Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00007

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00262 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 226/МА2022/00027 дугаар магадлалтай,

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Эад холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 153,475,403 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Сөрөг нэхэмжлэл: Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

Бие даасан шаардлага: Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч Д.Э болон гуравдагч этгээд С.Л нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Д.Эад холбогдуулан үндсэн зээл 65,259,774 төгрөг, зээлийн хүү 77,192,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,023,095 төгрөг, нийт 153,475,403 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч 2014.06.17-ны өдөр ЗГ/113 дугаартай зээлийн гэрээ, 2014.06.17-ны өдрийн БГ Ү/113 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Энэ хэрэгт гуравдагч этгээдээр С.Л оролцож, 2014.06.17-ны өдрийн БГ Ү/113 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна.

2.Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00262 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Эаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 153,475,403 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Э нь шүүхийн шийдвэрээр тогтоосон 153,475,403 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот ..........байршилтай 91,75 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хариуцагч Д.Эын 06 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/113 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 06 сарын 17-ны өдрийн БГ Ү113 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлага, гуравдагч этгээд С.Лгийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БГ Ү113 тоот Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995,527 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас 995,520 төгрөгийг гаргуулж, “ХБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 226/МА2022/00027 дугаар магадлалаар: Гуравдагч этгээд С.Лгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4.1.Хариуцагч Д.Э миний бие хорт хавдрын 4-р шатанд орсон, хүнд өвчтэй хүн юм. Өвчин минь улам хүндэрч, одоо босож чадахгүй хэвтэрт байдаг болсон. Анх би банкнаас 90,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2014 оноос хойш тэтгэвэр, одонгийн мөнгөө гар дээрээ авалгүй, банкны зээлд суутгуулсаар 60,000,000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан байдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 153,000,000 төгрөг болон хариуцагчийн төлсөн 60,000,000 төгрөгийг тодорхой нягталж үзээгүй, энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Банк ч нэхэмжилж буй үнийн дүнг хэрхэн гаргасан, миний төлсөн 60,000,000 төгрөгийг хэрхэн тооцож хассан нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргаагүй байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс зээлийн тооцоололтой холбоотой асуудлыг тодруулж, зээлийн тооцооллыг нарийвчлан үндэслэлтэй гарсан эсэхийг тодруулах зорилгоор мэргэжлийн байгууллага болох Монголбанкийг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүх энэхүү хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Хэрэв хариуцагчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэж, улмаар шинжээч томилсон бол зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас төлсөн 60,000,000 төгрөгийг хэрхэн, юунд тооцсон, тухайн тооцсон тооцоолол нь үндэслэлтэй эсэх, шүүхэд хандан нэхэмжилж буй 153,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүн үндэслэлтэй буюу зөв тооцоолол байсан эсэхийг нягтлах, улмаар нягталсны үндсэн дээр шүүх тухайн шинжээчийн дүгнэлтийг үнэлсний эцэст хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлт гаргуулах нь байтугай нэхэмжлэгчийн шаардаж буй зээлийн тооцоололтой холбоотой асуудлаар огт дүгнэлт хийлгүйгээр хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн, тухайн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянаж, алдааг нь зөвтгөлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн ноцтой зөрчил болсон.

Миний хувьд төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмжийг ч авч үзээгүй бөгөөд тухайн тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн тооцож зээлээс хассан болох нь тодорхойгүй байдаг тул зээлийн тооцоолол дээр эргэлзэж, маргасан. Миний бие анх авсан 90,000,000 төгрөгийн зээлээс өөрийн төлсөн дүн болох 60,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 30,000,000 төгрөг буюу тухайн үнийн дүнд ногдох хүүг төлөхөд татгалзах зүйлгүй байна.

4.2.“ХБ” ХХК 2014.06.17-ны өдөр “Зээлийн гэрээ”-г Д.Э, Г.Б, Б.М гэх 3 зээлдэгчтэй байгуулж 90,000,000 төгрөгийг 26.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон байдаг. Тэтгэврийн хүний ажиллуулдаг “Хувцас засвар”-ын газарт зориулан хөрөнгө оруулалтын зээл олгосон, барьцаа хөрөнгийн судалгааг газар дээр нь хийгээгүй зэрэг нөхцөл байдлаас уг зээлийг хууль болон банкны журам зөрчиж олгосон гэдэг нь тодорхой харагддаг.

Зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон Г.Б нь “би зээлийг төлнө” хэмээн баталгаа бичиж, нотариатаар батлуулсан боловч Д.Эаас үүргийг банк бүхэлд нь шаарддаг. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасан. Хэдийгээр банк өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс төлбөрийг үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэл гаргаж болох боловч шүүх хариуцагчийн эрүүл мэндийн нөхцөл байдал, төлбөрийн чадваргүй байдал болон зээлийн гэрээний үүргийг боломжийн хэрээр гүйцэтгэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр банкнаас шаардсан хэмжээгээр буюу бүхэлд нь Д.Эаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, ...Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө”, 62 дугаар зүйлийн 62.2-т “Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ...хавсаргана”, 65 дугаар зүйлийн 65.1.11-д “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал шүүх захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь шүүхэд “зээлийн гэрээний үүрэгт 153,475,403 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай 2 тусдаа шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага тус бүрт улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй билээ. Гэтэл банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлдээ тэмдэгтийн хураамж төлөлгүйгээр уг шаардлагыг шийдвэрлүүлсэн. Энэ нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон, улмаар шүүхийн шийдвэрт шууд нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5.Гуравдагч этгээд С.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

5.1.Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар дүгнэхдээ магадлалын үндэслэх нь хэсэгт “Иргэний хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангаж байх тул улсын бүртгэлд бүртгэсэн огноо гэрээ байгуулсан өдрийн огноо 1 өдрөөр өөр байгаа нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй болно.” хэмээн зөв дүгнэлт хийсэн боловч магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр цагаас эхлэн тоолно” гэж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “Хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан. Барьцааны гэрээг бичгээр байгуулахыг хууль шаарддаг бөгөөд уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Гэтэл гэрээг бичгээр байгуулахаас өмнөх огноогоор барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн байгаа нь гэрээг зохих ёсоор байгуулсан эсэхэд эргэлзэхэд хүргэж буй нөхцөл байдал мөн билээ. Банк зээл олгохдоо зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчиж, тэтгэврийн насны хүнд орлого нотлохгүйгээр их хэмжээний зээлийг олгож, зээлийн ажилтан шан харамж авч зээлийг олгосон талаар хариуцагч удаа дараа мэдүүлдэг бөгөөд зээлийн материалд байгаа нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт дотор хариуцагч нарын орлогыг судалсан, зээл буцааж төлөх байдлыг харгалзан үзсэн баримт байдаггүй. Гэтэл шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, татгалзлын үндэслэлээ тайлбарласан нотлох баримтуудыг харгалзан үзэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж гомдолтой байна.

5.2.Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулагдах үед үйлчилж байсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж нэг бүрчлэн үзэж шалган үнэлэлт дүнг тусгасан байна. Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал үнэ чанар зэргийг бичнэ гэж заасан байдаг. Мөн банк барьцаа хөрөнгийг газар дээр нь шалгах талаар Зээлийн журамдаа заасан байдаг. Гэтэл банк эдгээр үйл ажиллагааг зохих журмын дагуу хийлгүйгээр зээлийн хувийн хэргийн бүрдлийг бүрэн хангаж үзээгүй буюу зээлийн барьцааг газар дээр нь шалгах, фото зургаар баримтжуулах, барьцаалуулагч талын хүсэлтийг аваагүй зэрэг нь уг зээл хууль болоод банкны дотоод дахь дүрэм журмынх нь дагуу олгогдоогүй болохыг нотолж байна. Барьцаа хөрөнгийг банк шалгаж үзээгүй, уг хөрөнгийг барьцаалах гэж байгаа талаар надад мэдэгдээгүй бөгөөд миний зүгээс өөрийн хөрөнгийг ХБны барьцаанд бариулахыг зөвшөөрсөн хүсэлт, тодорхойлолт, итгэмжлэл хийж өгөөгүй болно. Хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн хүсэлт банкинд гаргаагүй байхад маргаан бүхий гарын үсэг зурагдсан төдийд барьцааны гэрээ байгуулсан гэж үзэх нь учир дутагдалтай юм. Банк барьцааны гэрээ байгуулахдаа барьцаа хөрөнгийг өмчлөгчөөс заавал хүсэлт бичүүлж авдаг. Гэтэл миний хөрөнгийг барьцаалахдаа банк надаар хүсэлт бичүүлээгүй, барьцаа хөрөнгийн судалгааг газар дээр нь ирж хууль журмын дагуу хийгээгүй байхад шүүх энэ талаар анхаарч үзэж, дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

5.3.Барьцааны гэрээнд зурсан гарын үсэг илт зөрүүтэй бөгөөд дахин шинжээч томилуулах тухай миний хүсэлтийг анхан шатны шүүх хууль хэрэглэхгүйгээр үндэслэл муутай дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон. Миний бие барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд энэ талаараа анхнаасаа шүүхэд мэдүүлдэг. Шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлт гаргасан боловч шинжээчийн зүгээс 2014 оны гарын үсгийн хэв байхгүй, дүгнэлт гаргахад хүндрэлтэй байна гэх мэтээр гарын үсгийн хэвийг шинжилж хэсэг хугацаа өнгөрөөсний эцэст гарын үсгийн хэв мөн байна гэх нотолгоо муутай дүгнэлт хийсэн байдаг. Уг шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу дахин шинжээч томилуулахаар хандсан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ба ийнхүү шийдвэрлэхдээ хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй юм. Хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр дахин шинжээч томилуулах талаар гаргасан миний гомдлыг хэрэгсэхгүй болгосноор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжээч томилж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, миний гаргасан дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэгтэй тохирохгүй болохыг тогтоох боломжтой, улмаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох боломжтой байсан, энэ нь шүүхийн шийдвэрт шууд байдлаар нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн миний бие барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй талаар удаа дараа тайлбарладаг бөгөөд миний тайлбарыг гэрч нарын мэдүүлэг давхар нотолдог. Гэтэл шүүх хэрэгт гэрчээр асуугдсан хүмүүсийн мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэлгүй, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн гэж үзэж байна.

5.4.Шүүх нотлох баримтыг үнэлэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Миний хувьд барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, банкнаас мэдэгдэл ирэх үед хүлээж аваад байрыг минь 2014 онд барьцаалсан талаар олж мэдсэн, иймд зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулъя хэмээн маргасан байтал шүүх хэрэгт хамааралгүй итгэмжлэлийн талаар дүгнэлт хийж байгаа нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлж чадаагүй, хэргийн үйл баримтын талаар төөрөгдсөн байгаа анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулж чадаагүй юм. Магадлалын 11 дүгээр талд “...барьцаалахыг Д.Эад зөвшөөрч сайн дурын үндсэн дээр итгэмжлэл олгосон...” гэж дүгнэн улмаар маргаанд хамааралгүй итгэмжлэлийг үндэслэн гуравдагч этгээд С.Л миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Миний бие өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, ......................... хаягт байрлах орон сууцаа хадам ээж болох Мийн санхүүгийн асуудалд туслах зорилгоор ББСБ-ын барьцаанд тавих зөвшөөрөл өгч, итгэмжлэл хийж өгсөн боловч ХБны зээлийн гэрээний барьцаанд тавихыг зөршөөрч итгэмжлэл олгож байгаагүй бөгөөд барьцааны гэрээнд ч итгэмжлэлийг ашиглаагүй юм. Итгэмжлэлийг ББСБ-д зориулж олгосон ба уг итгэмжлэл нь 1 удаагийн үйлдэлд эрх олгосон шинжтэй байгааг шүүх харгалзан үзээгүй байна.

Миний хувьд ХБинд үл хөдлөх хөрөнгөө барьцаалах итгэмжлэл олгоогүй, Барьцааны гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зураагүй юм. Анхан шатны шүүх хамтран зээлдэгч Бат-Эрдэнийн орон сууц чөлөөлүүлэх баталгаа /1 хх-ийн 185-188х/, гэрч Мийн мэдүүлэг /1 хх-ийн 244х/ зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу бие даасан шаардлага гаргасан С.Л миний шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан бодитоор үнэлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, энэ нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Дээрх баримтуудыг зөв үнэлсэн тохиолдолд гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч Д.Э, гуравдагч этгээд С.Л нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг агуулгаас нь зөрүүтэй хэрэглэсэн, 172.2.2т заасан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэсэн  үндэслэлийг заасан боловч Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.12.09-ний өдрийн 001/ШХТ2022/01401 дүгээр тогтоолоор гомдлоос хоёр шатны шүүх хуулийг агуулгаас нь зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Хариуцагч Д.Э болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Л нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

8.а/Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Д.Эад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 153,475,403 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг “...тус банк болон Д.Э, Г.Б, Б.М нарын хооронд 2014.06.17-ны өдөр ЗГ/113 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нарт 90,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, гэрээний хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр тохиролцож, зээлийн мөнгийг Д.Эын дансанд шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн, зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 24,740,226 төгрөг, зээлийн хүүд 34,954,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 42,919 төгрөг нийт 59,737,937 төгрөг төлсөн, 2015.03.15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн, гэрээний хугацаа 2019.06.16-ны өдөр дуусгавар болсон боловч 2020.03.03-ны өдрийн байдлаар үүргийг тодорхойлсон, үндсэн зээлийн үлдэгдэлд 65,25,774 төгрөг, зээлийн хүү 77,192,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,023,095 төгрөгийг тус тус гаргуулна уу, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Лгийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж гэрээ байгуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...зээл авах хүсэл зориг байгаагүй, үйл ажиллагаа явуулдаг компани байхгүй, жижиг газар түрээслэн оёдол хийдэг байсан, зээлийн мөнгийг Г.Б, Б.М нар авсан, хамтран зээлдэгч Г.Б нь энэхүү төлбөрийг хариуцна, түүний гуйлтаар зээл авсан, миний тэтгэврийн мөнгө, бусад орлогыг зээлд суутгадаг” гэж маргасан байна.

б/.Хариуцагч Д.Э нэхэмжлэгч “ХБ” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “...банкны ажилчид Г.Бтэй хуйвалдаж тэтгэврийн хүнд их хэмжээний зээл олгож хууль зөрчсөн, мөнгийг би авч ашиглаагүй, барьцааны гэрээнд Г.Л гарын үсэг зураагүй, орон сууцаа барьцаалах зөвшөөрөл өгөөгүй учир зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзнэ, иймээс зээлийн болон барьцааны гэрээ тус тус хүчин төгөлдөр бус” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...тэтгэврийг үндэслэж зээл олгоогүй, хариуцагч Д.Э нь оёдлын цехээ өргөжүүлье гэсэн хүсэлт гаргаж бизнесийн орлого ашгаа тодорхойлж өгсөн, зээлийн ажиллагаанд банкны ажилчид хууль бусаар оролцсон гэх үндэслэлгүй, С.Л нь орон сууцаа Д.Эад барьцаалж зээл авах итгэмжлэл олгосон, барьцааны гэрээг байгуулж гэрээнд гарын үсэг зурсан” гэсэн.

в/.Гуравдагч этгээд Г.Л бие даасан шаардлагадаа “...хадам ээж Б.М нь Д.Этай хамт ирээд банк бусаас зээл авч өгөөч гэж гуйсан, 30,000,000 төгрөгийг банк бус дээр гэрээ хийж авч өгсөн нь үнэн, харин сүүлд банкнаас 90,000,000 төгрөгийн зээл авсныг мэдсэн, Г.Б төлбөрийг бүрэн барагдуулна гэдэг, барьцааны гэрээнд би гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна” гэжээ.

9.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

10.Анхан болон давж заалдах шатны шүүхийн гаргасан шийдвэр адил боловч хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хуулийн агуулгаас зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тухай хариуцагч Д.Э, гуравдагч этгээд С.Л нарын хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад хоёр шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

11.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

11.1.Хариуцагч Д.Э нь хамтран зээлдэгч Г.Б, Б.М нарын хамт 90,000,000 төгрөг зээлэх саналыг “ХБ” ХХК-д гаргаж, 2014.06.17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тус банкнаас 90,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, гэрээний хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Лгийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж мөн өдөр “ХБ” ХХК болон Г.Л, Д.Э нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан нь тогтоогджээ. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч Д.Э нь зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзсэн бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан зохицуулалтад аливаа этгээдийн байгуулсан хэлцэл нь агуулгын хувьд “хууль зөрчсөн” буюу анхнаасаа хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хууль зүйн ойлголтыг журамласан.

“Хууль зөрчсөн” гэж үзэхийн тулд хэлцэл хийгч талууд хэлцэл хийхдээ ямар хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөнийг тодорхойлохоос гадна хориглосон хэм хэмжээг зөрчсөн ч энэ нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг үүсгэх эсэхийг мөн тогтоох шаардлагатай болно. Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь зээлдэгч нарт зээл олгохдоо аливаа хуулийн хориглолтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч Д.Э нь банкнаас зээл хүсэхдээ, ажиллуулж байсан оёдлын цехийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой буюу бизнесийн зориулалтаар зээл хүсч, зээл эргэн төлөх боломжийг эрхэлж буй үйл ажиллагаа, бусадтай байгуулсан гэрээ зэргээр тодорхойлж, энэ талаарх баримтыг бүрдүүлсэн, зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч нарын хэн аль нь тухайлбал, Д.Э, Г.Б, түүнчлэн С.Лгийн хадам ээж гэх Б.М нар хийж байсан нь тогтоогдсон байна.

Иймээс зээлийн гэрээг “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

11.2.Нөгөө талаар, хариуцагч болон гуравдагч этгээд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ, өмчлөгч С.Л орон сууцаа барьцаалахыг зөвшөөрөөгүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарласан нь хэргийн баримтаар үгүйсгэгдсэн, тухайлбал С.Л нь орон сууцаа зээлийн барьцаанд тавихыг Д.Эад зөвшөөрч 2014.02.18-ны өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлийн дагуу байгуулагдсан барьцааны гэрээнд мөн гарын үсэг зурсан болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.03.30-ны 1182 тоот дүгнэлтээр тогтоосон байна. Дээрх нөхцөл байдалд шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

12.Зээлийн гэрээний эргэн төлөх хуваариар зээлдэгч нар зээлийн хүүг сар тутамд төлөхөөс гадна үндсэн зээлээс сар бүр төлж тогтмол 2,790,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн, гэрээний хугацаанд үндсэн зээлд 24,740,226 төгрөг, зээлийн хүүд 34,954,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 42,919 төгрөг, нийт 59,737,937 төгрөг төлсөн, 2015.03.15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн, гэрээний хугацаа 2019.06.16-ны өдөр дуусгавар болсон боловч нэхэмжлэгч нь 2020.03.03-ны өдрийн байдлаар зээлийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлж үндсэн зээлийн үлдэгдэлд 65,25,774 төгрөг, зээлийн хүү 77,192,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,023,095 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

13.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн агуулга зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.4.2.2, 2.4.3 дахь зохицуулалтад тусгагдсан, өөрөөр хэлбэл, зээлдэгч нар зээлийн зохих төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр гэрээний хугацаа дуусах хүртэл сар бүр төлөх, хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн байна.

Иймээс хоёр шатны шүүх хариуцагч нь үндсэн зээлийн үлдэх төлбөрөөс гадна гэрээний хугацаанд төлбөл зохих төлөгдөөгүй хүү, хугацаа дууссанаас хойших хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж үзэн, 2020.03.03-ны өдрөөр тооцож гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлсон хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан нь гэрээ болон хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага, төлсөн төлбөрийн талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй гэх агуулгатай гомдлын энэ хэсгийг үндэслэлгүй гэж үзэв.

14.Зээлийг Д.Эаас гадна Г.Б, Б.М нар хамтран авсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг Д.Эад холбогдуулан гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг зөрчөөгүй, тухайлбал, тэдгээр гурван зээлдэгчийн хэн аль нь зээлдүүлэгч “ХБ” ХХК-ийн өмнө зээлийн үүргийг бүхэлд нь хариуцах ба банк аль ч зээлдэгчээс үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

15.Нэг зээлдэгч болох Г.Б зээлийг бүхэлд нь төлнө гэж байсан нь энэ маргаанд хамааралгүй ба гагцхүү зээлдэгч нарын зээлийг хэн нь хэрхэн төлөх талаарх хоорондын тохиролцоо, гүйцэтгэх үүрэгтэй холбоотой, харин зээлдэгч нар энэ талаар маргасан тохиолдолд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасан “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэсэн зохицуулалт хэрэглэгдэх юм.

16.Анхан шатны шүүх зээлийн төлбөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасан нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжийг (925,327+70,200) урьдчилан төлүүлэх зохицуулалтыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Иймд хариуцагч Д.Эын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

17.Хэргийн баримтаас үзэхэд барьцааны гэрээн дэх огноо, уг гэрээг бүртгэсэн огноо 1 өдрөөр зөрүүтэй байгаа боловч энэ талаар зохигч анхан шатны шүүх хуралдаанд өөр өөрийн тайлбар гаргаж мэтгэлцсэн бөгөөд шүүх энэхүү огноо зөрүүтэй байдал нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Барьцааны зүйл болсон орон сууцыг барьцаалах эрх олгосон итгэмжлэлийг “ХБ” ХХК-аас зээл авахад бус ББСБ-д зориулж олгосон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хоёр шатны шүүхийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх дүгнэлтийг хяналтын шатны шүүхээс хэргийн баримтад тулгуурласан, хуульд нийцсэн гэж үзсэн тул гуравдагч этгээд С.Лгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг мөн хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00262 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 226/МА2022/00027 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Э болон гуравдагч этгээд С.Лгийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Эын 2022.10.12-ны өдөр төлсөн 995,527 төгрөг, гуравдагч этгээд С.Лгийн 2022.10.11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД