиргааны актыг гаргахтай холбоотой захиргааны актын хувийн хэргийг хэрхэн яаж бүрдүүлж хөтөлсөнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, ийм ажиллагаа хийгдээгүй учир баримт байхгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн үйл баримтыг шалгаж тогтоох ажиллагааг хийгээгүй, дээрх ажиллагааг хийлгүйгээр газар эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь С Засаг даргын 2017 оны А/248 дугаар захирамжаар дүүргийн дүгээр хороонд байрлах 39968 м.кв газрын 15 жилийн хугацаатай эзэмших эрх авсан. Дүүргийн газрын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17/1865 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хаягаар нь Монгол шуудангаар хүргүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу хариу тайлбар өгөх боломжийг хангаж 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2083276 дугаар өглөөний сонинд зарлуулсан. Сонинд зарлуулахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэр бүхий 50 иргэн хуулийн этгээдийн газрын гэрчилгээг хүчингүй болгохоор сонсох ажиллагаа хийснээ мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан. Энэ тайлбар хүсэлтийг гаргах хугацаандаа ирүүлээгүй.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2014515 дугаар сонинд сонсох ажиллагааг зарлуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж заасан байна. Нийслэлийн Засаг даргад гомдол гаргах 30 хоногийн хугацааг алдсан гэж үзэж байна. С газрын харилцааг газар зохион байгуулалтын албан хариуцан хэрэгжүүлдэг. Газрын алба нөхцөл байдлыг бодитоор тогтоох ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани зориулалтын дагуу газар ашиглаагүй. Үүнийгээ 2017 онд газрын гэрчилгээ авсан атлаа 2019, 2020 онд гарсан цар тахалтай холбон тайлбарладаг бөгөөд захиргааны актын мэдэгдлийг хүргүүлэхээр өөрсдөө тайлбараа өгөөгүй атлаа хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуульд заасны дагуу эрх хэмжээгээ дүүргийн Засаг дарга хэрэгжүүлж энэ хүрээн захирамж гаргасан. Газрын тухай хуулийн нэг үзэл санаа нь газраа зориулалтын дагуу ашиглаад, тухайн орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, татвар төлөх гэх мэт үйл ажиллагааг хэрэгжүүлж байж зориулалтын дагуу ашигласан гэж үзэх байсан болохоос зүгээр нэг хашаа барьж ашиглахгүй байгаа нөхцөл байдлыг тогтоосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Анх 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр П********** ХХК-иас С газрын албанд ...С орчим зуслангийн зориулалтаар 4 га газар эзэмших хүсэлтийг гаргаж, С Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай А/249 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр нэхэмжлэгч компанид тус дүүргийн дүгээр хороонд зуслан-ийн зориулалтаар 0000м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

2. С Газрын албанаас 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр П********** ХХК-тай Газар эзэмших гэрээ байгуулж, гэрээнд ...газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшүүлэхээр, газрын төлбөрийг тооцож, нэг жилийн хугацаагаар байгуулжээ.

3. Гэвч дээрх С Засаг даргын П********** ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж, болон тус дүүргийн Газрын албанаас байгуулсан газар эзэмших гэрээг үзвэл нэхэмжлэгч компанийн газар эзэмших зориулалт зөрүүтэйгээс гадна түүнд захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй байна.

4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтад зааснаар газрын гэрчилгээ олгох эсэх асуудлыг захиргааны байгууллага шийдвэрлэх болохоос хувь этгээд шийдвэрлэхгүйгээс гадна Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.8-д "газар ашиглах эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлэхээр заасан байна.

5. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан хэрэглэвэл нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж шууд буруутгах боломжгүйгээс гадна Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч П********** ХХК-ийг эзэмшил газраа аль үндэслэлээр ашиглаагүй болохыг шүүхээс тогтоох боломжгүй байна.

6. Учир нь захиргааны байгууллагаас нэхэмжлэгч П********** ХХК-д зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхийг олгосон атлаа 2018 онд нэг жилийн хугацаагаар байгуулсан гэрээг мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр байгуулсан байна.

7. Маргаан бүхий С Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/*** дүгээр захирамжийн холбогдох хэсгээр нэхэмжлэгч П********** ХХК-ийн тус дүүргийн 21 дүгээр хорооны Цагаан бургаст нэртэй газарт зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын 18627330189179 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

8. Гэвч П********** ХХК-д анхнаасаа газар эзэмших эрхийн гэрчилгээг захиргааны байгууллагаас олгоогүй, шүүхээс энэ талаар нотлох баримтуудыг хэргийн оролцогчдоос шаардсан боловч ирүүлээгүй тул шүүх энэ талаар цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

9. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч П********** ХХК-иас С Засаг даргад холбогдуулан гаргасан С Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн П********** ХХК-д холбогдох хэсгийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ