Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/165

 

 

 

 

 

 

 

   2024         02          16                                   2024/ШЦТ/165

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

хохирогч Э.Б.,

шүүгдэгч Б.Э. нар оролцсон эрүүгийн 2305000001619 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б. овогт Б.ын Э.

            Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт оршин суух, урьд

            - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

            - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э. нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны 10 дугаар байрны гадна “яаж яваад байгаа юм” гэж хохирогч Э.Б.г өдөж, хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад Э.Б.гийн нүүр болон бие хэсэг рүү нь гараараа цохих, толгой руу нь барьж явсан гар утсаараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зулайн  хуйхны завчигдсан шарх, баруун зулайн цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан дээрх хийн хураа, зүүн хацарт шарх, зүүн хацар, хэвлийд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айлофт” бааранд хохирогч Л.Солонгын гээгдүүлсэн 2.050.000 төгрөгийн үнэлгээ бүхий iPhone 12 pro max маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн үед найз охинтойгоор явж байсан. Таарамжгүй харилцааны улмаас нэлээн стресстэй, хэцүү байсан ба би уйлчихсан явж байсан. 20 дугаар байрны тэр хавьд тонгойх үед миний ард хүн дуугарсан. Хувцсанд хүн хүрч байгаа ч юм шиг, илээд өнгөрч байгаа юм шиг надад их сонин санагдсан. Тэгээд хойшоо хартал хохирогч байж байсан. Би хохирогчийн мэдүүлсэн шиг элдэв янзаар хэлээгүй. Зүгээр л найз охиндоо хандаж “яаж яваад байгаа юм бол оо” гэхэд хохирогч тэр үгийг сонсоод над дээр шууд хүрч ирээд, намайг боосон. Тэгээд найз охин луугаа харсан чинь манай найз охин айчихсан байсан. Найз охиноо айлгахгүйн тулд “хайр аа, цаашаа байж бай” гээд өөрөөсөө холдуулсан. Би хохирогчоос “тавьчих л даа” гэж олон удаа гуйсан. Би толгой эргээд, ухаан алдахын даваан дээр өөрийгөө хамгаалах зорилгоор, зодолдох зорилгоор ноцолдож эхэлсэн. Ингээд зодолдох явцад миний гар гэмтээд дахиж цаашаа зодолдох чадваргүй болсон. Тэгээд би болиод, цаашаа зугтаах гэсэн боловч найз охиноо үлдээгээд зугтааж чадаагүй. Хохирогчийг босоод ирэхээр нь айсандаа, сандарсандаа болоод утсаараа толгой руу нь 2-3 удаа цохисон санаж байна. Ингээд цохитол хохирогч намайг “яаж байна аа” гэхээр нь би “цагдаагаа дууд” гэсэн. Тэгээд хүн салгаад, бид гэр гэр лүүгээ харьцгаасан.

Дараагийн үйлдлийн тухайд би найзуудтайгаа явж байсан ба хүний утас олсон. Эхлээд хэнийх юм бол гээд харж байгаад, хүн нь байхгүй болохоор нь “олсон хүний олз, хаясан хүний хаяз” гэдэг шиг аваад явсан. Тухайн утас нь текэн дээр дуугараад байж байсан.” гэв.

            Хохирогч Э.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хажуугаар нь зөрөхөд хальт шүргэсэн. Тэгтэл намайг “яаж яваад байгаа юм бэ, пизда минь?” гэсэн. Тэгэхээр нь би “яасан гэнэ ээ?” гээд эргээд харсан. Ингээд бид хоёр зууралдсан, цохилцсон. Тэгтэл толгой гэнэт час гээд явчихсан. Тэгээд цохиулчихаад хартал шүүгдэгч баруун гартаа нэлээн том заазуур барьчихсан байсан. Тэгээд дундуур нэг ах орж ирээд салгасан...” гэв.

Эрүүгийн 2305000001619 дугаартай хэргээс:

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдох нотлох баримтууд:

Хохирогч Э.Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч З.Бүжинлхамын мэдүүлэг /хх-ийн 34/,

Гэрч А.Маралын мэдүүлэг /хх-ийн 36/,

Гэрч Д.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 89-90/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9684 тоот дүгнэлт /хх-ийн 42-43/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119-120/,

Шинжээч эмч А.Дунгаамаагийн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Самсунг Галакси Нөүт 8 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 98-102/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогдох нотлох баримтууд:

Хохирогч Л.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 141-142/,

            Иргэний нэхэмжлэгч Б.Чингүний мэдүүлэг /хх-ийн 146-147/,

            Гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-ийн 150-151/,

            Гэрч Э.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 166-167/,

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 160-162/,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 157-158/,

            Б.Э.гийн хувийн байдалд холбогдох баримтууд /хх-ийн 56-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Б.Э. нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчим Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны 10 дугаар байрны гадна гудамжинд явж байхдаа “яаж яваад байгаа юм” гэж хохирогч Э.Б.г өдөж, хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад Э.Б.гийн нүүр болон бие хэсэг рүү нь гараараа цохих, толгой руу нь барьж явсан гар утсаараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зулайн хуйхны завчигдсан шарх, баруун зулайн цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан дээрх хийн хураа, зүүн хацарт шарх, зүүн хацарт шарх, зүүн хацар, хэвлийд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Э.Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23:00 цагийн орчим гэртээ эхнэрийн хамт байж байгаад дэлгүүрээс эд зүйл авахаар гарсан. Гадаа гараад дэлгүүр лүү явж байхад хойноос хүн “хөөе пизда минь, яаж яваад байгаа юм?” гэхээр нь би гайхан эргэж хараад “яасан гэнэ ээ?” гэхэд нэг залуу шууд надтай зууралдаж авсан. Би адилхан зууралдаад авахад намайг цохихоор нь би адилхан цохилцсон. Цохилцож, зууралдаад байж байхад доош нь дараад, миний толгой руу хэд хэдэн удаа цохиход миний толгой час гээд л явчихсан. Нөгөө залууг харахад баруун гартаа заазуур бариад зогсож байгаа нь надад харагдсан. Бид хоёрын дундуур хүн орж ирээд зодооныг салгасан. Би шууд гэртээ орсон. Тэр залуу гараараа миний нүүр болон бие хэсэг рүү цохисон. Тэр нь нэг их гэмтэл учруулаагүй. Харин толгойн орой хэсэгт нөгөө залуу барьж явсан заазуураараа цохиж гэмтээсэн. Зүүн хацар зүссэн. Хажууд нь хамт явсан найз охин нь бололтой эмэгтэй намайг зодсон залуугийн нэрийг хэлээд “болиоч” гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч З.Бүжинлхамын өгсөн: “Манай нөхөр Э.Б. дэлгүүр хаахаас өмнө 23 цаг 20 минутын орчим гэрээсээ гарсан. 10-20 минутын дараа толгойн орой хэсгээр нь цус урсаж, нүүр, хүзүү, өмсөж явсан хувцас нь цус болсон байдалтай орж ирсэн. “Нэг залуу заазуураар толгой руу цохичихлоо” гэж хэлсэн. Манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

Гэрч А.Маралын өгсөн: “Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр найз залуу Б.Э.тай уулзаад, бид хоёр жаахан маргалдсан. Бид хоёрын маргаан гайгүй болж, Б.Э. дэлгүүрээс нэг пиво аваад, хамт дэлгүүрээс гараад, манай гэр лүү алхаж байгаад Б.Э. гутлаа үдэхээр доошоо тонгойх үед хойноос хүн мөргөсөн. Б.Э. “яаж байна аа, яаж яваад байгаа юм бэ?” гэхэд тэр залуу эргэж хараад, шууд ирээд Б.Э.г заамдаад авсан. Тэр үед Б.Э. “тавьж бай” гэж 3-4 удаа хэлэхэд гараа тавиагүй. Б.Э. тэр залуу хоёр ноцолдож, зууралдаж байхад салгах гэж оролдож байгаад нөгөө залуугийн тохойд нь цохигдоод холдсон. Тэр хоёр маргалдаад зодолдож байхад би ойртож чадахгүй байхад гудамжаар явж байсан ах ирээд салгасан. Б.Э. Э.Б.г гар утсаараа цохисон. Б.Э.д хурц ирмэгтэй зүйл болон заазуур байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Гэрч Д.Ганбатын өгсөн: “24 дүгээр хорооны хэсгийн байцаагч ажилтай. Өчигдөр манай дүү зодуулсан байна гээд нэг залуу ажлын байран дээр орж ирсэн. Тухайн хүний хамт хэрэг болсон гэх газар очиход цус мэт улаан өнгийн зүйл болсон байсан. 20 дугаар байрны камерыг шүүж үзээд явуулсан. Байр болон дэлгүүр орж байгаа бичлэг. Мөн зодолдож байгаа үеийн бичлэг шүүж үзсэн. Камерын бичлэгт гялтганасан зүйл харагдсан. Түүнийг яг хутга, заазуур гэж хэлэх боломжгүй харагдаж байсан. Хяналтын камерын бичлэгийг 24 дүгээр хорооны сууц өмчлөгчдийн холбооны нэгдсэн фэйсбүүк группт байршуулж үзсэн. Харсан гэрч байвал яаралтай холбогдох талаар зар оруулсан боловч хэн нэгэн холбогдоогүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9684 тоот: “Э.Б.гийн биед зулайн хуйхны завчигдсан шарх, баруун зулайн цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан дээрх хийн хураа, зүүн хацарт шарх, зүүн хацар, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 146 тоот: “Э.Б. нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр, сэтгэл гутрал хөнгөн, сэтгэл түгшилтийн хүндэвтэр зэрэг тогтоогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Э.Б.гийн сэтгэцэд үүссэн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно.” гэх дүгнэлт /хх-ийн 119-120/,

Шинжээч эмч А.Дунгаамаагийн өгсөн: “Э.Б.гийн биед учирсан гэмтэл гар утсаар цохисон тохиолдолд үүсэх боломжтой. Зулайн хуйхны завчигдсан шарх, зүүн хацарт шарх гэмтлүүд нь гар утасны ирмэг хэсгээр хүчтэй цохих үед болон үзүүртэй хэсгээр цохих үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Самсунг Галакси Нөүт 8 маркийн гар утсанд үзлэг хийсэн: “...уг гар утас нь хар өнгийн, гадуураа ямар нэгэн гэргүй, утасны хойд хэсэгт Самсунг гэсэн бичиглэлтэй, урд талын дэлгэц зүүн дунд ирмэг, доод булан хагарч үйрсэн,  утасны ирмэг хэсэг ямар нэгэн өнгөгүй, төмөр мэт металл зүйлээр хүрээлэгдсэн. Уг утасны баруун дээд буланд байх товчлуурыг дарж, утсыг асааж үзэхэд дэлгэцийн зүүн хөндлөн буланд ягаан өнгийн тод зураас үүссэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 98-102/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б. эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 260.050 төгрөгийн зардал гарсныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гаргуулж, Төрийн сангийн 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Шүүгдэгч Б.Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.

Мөн шүүгдэгч Б.Э. нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айлофт” бааранд хохирогч Л.Солонгын гээгдүүлсэн 2.050.000 төгрөгийн үнэлгээ бүхий “iPhone 12 pro max” /Ай фон 12 про макс/ маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Л.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 03:00 цагийн орчим Айлофт нэртэй баараар үйлчлүүлж байхдаа тек  хэсэгт өөрийн эзэмшлийн Айфон 12 про макс маркийн гар утсаа мартсан. Камер шүүж үзэхэд үл таних 3 залуу миний гар утсыг аваад, цаашаа явж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/,

Иргэний нэхэмжлэгч Б.Чингүний өгсөн: “Нэг үл таних залуу залгаад, Айфон 12 про макс маркийн гар утас сэлбэгт авах уу, өөрийн эзэмшлийн гар утас гэж хэлсэн. Би 500.000 төгрөг бэлнээр өгсөн. 500.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/,

Гэрч Б.Төгөлдөрийн өгсөн: “Найз Э.Ган-Эрдэнэ, Б.Э. нарын хамт текний хажууд зогсож байхад Б.Э. “миний утсыг аваад өг” гэхээр нь тек рүү харсан чинь Айфон маркийн гар утас байхаар нь авч өгсөн. Тэгээд гэр гэр лүүгээ харьсан. Намайг гар утас авч өгч байхад тооцоог Э.Ган-Эрдэнэ төлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151/,

Гэрч Э.Ган-Эрдэнийн өгсөн: “Миний цаана Б.Э. саравчтай малгайтай, хоёр гартаа хар өнгийн утас мэт зүйл барьсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-167/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “..бичлэгийн эхний секундээс Айлофт баарны текний хэсэгт Б.Э. нь гар утас хэлбэртэй хар өнгийн зүйлийг хоёр гартаа барьж байх ба дараагийн 8 секундэд тухайн гар утас хэлбэртэй хар өнгийн зүйлийн дэлгэцийг нээн харж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 160-162/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Iphone 12 pro max загварын гар утас нь 2.050.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 157-158/,

Шүүгдэгч Б.Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э. нь хохирогч Э.Б.тай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж улмаар түүний биед халдаж, толгой нүүр болон бие хэсэг рүү нь олон удаа цохиж, улмаар барьж явсан гар утсаараа толгойн орой хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болохыг хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, уг үйл баримт нь хяналтын камерын бичлэгт бичигдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утас, хохирогчийн биед үзлэг хийсэн холбогдох шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргээр, мөн хохирогч Л.Солонгын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж  дур мэдэн авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болохыг хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, шүүгдэгчээс хохирогчийн гар утсыг худалдан авсан иргэний нэхэмжлэгч Б.Чингүний мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдсон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Бусдын эрүүл мэндийг хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр /амь насыг хохироох зорилгогүй/, үйлдэл, эс үйлдэхүйгээр бие эрхтний хэвийн үйл ажиллагаа, анатомын бүтэц, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан буюу сарниулсан хуульд заасан хүнд хохирол учруулахыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэж үздэг ба энэ нь хүний эрүүл мэндийг шууд хохирооход чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй, уг гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол /хүнд гэмтэл/ учирсан хор уршиг, тэдгээр  нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.

Харин завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг буюу гэмт этгээд тухайн гээгдэл эд хөрөнгийг олж авмагцаа бусдын өмчлөл, эзэмшлийнх болохыг ухамсарлан ойлгож, мэдсээр байж өөрийн эзэмшил, ашиглалтад үлдээх гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар уг гэмт хэргийн объектив, субъектив талын шинжийг хангадаг.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хохирогчийн эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын гээгдэл эд хөрөнгийг хувьдаа завшсанаар бага хэмжээнээс дээш их хэмжээний хохирол хүртэл буюу 300.000 төгрөгөөс 40.000.000 төгрөг хүртэл хохирол учруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд тус тус гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч нь хохирогчийн толгой, бие рүү гараараа цохих, улмаар гар утсаараа толгой руу нь цохих үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдэх боломжтой байхад тэрхүү үйлдлээ хүсэж үйлдсэний улмаас хохирогч Э.Б.гийн эрүүл мэндэд хохирол, хор уршгийг зориуд учруулсан, мөн бусдын өмчлөх эрхэд халдаж, гар утсыг бусдынх гэдгийг мэдсээр байж завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлүүд нь тус тус гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Хохирогчоос “...миний толгой гэнэт час гээд явчихсан, хартал шүүгдэгч заазуур барьчихсан зогсож байсан...” гэж тайлбарлан маргасан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хэрэг болсон 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим цаг хугацаанд байсан гэрч А.Марал мэдүүлэхдээ “...Б.Э. нь Э.Б.г гар утсаараа цохисон...” гэж, хороо хариуцсан цагдаа буюу камерын бичлэгийг үзсэн гэрч Д.Ганбат мэдүүлэхдээ “...гялтганасан зүйл харагдсан, яг  хутга, заазуур гэж хэлэх боломжгүй харагдаж байсан...” гэж, шинжээч эмч Д.Дунгаамаа мэдүүлэхдээ “...Э.Б.д учирсан гэмтэл нь гар утсаар цохих үед үүсэх боломжтой. Гар утасны ирмэг хэсгээр хүчтэй цохих үед үүсэх боломжтой...” гэжээ.

Харин хохирогч Э.Б. нь “...толгой час гээд явчихсан ба дээшээ хартал Б.Э. гартаа нэлээн том заазуур барьчихсан байсан...” гэсэн нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдохгүй буюу дан ганц шууд бус дамжмал мэдүүлэг буюу тухайн цаг хугацаанд байгаагүй, тухайн нөхцөлийг хохирогч Э.Б.гаас өөрөөс нь сонссон түүний эхнэр З.Бүжинлхамын “...3 залуу таараад, нэг нь намайг заазуураар толгой руу цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн гэрчийн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ заазуур хэрэглэснийг нотолсон гэж шүүх үзээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Тиймээс прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогджээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Э.г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, мөн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс өөрийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

Хохирогч Э.Б.гаас “...эм, эмнэлгийн баримттай холбоотой 530.030 төгрөг, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин ойролцоогоор 4 сая төгрөг нэхэмжилж байна. Мөн шүүгдэгч нь “Алтай” хотхонд байдаг гэдгийг мэдээд би “Алтай” хотхонд түрээсэлж байсан байрнаасаа гараад “Ханбогд” хотхон руу нүүсэн. “Ханбогд” хотхоны байр нь илүү өндөр зарлагатай тул зөрүү мөнгийг нэхэмжилж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлоо болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэж тайлбарлсан.

Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 530.030 төгрөгийн хохирол нэхэмжилж, эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байгаа, уг гэмт хэрэгт хамааралтай гэж үзэхээр байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Түүнчлэн, хохирогч нь ажилгүй хугацааны цалинг нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байх боловч энэ талаарх баримт буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажилтны цалингийн хүснэгт, ажил олгогчоос хохирогч Э.Б.г ямар хугацаанд гэмт хэргийн улмаас ажилдаа ирээгүйг тодорхойлсон тодорхойлолт гэх зэрэг шаардлага хангахуйц нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, зохих баримтуудаа бүрдүүлэн дахин иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

Харин хохирогчийн тайлбарласанчлан “шүүгдэгчтэй нэг хотхонд байхгүйн тулд өөр хотхон луу нүүсэн ба илүү зардал гарч байгаа” гэснийг гэмт хэргийн улмаас зайлшгүй бий болсон хор уршигт тооцох үндэслэлгүй болохыг дурьдлаа.

Хохирогч Э.Б.гийн биед учирсан гэмтлийн шинж, нөхцөл байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арваннэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан.

Дээрх хуулийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 146 дугаарт дүгнэлтэд “...Э.Б. нь гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр, сэтгэл гутрал хөнгөн, сэтгэл түгшилтийн хүндэвтэр зэрэг тогтоогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэжээ.

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ.”, 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж, хүснэгтэд нь “Гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байна.” гэж тус тус заасанд холбогдуулан хохирогчид учирсан хохирол, хор уршиг, хохирогчийн нас, шүүгдэгчийн гэм буруу, үйлдлийн шинж нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж заасанд холбогдуулан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн хэмжээг хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.800.000 төгрөгөөр /16*550.000=8.800.000 төгрөг/ тогтоож, хохирогчийн эрүүл мэндийн зардалд гаргуулахаар шийдвэрлэсэн 530.030 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зардал 8.800.000 төгрөг буюу нийт 9.330.030 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь хуульд нийцнэ.  

Хохирогч Б.Э. нь эрүүл мэндийн даатгалын сангаас 260.500 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:” гэж, мөн хууль, зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус заасныг баримтлан уг үнийн дүнг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын холбогдох дансанд олгуулах, иргэний нэхэмжлэгч Б.Чингүний 500.000 төгрөгөөр худалдан авсан хохирогч Л.Солонгын гар утсыг хураан авснаар Б.Чингүнд 500.000 төгрөгийн хохирол учирсан байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Чингүнд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасан боловч уг хугацаанд тодорхой хэмжээгээр хохирол төлөөгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б.Э.г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж Б.Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус заасныг баримтлан Б.Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хар өнгийн Samsung Galaxy Note 8 маркийн 1 ширхэг гар утсанд буй зохих мэдээллүүдийг устгаж, гар утсыг худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл 123 хоног цагдан хоригдсон, хохирогч Л.Солонгод төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б. овогт Б.ын Э.г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд,

    мөн шүүгдэгч Б. овогт Б.ын Э.г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн Б.Э.гийн нийт эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э.д оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э.гийн урьд цагдан хоригдсон 123 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Б.Э.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалт, Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолын 3.8, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э.гаас нийт 10.090.530 төгрөгийг гаргуулан 9.330.030 төгрөгийг хохирогч Бариуд овогт Энхбаярын Б. /МЗ00251516/-д, 500.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Лувсан овогт Баярцэцэгийн Чингүн /ТЕ91020439/-д, 260.500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд тус тус олгосугай

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахыг дурдаж, хар өнгийн Samsung Galaxy Note 8 маркийн 1 ширхэг гар утсанд буй зохих мэдээллүүдийг устгаж, гар утсыг худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Л.Солонгод төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.

            10. Хохирогч Э.Б. нь цаашид гарах болон шүүхийн хэлэлцээгүй орхисон гэм хорын хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            12. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН