| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/0172/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/175 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/175
2024 02 20 2024/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,
улсын яллагч Э.Булганчимэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С.,
шүүгдэгч Д.А. нар оролцсон эрүүгийн 2209017812787 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х. овогт Д.ийн А.
Монгол Улсын иргэн, ... оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт оршин суух, урьд:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А. нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш. У.” зочид буудлын орон сууцны ... тоотоос 340 ам.доллар буюу 1.057.740 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөн тус зочид буудлын орон сууцны ... тоотоос 88.000 иен буюу 2.140.160 төгрөгийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 3.197.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зочид буудлын зүгээс гомдол гаргасан хүмүүсийн гомдлыг түрүүлж барагдуулах үүднээс АНУ-ын Элчин сайдын яамны ажилтанд 340 ам.долларыг бэлнээр аваачиж өгсөн. Дараа нь Япон улсын иргэнд бид нар 80.000 иен худалдаж аваад хүлээлгэж өгсөн. Ер нь бол ажилтны буруу гэхээсээ илүү байгууллагын нэр төрийн асуудал яригддаг.” гэв.
Эрүүгийн 2209017812787 дугаартай хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ин 92-93/,
Гэрч Г.О.-ын мэдүүлэг /хх-ийн 98-99/,
Гэрч Б.М.-ийн мэдүүлэг /101-102/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /147/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /148-149/,
Цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /150-151/,
Д.А.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 139-140/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Б.А. нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш. У. Хотел” ХХК-ийн зочид буудлын орон сууцны ... тоотоос 340 ам.доллар буюу 1.058.056 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөн тус зочид буудлын орон сууцны ... тоотоос 88.000 иен буюу 2.140.160 төгрөгийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 3.198.216 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гэтэл манай байгууллагад 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны 17 тоотод оршин суудаг АНУ-ын элчинд ажилладаг АНУ-ын иргэн “манай гэрээс 2022 оны 05 дугаар сарын 16-наас 23-ны хооронд түрийвчнээс 340 ам.доллар алга болсон байна” гэж гомдол ирсэн. Манай байгууллагын зүгээс хяналтын камер болон тухайн өрөө рүү орсон хүмүүсийн бүртгэлийг үзэхэд ... тоот өрөө рүү 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 14 минутад Г.О., Б.М. нар нь цэвэрлэгээ хийхээр орсон ба ороход нь гэрийн эзэн байсан учраас 14 цаг 17 минутад цэвэрлэгээ хийлгүйгээр гараад явсан. Гэтэд Д.А. нь 14 цаг 33 минутад 17 тоот өрөө рүү орох ба 14 цаг 37 минутад Б.М., Г.О. нар нь тухайн өрөө рүү цэвэрлэгээ хийхээр орсон. Үүний дараа 14 цаг 38 минутад гэрийн эзэн АНУ-ын иргэн гараад явсан. 14 цаг 50 минутад тухайн өрөөнөөс Д.А. нь бохироо аваад гарсан ба Д.А. нь 15 цаг 04 минутад тухайн газар луу дахин эргэж орсон. 15 цаг 06 минутад Б.М., Г.О. нар нь тухайн өрөөнөөс гарсан ба Д.А. нь тухайн өрөөнд ганцаараа үлдсэн ба тухайн хоёр үйлчлэгч гарснаас 8 минут орчмын дараа буюу 15 цаг 14 минутад ганцаараа тухайн айлаас гарч явсан. Д.А. нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ээлжгүй, амарч байсан ба тухайн өрөөнд ороод Б.М., Г.О. нарт “та хоёрт тусалъя” гэж хэлсэн байсан. Тэгээд Д.А.аас болсон асуудлын талаар асуухад эхэндээ үгүй гэж хэлж байсан ба цагдаагийн байгууллага руу гомдлыг шилжүүллээ гэхэд Д.А. нь би ... тоот айлаас 300 долларыг авсан гэж хэлсэн, мөн бичиг үйлдэж өгсөн. Үүний дагуу Д.А.ыг 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажлаас халж, ажилласан цалин болох 470.000 төгрөгийг суутгаж авсан ба үлдэгдэл мөнгийг Д.А. төлнө гэж хэлсэн. Гэвч 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ... тоот өрөөнд амьдардаг И. гэх хүнээс 2022 оны 05 дугаар сарын 16-наас 06 дугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд 2.000.000 төгрөгтэй тэнцэх гадаад валют болон 6-7 төрлийн карттай, дотор тал нь улаан, гадна тал нь хар өнгийн арьсан түрийвч хулгайд алдсан байна гэж гомдол гаргасан. Үүний дагуу хяналтын камерыг шүүж үзэхэд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ... тоотод 09 цаг 18 минутад Г.О. орсон ба 09 цаг 42 минутад Д.А. орсон байх ба 09 цаг 49 минутад Г.О. гэх хүн нь тухайн өрөөнөөс гарсан ба 20 минутын дараа Д.А. нь 10 цаг 08 минутад тухайн өрөөнөөс гараад явсан нөхцөл байдал тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,
Гэрч Г.О.-ы өгсөн: “Миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш.” зочид буудалд өрөөний үйлчлэгч хийдэг. Би Б.М., Д.А. нартай хамт “Ш.” орон сууцны өрөөний үйлчилгээ, цэвэрлэгээг хийдэг. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би Б.М.-тэй хамт цэвэрлэгээ хийх ээлжтэй байсан. Гэтэл Д.А. нь Б.М. эгч рүү залгаад “би эмнэлэгт цаг авчихаад хүлээж байна, та хоёр туслах уу?” гэж залгасан. Тэгэхээр нь Б.М. эгч Д.А.ыг “тэг тэг” гэж хэлсэн юм шиг байсан. Тухайн өдөр үдийн цайндаа орчихоод ... тоотод цэвэрлэгээ хийхээр 14:00 цаг гээд орсон ба ороход тухайн хүн нь гэртээ усанд орж байсан учраас Б.М. эгч бид хоёр гарч яваад, эргээд удалгүй буцаад Б.М., Д.А. эгч бид гурав цэвэрлэгээ хийхээр орсон. Миний бие тухайн айлын 2 нойл, угаалгын өрөөг цэвэрлэсэн. Б.М. эгч тухайн айлын тоосыг нь соруулж, шалыг нь угаасан. Харин Д.А. нь тухайн айлын унтлагын өрөөний орны цагаан хэрэглэлийг нь сольсон. Тэгээд бид гурав хамтдаа тухайн өрөөнөөс гарсан. Гэтэл 7 хоног орчмын дараа Н.С. ахлах “та гурвын цэвэрлэгээ хийсэн ... тоот өрөөнөөс мөнгө алга болсон” гээд бид нараас тайлбар бичүүлэн авсан ба 7 хоногийн дараа Д.А. нь ажлаасаа халагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,
Гэрч Б.М.-ийн өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу нэг дэх өдөр Д.А. нь амардаг өдөр байсан ба Д.А. нь өөрийнхөө гар утаснаас над руу залгаад “эмнэлэгт дугаар авсан байгаа ба цаг нь болоогүй байгаа учраас Г.О. эгч та хоёрт очиж туслах уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “чи завтай байвал ирээд тусалчих” гэж хэлсэн. Гэтэл Д.А. нь үдийн дараа 13:00 цагийн орчимд ирсэн. Тэгээд үдийн цайны цагийн дараа буюу 13:00 цаг болоод репепшнээс цэвэрлэгээ хийлгэх айлуудынхаа түлхүүрийг авсан. Тэгээд 14:00 цагт ... тоот айл руу орсон ба тухайн айлд хүн нь байсан. Тэгэхээр нь гараад явсан. Тэгээд дараагийн цэвэрлэгээ хийх айл руугаа ороод цэвэрлэгээгээ хийж дуусах гэж байтал Д.А. нь “... тоот айлын түлхүүрийг өгчих, би эхэлж ганцаараа ороод орных нь цагаан хэрэглэлийг сольж байя” гэсэн. Тэгээд Г.О. бид хоёр цэвэрлэгээг хийж дуусаад ... тоот руу орсон. Ороод Г.О. тухайн айлын 00-ын өрөөг цэвэрлэсэн, харин би тавилгын тоос болон тоосыг нь соруулаад, шалыг нь угаасан. Харин тухайн өдөр Д.А. нь унтлагын өрөөний орны цагаан хэрэглэлийг нь сольсон. Тэгээд тухайн айлаас Д.А., Г.О. бид гурав хамт гараад явсан. Долоо орчим хоногийн дараа Н.С. нь ... тоотод хулгай орсон байх ба түүний талаар асууж байсан. Гэтэл тухайн 7 хоног орчмын дараа Д.А. нь халагдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/,
Эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэгт үзлэг хийсэн “...дэлгэцийн баруун дээд буланд 2022-05-19 09:18:16 цаг хугацааг зааж байлаа. Уг бичлэг нь Ш. орон сууцны коридорыг харуулж байв. 09:49-10:09 цагийн хооронд 20 минутын хугацаанд А. ... тоот хаалгаар орж ганцаараа үлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 148/,
Д.А.ын яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл бусдын эд зүйлс, валют алдагдаж, хохирогч “Ш.” ХХК-д хохирол, хор уршиг учирсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С., гэрч Г.О., Б.М. нараас, тухайн алдагдсан эд зүйлс, валютыг авсан талаар шүүгдэгчээс тус тус тодорхой мэдүүлж, хохирогч “Ш. ” ХХК-д 3.198.216 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь тогтоогджээ.
Улсын яллагчаас хохирогч байгууллагад 3.197.900 төгрөгийг хохирол учирсан гэх боловч гэмт хэрэг үйлдэгдэх үеийн валютын ханшийн бага зэргийн зөрүүг зөвтгөж 3.198.216 төгрөгөөр тооцсон болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Д.А. нь “Ш.” ХХК-д өрөөний үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа тухайн зочид буудлын өрөөнүүдийг цэвэрлэх нэрийдлээр өрөөнд орж гэмт үйлдлээ хийсэн байна.
Шүүгдэгчээс ийнхүү амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж, хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.
Ийнхүү шүүгдэгчийн үйлдэл нь үргэлжилсэн хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.А.ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Хохирогчид нийт 3.198.216 төгрөгийн хохирол учирч, үүнээс шүүгдэгчийн авах ёстой байсан цалин 470.000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарлаж, шүүгдэгч зөвшөөрсөн, мөн Д.А. нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хохирлоос хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан ба энэ хугацаанд хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 1.728.216 төгрөгийг гаргуулан хохирогч “Ш. ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Д.А.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.А.д Эрүүгийн хуулийн ерөнхи ангин 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ял дээр энэ өдрийн байдлаар Д.А.ын өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нь 3 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол бүрэн төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, бага насны хүүхдийнхээ хамт амьдардаг зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч Д.А.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.
Д.А. нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн байх бөгөөд тэрээр энэ өдрийн байдлаар 1 жил 3 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй болох нь тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, мөн хууль зүйлийн 2-д “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.А.д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр түүний өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн Д.А.ын нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг өөрийн оршин суух газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг флаш диск хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х. овогт Д.ийн А.ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А.ыг 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д.А.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр түүнд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн Д.А.ын нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А.д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг өөрийн оршин суух газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.А.аас 1.728.216 төгрөгийг гаргуулан хохирогч “Ш.” ХХК /РД:.../-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.А. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН