Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
Хэргийн индекс | 105/2024/0228/Э |
Дугаар | 2024/ШЦТ/243 |
Огноо | 2024-03-07 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Чанцалдулам, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/243
2024 03 07 2024/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
улсын яллагч Г.Чанцалдулам,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00544 0330 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Бнь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С.М” шатахуун түгээх станцын арын зам дээр хохирогч Б.Э“зам тээврийн осол гаргасан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж биед баруун дээд 1-р шүдний хугарал, буйланд цус хуралт, уруулд язарсан шарх бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бнь мэдүүлэхдээ: “...2024 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр автын ослын улмаас маргалдаад хохирогчийг зодсон нь үнэн” гэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Бнь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С.М” шатахуун түгээх станцын арын зам дээр хохирогч Б.Э“зам тээврийн осол гаргасан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж биед баруун дээд 1-р шүдний хугарал, буйланд цус хуралт, уруулд язарсан шарх бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын 03-ны 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С.М” клонкийн арын авто замын уулзвар дээр өөрийн эзэмшлийн 00-00УНМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй эргэх дохио өгөөд хөдөлгөөн хийх үед урдаас эсрэг урсгалаар зорчиж байсан 00-00УВА улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж авто замын осол гаргасан. Улмаар миний бие өөрийн машиныг зогсоох жолооны ард сууж байх үед 00-00УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа бууж ирээд жолооч талын онгорхой байсан цонхоор миний баруун мөр хэсэг рүү 1 удаа цохихоор нь би машинаасаа буусан тухайн хүнтэй маргаан үүсгэсэн. Улмаар маргалдах явцдаа 00-00УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч миний нүүр рүү 2-3 удаа цохиж үүдэн дээд талын 1 ширхэг шүд хугалсан. Би тухайн жолоочийн биед халдаж зодсон зүйл байхгүй. Тухайн маргаан гарч 00-00УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид зодуулснаас болж миний үүдэн дээд талын 1 ширхэг шүд хугарч, буйл хавдаж, уруул дотор талдаа сэтэрсэн гэмтэл учирсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний зүгээс эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна Сэтгэл санааны хувьд ямар нэгэн учирсан хохирол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 00 дугаар шинжээчийн: 1. Б.Э биед баруун дээд 1-р шүдний хугарал, буйланд цус хуралт, уруулд язарсан шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Бүйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Б.Э эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Мөн шүүгдэгч нь хохирогч Б.Э нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун дээд 1-р шүдний хугарал, буйланд цус хуралт, уруулд язарсан шарх зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн “ гэж заажээ.
Хохирогч Б.Э2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “шүүгдэгч Д.Бхохиролд 110,000 төгрөгийг авсан, шүдэнд учирсан гэмтлийг Д.Бнь эхнэрийнхээ ажилладаг гэх эмнэлэгээр эмчлүүлж төлнө гэж тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлт /хх-45/, мөн шүүгдэгч Д.Бнь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “хохиролд 110,000 төгрөгийг өгсөн, цаашид шүдэнд учирсан гэмтлийг эмчлүүлэхээр хохирогчтой харилцан тохиролцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг /хх-ийн 46/ тус тус гаргажээ.
Шүүгдэгч Д.Бнь хохирогч Б.Э110,000 төгрөгийн хохирол төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.
Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Бжич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Д.Б оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Д.Бнь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Бжич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО