Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/2021/00698

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Д*******ын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 2017 дугаар шийдвэрээр С*******ын Д*******аас 35,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 332.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А******* ******* *******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Д*******ын өмчлөлийн Г-******* дугаар бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, сургуулийн 11 дүгээр гудамж, 152 тоот хаягт байрлах 24,48 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 200 м.кв талбайтай С.Д*******ын өмчлөлийн газрыг 2020 оны 08 сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хурааж шинжээч томилон, шинжилгээ хийлгүүлсэн байна. Хураасан хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Сургуулийн 11-р гудамж, 152 тоот хаягт байрлах 24,48 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 200 м.кв талбайтай С.Д*******ын өмчлөлийн газрыг нийт 19,313,000 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж төлбөр төлөгчийг хохироож байна. НШШГГазраас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үнэлгээний талаарх мэдэгдлийг шуудангаар илгээсэн гэх боловч нэхэмжлэгч С.Д*******т хүргэгдэн ирээгүй учраас НШШГГ-т 2020 оны 09 сарын 09-ний өдөр өөрийн биеэр очиж холбогдох материалыг хуулбарлан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргасан болно. Иймд Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Сургуулийн 11 дүгээр гудамж, 152 тоот хаягт байрлах 24,48 м.кв талбайтай хувийн сууцыг 6,023,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 200 м.кв талбайтай С.Д*******ын өмчлөлийн газрыг 13,290,000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 19,313,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02017 дугаар шийдвэрээр С.Д*******аас 35,000,000 төгрөгийг гаргуулж “А******* ******* *******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 19262054 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч С.Д*******т шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Сургуулийн 11-р гудамж, 152 тоот хаягт байрлах 24,48 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 200 м.кв талбайтай газрыг 2020 оны 06 сарын 17-ны өдрийн ******* дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 сарын 20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт авагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч С.Д*******ын үнэлсэн үнэлгээг төлбөр авагч тал “А******* ******* *******” ХХК нь эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 8/376 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Файн эстимэйт” ХХКомпанийг томилоход 19,313,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 4-163/30973 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 02017 дугаар шийдвэрээр хариуцагч С.Д*******аас 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А******* ******* *******” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 5-6 дахь талд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна” гэж, 21.4-д “Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна” гэж тус тус зохицуулсан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 02017 дугаар шийдвэрт тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 01272 дугаартай гүйцэтгэх хуудас, 15621 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг олгож, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19262054 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол”-р төлбөр төлөгч С.Д*******т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 163 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилсан байна. /х.х-ийн 44-45, 48 дахь талд/

Шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл гардуулж, төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн мэдүүлэг гаргуулан авч, төлбөр төлөгч С.Д*******ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 дүгээр гудамж 152 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 200 м.кв газар уг хаягт байрлах 24.48 м.кв хувийн сууцыг битүүмжлэн, хураасан байх бөгөөд нэхэмжлэгч эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маргаагүй харин үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж гомдлын үндэслэлээ тодорхойлсон. /х.х-ийн 49-59 дэх талд/

Нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд төлбөр төлөгч С.Д******* нь үл хөдлөх хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “А******* ******* *******” ХХК хүлээн зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар талууд санал тохиролцоогүй улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/376 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-р “Файн эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 60-61 дэх талд/

Шинжээчээр томилогдсон “Файн эстимэйт” ХХК нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 дүгээр гудамж 152 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 200 м.кв газрыг 13,290,000 төгрөгөөр, уг хаягт байрлах 24.48 м.кв хувийн сууцыг 6,023,000 нийт 19,313,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилохтой холбоотой ажиллагааг хийж гүйцэтгэхдээ холбогдох хууль, журмыг зөрчсөн талаар нэхэмжлэгч маргаагүй.  /х.х-ийн 64-74 дэх талд/

Харин, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэл болох үнэлгээг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 зааснаар баримтаар нотлоогүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч “Файн эстимэйт” ХХК нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 дүгээр гудамж 152 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 200 м.кв газар уг хаягт байрлах 24.48 м.кв хувийн сууцыг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Д*******ын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д*******ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Д*******ын урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ