| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2021/00413/И |
| Дугаар | 101/2021/00767 |
| Огноо | 2021-03-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 101/2021/00767
| 2021 03 11 | 101/ШШ2021/00767 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Мөнхсоёлын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Солонгод холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнхсоёл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхсоёл би энхэр болох З.Солонготой 2008 онд танилцаж улмаар нэг гэрч орж 2009 оны 12 сарын 17-нд гэрлэлтээ батлуулж 2015 оны 2 сарын 06-нд охин М.Уранзаяа мэндэлж, сэтгэл санаа нийлэхгүй 2016 оноос тусдаа амьдрах болсон. Цаашид би эргээд гэр бүл болон сэтгэл санаа нийлж амьдрах ямар ч боломжгүй тус тусын амьдралтай болсон гэр бүлийг минь цуцалж өгнө үү. Насанд хүрээгүй охин М.Уранзаяаг эх З.Солонго авч асран хамгаалагчаар авахаар тохиролцсон тул гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.Солонго би нөхөр Б.Мөнхсоёлтой 2009 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулж 2015 оны 2 сарын 6-нд охин М.Уранзаяа мэндэлж, сэтгэл санаа нийлэхгүй 2016 оноос тусдаа амьдрах болсон. Цаашид бид эргээд гэр бүл болж хамт амьдрах боломжгүй Б.Мөнхсоёл тусдаа амьдралтай болсон. Охин М.Уранзаяаг би өөрөө асран хамгаалагчаар авахаар тохиролцсон ба бид хоорондоо эд хөрөнгийн дундын маргаагүй, мөн охин М.Уранзаяад хүүхдийн тэтгэмж тогтоолгох саналгүй зэргээр Б.Мөнхсоёлын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхсоёл нь хариуцагч З.Солонгод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Б.Мөнхсоёл, хариуцагч З.Солонго нар нь 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 0068 дугаарт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр охин М.Уранзаяа төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 8, 10 дахь талд/
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар Б.Мөнхсоёл, З.Солонго нарын гэрлэлт хэвээр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Даваасүрэн өргөдөл гаргагч Б.Мөнхсоёлын өргөдлөөр зохигчдыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд урьж, эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй учраас тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3, 28.1.4-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосноор шүүх иргэний хэрэг үүсгэсэн байна. /х.х-ийн 9 дахь талд/
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.
Гэрлэгсэд 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Одоо охин М.Уранзаяа 6 настай, эх З.Солонгын асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан “Цагаандэлгэр” эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /х.х-ийн 7 дахь талд/
Нэхэмжлэгч, хариуцагч нар охин М.Уранзаяагийн асрамжийн талаар мараагүй эхийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Ийнхүү охин М.Уранзаяаг эхийн асрамжид үлдээсэн нь эцэг Б.Мөнхсоёлын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх З.Солонго нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх,… эрхтэй” гэж зохицуулснаар хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдана.
Зохигчид хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Муна овогт Батбаяны Мөнхсоёл, Тулга овогт Зоригтболдын Солонго нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин М.Уранзаяаг эх З.Солонгын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхсоёлын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч З.Солонгоос 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхсоёлд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Мандахтуяад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ