Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

 

 

 2024          03        25                                  ...

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Д.З

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч У.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт У-ийн У-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... өдөр Төв аймгийн ... суманд төрсөн, ... настай, яс үндэс ..., эрэгтэй, ...  боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Дорноговь аймгийн ... сум ...-р баг ... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Х овогт У-ийн У /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.У нь 2024 оны 01 сарын 19-ний шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р багт үйл ажиллагаа явуулдаг ... зочид буудлын ...тоот өрөө рүү нэвтэрч хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Б.Г-ын эзэмшлийн Iphone X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч У.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө баарнаас гараад ... буудал руу орсон. Би тэр буудал руу нэрийг мэдэхгүй 1 эмэгтэй хүнийг хайж явсан ба нөгөө эмэгтэйгээ тэр буудлын өрөөнд хайгаад бараг бүх өрөөгөөр орсон байх. Гэтэл хэдэн номерын өрөө байсныг санахгүй байна, 1 өрөөнд ортол өрөөний шалан дээр 1 утас байсан юм тэгээд надад таалагдаад байхаар нь авчихсан. Ингээд тэр утсаа Улаанбаатар хотод очоод автобусны буудал дээр нэг танихгүй хүнд 60,000 төгрөгөөр зарчихсан юм. Би одоо тэр хүнийг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад хулгай хийх зорилго байгаагүй, газарт уначихсан байсан, тэгээд согтуу байсандаа болоод ч тэр юм уу, гоё харагдаад байхаар нь авчихсан юм. Тухайн үед согтуу байсан болохоор өөрийгөө хулгай хийж байна ч гэж мэдээгүй. Нэг хүн унтаж байсан, өөр хүн байгаагүй. Тэр хүн намайг ороод гарахад сэрээгүй. Надтай ямар нэг хүн тааралдаагүй, буудлын үйчилгээний ажилтан гэж хүн байгаагүй. Би утасны хохирлыг барагдуулаагүй, прокурорын шатанд бэлэн мөнгөөр төлж барагдуулна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би уг нь архи дарс уудаггүй юм. Тэр өдөр яагаад ч юм бэ архи уучихсан, тэгээд л ийм үйлдэл хийчихлээ. Үнэхээр их харамсаж байна гэжээ. /хх-ийн 42-43/

            Шүүгдэгч У.У шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Байцаагчид өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэв.

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... буудалд 2024 оны 01 сарын 18-ны орой ... тоот өрөөнд амрахаар орсон. Орой 23 цаг 50 минутад гар утсаа унтраагаад орны хажуу талын ширээн дээр тавиад унтсан. Өглөө босоод утсаа хартал байхгүй байсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө цагдаагийн байгууллагад хандсан. Архи дарс хэрэглээгүй, ганцаараа өрөө авч хоносон. Тухайн буудал нь хяналтын камертай, жижүүртэй байсан болохоор би өрөөгөө цоожлохоо мартаад унтсан байсан. Манай хүүхэд болох Г.Т 2019 онд Солонгос улсаас надад бэлэг болгон өгч байсан. Iphone X загварын хар өнгөтэй утас. Би утасныхаа imie кодыг мэдэхгүй. Дэлгэцэн дээрээ кодтой байсан. Манай хүүгийн icloud байгаа. Би сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 400,000 төгрөг гэж бодож байна. Миний гар утас л байхгүй байсан. Өөр алга болсон зүйл байхгүй. Миний утас гадуураа хамгаалалтын гэргүй, хагарч барьсан зүйлгүй, дэлгэцэндээ шилэн хамгаалалттай. Тухайн хамгаалалт голоороо цуурсан, өөр сэв зураасгүй утас байсан гэжээ. /хх-ийн 13-14/

Хохирогч Б.Г 2024 оны 02 сарын 28-нд өгсөн нэмэлт тайлбартаа: Улаанбаатар хот ... дүүрэг ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай Б.Г би 2024 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Замын-Үүд сумын ... буудалд хонож байх үедээ өөрийн гар утсаа хулгайд алдсан юм. Уг гар утасны хохирол 380,000 төгрөгийг У нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 81/

Гэрч С.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... зочид буудалд 2023 оны 10 дугаар сараас эхлэн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна. Манайх 48 цаг гараад 48 цаг амардаг юм. Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ээлжийн гараатай байсан ба 01 дүгээр сарын 19-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад ... тоот өрөөний хаалгыг 1 хүн татаж байсныг би хяналтын камерт харсан ба тухайн хүнийг 00 орох гээд явж байна, өрөөндөө 00-той юм байж яагаад өөр өрөөнд орж байгаа юм болдоо гэж гайхаад л өнгөрсөн. Би тэр өрөө рүү орж байхыг нь хараад, гарахыг нь бол хараагүй. Манайх нэг гараан дээрээ 48 цаг буюу 2 өдөр гардаг болохоор яалт ч үгүй нойр хүрээд шөнөдөө дуг хийж, амардаг юм, намайг яг унтаж байх хооронд гаднаас орж ирснийг нь би анзаараагүй байна лээ. Тухайн өдөр хэдэн хүн байсныг санахгүй байна, манай буудал 20 өрөөтэй ба өрөөнд үйлчлүүлэгчид орж, өрөө дүүрсэн байсан болохоор би амралтынхаа өрөөнд байж байсан юм. Б.Г нь Эрээн, Улаанбаатар хот хоёрын хооронд том тэрэг ачаа бараа зөөдөг ба манай буудлаар байнга үйлчлүүлдэг юм.  Б.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ер нь манай буудлаар үйлчлүүлэхдээ архи, дарс хэрэглэдэггүй юм. У.У гэх хүн нь манай буудлаар үйлчлүүлээгүй, ямар зорилгоор орж ирснийг нь мэдэхгүй, гаднаас орж ирээд л буудлын өрөөний хаалгануудыг татсан байна лээ. Ингээд ... тоот өрөөний хаалга онгорхой байсан болохоор тухайн өрөөнд ороод нэлээн удаж байгаад гарч ирсэн. Өглөө нь тухайн өрөөнд байсан үйлчлүүлэгч маань гар утас нь алга болсон талаар надад хэлсэн юм. Г ах ганцаараа байсан, өөр хүн байгаагүй гэжээ. /хх-ийн 22/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09/

... ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26/

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 02 сарын 22-ний өдрийн ... тоот тогтоол /хх-ийн 36-38/

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 46-54/

            Хохиролд 380,000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 87/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 83-84/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч У.У нь 2024 оны 01 сарын 19-ний шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын...-р багт үйл ажиллагаа явуулдаг  ... зочид буудлын ... тоот өрөө рүү нэвтэрч хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориуулалттай орон байранд нэвтэрч хохирогч Б.Г-ын эзэмшлийн Iphone X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Г /хх-ийн 13-14/, гэрч С.З /хх-ийн 22/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09/, ... ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26/, СД бичлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч У.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ.

Шүүгдэгч нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.У-ыг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Б.Г-д учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн нэмэлт тайлбар /хх-ийн 81/, хохиролд 380,000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 87/ зэргээр тогтоогдсон. Хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг оногдуулав.

Шүүгдэгч У.У нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзсэн.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эд мөрийн баримтаар шүүхэд ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийн хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт У-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У-ийн У-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ууганбатад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэрэгт хадгалсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.Б