Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

 

  2024        03          07                                     2024/ШЦТ/241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

улсын яллагч Г.Чанцалдулам,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.о.М.Нхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 0284 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ннь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” баарны гадаа хохирогч О.М“хамт өөр газар руу явахгүй” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ннь мэдүүлэхдээ: “...Хэлэх үг байхгүй” гэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ннь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” баарны гадаа хохирогч О.Мхамт өөр газар руу явахгүй гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эргүүлийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 7-8/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 9-12/,

 

Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...03 цагийн орчимд баарнаас гарах гээд явж байсан чинь нэг үл таних залуу намайг болон манай найзтай хамтдаа өөр газарт очоод хамтдаа явья гэх утгатай зүйл яриад явуулахгүй байхаар нь би түүнтэй хамтдаа явахгүй гэж хэлтэл хүлээж авахгүй хамтдаа явна гээд байхаар нь би түүнийг холдуулах гээд түлхсэн чинь намайг зөрүүлээд шууд баруун гараараа миний нүүр лүү 1 удаа цохисон. Би газарт цохиулаад газарт унаад нэлээн өвдөхөөр нь босож ирээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхөд тэр залуу зугтаагаад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч М.Ммөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз М хамт пабд сууж согтууруулах ундаа хэрэглэж байгаад “И” гэх нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн баарны ширээнд сууж байх үед үл таних эрэгтэй хүн хүрч ирээд хамтдаа ууж сууя, танилцъя гээд бидэнтэй яриа өдөөд байсан. Тэгэхэд найз М цаашаа яваа гэж хэлээд түүнд танилцахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэгсэн чинь дунд хуруу, салаавч гаргасан. Түүнээс хойш нэг их удаагүй бид хоёр тэндээс явах гээд гадаа үүдэнд гарч ирэхэд нөгөө залуу дагаад гараад ирсэн бөгөөд хэл амаар доромжлоод янхан, гичий гэх мэтээр доромжлоод байхаар нь найз М нь түүнд хандаад “чамаар яахаараа доромжлуулдаг юм, хаана янхандаад яваад байхыг нь харсан юм” гэх мэт зүйл ярихад хүрч ирээд шууд Мийг нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Цохиулаад газарт шууд унаад босож ирсэн бөгөөд нөгөө залуу цохичхоод шууд зугтаагаад явчихсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар шинжээчийн: 1. О.М биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт/хх-ийн 27-29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч М.Нүйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч О.М эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч нь хохирогч О.М нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч М.Ннь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.М нь ямар нэгэн гомдол саналгүй, өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 1,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч М.Ннь төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.Нээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Ннь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар М.Н оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, М.Ннь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  90 хоногийн дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ннь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.Нээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ннь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.СОЛОНГОО