| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/05424/И |
| Дугаар | 101/2021/00542 |
| Огноо | 2021-02-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 101/2021/00542
| 2021 02 18 | 101/ШШ2021/00542 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Уранбайгалийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Энхбаярт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Уранбайгаль, гэрч Л.Сурмаажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Лхагвадэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Пүрэв овогтой Уранбайгаль нь өөрийн нөхөр Данзаны Энхбаяртай 2005 онд танилцаж улмаар Д.Энхбаяр нь манайхаар ирж очдог байсан ба том охин Э.Номин 2011 оны 11 сарын 11-ний өдөр төрж төрсний гэрчилгээ авах болсон тул 2011 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрлэлтийн болон охиныхоо төрсний гэрчилгээг мөн өдөр авсан болно. Бага охин Э.Эгшиглэн 2014 оны 06 дугаар сарын 30-ний өдөр төрсөн, охидууд минь одоо Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуульд суралцаж байна. Нөхөр Д.Энхбаяр анх танилцсан цагаас архийг хааяа хэрэглэдэг болох нь мэдэгдэж байсан ба би хамтын амьдралаа зохиож үр хүүхэдтэй болохоор гайгүй болох болов уу гэж бодож байсан боловч Д.Энхбаяр нь 25 дугаар телевизэд зураглаачаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсанаас хойш архи уух нь улам ихсэж даамжирсаар энэ байдал нь хоёр охиноо төрсний дараа ч үргэлжилсээр өдий хүрсэн юм. Д.Энхбаяр нь заримдаа хаана яваа нь мэдэгдэхгүй хэд хоногоор алга болчихдог, ирэх бүрдээ байнга согтуу ирж гэр бүлийнхээ хэл амаар доромжлон агсам согтуу тавьдаг байсан болохоор нь би тэсвэр тэвчээр алдан 2016 оны 07 дугаар сард анх танай шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч бид хоёрыг эвлэрэхийг зөвлөсөн юм. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн эвлэрүүлэн зуучлах албанд хандаж тухайн үед Д.Энхбаяр нь өөрийнхөө бурууг ойлгон гэмшиж байгаагаа учирлаж, уучлалт гуйгаад байсан учир би түүнд итгэн өргөдлөө татаж авсан юм. Үнэндээ ч нэг хэсэг хугацаанд нөхөр минь архи уухгүй байж ар гэртээ санаа сэтгэл гарган хоёр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах болсонд би их баяртай байсан болно. Ингээд хоёулаа хөөцөлдөж байгаад 2017 оны 10 дугаар сард БНСУ-д ажиллах 3 сарын виз гаргуулан хоёулаа гурав гурван сараар ээлжлэн очиж ажилладаг байсан юм. Үүнээс хойш Д.Энхбаяр нь Солонгос улс ганцаараа явахдаа архи ууж эхэлсэн ба олсон орлого ч байхгүй ирэх очих зардлыг олоод өөр орлогогүй ирдэг байсан болохоор нь би явуулахаа больсон юм. Ингээд би нөхөр хүүхдүүдтэйгээ нэг дор хамт амьдрахаар шийдэж Баянгол дүүргийн бичил хороололд орон сууцны барилгын үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэн 2019 оны 06 дугаар сараас эхлэн 8 нэрийн хүнсний барааны дэлгүүр ажиллуулж байгаа юм. Гэтэл Д.Энхбаяр нь архи уухаа болих байтугай гадуур дэмий тэнэж хэд хоногоор алга болоод ирэх болгондоо согтуу ирж агсам согтуу тавин үүний улмаас хоёр хүүхэд минь сэтгэл санааны гүн хямралд орон хичээл ном нь доо муудаж эхэлсэн. Би ганцаараа дэлгүүртээ өглөө 8:30 минутаас орой 11:30 минут хүртэл өдөр бүр ажилладаг учраас хүүхдүүдийг минь сургуульд нь хүргэж өгөх очиж авах хүнгүй учир би өөрийнхөө байранд төрсөн эгчээ түрээсээр суулган ээжийндээ нүүж очиж хоёр хүүхдийнхээ бүх ажлыг ээждээ даатган амьдарч байна. Д.Энхбаярын архи уусан үедээ гаргасан хоёр тохиолдлыг жишээ болгож энд дурдъя гэж бодож байна. 2020 оны 04 дүгээр сарын эхээр Д.Энхбаяр архи уугаад алга болсон тул хүргэн ах минь над дээр ирж дэлгүүрийн ажилд тусалж байсан энэ үеэр Д.Энхбаяр ухаангүй согтуу ирж ахад агсам тавьж дэлгүүрийн гадаа ноцолдож байгаад цементэн зам дээр хөл алдан савж унасны улмаас тархиндаа гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн тэгээд энэ гэмтлээ ээж бид хоёрт зодуулсны улмаас олсон гэж хуулийн байгууллагад гомдол гаргасан учир Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст ээж бид хоёрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч Д.Энхбаярын гомдол нь үндэслэлгүй болох нь дэлгүүрийн камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон учир хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Мөн түүнчлэн миний өөрийн бие гэнэт муудан байнга халуурах их хэмжээгээр илэрч эмнэлэгт зайлшгүй хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болсон учир Замын-үүдэд ажилладаг эмч найздаа учир явдлаа хэлэхэд над дээр хүрээд ир би чамайг чанартай сайн эмчлээд өгье манай энд надтай хамт Эрээн хотын бөөний маш сайн эмч ажиллаж байгаа гэхээр нь би очиж 10 дугаар сарын 15-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл эмчлүүлж байхад ээж над руу утсаар ярьж нөгөө Д.Энхбаяр чинь дэлгүүр дээр өдөр болгон архидаад үйлчлүүлэгч нарт агсан согтуу тавьж цагдаад баригдсан гэнээ гэхээр нь би санаа зовоод эмчилгээгээ дутуу орхиод ирэхэд дэлгүүр дотор архины шил овоорчихсон илт хог новшиндоо дарагдчихсан байсан. Би уг нь явахдаа хэд хоног тэсээд дэлгүүрээ аятайхан ажиллуулж байгаач гэж гуйж гуйж явсан юм. Намайг ирснээс хойш нөхөр минь гэртээ байнга согтуу ирэх болж ээжид болон хөгжлийн бэрхшээлтэй миний төрсөн дүүд агсам согтуу тавьж улмаар хоёр охиноо маш ихээр зовоож санаа сэтгэлийг нь хүнд байдалд байнга байлгах боллоо. Иймээс нөхөр Д.Энхбаяртай цаашид амьдрах ямар ч боломжгүй болсон учир түүнээс гэрлэлтээ цуцлуулах, хоёр охиндоо асрамж тэтгэлэг тогтоолгох асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Данзан овогтой Энхбаяр надад Уранбайгаль буюу миний эхнэр гэрлэлтээ цуцлах хүсэлт гаргасантай танилцлаа, үүнд миний буруутай зүйл байна. Бие нь өвдөөд явсан 7 хоногт би ажлаа хийж байсан сүүлийн хоногт нь 23 цагийн үед эхнэртэйгээ яриад эрт хаах болсон юм гэтэл эхнэрийн нэрийг хэлээд 100,000 дөхсөн архи зээлэх юм олоод нэг халамцуу авгай орж ирсэн би өгөөгүй гэтэл дэлгүүр дотор дараа нь бүр гараад гудамд орилоод л байв би хаасан. Дараа нь цагдаа ч ирсэн үнэнээ ч хэлсэн гэтэл за яах вэ гомдол нэхээд болдоггүй гэсээр намайг 5000 төгрөгөөр торгов. Эргэж ороод 100 грамм татаад цэвэрлэгээ хийгээд байж байхад ээж ирсэн. Бүх түлхүүр карт орлого хурааж аваад хамт гарсан харьж явахдаа мөрөө хөөх тухай надад хэлсэн ингээд үл ойлголт болоод орцонд гудамд хонох болсон. 12 дугаар сараас ах эгчийндээ байх болсон ч түр хугацаанд ч айлаар хоног төөрүүлэх 50 настай группийн хүн чинь ууж идээд явахгүй л дээ мөн ч олон удаа утсаар залгах, очиж уулзах гээд байнга хөөгдөх болсон энэ болгонд би эрүүл байсан юм шүү гэтэл намайг цаг үргэлж архи ууж агсам тавих Уранбайгалыг зоддог охидыг сүрдүүлж бие муутай дүүгийн ч ад үздэг гэсэн байна. Мөн Солонгос яваад ирэх бүрдээ мөнгө байхгүй согтуу ирдэг гэж би яваад ирсэн тоогоо алдсан гуч л лав гарна. Ингэж 10 гаруй жил явахад ганц хоёр удаа л мөнгөгүй ирсэн гэхдээ өрөнд орсон юмгүй гэртээ охиддоо бэлэгтээ л ирж байсан юм үүндээ ч их санаа зовдог өөрөөс болсон мэт хүний газар ажил олдохгүй үе байдаг гэхдээ л телевизийн ажил орсноос хойш бид 2 байртай машинтай ч болж байлаа, өнгөрсөн 2 жилийн өмнө машин зарсан харин мөнгө нь яасныг би асуугаагүй юм. Хэд хоногоор алга болдог гэж. Үнэндээ өөрсдөө л хөөгөөд явуулдаг Солонгост ажил гараагүй юм уу сар гаруй болоод буцах хооронд архи үнэртэх л юм бол цүнхтэй хувцас бэлэн байдаг дөө. Дандаа үргэлж архины хамааралтай болсон мэт бичсэн нь миний эхнэрийн санаа биш байх энэ олон жилийг хамтдаа хүний газарт ч хамтдаа хоёр охины минь эх юм даа. Ингээд ганцхан хүсэж байгаа зүйл маань эхнэр хоёр охинтойгоо гэр бүл бүтэн өнчрөл салалтгүй л байхыг хүсээд шүүхээс эвлэрэх хугацаа тайвнаар хорио цээрийн дэглэм буурч 2 охинтойгоо хамт байж эхнэртэйгээ эвлэрч гэр бүл бүтэн болох хугацааг олгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Уранбайгаль нь хариуцагч Д.Энхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч П.Уранбайгаль хариуцагч Д.Энхбаяр нар нь 2005 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад Г-1199 дугаарт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Э.Номин, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр охин Э.Эгшиглэн нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 7, 8 дахь талд/
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар П.Уранбайгаль, Д.Энхбаяр нарын гэрлэлт хэвээр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан.
Хариуцагч нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүйгээр шүүх иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч нь гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх, эвлэрэх талаар тайлбар гаргасан боловч тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд мэтгэлцээгүйгээс гадна нэхэмжлэгчийн тайлбарыг няцаасан баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул гэрлэлтийг цуцалж, гэр бүл цуцалсантай холбоотойгоор хүүхдийн асрамж, тэтгэлгийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Одоо охин Э.Номин 9 нас, Э.Эгшиглэн 6 настай эх П.Уранбайгалийн асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 10-13 дахь талд/
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй”, Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын Конвенцийн 9, 12 дугаар зүйлд зааснаар хүүхэд энэ тохиолдолд саналаа илэрхийлэх эрхтэй гэж тус тус зааснаар охин Э.Номингоос саналыг авахад эх П.Уранбайгалийн хамт амьдрах хүсэл зоригтой байгаагаа илэрхийлсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Э.Номин, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Э.Эгшиглэн нарыг эх П.Уранбайгалийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь эцэг Д.Энхбаярын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдүүдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх П.Уранбайгаль нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хувь хэмжээгээр охин Э.Номин, Э.Эгшиглэн нарт тэтгэлэг тогтоон эцэг Д.Энхбаяраар сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх,… эрхтэй” гэж зохицуулснаар хүүхдийн хувьд эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдана.
Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол овогт Пүрвээгийн Уранбайгаль, Боржигон овогт Данзангийн Энхбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Э.Номин, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Э.Эгшиглэн нарыг эх П.Уранбайгалийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Э.Номин, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Э.Эгшиглэн нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Энхбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Уранбайгалийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,260 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхбаяраас 144,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Уранбайгальд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Мандахтуяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ